A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр

Улаанбаатар хот

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын зэвсэгт хүчний байгуулалтын үндэс, зарчим, зэвсэгт хүчний чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалт, удирдлагын бүрэн эрхийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Зэвсэгт хүчний тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Зэвсэгт хүчний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."зэвсэгт хүчний байгуулалт" гэж зэвсэгт хүчнийг байгуулах, бэхжүүлэх, бэлтгэхэд чиглэсэн төрийн бодлогоор тодорхойлогдох харилцан уялдаа бүхий арга хэмжээний цогцыг;

3.1.2."Төрийн цэргийн номлол" гэж тайван цагт болон дайны үед зэвсэгт хүчнийг ашиглах үзэл баримтлал, арга замыг тодорхойлсон баримт бичгийг;

3.1.3."цэргийн захиргааны удирдлага" гэж цэргийн бэлэн байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг төлөвлөх, мэргэжил арга зүйн удирдамжаар хангах, хэрэгжүүлэх, хянах, зохицуулах үйл ажиллагааг;

3.1.4."зэвсэгт хүчний төрийн захиргааны удирдлага" гэж зэвсэгт хүчинд холбогдох хууль тогтоомжийг мөрдүүлэх, бүрэн эрхийнхээ хүрээнд эрх зүйн хэм хэмжээг тогтоох, хэрэгжилтийг хангах, зэвсэгт хүчинд иргэний хяналт тавих үйл ажиллагааг;

3.1.5."цэргийн мэргэжлийн удирдлага" гэж зэвсэгт хүчний стратегийн бодлого, төлөвлөлтийг боловсруулахад оролцож, цэргийн бодлогыг тодорхойлох, командлагч, захирагчид дэмжлэг үзүүлэх, төрөл мэргэжлийн цэргийн анги, байгууллага, салбарыг удирдлагаар хангах үйл ажиллагааг;

3.1.6."иргэний хяналт" гэж хууль тогтоомжийн биелэлт, цэргийн удирдлагын үйл ажиллагаа, төсвийн санхүүжилт, зарцуулалтыг нээлттэй, ил тод хянах үйл ажиллагааг;

3.1.7."төрлийн цэрэг" гэж энэ хуулиар тогтоосон чиг үүргийг хуурай газар болон агаарын зайд бие дааж, эсхүл хамтран үүрэг гүйцэтгэх зориулалт бүхий зэвсэгт хүчний бүрэлдэхүүн хэсгийг;

3.1.8."хуурай замын цэрэг" гэж нутаг дэвсгэрийн халдашгүй дархан байдал, иргэний аюулгүй байдлыг гадны зэвсэгт халдлага түрэмгийллээс хамгаалах цэргийн хүчнийг;

3.1.9."агаарын цэрэг" гэж улсын агаарын хил, агаарын зайн халдашгүй дархан байдалд хяналт тавих, хамгаалах цэргийн хүчнийг;

3.1.10."цэргийн ажиллагаа" гэж зэвсэгт хүчний төрлийн цэргийн хүч, хэрэгслийг зохион байгуулалттайгаар хэрэглэхийг;

3.1.11."цэргийн нийтлэг дүрэм" гэж цэргийн өдөр тутмын үйл ажиллагаа, албан тушаалтны эрх, үүрэг, хариуцлага, тэдгээрийн хоорондын харилцааны хэм хэмжээг зохицуулсан эрх зүйн баримт бичгийг;

3.1.12."зэвсэглэл" гэж цэрэг, техник, зэвсэг, цэргийн зориулалт бүхий байгууламжид шууд хөнөөл үзүүлэх, өөрийн цэрэг, техник, байгууламжийг хөнөөлийн хэрэгслээс хамгаалах зориулалт бүхий зэвсэг, техникийн цогцыг;

3.1.13."цэргийн техник" гэж цэргийн ажиллагааны бүх төрлийн хангалтыг зохион байгуулах, цэргийг сургах зориулалт бүхий зэвсэгт тэмцлийн техник, тоног төхөөрөмжийг;

3.1.14."цэргийн нөөц" гэж зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарыг үүрэг гүйцэтгэх үед зарцуулах зориулалт бүхий хүн нэг бүр, зэвсэглэл, цэргийн техник, нэгтгэл, анги, салбарт тогтоосон бүх төрлийн нөөцийг;

3.1.15."цэргийн байрлал" гэж тайван цагт цэргийн нэгтгэл, анги, байгууллага, цэргийн сургуулийн талбар, бүс, цэргийн болон хээрийн хотхон, суурин, бааз болгон тогтоосон нутаг дэвсгэрийг;

3.1.16."зэвсэгт хүчний байлдааны бэлэн байдал" гэж цагийн байдлын ямар ч нөхцөлд тогтоосон хугацаанд дээд командлалаас даалгасан үүргийг мадаггүй биелүүлэх цэргийн бодит чадварыг;

3.1.17."барилга-инженерийн цэрэг" гэж улсын онц чухал объект, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага, салбарын барилга, инженерийн байгууламжийг барих, сэргээн засварлах, дайн байлдааны болон гамшгийн дараах сэргээн босгох, дотоод, гадаадад хүмүүнлэгийн тусламж, энхийг дэмжих ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцох цэргийн хүчнийг.

/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

4 дүгээр зүйл. Монгол Улсын зэвсэгт хүчин

Хэвлэх

4.1.Монгол Улсын зэвсэгт хүчин нь улсыг цэргийн хүч, хэрэгслээр батлан хамгаалах зорилго бүхий төрийн цэргийн байгууллага мөн.

4.2.Зэвсэгт хүчний цэргийн сүр хүчний бэлгэдэл нь "Бүх Цэргийн Их Хар Сүлд" мөн бөгөөд түүнийг хадгалах, залах, цэнгүүлэх асуудлыг Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн баталсан тусгай журмаар зохицуулна.

4.3.Зэвсэгт хүчин нь Жанжин туг, төрлийн цэрэг, нэгтгэл, анги, байгууллага нь байлдааны туг, бэлгэ тэмдэгтэй байна.

4.4.Зэвсэгт хүчнийг Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон төр, нийгмийн байгууллын үндэс, иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг аливаа хэлбэрээр ашиглахыг хориглоно.

4.5.Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага, салбар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд шаардагдах тусгай хэрэгцээний газартай байна.

4.6.Зэвсэгт хүчний тусгай хэрэгцээний газрыг бусад зориулалтаар ашиглахыг хориглоно.

4.7.Зэвсэгт хүчний цэргийн нэгтгэл, анги, байгууллага, салбарын тусгай хэрэгцээний газрын хилийн цэсээс гадагш тодорхой зайд хориотой бүс тогтооно.

4.8.Монгол Улсын нутаг дэвсгэрт цэргийн байгууллага хууль бусаар байгуулахыг хориглоно.

5 дугаар зүйл. Зэвсэгт хүчний байгуулалтын үндэс ба зарчим

Хэвлэх

5.1.Зэвсэгт хүчний байгуулалтын үндсийг төрийн бодлого, хууль тогтоомжоор тодорхойлно.

5.2.Зэвсэгт хүчний байгуулалт нь дараахь зарчимд тулгуурлана:

5.2.1.зэвсэгт хүчин нь иргэний хяналтад байх;

5.2.2.зэвсэгт хүчнийг төрөөс удирдах;

5.2.3.зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт, зэвсэглэл нь түүний тайван цагт болон дайны байдлын үед гүйцэтгэх үүрэгт зохицсон байх;

5.2.4.зэвсэгт хүчин үүргээ биелүүлэхэд байнга бэлэн байх;

5.2.5.зэвсэгт хүчний бүх төрлийн хангалтыг төрөөс баталгаажуулах;

5.2.6.зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг цэрэг татлагаар болон гэрээгээр сайн дурын үндсэн дээр нөхөн хангах;

5.2.7.цэргийн алба хаагч бүр цэргийн мэргэжилд заавал сурах;

5.2.8.хууль дээдлэх, чанд сахилга, өндөр зохион байгуулалттай байх;

5.2.9.төвлөрүүлэн удирдах, нэгтгэн захирах;

5.2.10.зэвсэгт хүчин нэгдмэл байх.

6 дугаар зүйл. Зэвсэгт хүчний чиг үүрэг

Хэвлэх

6.1.Зэвсэгт хүчний үндсэн чиг үүрэг нь эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, халдашгүй дархан байдлыг гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс өөрийгөө хамгаалах явдал мөн.

6.2.Зэвсэгт хүчин нь энэ зүйлийн 6.1-д заасан үндсэн чиг үүргээс гадна тайван цагт дараахь үүрэг хүлээнэ:

6.2.1.эх орноо гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс өөрийгөө хамгаалах бэлтгэлийг хангах;

6.2.2.агаарын хилийн халдашгүй дархан байдал, агаарын зайд хяналт тавих, хамгаалах;

6.2.3.улсын хил хамгаалалтад дэмжлэг үзүүлэх;

6.2.4.энхийг дэмжих ажиллагаанд оролцох;

6.2.5.зэвсэглэл, цэргийн техник, материал хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, хадгалах, сольж шинэчлэх;

6.2.6.аливаа хөнөөх хэрэгслийн хөнөөлийн голомтод байгаа хүн ам, эд юмсыг аврах, хор уршгийг арилгах;

6.2.7.гамшгийн үед аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

6.2.8.дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг сургах, хүн амыг цэргийн хэрэгт сургах, тэдэнд эх оронч үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

6.2.9.улсын онц чухал объектыг хамгаалахад дэмжлэг үзүүлэх;

6.2.10.цэргийн зориулалттай тэсэрч дэлбэрэх зүйлийг аюулгүй болгох;

6.2.11.бүтээн байгуулалтын ажилд оролцох;

/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

6.2.12.гадны кибер халдлага, түрэмгийллээс хамгаалах.

/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

6.3.Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр Засгийн газрын шийдвэрийн дагуу зэвсэгт хүчний бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулж болно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт, бие бүрэлдэхүүн

7 дугаар зүйл. Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт

Хэвлэх

7.1.Зэвсэгт хүчин нь хуурай замын цэрэг, агаарын цэрэг, барилга-инженерийн цэрэг, кибер аюулгүй байдлын цэрэг болон тусгай хүчний цэргээс бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.2.Дайны байдал зарламагц хилийн ба дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллага зэвсэгт хүчний бүтцэд шилжиж, үүрэг гүйцэтгэнэ.

/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

7.3.Зэвсэгт хүчин нь Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, барилга-инженерийн цэргийн удирдах байгууллага, цэргийн тагнуулын байгууллага, төрөл, тусгай мэргэжлийн болон кибер аюулгүй байдлын, ар тал, техникийн нэгтгэл, анги, салбар, цэргийн цагдаа, эмнэлэг, хангалт үйлчилгээний байгууллага, иргэн-цэргийн харилцааг зохицуулах нэгжтэй байна.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.4.Цэргийн нэгтгэл, анги нь тайван цагт бүрэн, хураангуй, нэн хураангуй зохион байгуулалттай байж болно.

7.5.Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, нэгтгэл, анги, байгууллагын тайван цагийн болон дайны үеийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цэргийн цагдаагийн ажиллах журмыг Зэвсэгт хүчний Жанжин штаб тогтооно.

8 дугаар зүйл. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн

Хэвлэх

8.1.Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн цэргийн жинхэнэ алба хаагч, зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага, салбарт ажиллаж байгаа иргэнээс бүрдэнэ.

8.2.Цэргийн алба хаахтай холбогдсон харилцаа, цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар зохицуулна.

8.3.Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага, салбарт ажиллаж байгаа иргэний эрх зүйн байдлыг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Зэвсэгт хүчний удирдлага

9 дүгээр зүйл. Зэвсэгт хүчний удирдлага

Хэвлэх

9.1.Зэвсэгт хүчний улс төрийн дээд удирдлагыг Монгол Улсын Их Хурал хэрэгжүүлнэ.

9.2.Зэвсэгт хүчний төрийн захиргааны удирдлагыг Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Монгол Улсын Засгийн газар, батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлнэ.

9.3.Зэвсэгт хүчний цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хэрэгжүүлнэ.

9.4.Зэвсэгт хүчний цэргийн захиргааны удирдлагыг төрлийн цэргийн командлагч, нэгтгэл, анги, байгууллага, салбарын захирагч хэрэгжүүлнэ.

9.5.Цэргийн мэргэжлийн удирдлагыг төрөл мэргэжлийн цэргийн дарга хэрэгжүүлнэ.

10 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх

Хэвлэх

10.1.Монгол Улсын Их Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1.зэвсэгт хүчний үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох;

10.1.2.зэвсэгт хүчний хөгжлийн бодлогын хэрэгжилтийн талаар эрх бүхий албан тушаалтны мэдээлэл сонсох;

10.1.3.зэвсэгт хүчнийг бэхжүүлэх, зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг тодорхойлох;

10.1.4.зэвсэглэл, цэргийн техникийг шинэчлэхэд зориулсан жил бүрийн төсвийг батлах;

10.1.5.зэвсэгт хүчинд тайван цагт алба хаах цэргийн алба хаагчийн тооны дээд хязгаарыг Засгийн газрын саналыг үндэслэн тогтоох;

10.1.6.цэргийн тангаргийг батлах;

10.1.7.цэргийн дээд цол бий болгох;

10.1.8.улсад онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд хугацаат цэргийн алба хаах хугацааг гурван сараас дээш хугацаагаар сунгах.

11 дүгээр зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх

Хэвлэх

11.1.Монгол Улсын Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд дараахь тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.1.1.төрийн цэргийн номлолыг батлах;

11.1.2.зэвсэгт хүчнийг хэрэглэх ерөнхий болон стратегийн дэлгэн байгуулалтын төлөвлөгөөг батлах;

11.1.3.зэвсэгт хүчний тайван цагийн болон дайны байдлын үеийн зохион байгуулалтын бүдүүвчийг батлах;

11.1.4.Бүх Цэргийн Их Хар Сүлд, зэвсэгт хүчний Жанжин тугийн тодорхойлолт, дүрмийг батлах;

11.1.5.Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрмийг батлах;

11.1.6.дээд офицерын албан тушаалын ангилал, цолны зэрэглэлийг тогтоох;

11.1.7.цэргийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварыг батлах;

11.1.8.цэргийн анги, байгууллагыг цэргийн ёслолын жагсаалын арга хэмжээнд оролцуулах журмыг тогтоох;

11.1.9.улсад онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд хугацаат цэргийн алба хаах хугацааг гурван сараас дээш хугацаагаар сунгах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

11.1.10.Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох;

11.1.11.зэвсэгт хүчний дайны үеийн бүтэц, зохион байгуулалт, зэвсэгт хүчнийг дайнд ашиглах ерөнхий төлөвлөгөөг батлах, цэргийг байлдааны бэлэн байдлын дээд зэрэгт шилжүүлэх, байлдааны ажиллагаа эхлэх шийдвэрийг холбогдох хууль тогтоомжийн дагуу гаргах;

11.1.12.улсын хил, онц чухал объектын хамгаалалтад зэвсэгт хүчнээр дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргах;

11.1.13.цэргийн алба хаагчид цэргийн цол олгох журмыг тогтоох;

11.1.14.Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын санал, батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, төрлийн цэргийн командлагчийг томилох, чөлөөлөх;

11.1.15.зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журмыг тогтоох.

/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

12 дугаар зүйл. Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх

Хэвлэх

12.1.Монгол Улсын Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

12.1.1.зэвсэгт хүчнийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх;

/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.1.2.зэвсэгт хүчний чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх;

12.1.3.зэвсэгт хүчинд тайван цагт алба хаах цэргийн алба хаагчийн тооны дээд хязгаарыг тогтоох саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

12.1.4.зэвсэгт хүчний хэрэгцээнд худалдан авах зэвсэглэл, цэргийн техникийн төрөл, тоог тогтоож Улсын Их Хурлын зөвшөөрснөөр санхүүжүүлэх;

12.1.5.цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагааны асуудлаар бүрэн эрхийнхээ хүрээнд бусад улсын Засгийн газартай гэрээ байгуулах;

12.1.6.зэвсэгт хүчнийг зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүнээр хангах;

12.1.7.энхийг дэмжих ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүний тоо, шаардагдах зардлыг жил бүр тогтоох;

12.1.8.зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага, салбарын тусгай хэрэгцээний газрын хориотой бүс тогтоох журмыг батлах.

13 дугаар зүйл. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

Хэвлэх

13.1.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

13.1.1.зэвсэгт хүчнийг хөгжүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах;

13.1.2.Монгол Улсын зэвсэгт хүчнийг байлдааны бэлэн байдлын дээд зэрэгт шилжүүлэх баримт бичгийг батлах;

13.1.3.Зэвсэгт хүчний Жанжин штабын тайван цагийн бүтэц, орон тоо, цалингийн сангийн хэмжээг тогтоох;

13.1.4.зэвсэглэл, цэргийн техникийг шинэчлэн сайжруулах саналыг Засгийн газарт өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэх;

13.1.5.зэвсэгт хүчний батлагдсан төсвийн зарцуулалтад хяналт тавих, ангилал хооронд зохицуулалт хийх;

13.1.6.зэвсэгт хүчнийг зэвсэглэл, цэргийн техник, материал хэрэгслээр нөхөн хангах ажлыг зохион байгуулах;

13.1.7.зэвсэгт хүчинд шинээр нэвтэрч байгаа зэвсэглэл, цэргийн техникийг хүлээн авах журмыг тогтоох;

13.1.8.цэргийн нөөцийн хэмжээ, цувраажилтыг батлах;

13.1.9.улсын нөөцөд байх зэвсэгт хүчний хэрэгцээт материал хэрэгслийн төрөл, тоо, хэмжээ, байршлын талаар Засгийн газарт санал оруулах;

13.1.10.хугацаат цэргийн алба хаах иргэний тоо, цэрэг татлага явуулах ээлж, хугацааг тогтоох саналыг Засгийн газарт оруулах;

13.1.11.цэргийн нийтлэг дүрмийг батлуулахаар Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчид өргөн мэдүүлэх;

13.1.12.зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтыг хэрэгжүүлэх;

13.1.13.улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай мэргэжилтэй ажилтан бэлтгэх, цэргийн алба хаагчдыг мэргэшүүлэх, мэргэжил эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулах журмыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.

/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

13.2.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

14 дүгээр зүйл. Зэвсэгт хүчний Жанжин штабын үүрэг

Хэвлэх

14.1.Зэвсэгт хүчний Жанжин штаб төрийн цэргийн байгууллын цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага мөн.

14.2.Зэвсэгт хүчний Жанжин штаб дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

14.2.1.зэвсэгт хүчнийг цэргийн мэргэжлийн нэгдмэл удирдлагаар хангах;

14.2.2.батлан хамгаалах бодлого боловсруулахад оролцож, зэвсэгт хүчинд хамаарах асуудлыг хэрэгжүүлэх;

14.2.3.төрийн цэргийн номлолыг боловсруулах;

14.2.4.зэвсэгт хүчний байгуулалтын үндсэн арга хэмжээг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах;

14.2.5.зэвсэгт хүчнийг хэрэглэх, стратегийн дэлгэн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах;

14.2.6.зэвсэгт хүчнийг дайчилгаагаар өргөтгөн зохион байгуулах төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх;

14.2.7.цэргийн дайчилгааны даалгаврыг боловсруулж, биелэлтийг нь хангах арга хэмжээг зохион байгуулах;

14.2.8.зэвсэгт хүчний бэлэн байдал, байлдах чадварыг хангах, байлдааны жижүүрлэлтийн горимыг тогтоох;

14.2.9.зэвсэгт хүчний нэгдсэн ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах;

14.2.10.олон улсын болон бүс нутгийн цэрэг-улс төрийн ба цэрэг-стратегийн байдлын эрсдэлийн үнэлгээ хийх, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Улсын Их Хурал, Засгийн газрыг мэдээллээр хангах;

14.2.11.цэргийн мэдээлэл, дүн шинжилгээ, орон зайн тандалт судалгаа явуулах;

14.2.12.цэргийн шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний ажлыг зохион байгуулах, цэргийн урлагийг хөгжүүлэх;

14.2.13.цэргийн удирдлага, мэдээллийн хэрэгслийн шинэчлэлийн бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг зохион байгуулах;

14.2.14.цэргийн боловсрол, сургалт бэлтгэлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжилтэд хяналт тавих;

14.2.15.төрлийн цэргийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, бэхжүүлэх;

14.2.16.зэвсэгт хүчний хүний нөөцийн бодлогыг тодорхойлж, бие бүрэлдэхүүнээр нөхөн хангах;

14.2.17.цэрэг татах, халах ажлыг зохион байгуулах;

14.2.18.зэвсэгт хүчнийг зэвсэглэл, цэргийн техник, бусад материал хэрэгслээр хангах асуудлаар санал боловсруулж, батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргэх;

14.2.19.цэргийн нөөцийг бүрдүүлэх, сольж шинэчлэх ажлыг зохион байгуулах;

14.2.20.зэвсэгт хүчний хэмжээнд төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалтыг зохион байгуулах;

14.2.21.орон нутгийн хамгаалалтын арга хэмжээнд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;

14.2.22.хөнөөх хэрэгслийн хөнөөлөөс хүн ам, эд баялгийг аврах, хор уршгийг арилгах бэлтгэлийг хангах, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, зохион байгуулах.

14.2.23.Улсын нисэхийн тухай хуулийн 6.2.3-т заасан зөвшөөрөл олгох.

/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

14.3.Зэвсэгт хүчний Жанжин штабын бусад эрх, үүрэг, төрийн цэргийн байгууллага, төрлийн цэргийн командлалтай харилцах хэм хэмжээг Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрмээр зохицуулна.

15 дугаар зүйл. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын бүрэн эрх

Хэвлэх

15.1.Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга цэргийн удирдлагын дээд байгууллагыг тэргүүлнэ.

15.2.Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний удирдлагад ажиллана.

15.3.Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчид цэргийн бодлогын асуудлаар зөвлөх үүрэг хүлээнэ.

15.4.Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

15.4.1.цэргийн мэргэжлийн дээд удирдлагын уялдаа холбоог хангах;

15.4.2.батлан хамгаалах төрийн бодлогыг боловсруулахад оролцож, хэрэгжилтийг зохион байгуулах;

15.4.3.төрийн цэргийн номлол, стратегийн төлөвлөлтийн баримт бичгийг батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж, Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчид өргөн мэдүүлэх;

15.4.4.Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх журам тогтоож, биелэлтийг хянах;

15.4.5.цэргийн удирдлагын дээд байгууллагын албан тушаалтан, нэгтгэл, ангийн захирагчийг төрлийн цэргийн командлагчийн санал болгосноор томилж, чөлөөлөх;

15.4.6.цэргийн бэлтгэл албаны офицер, ахлагчийг цэргийн жинхэнэ албанд татах;

15.4.7.хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу албан тушаалын цол олгох, бууруулах, хураан авах, сахилга, ёс зүйн хариуцлага хүлээлгэх;

15.4.8.цэргийн байгууллагуудын харилцан ажиллах журам тогтоох, нэгдсэн ажиллагааны төлөвлөгөөг батлах;

15.4.9.төсөв, хөрөнгийг хууль тогтоомжид заасны дагуу захиран зарцуулах;

15.4.10.зэвсэгт хүчинтэй холбоотой асуудлаар батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдээлэл хийх;

15.4.11.төрлийн цэрэг, зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагын бэлгэ тэмдгийн загвар, тугийн тодорхойлолтыг батлах;

15.4.12.төрлийн цэргийн командлалын дүрмийг баталж, харилцан ажиллагааны журмыг тогтоох;

15.4.13.цэргийн албыг зохион байгуулах зааврыг батлах;

15.4.14.цэргийн алба хаагчийн албан тушаалын шалгуур үзүүлэлт болон цэргийн мэргэжлийн зэргийн үндсэн шалгуур үзүүлэлтийг тогтоох;

15.4.15.цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрмийг батлах;

15.4.16.цэргийн албаа үлгэр жишээчээр хааж, цэргийн зохих мэргэжил эзэмшсэн хугацаат цэргийн алба хаагчийг цэргийн албаны хугацаа дуусахаас гурав хүртэл сарын өмнө халах;

15.4.17.төрийн ёслолын цэргийн арга хэмжээг зохион байгуулах;

15.4.18.байлдааны дүрэм, зааврыг батлах.

15.5.Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нь төрийн тусгай албан хаагч байна.

16 дугаар зүйл. Төрлийн цэргийн командлагчийн нийтлэг бүрэн эрх

Хэвлэх

16.1.Төрлийн цэргийн командлагч нь тухайн цэргийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд дараахь нийтлэг бүрэн эрхтэй байна:

16.1.1.командлалын хэмжээнд хүний нөөцийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх;

16.1.2.бие бүрэлдэхүүний сургалт, штабын бэлтгэлийг удирдан чиглүүлэх;

16.1.3.цэргийн зэвсэглэл, техникийн бэлэн байдлыг хангах;

16.1.4.цэргийн ажиллагааг удирдах;

16.1.5.зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага, салбарын бэлэн байдал, байлдах чадварыг хангах;

16.1.6.зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага, салбарын бүх төрлийн хангалтыг зохион байгуулах;

16.1.7.цэргийн нөөцийг бүрдүүлэх, хадгалах, сольж шинэчлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавих;

16.1.8.төсөв, хөрөнгийг хууль тогтоомжид заасны дагуу захиран зарцуулах.

16.2.Энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг төрлийн цэргийн командлалын дүрмээр зохицуулна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Бусад зүйл

17 дугаар зүйл. Улс төрийн нам, олон нийтийн болон шашны байгууллагын үйл ажиллагаа

Хэвлэх

17.1.Зэвсэгт хүчинд улс төрийн нам, улс төрийн зорилготой олон нийтийн, шашны байгууллага байгуулахыг хориглоно.

17.2.Зэвсэгт хүчинд цэргийн алба хаагч болон хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хүрээнд ажиллаж байгаа иргэн улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

18 дугаар зүйл. Зэвсэгт хүчний санхүүжилт

Хэвлэх

18.1.Зэвсэгт хүчнийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

181 дүгээр зүйл. Зэвсэгт хүчний хөгжлийн сан

/Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх

181.1.3эвсэгт хүчний зэвсэглэл, техник хэрэгслийг шинэчлэх, сэргээн сайжруулах, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, бие бүрэлдэхүүнийг сургах, чадавхыг нэмэгдүүлэх, батлан хамгаалах салбарын алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах зорилго бүхий Зэвсэгт хүчний хөгжлийн сантай байна.

181.2.3эвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгө дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

181.2.1.улсын төсвийн хөрөнгө;

181.2.2.гадаад улс, олон улсын байгууллага, гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага болон иргэнээс өгсөн хандив, тусламж;

181.2.3.энхийг дэмжих ажиллагаанд оролцсоны нөхөн төлбөрийн Засгийн газраас тогтоосон зохих хэсэг;

181.2.4.энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын зэвсэгт хүчнээс ашиглуулж байгаа үндсэн болон туслах зэвсэглэл, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, материал хэрэгслийн нөхөн төлбөр;

181.2.5.үндсэн хөрөнгө болон зэвсэглэлээс хасагдаж,  акт тавигдсан зарим төрлийн техник, тоног төхөөрөмж, материал хэрэгсэл, эд хөрөнгийг худалдан борлуулсны орлого;

181.2.6.улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтад цэргийн анги, салбар, нэгжийг оролцуулснаас олсон ашиг;

181.2.7.энхийг дэмжих ажиллагааны сургалт, бэлтгэлийн нөхөн төлбөр;

181.2.8.гадаад улстай цэрэг болон цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан гэрээний дагуу олгосон хандив, тусламжийн орлого.

181.3.3эвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгийг дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:

181.3.1.зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхыг сайжруулах;

181.3.2.террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, гамшгийн үед аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох, бусад олон талт үүрэг гүйцэтгэх, орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний сургалт болон бэлтгэлийг хангуулах;

181.3.3.зэвсэгт хүчний зэвсэглэл, техник хэрэгслийг шинэчлэх, сэргээн сайжруулах, цэргийн анги, байгууллагын болон сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх;

181.3.4.энхийг дэмжих ажиллагаанд оролцохтой холбоотой бусад үйл ажиллагааг санхүүжүүлэх;

181.3.5.энхийг дэмжих ажиллагаа, хүмүүнлэгийн сургалтыг Монгол Улсад зохион байгуулах;

181.3.6.батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа офицер, ахлагч, ажилтан, албан хаагчийн нийгмийн хамгаалал болон ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах;

181.3.7.3эвсэгт хүчний хөгжлийн сангийн олон улсын гэрээний заалтын дагуу зориулалт зааж олгосон хандив, тусламжаас бусад орлогын 70-аас доошгүй хувийг энэ хуулийн 181.3.1, 181.3.2, 181.3.3, 181.3.4, 181.3.5-д заасан зориулалтаар санхүүжүүлэх;

181.3.8.улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтад оролцох анги, салбар, нэгжийн бэлтгэлийг хангах.

181.4.Энэ хуулийн 181.2.6-д заасан эх үүсвэрээр улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтад шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг Зэвсэгт хүчний хэрэгцээнд худалдан авч болно.

181.5.Улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтад цэргийн анги, салбар, нэгжийг оролцуулснаас олсон төлөвлөх боломжгүй орлогыг төсвийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны хүрээнд бий болсон нэмэлт орлогод тооцож, батлан хамгаалахын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нэмэлт санхүүжилтийн дансаар зарцуулна.

181.6.Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлого, түүний зарцуулалтыг батлан хамгаалах бодлого болон тухайн улстай байгуулсан гэрээний нөхцөл, болзолтой уялдуулан шаардлагатай бол Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан нууцын зэрэглэлд хамааруулна.

181.7.3эвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгийг энэ хуульд зааснаас бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно.

19 дүгээр зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

19.1.Зэвсэгт хүчний тухай хууль тогтоомжийг зөрчигчид холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД