Хэвлэх DOC Татаж авах
ТӨСВИЙН ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫГ ӨӨРЧЛӨН ЗОХИОН БАЙГУУЛАХ, ТАТАН БУУЛГАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 55

ТӨСВИЙН ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫГ ӨӨРЧЛӨН ЗОХИОН БАЙГУУЛАХ, ТАТАН БУУЛГАХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 10.1.10, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.5, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 61.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулах дараах байгууллагыг дор дурдсанаар өөрчлөн зохион байгуулсугай:

1.1. Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийг “Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв” болгож;

1.2. Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төвийг “Ахмад настны  үндэсний  төв” болгож;

1.3. Хөдөлмөрийн эрүүл мэнд, судлалын төвийг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв” болгож;

1.4. Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээллийн төвийг “Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төв” болгож; (Энэ заалтад Засгийн газрын 2019 оны 366 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

1.5. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн “Өнөр бүл” төвийг “Өнөр бүл хүүхдийн төв” болгож;

1.6. Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийг “Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор” болгож;

1.7. Хөдөлмөрийн яамны (хуучин нэрээр) харьяа “БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний төв” болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны (хуучин нэрээр) харьяа “БНСУ дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний төв”-ийг нэгтгэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа “БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв” болгож.

2. “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-ийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяанд 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай.

3. “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв”-ийг татан буулгаж, зарим чиг үүргийг нь “Дадлагажигч ажилтан гадаадад илгээх төв” улсын төсөвт үйлдвэрийн газартай нэгтгэн "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт”  болгож өөрчлөн зохион байгуулсугай.

4. Өөрчлөн зохион байгуулагдсан төсөвт байгууллагын дүрэм, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр,  үйл ажиллагааны зардлыг 2016 оны төсвийн тодотголд тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарт тус тус даалгасугай.

5. Энэ тогтоолын 2 дугаар зүйлд заасан төвийн үйл ажиллагааны зардлыг 2017 оны улсын төсвийн төсөлд тусгахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарт даалгасугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Нэрэмжит болгох тухай” Засгийн газрын 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 121 дүгээр тогтоолын 3 дугаар зүйлийн “Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын үндэсний” гэснийг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн” гэж өөрчилж, “Байгууллагын бүтцийг өөрчлөх тухай” Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 94 дүгээр тогтоол, “Төсвийн байгууллагуудад хийх  бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 55 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт,  “Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Нэг цэгийн үйлчилгээний төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн          54 дүгээр тогтоол, “Улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай” Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 299 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                     Ж.ЭРДЭНЭБАТ

Хөдөлмөр, нийгмийн

хамгааллын сайд                                                                        Н.НОМТОЙБАЯР