A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2003 оны 05 дугаар сарын 05-ны өдөр

Дугаар 10

Улаанбаатар хот

                                         МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 34, 35, 36, 37 ДУГААР ЗҮЙЛИЙН ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Хэвлэх

2002 онд шинээр батлагдан мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар бүлгийн 34-39 дүгээр зүйлүүдэд "Гэмт хэрэгт хамтран оролцох" үйлдлийн талаар заасан нь хуучин мөрдөж байсан Эрүүгийн хуулиас өөрчлөгдөж, гэмт хэрэгт хамтран оролцогчдын хэлбэр өргөжсөн байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн 34, 35, 36, 37 дугаар зүйлүүдэд заасан зарим ойлголтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх зорилгоор Шүүхийн тухай Монгол Улсын хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

Нэг. Эрүүгийн хуулийн 34, 35, 36, 37 дугаар зүйлүүдийн заалтыг дор дурьдсанаар тайлбарласугай.

1. Эрүүгийн хуулийн 34 дүгээр зүйлд заасан "Гэмт хэрэгт хамтран оролцох" гэдэгт гэмт хэрэг үйлдэхээр санаатайгаар хамтарсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн субъект болох насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай, хоёр буюу түүнээс дээш этгээдийн нэгдсэнийг ойлгоно. Гэмт хэрэгт хамтран оролцох нь санаатай үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх бөгөөд нэг хэрэгт зарим хамтран оролцогчид нь санаатайгаар үйлдэл хийж гэмт хэрэг үйлдэхээс гадна бусад хамтран оролцогч нь санаатайгаар эс үйлдэхүй хийж гэмт хэрэгт хамтран оролцож болно. Гэмт хэрэгт хамтран оролцогч бүр үйлдэх гэмт хэргээ туйлд нь хүргэхэд чиглэсэн нэгдсэн зорилготой, гүйцэтгэгчийг нийгэмд аюултай үйлдэл хийхийг хүсч байдаг онцлогоороо дангаараа гэмт хэрэг үйлдэгчээс ялгагдана.

2. Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасан "…захиалагч…" гэдэгт Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдүүлэх зорилгоор бусдад мөнгө, эд зүйл өгөх эсхүл түүний хүсч сонирхсон, санал болгосон зүйлийг нь бүтээж өгөхөөр амлах зэргээр хэлцэн тохиролцож, бусдыг хөлслөн авсан этгээдийг ойлгоно. Энэхүү тохиролцоо нь амаар болон бичгийн ямар ч хэлбэртэй байж болох бөгөөд хөлслөгдсөн этгээд захиалсан гэмт хэргийг төгс үйлдсэн эсэхээс үл хамааран захиалагчийн гэмт үйлдлийг төгссөн гэж үзнэ. Хөлслөгдсөн этгээд уг захиалсан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд захиалагчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт заасныг журамлаж, тусгай ангийн тохирох зүйл хэсгээр;

- хөлслөгдсөн этгээд захиалсан гэмт хэрэг үйлдэхээс татгалзсан буюу бэлтгэх шатандаа илэрсэн тохиолдолд захиалагчийг мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг журамлаж захиалсан хэрэгт нь;

- хөлслөгдсөн этгээд захиалсан гэмт хэргийг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл буюу эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн этгээдийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй тохиолдолд захиалагчийг мөн хуулийн 32 дугаар зүйл, 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн зохих зүйл, хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэнэ.

3. Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасан "…зохион байгуулагч…" гэдэгт гэмт хэрэг үйлдэх явдлыг анхнаас нь сэдэж санаачлан түүнийгээ хэрэгжүүлэх бүх боломж, нөхцлийг бүрдүүлэх талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж, удирдан чиглүүлэх ажлыг гардан хариуцаж, гэмт хэрэг үйлдэх төлөвлөгөө боловсруулах, гэмт хэрэгт оролцогчдын үүргийг хуваарилах замаар гэмт хэргийг хэдийд, хаана, хэрхэн яаж үйлдэх, гэмт хэрэг үйлдсэний дараахь ул мөрийг арилгах зэрэг асуудлыг зохицуулагч этгээд байхыг ойлгоно. Зохион байгуулагч нь гэмт хэрэг үйлдэхэд өөрийн биеэр оролцсон эсэхээс үл хамааран эрүүгийн хариуцлага хүлээнэ.

4. Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасан "…хатгагч…" гэдэгт гэмт хэрэг үйлдэхэд бусдыг элдэв аргаар өдөөн түлхсэн, зоригжуулсан идэвхтэй үйлдэл хийсэн этгээдийг ойлгоно.

5. Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасан "…гүйцэтгэгч…" гэдэгт тухайн гэмт хэргийг санаатайгаар өөрөө гардан үйлдсэн этгээдийн явдал бөгөөд гэмт үйлдлийн арга, зэвсэг хэрэгсэлийг сонгосон байна. Жишээлбэл: Хэд хэдэн этгээд халаасны хулгай хийх зорилгоор автобусанд сууж, хамжигч нар нь хүмүүсийг шахаж түлхэн анхаарлыг нь сарниулж өгөхөд, хохирогчийн халааснаас мөнгө, эд зүйл авсан этгээд нь гүйцэтгэгч болно. Гэмт хэргийг гардан гүйцэтгэгч нь нэг буюу хэд хэдэн этгээд байж болох бөгөөд хоёр буюу түүнээс дээш тооны этгээд гэмт хэргийг гардан үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэгч гэж үзнэ. Хэрэг хариуцах чадваргүй хүн, бага насны хүүхэд, адгуус амьтан зэргийг ашиглаж өөрийн гэмт санаа зорилгоо биелүүлсэн этгээдийг гүйцэтгэгчид тооцно.

6. Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасан "…хамжигч…" гэдэгт бусдыг гэмт хэрэг үйлдэхэд зааж зөвлөх, зэвсэг хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа орон байраар хангах, мэдээлэл өгөх зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, гэмт хэрэг үйлдсэний дараа гэмт этгээд болон гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл, гэмт хэргийн улмаас олсон эд зүйлийг нуун далдлах, зарж борлуулах, гэмт хэргийн ул мөрийг баллахаар урьдчилан амласан байхыг ойлгоно.

7. Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан "…бүлэглэн гүйцэтгэгч…" гэдэгт гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч, хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон этгээдийг ойлгоно. Жишээлбэл: А архи уун согтуурч танхайран бусдыг айлган сүрдүүлж зодох явцад А-тай хамт явсан Г урьд нь үгсэн тохиролцоогүй боловч зодоонд оролцож А-гийн хамт бусдыг зодож гэмт хэрэг үйлдсэн бол уг хоёр этгээд бүлэглэн гүйцэтгэгч болно.

8. Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасан "…урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг…" нь гэмт хэрэг үйлдэж эхлэхээс өмнө тодорхой хэргийг хамтарч үйлдэхээр тохиролцсон байх бөгөөд харин цаашид өөр гэмт хэрэг үйлдэх санаа зорилго агуулаагүй байхыг ойлгоно. Ийм бүлэг нь дахин давтагдах, тогтвортой зохион байгуулалтад ороогүй байдгаараа зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл гэсэн хэлбэрээс ялгагдана.

9. Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт заасан "…зохион байгуулалттай бүлэг…" гэдэгт гэмт хэрэг үйлдэх явдлыг орлогын эх үүсвэр болгон эрхлэх зорилгоор урьдчилан нэгдэн нийлж удирдагч, гүйцэтгэгчээ томилох, үүргээ хуваарилах зэргээр зохион байгуулалтын бүтэц бий болгосон хоёр буюу түүнээс дээш хүмүүсийн нэгдлийг хамааруулан ойлгоно.

10. Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт заасан "…гэмт бүлэглэл…" гэдэгт гэмт хэрэг үйлдэх явдлыг орлогын эх үүсвэрээ болгож, ашиг олох зорилготой, нэгдсэн материаллаг бааз, мөнгөн сан, банк, санхүүгийн бие даасан сүлжээтэй байх;

11. Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэгт хамтран оролцогчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг сонгон хэрэглэхдээ оролцогч бүрийн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан энэ хуулийн 35 дугаар зүйлийн зохих хэсгийг журамлан тогтооно" гэдэгт гэмт хэргийг "захиалагч"-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийг, "зохион байгуулагч"-д мөн хуулийн 35.3 дахь хэсгийг, "хатгагч"-д мөн хуулийн 35.4 дэх хэсгийг, "гүйцэтгэгч"-д мөн хуулийн 35.5 дахь хэсгийг, "хамжигч"-д мөн хуулийн 35.6 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулахыг ойлгоно.

12. Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан "… удирдагчид … бүлэг, бүлэглэл байгуулсны төлөө болон … үйлдсэн бүх гэмт хэргийн төлөө хариуцлага хүлээлгэнэ" гэдэгт "зохион байгуулалттай бүлэг", "гэмт бүлэглэл"-ийн удирдагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 182 дугаар зүйлийн 182.2 дахь хэсэгт заасан хариуцлага хүлээхийн зэрэгцээ тухайн бүлэг, бүлэглэлээс үйлдсэн бүх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлага давхар хүлээхийг ойлгоно. Хэрэв "зохион байгуулалттай бүлэг", "гэмт бүлэглэл"-ээс гэмт хэрэг үйлдээгүй бол удирдагч нь зөвхөн Эрүүгийн хуулийн 182 дугаар зүйлийн 182.2 дахь хэсэгт заасан хариуцлага хүлээнэ.

13. Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан "Зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэлийн бусад оролцогчид … гэмт байгууллагад оролцсоных нь төлөө болон өөрийнх нь үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэдэгт гэмт байгууллагад элсэн орсон этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт заасан хариуцлага хүлээлгэхийн зэрэгцээ түүний үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлагыг давхар хүлээлгэхийг ойлгоно. Хэрвээ "оролцогчид" Эрүүгийн хуульд заасан тодорхой гэмт хэрэг үйлдээгүй бол зөвхөн Эрүүгийн хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт заасан хариуцлага хүлээнэ.
Хоёр. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Монгол Улсын Дээд шүүхийн 1994 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 35 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ГАНБАТ
ШҮҮГЧ А.ДОРЖГОТОВ