A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН 2016-2017 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны186-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 322

Улаанбаатар хот

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН 2016-2017 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 186-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 12.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

2. Дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай: 2.1. мал аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах төлөвлөгөө боловсруулан баталж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллах; 2.2. энэ тогтоолын хавсралтаар баталсан аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх; 2.3. сум дундын болон аймаг дундын отрын бүс нутаг, хилийн зурвас газар, улсын тусгай хамгаалалттай газарт отроор өвөлжих, хаваржих өрх, малын тоог өвөл, хаврын бэлчээрийн даацад тулгуурлан тогтоож, хэрэгжилтийг тухайн бүс нутгийн өөрөө удирдах байгууллага, хамгаалалтын захиргаадтай хамтран зохион байгуулах; 2.4. шаардлагатай зарим хадлангийн талбайг өнжөөх, сэлгэх арга хэмжээ авч, өөр аймгийн нутагт хадлан бэлтгэх ажлыг зохион байгуулах; 2.5. малын гоц халдварт, халдварт, паразиттах өвчин, ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг технологит хугацаанд нь чанартай зохион байгуулж, мал эмнэлгийн дуудлага үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллах; 2.6. орон нутгийн төсвийн болон төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгөөр шинээр худаг гаргах, бэлчээрийн хортон мэрэгч, шавьжтай тэмцэх ажлын явцад хийх гүйцэтгэлийн хяналт, шалгалтыг сайжруулах; 2.7. малын хашаа, саравч, уст цэгээ засварлах, тохижуулах, түлээ түлш бэлтгэх, цаг агаар хүндэрсэн нөхцөлд хэрэглэх өвс, тэжээл, гар тэжээлийг нөөцлөх, өвлийн хувцас хэрэглэл, хоол хүнсээ базаах зэрэг мал өвөлжилтийн бэлтгэл ажлыг малчин өрх бүрээр сайтар хангуулах;

2.8. ургац хураалтад ажиллах хүн хүч, техникийг сайтар бэлтгэж, цаг агаарын гамшигт үзэгдлээс ургацаа хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч ажиллах; 2.9. аймаг, сумын эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах зорилгоор шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, түргэн тусламжийн машин, багаж хэрэгслээр дэмжлэг үзүүлэх; 2.10. орон нутагтаа болон отроор өвөлжиж, хаваржиж байгаа малчдын талаарх судалгааг үндэслэн эрүүл мэндийн явуулын үйлчилгээ үзүүлэх хуваарь гаргаж аймаг, сумын эмнэлгийг ажиллуулах.

3. Гангийн нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлж, шаардлагатай тохиолдолд үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээг зохион байгуулан цаг уурын аюултай үзэгдлийн талаарх мэдээ, мэдээллийг шуурхай дамжуулах үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгт үүрэг болгосугай.

4. Хуурайшилт ихтэй, олон хоногоор хур тунадас ороогүй, хэт халалт үүссэн тохиолдолд гангийн эрсдэлийн үнэлгээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийг томилон ажиллуулж, шаардлагатай бусад арга хэмжээ авч ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадралд үүрэг болгосугай.

5. Мал сүргийн тоо толгой хэт их өсч, бэлчээрийн даац, тэжээлийн хүрэлцээ хангамжид муугаар нөлөөлөх эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор мал, махны экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Шаравдорж нарт даалгасугай. 6. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж, мал өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцыг сар бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж байхыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ


Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.БУРМАА