A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 285

Улаанбаатар хот

ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ

Газрын тухай хуулийн 16.1.13, 18.1.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Эгийн голын усан цахилгаан станцын барилга байгууламж, далан, усан сан, дэд бүтцийн болон туслах үйлчилгээний барилга байгууламж барихад шаардагдах 36980.79 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, талбайн хэмжээ, хилийн заагийн солбицлыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын дагуу улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцал үүссэн иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж байгаа газрыг нөхөх олговортойгоор солих болон эргүүлэн авахад гарах зардлын хэмжээ, нүүлгэн шилжүүлэх хугацааг тохиролцон гэрээ байгуулж усан цахилгаан станцын усан сан үүсэх хугацаатай уялдуулан үе шаттайгаар шийдвэрлэх арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат нарт даалгасугай.

3. Иргэн, хуулийн этгээдэд олгох нөхөх олговорт шаардагдах хөрөнгийг энэ тогтоолын 2 дугаар зүйлд заасан гэрээний дагуу Эгийн голын Усан цахилгаан станцын техник, эдийн засгийн үндэслэлд тусгасан зардлаас санхүүжүүлэхийг Сангийн сайд Б.Болор, Эрчим хүчний сайд Д. Зоригт нарт зөвшөөрсүгэй.

4. Улсын тусгай хэрэгцээнд авсан газарт хадлан бэлтгэх, түр хугацаагаар мал бэлчээрлүүлэхээс өөр зориулалтаар газар ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг Булган аймгийн Засаг дарга болон мөн аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.БАТЦЭРЭГ