A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГА БАЙГУУЛАХ ТУХАЙ КОНВЕНЦ

1967 оны 7 дугаар сарын 14-ний өдөр

Хэлэлцэн тохирогч талууд,

тусгаар тогтнол, эрх тэгш байдлыг хүндэтгэх үндсэн дээр харилцан ашигтай байхын тулд улс хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулахыг эрмэлзэж;

бүтээлч үйл ажиллагааг дэмжих зорилгоор дэлхий дахинд оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг дээшлүүлэхийг эрмэлзэж,

холбооны гишүүн улс тус бүрийн бие даасан байдлыг хүндэтгэн үзэхийн ялдамд аж үйлдвэрийн өмчийн болон утга зохиол урлагийн бүтээлийг хамгаалах салбарт байгуулагдсан холбоодын үйл ажиллагааг илүү үр ашигтай болгох, орчин үед нийцүүлэхийг эрмэлзэж;

дор дурдсан зүйлийг хэлэлцэн тохиролцов:

1 дүгээр зүйл

Байгууллага байгуулах

Дэлхийн оюуны өмчийн байгууллагыг үүгээр үүсгэн байгуулав.

2 дугаар зүйл

Нэр томьёоны тодорхойлолт

Энэхүү конвенцийн зорилгоор:

(i) “байгууллага” гэж Дэлхийн оюуны өмчийн байгууллагыг (ДОӨБ);

(ii) “олон улсын товчоо” гэж оюуны өмчийн олон улсын товчоог;

(iii) “Парисын конвенц” гэж 1883 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гарын үсэг зурсан Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай конвенц болон түүнийг хянан өөрчилсөн баримт бичгүүдийг;

(iv) “Бернийн конвенц“ гэж 1886 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр гарын үсэг зурсан Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай конвенц болон түүнийг хянан өөрчилсөн баримт бичгүүдийг;

(v) “Парисын холбоо” гэж Парисын конвенцоор байгуулсан олон улсын холбоог;

(vi) “Бернийн холбоо” гэж Бернийн конвенцоор байгуулсан олон улсын холбоог;

(vii) “холбоод” гэж Парисын холбоо болон түүнтэй холбогдуулан байгуулсан тусгай холбоод болон хэлэлцээр, Бернийн холбоо болон 4 дүгээр зүйлийн (iii)-д заасны дагуу байгууллагын удирдаж байгаа оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг дээшлүүлэхэд чиглэсэн бусад олон улсын хэлэлцээрийг;

(viii) “ оюуны өмч” гэж:

· утга зохиол, урлаг, шинжлэх ухааны бүтээл,

· тоглогчдын тоглолт, дуу авианы бичлэг болон радио телевизийн нэвтрүүлэг,

· хүний бүтээн туурвисан бүх шинэ бүтээл,

· шинжлэх ухааны нээлт,

· бүтээгдэхүүний загвар,

· бараа болон үйлчилгээний тэмдэг, хуулийн этгээдийн нэр болон илэрхийлэл,

· шударга бус өрсөлдөөний эсрэг хамгаалалт

болон аж үйлдвэр, шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн салбарт гарч буй оюуны бүтээлээс үүдэн гарах бусад бүх эрхийг хэлнэ.

3 дугаар зүйл

Байгууллагын зорилго

Байгууллагын зорилго нь:

(i) улс хоорондын хамтын ажиллагаа болон шаардлагатай үед бусад олон улсын байгууллагатай хамтран ажиллах замаар дэлхий дахинаа оюуны өмчийн эрхийг хамгаалах асуудлыг хөхиүлэн дэмжих,

(ii) холбоод хоорондын захиргааны хамтын ажиллагааг хангахад оршино.

4 дүгээр зүйл

Чиг үүрэг

3 дугаар зүйлд заасан зорилгод хүрэхийн тулд байгууллага нь өөрийн холбогдох байгууллагаар дамжуулан холбоо тус бүрийн эрхлэх асуудлын хүрээнд:

(i) оюуны өмчийн эрхийг дэлхий дахинаа үр ашигтай хамгаалах асуудлыг хялбарчлах болон энэ салбарт үндэсний хууль тогтоомжийг уялдуулахад чиглэсэн арга хэмжээг дээшлүүлэх;

(ii) Парисын холбоо, түүнтэй холбогдуулан байгуулсан тусгай холбоод болон Бернийн холбооны үйл ажиллагааг удирдлагаар хангах;

(iii) оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг дээшлүүлэхэд чиглэсэн бусад олон улсын хэлэлцээрийг байгуулах, удирдах, оролцох;

(iv) оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг дээшлүүлэхэд чиглэсэн бусад олон улсын хэлэлцээрийг байгуулахад дэмжлэг үзүүлэх;

(v) оюуны өмчийн эрхийг хамгаалах салбарт эрх зүйн техникийн туслалцаа хүссэн улстай хамтран ажиллах;

(vi) оюуны өмчийн эрхийн хамгаалалтын асуудлаарх мэдээллийг цуглуулах, түүнийг түгээх, энэ салбарт судалгаа явуулах, судалгааны дүнг хэвлэх;

(vii) оюуны өмчийн эрхийн олон улсын хамгаалалтыг хялбарчлахад чиглэсэн үйлчилгээ явуулах, шаардлагатай үед энэ салбарт бүртгэл хөтлөх, бүртгэлтэй холбоотой мэдээллийг хэвлэн нийтлэх;

(viii) бусад шаардлагатай бүх арга хэмжээг авна.

5 дугаар зүйл

Гишүүнчлэл

(1) 2 дугаар зүйлийн (vii)-д заасан холбоодын гишүүн аливаа улс байгууллагын гишүүн болоход нээлттэй байна.

(2) Холбоодын гишүүн бус боловч,

(i) Нэгдсэн Үндэстний Байгууллага болон түүний төрөлжсөн байгууллагын эсхүл Олон улсын цөмийн эрчим хүчний байгууллагын гишүүн улс эсхүл Олон улсын шүүхийн дүрэмд оролцогч улс,

(ii) энэхүү конвенцид оролцогч тал болохыг Ерөнхий Ассамблейгаас урьсан тохиолдолд аливаа улс уг байгууллагын гишүүн болоход мөн нээлттэй байна.

6 дугаар зүйл

Ерөнхий Ассамблей

(1) (a) Аль нэг холбооны гишүүн бөгөөд энэхүү конвенцид оролцогч улсуудаас бүрдсэн Ерөнхий Ассамблейтай байна.

(b) Улс бүрийн засгийн газрыг нэг төлөөлөгч төлөөлөх бөгөөд тэрээр орлогч, зөвлөгч, шинжээчтэй байж болно.

(с) Төлөөлөгч тус бүрийн зардлыг түүнийг томилсон засгийн газар хариуцна.

(2) а) Ерөнхий Ассамблей нь:

(i) зохицуулах хорооноос нэр дэвшүүлсний үндсэн дээр ерөнхий захирлыг томилно;

(ii) байгууллагын талаарх ерөнхий захирлын тайланг хянаж батлах бөгөөд түүнд шаардлагатай бүх зааварчилгаа өгнө;

(iii) зохицуулах хорооны тайлан, үйл ажиллагааг хянаж батлах бөгөөд тус хороонд зааварчилгаа өгнө;

(iv) холбоодод хамаарах нийтийн зардлын хоёр жилийн төсвийг батална;

(v) 4 дүгээр зүйлийн (iii)-т заасан олон улсын хэлэлцээрийг эрхлэх асуудлаар ерөнхий захирлын санал болгосон арга хэмжээг батална;

(vi) байгууллагын санхүүгийн журмыг батална;

(vii) Нэгдсэн Үндэсний Байгууллагын жишгийг харгалзан нарийн бичгийн дарга нарын газрын ажлын хэлийг тодорхойлно;

(viii) 5 дугаар зүйлийн (2) дахь хэсгийн (ii)-т заасан улсуудыг энэхүү конвенцид оролцогч тал болохыг урина;

(ix) байгууллагын гишүүн бус ямар улсууд, засгийн газар хоорондын болон олон улсын төрийн бус байгууллагууд байгууллагын хуралдаанд ажиглагчаар оролцох эрхтэйг тодорхойлно;

(x) энэхүү конвенцид заасан бусад холбогдох чиг үүргийг гүйцэтгэнэ.

(3) а) Аливаа гишүүн улс нэг болон хэд хэдэн холбооны гишүүн байхаас үл хамаарч Ерөнхий Ассамблейд нэг санал өгөх эрхтэй.

(b) Ерөнхий Ассамблейн гишүүн улсын тэн хагас нь кворум бүрдүүлнэ.

с) (b) дэд хэсгийн заалтыг үл харгалзан хэрэв ямар нэг чуулганд оролцох улсуудын тоо тэн хагасаас бага байх боловч Ерөнхий Ассамблейн гишүүн улсуудын гуравны нэгтэй тэнцүү буюу илүү байвал Ерөнхий Ассамблей шийдвэр гаргах эрхтэй боловч Ерөнхий Ассамблейн өөрийн үйл ажиллагаанд хамаарах шийдвэрээс бусад шийдвэр нь дараахь нөхцөл бүрдсэн үед хүчин төгөлдөр болно. Эдгээр шийдвэрийг олон улсын товчоо нь Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоогүй улсуудад хүргүүлэх бөгөөд уг шийдвэрийг батлах, түдгэлзэх талаарх саналаа шийдвэрийг хүргүүлснээс хойш 3 сарын дотор бичгээр ирүүлэхийг мэдэгдэнэ. Хэрэв энэ хугацаа дуусах үед шийдвэрийг баталсан буюу түдгэлзсэн улсын тоо Ерөнхий Ассамблейн чуулганыг хүчинтэйд тооцоход дутаж байсан улсын тоонд хүрсэн тохиолдолд, мөн шийдвэр хүчинтэйд тооцогдоход шаардлагатай олонхын хувьд хүрсэн тохиолдолд уг шийдвэр хүчин төгөлдөр болно.

(d) Ерөнхий Ассамблей нь (е) ба (f) дэд хэсэгт зааснаас бусад тохиолдолд гуравны хоёрын олонхын саналаар шийдвэр гаргана.

(e) 4 дүгээр зүйлийн (iii)-т заасан олон улсын хэлэлцээрийг эрхлэх асуудалтай холбогдох арга хэмжээг батлахад шаардлагатай олонхын хувь нь дөрөвний гурав байна.

(f) Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн 57 ба 63 дугаар зүйлийн дагуу Нэгдсэн Үндэстний Байгууллагатай байгуулах гэрээг батлахад аравны есийн хувь шаардлагатай .

(g) Ерөнхий захирлыг томилоход ((2) дахь хэсгийн (i)), олон улсын хэлэлцээрийг эрхлэх асуудлаар ерөнхий захирлын санал болгосон арга хэмжээг батлахад ((2) дахь хэсгийн (v)), ба төв байрыг шилжүүлэх (10 дугаар зүйл) асуудлыг шийдвэрлэхэд зөвхөн Ерөнхий Ассамблейд олонхын санал шаардагдахаас гадна мөн Парисын холбоо, Бернийн холбооны чуулганд олонхын саналаар шийдвэрлэсэн байх шаардлагатай.

(h) Түдгэлзсэнийг санал өгсөнд тооцохгүй.

(i) Нэг төлөөлөгч нэг улсыг төлөөлж, зөвхөн тухайн улсын нэрийн өмнөөс санал өгөх эрхтэй.

(4) а) Ерөнхий захирал хоёр жил тутамд нэг удаа Ерөнхий Ассамблейн ээлжит чуулганыг зарлан хуралдуулна.

(b) Зохицуулах хороо эсхүл Ерөнхий Ассамблейн гишүүн улсын дөрөвний нэгийн хүсэлтийн дагуу ерөнхий захирал Ерөнхий Ассамблейн ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна.

(с) Чуулган байгууллагын төв байранд хуралдана.

(5) Энэхүү конвенцид оролцогч тал боловч аль нэг холбооны гишүүн бус улсууд Ерөнхий Ассамблейн чуулганы хуралдаанд ажиглагчаар оролцох эрхтэй.

(6) Ерөнхий Ассамблей нь өөрийн үйл ажиллагааны дүрмийг боловсруулан батална.

7 дугаар зүйл

Бага хурал

(1) а) Аль нэг холбооны гишүүн мөн эсэхээс үл хамааран энэхүү конвенцид оролцогч улсууд бага хурал зохион байгуулна.

(2) Бага хурал нь:

(i) оюуны өмчийн эрхийг хамгаалах салбарын нийтлэг сонирхлын асуудлуудыг хэлэлцэх бөгөөд холбоодын эрх хэмжээ болон тусгаар байдлыг харгалзаж энэ асуудлаар зөвлөмж гаргах эрхтэй;

(ii) бага хурлын хоёр жилийн төсвийг батална;

(iii) бага хурлын төсвийн хүрээнд эрх зүй техникийн туслалцааны хоёр жилийн хөтөлбөрийг боловсруулж батална;

(iv) 17 дугаар зүйлд заасны дагуу энэхүү конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулна;

(v) байгууллагын гишүүн бус ямар улсууд, засгийн газар хоорондын болон олон улсын төрийн бус байгууллагууд хуралдаанд ажиглагчаар оролцох эрхтэйг тодорхойлно;

(vi) энэхүү конвенцид заасан бусад чиг үүргийг гүйцэтгэнэ.

(3) (а) Гишүүн улс бүр бага хуралд нэг санал өгөх эрхтэй.

(b) Гишүүн улсын гуравны нэг кворум бүрдүүлнэ.

(c) 17 дугаар зүйлд заасныг харгалзан бага хурал гуравны хоёрын олонхын саналаар шийдвэр гаргана.

(d) Энэхүү конвенцид оролцогч тал боловч аль нэг холбооны гишүүн бус улсуудын төлөх татварын хувь хэмжээг тогтооход зөвхөн эдгээр улсын төлөөлөгчид санал өгөх эрхтэй байна.

(e) Түдгэлзсэнийг санал өгсөнд тооцохгүй.

(f) Нэг төлөөлөгч нэг улсыг төлөөлж, зөвхөн тухайн улсын нэрийн өмнөөс санал өгөх эрхтэй.

(4) (а) Ерөнхий захирал бага хурлын ээлжит чуулганыг Ерөнхий Ассамблей чуулдаг газарт болон хугацаанд зарлан хуралдуулна.

(b) Ерөнхий захирал гишүүн улсуудын олонхын хүсэлтийн дагуу бага хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна.

(5) Бага хурал нь өөрийн үйл ажиллагааны дүрмийг боловсруулан батална.

8 дугаар зүйл

Зохицуулах хороо

(1) (а) Зохицуулах хороо нь энэхүү конвенцид оролцогч тал бөгөөд Парисын холбооны, эсхүл Бернийн холбооны, эсхүл хоёулангийнх нь гүйцэтгэх хорооны гишүүн улсуудаас бүрдэнэ. Ингэхдээ эдгээр гүйцэтгэх хороод нь тэдгээрийг томилсон Ассамблейн гишүүн улсуудын дөрөвний нэгээс илүү тоотой бүрдсэн тохиолдолд тэрхүү гүйцэтгэх хороо нь өөрийн гишүүн улсуудаас зохицуулах хороонд орох улсуудыг томилно. Ийнхүү томилохдоо дээр дурдсан дөрөвний нэгээс хэтрүүлэхгүй байна. Харин байгууллагын төв байр нь байрладаг улсыг дээрх дөрөвний нэгийг тооцоход хамааруулахгүй.

(b) Зохицуулах хорооны гишүүн улс бүрийн засгийн газрыг нэг төлөөлөгч төлөөлөх бөгөөд тэрээр орлогч, зөвлөгч, шинжээчтэй байж болно.

(c) Бага хурлын хөтөлбөр, төсөв, хэлэлцэх асуудалтай холбоотой эсхүл энэхүү конвенцид оролцогч тал боловч аль нэг холбоодын гишүүн бус улсуудын эрх, үүргийг хөндөж болох нэмэлт, өөрчлөлтийг конвенцид оруулах асуудлыг зохицуулах хорооны хуралдаанаар хэлэлцэхэд дээрх улсуудын дөрөвний нэг нь тэрхүү хорооны гишүүдийн нэгэн адил эрхтэйгээр оролцоно. Бага хурал өөрийн ээлжит хуралдаан бүрээр дээрх улсуудыг томилно.

(d) Төлөөлөгч тус бүрийн зардлыг түүнийг томилсон засгийн газар хариуцна.

(2) Хэрэв байгууллагын удирддаг холбоод нь зохицуулах хороонд төлөөлөлтэй байхыг хүсвэл өөрийн төлөөлөгчдийг зохицуулах хорооны гишүүн улсуудаас томилно.

(3) Зохицуулах хороо нь:

(i) холбоодын удирдлагууд, Ерөнхий Ассамблей, бага хурал, ерөнхий захиралд захиргааны, санхүүгийн холбогдолтой асуудлаар хоёр ба түүнээс дээш холбоодын, эсхүл нэг ба түүнээс дээш холбоод болон байгууллагын нийтлэг ашиг сонирхлыг хөндсөн, нэн ялангуяа холбоодод хамаарах нийтийн зардлын төсөвтэй холбоотой асуудлаар зөвлөгөө өгнө;

(ii) Ерөнхий Ассамблейн хэлэлцэх асуудлын дэгийн төслийг бэлтгэнэ;

(iii) бага хурлын хэлэлцэх асуудал, хөтөлбөрийн төсөл болон төсвийг бэлтгэнэ;

(iv) [хасагдсан];

(v) ерөнхий захирлын бүрэн эрхийн хугацаа дуусах үед, эсхүл ерөнхий захирлын албан тушаал чөлөөтэй байх үед Ерөнхий Ассамблейд уг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд нэр дэвшигчийг томилохгүй бол зохицуулах хороо өөр хүний нэрийг дахин дэвшүүлнэ; ерөнхий захирал томилогдох хүртэл зохицуулах хороо нэр дэвшүүлэх эрхтэй;

(vi) ерөнхий захирлын албан тушаал Ерөнхий Ассамблейн хоёр чуулганы хооронд чөлөөлөгдвөл шинэ ерөнхий захирал ажлаа хүлээн авах хүртэл ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчийг томилно;

(vii) энэхүү конвенцоор олгогдсон бусад чиг үүргийг гүйцэтгэнэ.

(4) (a) Ерөнхий захирал зохицуулах хорооны ээлжит хуралдааныг жил бүр нэг удаа зарлан хуралдуулна. Хуралдааныг байгууллагын төв байранд хийнэ.

(b) Ерөнхий захирал өөрийн санаачилгаар эсхүл хорооны даргын эсхүл гишүүдийн дөрөвний нэгийн хүсэлтийн дагуу зохицуулах хорооны ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулна.

(5) (a) Улс бүр (1) дэх хэсгийн (а) дэд хэсэгт заасан нэг буюу хоёр гүйцэтгэх хорооны гишүүн эсэхээс үл хамаарч зохицуулах хороонд нэг санал өгөх эрхтэй.

(b) Зохицуулах хорооны гишүүдийн тэн хагас нь кворум бүрдүүлнэ.

(с) Нэг төлөөлөгч нэг улсыг төлөөлж, зөвхөн тухайн улсын нэрийн өмнөөс санал өгөх эрхтэй.

(6) (a) Зохицуулах хороо нь нийт саналын энгийн олонхоор өөрийн саналаа илэрхийлэх ба шийдвэр гаргана. Түдгэлзсэнийг санал өгсөнд тооцохгүй.

(b) Энгийн олонхын санал авсан ч зохицуулах хорооны аливаа гишүүн санал хураалт дууссан даруй саналыг дараахь байдлаар нарийвчлан тоолох хүсэлт гаргах эрхтэй. Үүнд: хоёр тусгай жагсаалт бэлтгэх ба нэг нь Парисын холбооны гүйцэтгэх хорооны гишүүн улсын нэрийг жагсаасан, нөгөөх нь Бернийн холбооны гүйцэтгэх хорооны гишүүн улсын нэрийг жагсаасан байх бөгөөд улс бүрийн нэрийн ард өгсөн саналыг бичнэ. Хэрэв энэ тооллогоор ердийн олонход хүрэхгүй тохиолдолд саналыг хүчингүйд тооцно.

(7) Байгууллагын гишүүн боловч зохицуулах хорооны гишүүн бус аливаа улс хорооны хуралдаанд санал өгөх эрхгүйгээр, харин хэлэлцүүлэгт оролцох эрхтэй ажиглагчаар оролцож болно.

(8) Зохицуулах хороо өөрийн үйл ажиллагааны журмыг тогтооно.

9 дүгээр зүйл

Олон улсын товчоо

(1) Олон улсын товчоо нь байгууллагын нарийн бичгийн дарга нарын газар байна.

(2) Олон улсын товчоог ерөнхий захирал тэргүүлэх ба тэрээр хоёр ба түүнээс дээш орлогчтой байна.

(3) Ерөнхий захирлыг тогтсон хугацаагаар томилох ба тэр нь зургаан жилээс багагүй байна. Ерөнхий захирлыг тогтсон хугацаагаар улираан томилж болно. Бүрэн эрхийн эхний хугацаа, дараагийн хугацаа болон томилолтын бусад нөхцөлийг Ерөнхий Ассамблей тогтооно.

(4) (a) Ерөнхий захирал байгууллагын удирдах албан тушаалтан байна.

(b) Байгууллагыг ерөнхий захирал төлөөлнө.

(с) Ерөнхий захирал байгууллагын дотоод, гадаад хэргийн асуудлаар Ерөнхий Ассамблейн дүрэмд захирагдаж Ерөнхий Ассамблейд тайлагнана.

(5) Ерөнхий захирал нь хөтөлбөрийн төсөл, төсөв болон үйл ажиллагааны тайланг бэлтгэнэ. Тэдгээрийг сонирхогч улсын засгийн газарт, холбоодын болон байгууллагын эрх бүхий байгууллагад дамжуулна.

(6) Ерөнхий захирал болон түүний томилсон аливаа ажилтан Ерөнхий Ассамблей, бага хурал, зохицуулах хорооны болон бусад ажлын хэсэг, хороодын хуралдаанд санал өгөх эрхгүйгээр оролцоно. Ерөнхий захирал эсхүл түүний томилсон ажилтан дээрх газруудын нарийн бичгийн дарга байна.

(7) Ерөнхий захирал олон улсын товчооны үүрэг даалгаврыг үр дүнтэй гүйцэтгэхэд шаардлагатай боловсон хүчнийг томилно. Тэрээр өөрийн орлогчийг зохицуулах хороогоор батлуулсны дараа томилно. Хөдөлмөр эрхлэх нөхцөлийн тухай журмыг ерөнхий захирлын санал болгосноор зохицуулах хороогоор батална. Албан хаагчийн хөдөлмөр эрхлэх нөхцөлийг тодорхойлох болон ажилтныг ажилд авахад түүний ажлын өндөр үр дүн, ур чадвар, үнэнч шударга байдлыг үндэс болгон тогтооно. Түүнчлэн ажилтан авахад газар зүйн аль болох өргөн хүрээг хамруулахад зохих анхаарал хандуулна.

(8) Ерөнхий захирлын болон ажилтны хариуцлагын чанар нь гагцхүү олон улсын шинжтэй байна. Тэд албан үүргээ гүйцэтгэхдээ аливаа засгийн газар болон байгууллагад хамааралгүй аливаа газраас зааварчилгаа хүсэх, авах эрхгүй. Тэд олон улсын ажилтны албан тушаалд хор учруулж болохуйц аливаа үйлдлээс зайлсхийнэ. Аливаа гишүүн улс ерөнхий захирал болон ажилтнуудын хариуцлагын олон улсын шинж чанарыг хүндэтгэн, албан үүргээ гүйцэтгэхэд нь нөлөө үзүүлэхээс зайлсхийнэ.

10 дугаар зүйл

Төв байр

(1) Байгууллагын төв байр нь Женевт байрлана.

(2) Түүнийг шилжүүлэх асуудлыг 6 дугаар зүйлийн (3) дахь хэсгийн (d) ба (g) дэд хэсэгт заасны дагуу шийдвэрлэнэ.

11 дүгээр зүйл

Санхүү

(1) Байгууллага нь холбоодод хамаарах нийтийн зардлын төсөв, бага хурлын төсөв гэсэн хоёр тусдаа төсөвтэй байна.

(2) (a) Холбоодод хамаарах нийтийн зардлын төсөвт хэд хэдэн холбоодын сонирхлын зардлын талаарх заалтыг тусгана.

(b) Төсвийг дараахь эх сурвалжаас бүрдүүлнэ:

(i) холбоодын татвар (холбооны татварын хэмжээг тус холбоо нь холбоодод хамаарах нийтийн зардалд оруулах сонирхолтой байгаа эсэхийг харгалзан үзэж, түүнийг тухайн холбооны Ассамблей тогтооно);

(ii) аль нэг холбооноос шууд хамааралгүйгээр олон улсын товчооноос гүйцэтгэсэн, мөн эрх зүй, техникийн туслалцаа үзүүлэх хүрээнээс бусад салбарт олон улсын товчооноос гүйцэтгэсэн үйлчилгээний хураамж;

(iii) аль нэг холбооноос шууд хамааралгүйгээр олон улсын товчооноос гаргасан хэвлэлийн худалдаанаас, хэвлэх эрх шилжүүлснээс олсон орлого;

(iv) (3) дахь хэсгийн (b) дэд хэсгийн 4-т зааснаас бусад, байгууллагад өгсөн бэлэг дурсгал, өв, хандив;

(v) түрээс, хүү, байгууллагын бусад орлого.

(3) (a) Бага хурлын төсөвт бага хурлын хуралдаануудыг зохион байгуулах болон эрх зүй, техникийн туслалцааны дараахь зардлыг багтаана.

(i) энэхүү конвенцид оролцогч тал боловч аль нэг холбооны гишүүн бус улсын татвар;

(ii) холбоодоос энэ төсөвт оруулсан мөнгө (түүний хэмжээг тухайн холбооны Ассамблей тогтоох бөгөөд аливаа холбоо нь дээрх төсөвт хандивлахаас татгалзаж болно);

(iii) олон улсын товчооноос эрх зүй, техникийн туслалцааны хүрээнд үзүүлсэн үйлчилгээний хураамж;

(iv) (a) дэд хэсэгт заасан зорилгоор байгууллагад өгсөн бэлэг дурсгал, өв, хандив.

(4) а) Бага хурлын төсөвт төлөх татварын хэмжээг тогтоох зорилгоор энэхүү конвенцид оролцогч тал боловч аль нэг холбооны гишүүн бус улс бүр тодорхой ангилалд хамаарах бөгөөд дараахь байдлаар тогтоосон нэгжийн дагуу жилийн татварыг төлнө:

А Анги. . . . . . . . . . .10

В Анги. . . . . . . . . . . 3

С Анги. . . . . . . . . . . 1

(b) Улс бүр 14 дүгээр зүйлийн (1) дэх хэсэгт заасан үйл ажиллагааг явуулахдаа аль ангилалд хамаарах хүсэлтэйгээ илэрхийлж болно. Эдгээр улс өөрийн ангиллыг солих эрхтэй. Хэрэв тухайн орон доогуур ангиллыг сонговол бага хурлын ээлжит хуралдааны үеэр мэдэгдэх шаардлагатай. Эдгээр өөрчлөлт нь уг хуралдааны дараагийн жилийн эхэнд хүчин төгөлдөр болно.

(c) Улс бүрийн жилийн татвар нь түүний нэгжийн тоог татвар төлж байгаа бүх улсын нэгжийн нийлбэрт харьцуулах хэлбэрээр тогтоосон, бага хурлын төсөвт төлөх нийт татварт эзлэх хувьтай тэнцүү байна.

(d) Татварыг жил бүрийн нэгдүгээр сарын нэгнээс эхэлж төлнө.

(e) Хэрэв төсвийг санхүүгийн шинэ жил эхлэхээс өмнө батлаагүй бол, төсөв нь санхүүгийн журмын дагуу өмнөх жилийн төсөвтэй адил хэмжээтэй байна.

(5) Энэ зүйлийн дагуу энэхүү конвенцид оролцогч тал боловч аль нэг холбооны гишүүн бус санхүүгийн татварыг хожигдуулж буй аливаа улс, мөн санхүүгийн татвараа хоёр жилээр хоцроож буй, энэхүү конвенцид оролцогч тал бөгөөд аль нэг холбооны гишүүн аливаа улс гишүүн байгууллагынхаа аливаа асуудалд санал өгөх эрхгүй болно. Гэхдээ эдгээр байгууллага төлбөрийг хойшлуулсан нь онцгой болон зайлшгүй нөхцөл байдлаас үүдэлтэй гэж үзэх тохиолдолд тэрхүү хугацаанд тухайн улсад эдгээр байгууллагад санал өгөх эрхээ үргэлжлүүлэн эдлэхийг зөвшөөрч болно.

(6) Ерөнхий захирал олон улсын товчооноос эрх зүй, техникийн туслалцааны хүрээнд үзүүлэх үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоож зохицуулах хороонд тайлагнана.

(7) Байгууллага нь зохицуулах хорооны зөвшөөрлийн дагуу улсуудын засгийн газар, олон нийтийн болон хувийн байгууллага, хувь хүнээс бэлэг, өв, хандив авахыг зөвшөөрнө.

(8) (a) Байгууллага нь эргэлтийн хөрөнгийн сантай байх бөгөөд тэр нь холбоодоос болон энэхүү конвенцид оролцогч тал боловч аль нэг холбооны гишүүн бус улсаас төлсөн нэг удаагийн төлбөрөөс бүрдэнэ. Хэрэв сангийн хэмжээ хүрэлцэхгүй бол байгууллага түүнийг нэмэгдүүлнэ.

(b) Холбоо бүрийн төлөх нэг удаагийн төлбөр ба сангийн хэмжээг нэмэгдүүлэхэд холбоодын оруулах хувь хэмжээг тухайн холбооны Ассамблей тогтооно.

(с) Энэхүү конвенцид оролцогч тал боловч аль нэг холбооны гишүүн бус улсаас төлөх нэг удаагийн төлбөрийн хэмжээ буюу санг нэмэгдүүлэхэд төлөх төлбөрийн хэмжээ нь энэ санг байгуулсан жил, эсхүл түүнийг нэмэгдүүлэх тухай шийдвэр гаргасан жилд тухайн улсаас төлөх татварын хувьтай адил байна. Адилтгасан хэмжээ буюу төлбөр хийх нөхцөлийг ерөнхий захирлын санал болгосноор зохицуулах хорооны зөвлөмжийн үндсэн дээр бага хурал тогтооно.

(9) (a) Байгууллагын төв байр нь нутаг дэвсгэрт нь байрладаг улстай байгуулах төв байрны тухай хэлэлцээрт эргэлтийн хөрөнгийн сан хүрэлцэхгүй болох тохиолдолд тухайн улс урьдчилгаа олгох тухай тусгана. Энэ урьдчилгааны хэмжээ болон урьдчилгаа олгох нөхцөлийг тусдаа байгууллага, тухайн улс хоорондын хэлэлцээрээр зохицуулна. Тэр орон урьдчилгаа өгөх үүрэг өөртөө хүлээж байгаа хугацаандаа зохицуулах хороонд суудалтай байна.

(b) (а) дэд хэсэгт дурдсан улс ба байгууллага аль аль нь урьдчилгаа өгөх үүргээ бичгээр мэдэгдэх замаар цуцлах эрхтэй. Цуцлалт мэдэгдэл үйлдсэн жилийн төгсгөлөөс хойш гурван жилийн дараа хүчин төгөлдөр болно.

(10) Санхүүгийн аудитыг санхүүгийн журмын дагуу холбооны нэг буюу хэд хэдэн гишүүн улс эсхүл гадны байцаагч хийнэ. Тэднийг өөрсдийнх нь зөвшөөрлөөр Ерөнхий Ассамблей томилно.

12 дугаар зүйл

Эрх зүйн чадвар; эрх ямба ба дархан эрх

(1) Байгууллага нь гишүүн улс бүрийн нутаг дэвсгэр дээр тухайн улсын хуулийн дагуу өөрийн зорилт, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн чадвараар хангагдсан байна.

(2) Байгууллага нь төв байрны тухай хэлэлцээрийг Швейцарийн Холбооны Улстай байгуулах ба цаашид төв байр байрлаж болох аливаа улстай байгуулж болно.

(3) Байгууллага нь бусад гишүүн улстай байгууллага, түүний ажилтнууд, бүх гишүүн улсын төлөөлөгчид байгууллагын зорилт, үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх ямба болон дархан эрх эдлэх зорилгоор хоёр болон олон талт гэрээ байгуулж болно.

(4) Ерөнхий захирал байгууллагын өмнөөс (2) ба (3) дахь хэсэгт заасан хэлэлцээрийн төслийн талаар хэлэлцээ хийх, зохицуулах хороо төслийг зөвшөөрсний дараа тэдгээрийг байгуулж, гарын үсэг зурж болно.

13 дугаар зүйл

Бусад байгууллагатай харьцах

(1) Байгууллага нь шаардлагатай үед бусад засгийн газар хоорондын байгууллагатай ажлын харилцаа тогтоож хамтран ажиллаж болно. Дээрх асуудлаарх аливаа ерөнхий хэлэлцээрийг зохицуулах хорооноос зөвшөөрөл авсны дараа ерөнхий захирал байгуулна.

(2) Байгууллага нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд олон улсын төрийн бус байгууллагатай болон холбогдох засгийн газрын зөвшөөрснөөр үндэсний, засгийн газрын болон төрийн бус байгууллагатай зөвлөх, хамтран ажиллах арга хэмжээг авч болно. Дээрх арга хэмжээг зохицуулах хороогоор батлуулсны дараа ерөнхий захирал хэрэгжүүлнэ.

14 дүгээр зүйл

Конвенцид оролцогч тал болох

(1) 5 дугаар зүйлд заасан улсууд дараахь замаар энэхүү конвенцид оролцогч тал болох бөгөөд байгууллагын гишүүн болж болно:

(i) соёрхон батлах шаардлагагүйгээр гарын үсэг зурах, эсхүл

(ii) гарын үсэг зурсны дараагаар соёрхон баталж, батламж жуух бичгээ хадгалуулах, эсхүл

(iii) нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулах.

(2) Энэхүү конвенцийн бусад заалтыг үл харгалзан, Парисын конвенц болон Бернийн конвенц эсхүл энэ хоёр конвенцид оролцогч улс дараахь актад нэгэн зэрэг нэгдэн орох буюу соёрхон батлах замаар эсхүл эдгээр тэдгээрт нэгдэн орсон эсхүл соёрхон баталсан тохиолдолд энэхүү конвенцид оролцогч тал болж болно:

Парисын конвенцийн Стокгольмын актыг бүхэлд нь эсхүл түүний 20 дугаар зүйлийн (1) дахь хэсгийн (b) дэд хэсгийн (i)-д заасан хязгаарлалттайгаар,

эсхүл Бернийн конвенцийн Стокгольмын актыг бүхэлд нь эсхүл түүний 28 дугаар зүйлийн (1) дэх хэсгийн (b) дэд хэсгийн (i)-д заасан хязгаарлалттайгаар.

(3) Батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг ерөнхий захиралд хадгалуулна.

15 дугаар зүйл

Конвенц хүчин төгөлдөр болох

(1) Энэхүү конвенц нь Парисын холбооны арван гишүүн улс болон Бернийн холбооны долоон гишүүн улс 14 дүгээр зүйлийн (1) дэх хэсэгт заасан арга хэмжээ авснаас хойш гурван сарын дараа хүчин төгөлдөр болно. Хэрэв тухайн улс хоёр холбооны гишүүн бол хоёуланд нь харъяалагдана гэж ойлгоно. Энэ хугацаанд, энэ конвенц хоёр холбооны гишүүн бус улсуудын хувьд 14 дүгээр зүйлийн (1) дэх хэсэгт заасан арга хэмжээг энэ хугацаанаас гурван сарын өмнө буюу түүнээс илүү хугацаанаас өмнө авсан бол хүчин төгөлдөр болно.

(2) Бусад аль ч улсын хувьд энэхүү конвенц тухайн улс 14 дүгээр зүйлийн (1) дэх хэсэгт заасан арга хэмжээг авсан өдрөөс хойш гурван сарын дараа хүчин төгөлдөр болно.

16 дугаар зүйл

Тайлбар

Энэхүү конвенцид тайлбар хийхийг хориглоно.

17 дугаар зүйл

Нэмэлт, өөрчлөлт

(1) Энэхүү конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг аливаа гишүүн улс, зохицуулах хороо, эсхүл ерөнхий захирал санаачилж болно. Ерөнхий захирал тийм саналыг бага хурлаар хэлэлцүүлэхээс зургаан сарын өмнө гишүүн улсуудад хүргүүлнэ.

(2) Нэмэлт, өөрчлөлтийг бага хурлаар батална. Хэрэв нэмэлт, өөрчлөлт нь энэхүү конвенцид оролцогч тал боловч аль нэг холбооны гишүүн бус улсын эрх үүргийг хөндөхөөр байвал тухайн улсууд санал өгөх эрхтэй. Санал болгосон бусад нэмэлт, өөрчлөлтийн хувьд энэхүү конвенцид оролцогч тал бөгөөд холбооны гишүүн улс санал өгөх эрхтэй. Өөрчлөлтийг нийт саналын ердийн олонхоор шийдэх бөгөөд бага хурлаар зөвхөн Парисын холбоо болон Бернийн холбооны чуулганаар холбогдох конвенцийн хувьд зохих журмын дагуу өмнө хэлэлцэж баталсан нэмэлт, өөрчлөлтийн талаар санал өгнө.

(3) Аливаа нэмэлт, өөрчлөлтийг зохих журмын дагуу хүлээн авсан тухай мэдэгдлийг бага хурал нэмэлт, өөрчлөлтийг баталж байгаа үед (2) дахь хэсгийн дагуу санал өгөх эрх бүхий байгууллагын гишүүдийн дөрөвний гурваас ерөнхий захирал бичгээр хүлээн авснаас хойш нэг сарын дараа хүчин төгөлдөр болно. Нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болох үед байгууллагын гишүүн байсан эсхүл тэр үед гишүүн болсон аливаа улс дээрх нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх үүрэг хүлээх ба харин санхүүгийн үүрэгтэй холбоотой өөрчлөлтийг зөвхөн тэдгээр нэмэлт, өөрчлөлтийг хүлээн авсан тухайгаа мэдэгдсэн улсууд л хэрэгжүүлнэ.

18 дугаар зүйл

Цуцлах

(1) Аливаа улс ерөнхий захиралд мэдэгдэл өгөх замаар энэхүү конвенцийг цуцалж болно.

(2) Ерөнхий захирал мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш зургаан сарын дараа цуцлалт хүчин төгөлдөр болно.

19 дүгээр зүйл

Мэдэгдэл хийх

Ерөнхий захирал бүх гишүүн улсын засгийн газарт:

(i) энэхүү конвенц хүчин төгөлдөр болсон өдөр;

(ii) гарын үсэг зурсан, соёрхон баталсан батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичиг хадгалуулахаар өгсөн тухай;

(iii) энэхүү конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлт, тухайн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдөр;

(iv) энэхүү конвенцийг цуцалсан тухай тус тус мэдэгдэнэ.

20 дугаар зүйл

Төгсгөлийн заалтууд

(1) (а) Энэхүү конвенцийн англи, франц, орос, испани хэлээр үйлдсэн нэг эх хувьд гарын үсэг зурах бөгөөд эх бичвэрүүд нь адил хүчинтэй байна. Эх бичвэрүүдийг Швед Улсын засгийн газарт хадгалуулна.

(b) Энэхүү конвенц нь 1968 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл Стокгольм хотноо гарын үсэг зурахад нээлттэй байна.

(2) Дэлхийн оюуны өмчийн байгууллагын ерөнхий захирал сонирхогч засгийн газартай зөвлөлдсөний үндсэн дээр энэхүү конвенцийн албан ёсны эх бичвэрийг герман, итали, португали хэлээр болон бага хурлаас тогтоосон бусад хэлээр гаргана.

(3) Ерөнхий захирал энэхүү конвенцийн баталгаажуулсан хоёр хуулбар болон бага хурлаар баталсан нэмэлт, өөрчлөлтийг Парисын ба Бернийн холбооны гишүүн улсуудын засгийн газар, энэхүү конвенцид нэгдэн орж байгаа бусад улсын засгийн газар болон хүсэлт гаргасан бусад улсын засгийн газарт дамжуулна. Ийнхүү дамжуулсан конвенцийн эх бичвэрийн гарын үсэг бүхий хуулбарыг Шведийн Засгийн газар баталгаажуулна.

(4) Ерөнхий захирал энэхүү конвенцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газарт бүртгүүлнэ.

21 дүгээр зүйл

Шилжилтийн заалтууд

(1) Анхны ерөнхий захирал бүрэн эрхээ хэрэгжүүлэх хүртэл энэхүү конвенцид заасан олон улсын товчоо, эсхүл ерөнхий захирал гэдэгт аж үйлдвэрийн болон утга зохиол, урлагийн өмчийг хамгаалах олон улсын нэгдсэн товчоо /мөн “Оюуны өмчийг хамгаалах олон улсын нэгдсэн товчоо” гэнэ/ болон түүний ерөнхий захирлыг ойлгоно.

(2) (a) Аль нэг холбооны гишүүн боловч энэхүү конвенцид оролцогч бус улсууд энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойшхи таван жилийн хугацаанд хэрэв өөрсдөө хүсвэл конвенцид оролцогч талын нэгэн адил эрх эдэлж болно. Тийм эрх эдлэх хүсэлтэй аливаа улс энэ тухайгаа ерөнхий захиралд бичгээр мэдэгдэнэ. Энэ нь мэдэгдэл түүнийг хүлээн авсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Ийм улс дээрх хугацаа дуустал Ерөнхий Ассамблей ба бага хурлын гишүүн байна.

(b) Дээрх таван жилийн хугацаа дуусахад тэдгээр улс Ерөнхий Ассамблей ба бага хуралд, зохицуулах хороонд санал өгөх эрхгүй болно.

(с) Энэхүү конвенцид оролцогч тал болсноор тэдгээр улс санал өгөх эрхээ сэргээнэ.

(3) (a) Парисын болон Бернийн холбооны гишүүн боловч конвенцид оролцогч бус улсын хувьд олон улсын товчоо ба ерөнхий захирал нь аж үйлдвэрийн болон утга зохиол урлагийн өмчийн хамгаалах олон улсын нэгдсэн товчоо, түүний ерөнхий захирал хэвээр байна.

(b) Энэхүү конвенц хүчин төгөлдөр болох үед дээрх товчоонд ажиллаж байсан ажилтан (а) дэд хэсэгт заасан шилжилтийн хугацаанд олон улсын товчоонд ажилладаг гэж тооцогдоно.

(4) (a) Парисын холбооны бүх гишүүн улс байгууллагын гишүүн болсон тохиолдолд тэрхүү холбооны товчооны эрх, үүрэг, өмч нь байгууллагын олон улсын товчоонд шилжинэ.

(b) Бернийн холбооны бүх гишүүн улс байгууллагын гишүүн болсон тохиолдолд тэрхүү холбооны товчооны эрх, үүрэг, өмч нь байгууллагын олон улсын товчоонд шилжинэ.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГА БАЙГУУЛАХ ТУХАЙ КОНВЕНЦ

1967 оны 7 дугаар сарын 14-ний өдөр гарын үсэг зурж 1979 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан байдлаар