- Нүүр
- Олон талт гэрээ
- 66. ПАТЕНТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ 66. ПАТЕНТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ
1970 оны 6 дугаар сарын 19-ны өдөр
1979 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж, 1984 оны 2 дугаар сарын 3-ны өдөр, |
2001 оны 10 дугаар сарын 3-ны өдөр өөрчлөлт оруулсан байдлаар. |
УДИРТГАЛ |
Хэлэлцэн тохирогч улсууд, |
шинжлэх ухаан, техникийн дэвшилд хувь нэмэр оруулахыг хүсэж, шинэ бүтээлийн эрх зүйн хамгаалалтыг боловсронгуй болгохыг хүсэн, |
хэд хэдэн оронд ингэж хамгаалуулахыг хүсвэл шинэ бүтээлийн хамгаалалтыг хялбарчлах болон илүү хэмнэлттэй болгохыг эрмэлзэн, |
шинэ бүтээлийг тайлбарласан баримт бичгүүдэд агуулагдаж буй техникийн мэдээллийг нийтэд хүргэхийг хөнгөвчлөх болон түргэтгэхийг эрмэлзэн, |
үндэсний, бүс нутгийн аль алиных нь шинэ бүтээлийн хамгаалалтын эрхзүйн тогтолцооны үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах замаар болон тэдний өвөрмөц хэрэгцээнд нийцсэн техникийн шийдлийн тухай мэдээллийг илүү түргэн олж авах боломжоор хангах, орчин үеийн техникийн байнга өсөн нэмэгдэж байгаа ололттой танилцах явдлыг хөнгөвчлөх аргаар хөгжиж буй орны эдийн засгийн дэвшилд түлхэц өгч, хурдасгахыг хүсэн, |
улс орнуудын хоорондын хамтын ажиллагаа энэ зорилгод хүрэхэд үлэмж хэмжээгээр дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэн, |
энэхүү гэрээг байгуулав. |
ОРШИЛ |
1 дүгээр зүйл. |
Холбоо байгуулах |
(1) Энэхүү гэрээнд оролцогч талууд (цаашид “хэлэлцэн тохирогч улсууд" гэнэ) нь шинэ бүтээлийг хамгаалах мэдүүлэг гаргах, мэдүүлэгт хайлт, шүүлт хийх, түүнчлэн техникийн тусгай үйлчилгээ үзүүлэх салбарт хамтран ажиллахын тулд холбоо байгуулав. Энэ холбоог олон улсын патентын хамтын ажиллагааны холбоо гэж нэрлэнэ. |
(2) Энэхүү гэрээний аливаа заалт нь Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцид оролцогч орны аливаа харьяат эсхүл тухайн оронд оршин суугаа хүний уг конвенцид заасан эрхийн хязгаарлалт гэж ойлгогдох ёсгүй. |
2 дугаар зүйл |
Тодорхойлолт |
Өөрөөр тайлбарлаагүй бол энэхүү гэрээ, журмын зорилгоор: |
(i) "мэдүүлэг" гэж шинэ бүтээлийг хамгаалах талаар гаргасан мэдүүлгийг хэлэх бөгөөд "мэдүүлгийг нэр заах" гэж патент, зохиогчийн гэрчилгээ, ашигтай байдлын гэрчилгээ, ашигтай загвар, нэмэлт патент эсхүл гэрчилгээ, зохиогчийн нэмэлт гэрчилгээ болон ашигтай байдлын нэмэлт гэрчилгээний талаар гаргасан мэдүүлгийг нэр заахыг хэлнэ; |
(ii) "патентыг нэр заах” гэж патент, зохиогчийн гэрчилгээ, ашигтай байдлын гэрчилгээ, ашигтай загвар, нэмэлт патент эсхүл гэрчилгээ, зохиогчийн нэмэлт гэрчилгээ болон, ашигтай байдлын нэмэлт гэрчилгээг нэр заахыг хэлнэ; |
(iii) "үндэсний патент" гэж үндэсний байгууллагаас олгосон патентыг хэлнэ; |
(iv) "бүс нутгийн патент" гэж нэгээс олон улсад үйлчлэх патент олгох эрх бүхий үндэсний болон засгийн газар хоорондын байгууллагаас олгосон патентыг хэлнэ; |
(v) "бүс нутгийн мэдүүлэг" гэж бүс нутгийн патент хүсэх мэлүүлгийг хэлнэ; |
(vi) "үндэсний мэдүүлгийг нэр заах" гэж энэхүү гэрээний дагуу гаргасан мэдүүлгээс бусад үндэсний патент, бүс нутгийн патентын мэдүүлгийг нэр заасныг ойлгоно; |
(vii) "олон улсын мэдүүлэг" гэж энэхүү гэрээний дагуу гаргасан л мэдүүлгийг хэлнэ; |
(viii) "мэдүүлгийг нэр заах " гэж олон улсын болон үндэсний мэдүүлгийг нэр заасныг ойлгоно; |
(ix) "патентыг нэр заах" гэж үндэсний патент, бүс нутгийн патентыг нэр заасныг ойлгоно; |
(x) "үндэсний хууль тогтоомжийг нэр заах" гэж хэлэлцэн тохиролцогч улсын үндэсний хууль тогтоомж эсхүл бүс нутгийн мэдүүлэг, бүс нутгийн патентын тухай яригдаж байгаа бол бүс нутгийн мэдүүлэг гаргах эсхүл бүс нутгийн патент олгох тухай гэрээг нэр заасныг ойлгоно; |
(xi) хугацаа тооцох “давамгайлах огноо” гэж: |
(а) хэрэв олон улсын мэдүүлэгт 8 дугаар зүйлийн дагуу давуу эрх хүссэн байвал ийм журмаар давуу эрх хүссэн мэдүүлэг гаргасан огноог; |
(b) хэрэв олон улсын мэдүүлэгт 8 дугаар зүйлийн дагуу хэд хэдэн давуу эрх хүссэн байвал ийм журмаар давуу эрх хүссэн анхны мэдүүлэг гаргасан огноог; |
(с) хэрэв олон улсын мэдүүлэгт 8 дугаар зүйлийн дагуу давуу эрх хүсээгүй байвал уг мэдүүлгийг олон улсын хэмжээнд гаргасан огноог; |
(xii) "үндэсний байгууллага" гэж хэлэлцэн тохирогч улсын патент олгох эрх бүхий засгийн газрын байгууллагыг хэлнэ, "үндэсний байгууллагыг нэр заах" гэж наад зах нь нэг нь хэлэлцэн тохирогч улс байх хэд хэдэн улсаас олгосон бүс нутгийн патент олгох, үндэсний байгууллагын энэхүү гэрээ, журмаар тогтоосон үүргийг өөртөө хүлээж, эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий засгийн газар хоорондын аливаа байгууллагыг нэр заахыг мөн адил ойлгоно; |
(xiii) "нэрлэсэн байгууллага" гэж тухайн улсын үндэсний байгууллагыг эсхүл энэхүү гэрээний I бүлгийн дагуу мэдүүлэг гаргагчийн нэр заасан улсын нэрийн өмнөөс ажиллаж буй үндэсний байгууллагыг хэлнэ; |
(xiv) "сонгосон байгууллага" гэж тухайн улсын үндэсний байгууллагыг эсхүл энэхүү гэрээний II бүлгийн дагуу мэдүүлэг гаргагчийн сонгосон улсын нэрийн өмнөөс ажиллаж байгаа үндэсний байгууллагыг хэлнэ; |
(xv) "хүлээн авагч байгууллага" гэж олон улсын мэдүүлэг хүлээн авч байгаа үндэсний байгууллага эсхүл засгийн газар хоорондын байгууллагыг хэлнэ; |
(xvi) "холбоо" гэж олон улсын патентын хамтын ажиллагааны холбоог хэлнэ; |
(xvii) "Ассамблей" гэж холбооны Ассамблейг хэлнэ; |
(xviii) "байгууллага" гэж дэлхийн оюуны өмчийн байгууллагыг хэлнэ; |
(xix) "олон улсын товчоо" гэж байгууллагын олон улсын товчоо болон оюуны өмчийг хамгаалах олон улсын нэгдсэн товчоо (БИРПИ) оршин тогтнож байгаа тохиолдолд олон улсын нэгдсэн товчоог хэлнэ; |
(xx) "ерөнхий захирал" гэж байгууллагын ерөнхий захирал хийгээд (БИРПИ) оршин тогтнож байгаа тохиолдолд олон улсын нэгдсэн товчооны захирлыг хэлнэ. |
I БYЛЭГ |
ОЛОН УЛСЫН МЭДҮҮЛЭГ, ОЛОН УЛСЫН ХАЙЛТ |
3 дугаар зүйл |
Олон улсын мэдүүлэг |
(1) Хэлэлцэн тохирогч улсын алинд нь ч шинэ бүтээл хамгаалах мэдүүлгийг энэхүү гэрээний дагуу олон улсын мэдүүлэг болгон гаргаж болно. |
(2) Энэхүү гэрээ, журамд тодорхойлсноор олон улсын мэдүүлэг нь мэдүүлэг, шинэ бүтээлийн тодорхойлолт, шинэ бүтээлийн нэг эсхүл хэд хэдэн томьёолол, нэг эсхүл хэд хэдэн зураглал (хэрэв шаардлагатай бол), товч тайлбарыг багтаасан байвал зохино. |
(3) Товч тайлбар нь гагцхүү техникийн мэдээллийн зорилгод үйлчлэх бөгөөд бусад зорилгоор тухайлбал, хүсэлт болгосон хамгаалалтын хэмжээг тайлбарлахад хэрэглэгдэх ёсгүй. |
(4) Олон улсын мэдүүлэг нь: |
(i) тогтоосон хэлээр бичигдсэн байх; |
(ii) олон улсын мэдүүлэг гаргах тогтоосон шаардлагад нийцсэн байх; |
(iii) шинэ бүтээлийн нэгдмэл байдлын тогтоосон шаардлагад нийсэн байх; |
(iv) тогтоосон хураамж төлөгдсөн байх ёстой. |
4 дүгээр зүйл |
Өргөдөл |
(1) Өргөдөл нь дараахь зүйлээс бүрдэнэ: |
(i) олон улсын мэдүүлгийг энэхүү гэрээний дагуу хянан хэлэлцэх тухай хүсэлт; |
(ii) олон улсын мэдүүлгийн үндсэн дээр шинэ бүтээлийн хамгаалалт хийлгэхийг хүсэж байгаа улс эсхүл эсхүл хэлэлцэн тохирогч улсуудыг ("нэрлэсэн улсууд") нэрлэсэн байх; хэрэв нэрлэсэн аль нэг улсын тухайд бүс нутгийн патент хүсэх боломжтой бөгөөд мэдүүлэг гаргагч үндэсний патент бус бүс нутгийн патент авахыг хүсэж байгаа бол мэдүүлэгт энэ тухайгаа тайлбарласан байвал зохино; хэрэв мэдүүлэг гаргагч бүс нутгийн патентын тухай гэрээний дагуу мэдүүлгээ энэхүү гэрээнд оролцогч зарим улсаар хязгаарлах боломжгүй бол эдгээр улсаас аль нэгийг нь нэрлэсэн нь болон бүс нутгийн патент авах тухай хүсэлт нь энэ гэрээнд оролцогч бүх улсыг нэрлэсэнтэй адил тооцогдоно; хэрэв нэрлэсэн улсын үндэсний хууль тогтоомжийн дагуу тухайн улсыг нэрлэх нь бүс нутгийн патентын мэдүүлэгтэй адил хүчинтэй бол ингэж нэрлэсэн нь бүс нутгийн патент авах хүсэлтэд тооцогдоно; |
(iii) мэдүүлэг гаргагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн (хэрэв байгаа бол) нэр, бусад тогтоосон мэдээ баримт; |
(iv) шинэ бүтээлийн нэр; |
(v) хэрвээ нэрлэсэн улсуудын наад зах нь нэгнийх нь үндэсний хууль тогтоомж зохион бүтээгчийн нэр болон түүний тухай бусад тогтоосон мэдээ баримтыг үндэсний мэдүүлгийн хамт ирүүлэхийг шаарддаг бол дурьдсан мэдээ баримтуудаас бүрдэнэ. |
Ингээгүй тохиолдолд үндэсний хууль тогтоомж нь уг мэдээ баримтуудыг ирүүлэхийг шаарддаг боловч тэдгээрийг үндэсний мэдүүлэг өгсний дараа ирүүлэхийг зөвшөөрдөг улсын нэрлэсэн байгууллага бүрд илгээсэн мэдүүлгээр эсхүл тусгай захидлаар дурдсан мэдээ баримтуудыг хүргүүлж болно. |
(2) Хэлэлцэн тохирогч улс бүрийг нэрлэсний тогтоосон хураамж нь тогтоосон хугацаанд төлөгдөнө. |
(3) Хэрвээ мэдүүлэг гаргагч 43 дугаар зүйлд дурьдсан хамгаалалтын аль нэг хэлбэрийг хүсээгүй бол нэрлэсэн улсаас эсхүл энэ улсын хувьд патент олгох явдал нь хүссэн хамгаалалт болох ба үүнийг улсыг нэрлэсэн гэж ойлгоно. Энэхүү зүйлийг мөрдөх зорилгоор 2 дугаар зүйлийн (ii) заалтыг хэрэглэхгүй. |
(4) Зохион бүтээгчийн нэр болон түүний тухай бусад тогтоосон мэдээ баримтыг өргөдөлд тусгаагүй нь үндэсний хууль тогтоомж нь ийм мэдээ баримт ирүүлэхийг шаарддаг боловч түүнийг үндэсний мэдүүлэг гаргасны дараа ирүүлэхийг зөвшөөрдөг нэр заасан аливаа улсад ямар ч үр дагавар үүсгэхгүй. Дурдсан мэдээ баримтыг тусгай захидлаар хүргүүлээгүй нь үндэсний хууль тогтоомж нь ингэж хүргүүлэхийг шаарддаггүй, нэр заасан аливаа улсад ямар ч үр дагавар үүсгэхгүй. |
5 дугаар зүйл |
Шинэ бүтээлийн тодорхойлолт |
Тодорхойлолт нь шинэ бүтээлийг тухайн салбарын мэргэжилтэн хэрэгжүүлж чадахуйц тодорхой, бүрэн хэмжээнд нээн харуулсан байвал зохино. |
6 дугаар зүйл |
Шинэ бүтээлийн томьёолол |
Шинэ бүтээлийн томьёоллын заалтууд нь хамгаалалт хийлгэх объектыг тодорхойлно. Шинэ бүтээлийн томьёоллын заалтууд нь ойлгомжтой, товч тодорхой бөгөөд шинэ бүтээлийн тодорхойлолтоор бүрэн баталгаажсан байвал зохино. |
7 дугаар зүйл |
Зураглал |
(1) (2) дахь хэсгийн (ii)-т заасныг харгалзан шинэ бүтээлийг ойлгож мэдэхэд шаардлагатай тохиолдолд зураглалыг хавсаргаж ирүүлнэ. |
(2) шинэ бүтээлийг ойлгож мэдэхэд зураглал шаардлагагүй бол шинэ бүтээлийн мөн чанарыг харуулсан тайлбар зургийг зураглалын хэлбэрээр хавсаргаж болно. |
(i) мэдүүлэг гаргагч нь олон улсын мэдүүлэг гаргахдаа дээр дурдсан зураглалыг мэдүүлэгт хавсаргаж болно; |
(ii) нэрлэсэн аливаа байгууллага нь дээр дурдсан зураглалыг тогтоосон хугацаанд ирүүлэхийг мэдүүлэг гаргагчаас шаардаж болно. |
8 дугаар зүйл |
Давуу эрх эдлэх хүсэлт |
(1) олон улсын мэдүүлэг нь журмаар тогтоосны дагуу Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцид оролцогч аливаа улсад эсхүл дурдсан аливаа улсын хувьд урьд нь гаргасан нэг буюу хэд хэдэн мэдүүлгийн давуу эрх тогтоолгох мэдүүлгийг агуулж болно. |
(2) (а), (b) дэд хэсэгт заасныг харгалзан (1) дэх заалтын дагуу гаргасан давуу эрх эдлэх аливаа хүсэлтийн болзол, үр дагавар нь Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн Стокгольмын актын 4 дүгээр зүйлд заасантай нийцэж байвал зохино. |
(b) Хэлэлцэн тохирогч улсад эсхүл дурдсан улсын хувьд урьд нь гаргасан нэг буюу хэд хэдэн мэдүүлгийн давуу эрх тогтоолгох тухай олон улсын мэдүүлэгт тухайн улсыг нэрлэж болно. Хэрэв олон улсын мэдүүлэгт ямар нэг нэрлэсэн улсад эсхүл дурдсан улсын хувьд урьд нь гаргасан үндэсний нэг буюу хэд хэдэн мэдүүлгийн давуу эрх тогтоолгохыг хүссэн, эсхүл зөвхөн нэг улсыг нэрлэсэн олон улсын өөр мэдүүлэгт давуу эрх тогтоолгохыг хүссэн байвал дурдсан улсад давуу эрх тогтоолгох болзол, үр дагаврыг уг улсын үндэсний хууль тогтоомжоор зохицуулна. |
9 дүгээр зүйл |
Мэдүүлэг гаргагч |
(1) Хэлэлцэн тохирогч улсын аливаа харьяат эсхүл тухайн улсад байнга оршин суугаа хүн олон улсын мэдүүлэг гаргаж болно. |
(2) Ассамблей нь энэхүү гэрээнд оролцдоггүй Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцид оролцогч аливаа улсын харьяатад болон түүнчлэн энэ улсад оршин суугаа хүмүүст олон улсын мэдүүлэг гаргахыг зөвшөөрсөн шийдвэр гаргаж болно. |
(3) Хэд хэдэн мэдүүлэг гаргагч байх эсхүл мэдүүлэг гаргагчид нь нэрлэсэн бүх улсын хувьд ижил биш байх тохиолдолд иргэний харьяалал, байнга оршин суугаа газар гэсэн ойлголт, түүнчлэн эдгээр ойлголтыг хэрэглэх явдал нь журмын дагуу тодорхойлогдоно. |
10 дугаар зүйл |
Хүлээн авагч байгууллага |
Олон улсын мэдүүлгийг тогтоосон хүлээн авагч байгууллагад гаргах бөгөөд уг байгууллага нь энэхүү гэрээ, журамд заасан журмаар уг мэдүүлгийг шалгаж, хянан хэлэлцэнэ. |
11 дүгээр зүйл |
Олон улсын мэдүүлэг гаргасан өдөр, үр дагавар |
(1) Хүлээн авагч байгууллага нь олон улсын мэдүүлэг хүлээн авах үедээ дараахь дүгнэлтэд хүрсэн бол олон улсын мэдүүлэг гаргасан огноог түүнийг хүлээн авсан өдрөөр тогтооно. Yүнд: |
(i) мэдүүлэг гаргагч иргэний харьяалал эсхүл байнга оршин суугаа газрын шалтгаанаар тухайн хүлээн авагч байгууллагад олон улсын мэдүүлэг гаргах эрхээ хасуулаагүй нь илт тодорхой байгаа; |
(ii) олон улсын мэдүүлгийг тогтоосон хэлээр үйлдсэн; |
(iii) олон улсын мэдүүлэг нь наад зах нь дараахь бүрдлийг хангасан. Үүнд: |
(а) мэдүүлгийг олон улсын мэдүүлэг болгон гаргасан тухай дурдсан; |
(b) наад зах нь нэг хэлэлцэн тохирогч улсыг нэрлэсэн; |
(с) мэдүүлэг гаргагчийн нэрийг тогтсон ёсоор дурдсан; |
(d) гадна байдлаараа шинэ бүтээлийн тодорхойлолт болж чадах хэсгийг агуулж байгаа; |
(е) гадна байдлаараа шинэ бүтээлийн томьёоллын нэг буюу хэд хэдэн заалт болж чадах хэсгийг агуулж байгаа. |
(2) (а) хэрэв хүлээн авагч байгууллага нь олон улсын мэдүүлгийг хүлээн авах үедээ уг мэдүүлэг нь (1) дэх хэсэгт дурдсан шаардлагыг хангаагүй болохыг тогтоовол журамд заасан шаардлагатай засвар хийхийг мэдүүлэг гаргагчид санал болгоно. |
(b) хэрэв мэдүүлэг гаргагч дээрх шаардлагыг журмын дагуу биелүүлбэл хүлээн авагч байгууллага нь олон улсын мэдүүлэг хүлээн авсан огноог шаардлагатай засварыг хүлээн авсан өдрөөр тогтооно. |
(3) 64 дүгээр зүйлийн (4) дэх хэсэгт заасныг харгалзан (1) дэх хэсгийн (i)-(iii)-т заасан шаардлагыг хангасан болон хүлээн авсан огноо нь тогтоогдсон аливаа олон улсын мэдүүлэг нь олон улсын хэмжээнд мэдүүлэг гаргасан огнооноос эхлэн нэрлэсэн улс бүрт үнэн зөв бүрдүүлж гаргасан үндэсний мэдүүлгийн адил хүчинтэй байна. Олон улсын хэмжээнд мэдүүлэг гаргасан огноо нь нэрлэсэн улс бүрт мэдүүлэг гаргасан огноонд тооцогдоно. |
(4) (1) дэх хэсгийн (i)-(iii) дахь дэд хэсэгт заасан шаардлагыг хангасан олон улсын аливаа мэдүүлэг гаргасныг Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн агуулгад нийцсэн, үнэн зөв үйлдсэн үндэсний мэдүүлэг гаргасантай адилтгаж үзнэ. |
12 дугаар зүйл |
Олон улсын мэдүүлгийг олон улсын |
товчоо ба олон улсын хайлтын байгууллагад илгээх |
(1) Журамд заасны дагуу олон улсын мэдүүлгийн нэг хувийг ("хүлээн авагч байгууллагын хувь") хүлээн авагч байгууллагад хадгалж, нэг хувийг олон улсын товчоонд ("бүртгэлийн хувь"), нөгөө хувийг ("хайлтын хувь") 16 дугаар зүйлд дурьдсан олон улсын хайлтын байгууллагад илгээнэ. |
(2) Бүртгэлийн хувийг олон улсын мэдүүлгийн жинхэнэ эх гэж үзнэ. |
(3) Олон улсын товчоо тогтоосон хугацаанд бүртгэлийн хувийг хүлээн аваагүй бол олон улсын мэдүүлгийг хэрэгсээгүйд тооцно. |
13 дугаар зүйл |
Олон улсын мэдүүлгийн хуулбарыг нэрлэсэн |
байгууллагад авах боломж |
(1) Аливаа нэрлэсэн байгууллага нь олон улсын мэдүүлгийн хуулбарыг ирүүлэхийг уг мэдүүлгийг 20 дугаар зүйлд заасны дагуу тараахаас өмнө олон улсын товчооноос хүсэж болох ба олон улсын товчоо нь давамгайлах огнооноос эхлэн нэг жилийн дотор уг хуулбарыг нэрлэсэн байгууллагад нэн даруй илгээнэ. |
(2) (а) Мэдүүлэг гаргагч нь олон улсын мэдүүлгийнхээ хуулбарыг нэрлэсэн аль ч байгууллагад дуртай хугацаандаа илгээж болно. |
(b) Мэдүүлэг гаргагч нь олон улсын мэдүүлгийнхээ хуулбарыг нэрлэсэн аль ч байгууллагад илгээхийг олон улсын товчооноос дуртай хугацаандаа хүсэж болох бөгөөд олон улсын товчоо хуулбарыг уг байгууллагад нэн даруй явуулна. |
(с) Үндэсний аливаа байгууллага мэдүүлгийн хуулбарыг (b) дэд хэсэгт заасанчлан авах хүсэлгүй байгаагаа олон улсын товчоонд мэдээлж болох бөгөөд ингэсэн тохиолдолд дурдсан дэд хэсгийг энэ байгууллагын тухайд хэрэглэхгүй. |