A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 71

Улаанбаатар хот

МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 11.2, 15.1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин Говьсүмбэр болон Төв аймагт, бог малын мялзан өвчин Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт гарсантай холбогдуулан өвчний голомт бүхий сумдад 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн хорио цээр тогтоосугай.

2. Шүлхий болон мялзан өвчний халдварын голомтыг устгах, тархалтыг зогсоох үйл ажиллагаанд шаардагдах хавсралтад заасан нийт 13,966.125.900 (арван гурван тэрбум есөн зуун жаран зургаан сая нэг зуун хорин таван мянга есөн зуун) төгрөгийн зардлыг хянаж Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголд тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд зөвшөөрсүгэй.

3. Энэ тогтоолын 2 дугаар зүйлд заасан хөрөнгөөр худалдан авах гоц халдварт өвчинтэй тэмцэхэд шаардагдах вакцин, оношлуур болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны төсвийн багцад тусгагдсан 271,550.000 (хоёр зуун далан нэгэн сая таван зуун тавин мянган) төгрөгийн хөрөнгөөр худалдан авах халдваргүйтгэлийн бэлдмэлийг хууль тогтоомжид зааснаар шууд гэрээ байгуулах аргаар худалдан авч, малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх, тэмцэх арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд даалгасугай.

4. Дархлаажуулалтын ажлыг мал эмнэлгийн сургуулийн оюутан болон сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдыг дайчлан ажиллуулах замаар шуурхай зохион байгуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нарт даалгасугай.

5. Хүн, мал, амьтны хөдөлгөөн, малын гаралтай бүтээгдэхүүний тээвэрлэлтийг хязгаарлах, хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутагт хэв журам сахиулах, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх, мал сүргийг дархлаажуулах ажлыг богино хугацаанд гүйцэтгэхэд тухайн орон нутгийн иргэд, мэргэжлийн албадын үйл ажиллагааг уялдуулан чиглүүлж дэмжлэг үзүүлэн ажиллахыг холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.СЭРГЭЛЭН