A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХИЙН РОМЫН ДҮРЭМ

1998 оны 7 дугаар сарын 18-ны өдөр

Удиртгал

Энэхүү дүрмийн оролцогчид

нийт улс түмэн нийтлэг шижимээр холбогдсон бөгөөд тэдгээрийн соёл харилцан сүлжилдсэн хамтын өвийг бий болгож, энэхүү нарийн шилтгээ нь ямар ч үед сүйтгэгдэж болохыг ухамсарлаж,

энэ зуунд сая сая хүүхэд, эмэгтэй, эрэгтэйчүүд хүн төрөлхтөний сэтгэл зүрхийг гүнээ шимшрүүлсэн санаанд багтамгүй хорон үйлдлийн золиос болсныг эргэн санаж,

тэдгээр хүнд ноцтой гэмт хэрэг нь дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал болон сайн сайханд аюул заналхийлэл учруулж байгааг хүлээн зөвшөөрч,

олон улсын нийт хамтын нийгэмлэгийн сэтгэлийг түгшээж байгаа хамгийн хүнд ноцтой гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэх ёсгүй бөгөөд тэдгээрийг жинхэнэ ёсоор мөрдөн шалгах явдлыг хангах арга хэмжээг үндэсний түвшинд хэрэгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх замаар хангах ёстой болохыг батлан илэрхийлж,

ийм гэмт хэрэг үйлдсэн этгээд ял шийтгүүлэхгүй байх явдлыг эцэс болгож, ингэснээрээ тийм төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар тус дөхөм үзүүлэхэд шийдвэр төгс байж,

олон улсын гэмт хэрэг үйлдсэний төлөө хариуцлага хүлээх этгээдэд өөрийн улс орны эрүүгийн шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэх нь улс тус бүрийн үүрэг болохыг умарталгүй санаж,

Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн зорилго болон зарчим, ялангуяа бүх улс хүч хэрэглэхээр заналхийлэхээс буюу түүнийг аливаа улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс төрийн тусгаар тогтнолын эсрэг, эсхүл ямар нэгэн өөр хэлбэрээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын зорилгод үл нийцэх байдлаар хэрэглэхээс татгалзана гэдгийг дахин баталж,

үүнтэй холбогдуулан энэхүү дүрмийг зэвсэгт мөргөлдөөн буюу аливаа улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох эрхийг алив нэгэн оролцогч улсад олгож байгаа хэмээн яагаад ч ойлгож болохгүй гэдгийг онцлон тэмдэглэж,

энэ зорилгоор буюу өнөөгийн болон хойч үеийн тусын тулд Нэгдсэн Үндэстний Байгууллагын тогтолцоотой холбоо бүхий, олон улсын нийт хамтын нийгэмлэгийн сэтгэлийг түгшээсэн хамгийн ноцтой гэмт хэргийг шүүн шийдвэрлэх эрх бүхий, бие даасан, байнгын үйл ажиллагаатай Олон улсын эрүүгийн шүүх байгуулах шийдвэр төгс болж,

энэхүү дүрмийн үндсэн дээр байгуулагдсан Олон улсын эрүүгийн шүүх нь эрүүгийн шүүн таслах үндэсний байгууллагад нэмэлт хөшүүрэг болно гэдгийг онцлон тэмдэглэж,

олон улсын шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхэд хүндэтгэлтэй хандах, түүнийг сахин биелүүлэх явдлыг хангах бат бэх баталгааг бий болгох шийдвэр төгс байж,

дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов:

1 ДҮГЭЭР ХЭСЭГ

ШҮҮХ ҮҮСГЭН БАЙГУУЛАХ

1 дүгээр зүйл

Шүүх

Үүгээр Олон улсын эрүүгийн шүүх (”Шүүх”)-ийг үүсгэн байгуулж байна. Энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн сэтгэлийг түгшээсэн, энэхүү дүрэмд дурдсан хамгийн ноцтой гэмт хэргийн төлөө хариуцлага хүлээх ёстой этгээдийн хувьд хэргийг нь шүүн шийдвэрлэх эрх бүхий байнгын байгууллага бөгөөд эрүүгийн шүүн таслах үндэсний шүүх байгууллагад нэмэлт хөшүүрэг болно. Шүүхээс шүүн шийдвэрлэх хэрэг болон гүйцэтгэх чиг үүргийг энэхүү дүрмийн заалтаар зохицуулна.

2 дугаар зүйл

Шүүхээс Нэгдсэн Үндэстний Байгууллагатай харьцах

Шүүх энэхүү дүрмийг оролцогч улсуудын Ассамблей баталсны үндсэн дээр Шүүхийн нэрийн өмнөөс Шүүхийн даргаас байгуулсан хэлэлцээрийн дагуу Нэгдсэн Үндэстний Байгууллагатай харилцаа тогтооно.

3 дугаар зүйл

Шүүхийн байрлах газар

1. Шүүхийн байрлах газар (”байрлах улс”) нь Нидерланд Улсын Гааг хот байна.

2. Шүүх нь оролцогч улсуудын Ассамблей сайшаасны үндсэн дээр байрлах улстай төв байрны тухай хэлэлцээ хийж, дараа нь Шүүхийн дарга Шүүхийн нэрийн өмнөөс хэлэлцээр байгуулна.

3. Хэрэв Шүүх шаардлагатай гэж үзвэл энэхүү дүрэмд заасны дагуу аливаа өөр газар хуралдаж болно.

4 дүгээр зүйл

Шүүхийн эрх зүйн байдал болон бүрэн эрх

1. Шүүх нь олон улсын эрх зүйн субъектын чадвартай байна. Тэрээр мөн өөрийн чиг үүрэг болон зорилгыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай тийм эрх зүйн чадвартай байна.

2. Шүүх өөрийн чиг үүрэг болон бүрэн эрхийг энэхүү дүрэмд заасны дагуу оролцогч аливаа улсын нутаг дэвсгэрт болон тусгай хэлэлцээрийн дагуу аливаа бусад улсын нутаг дэвсгэрт хэрэгжүүлж болно.

2 ДУГААР ХЭСЭГ

ШҮҮН ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГ, АВЧ

ҮЗЭЖ БОЛОХ БОЛОН ХЭРЭГЛЭХ ХУУЛЬ

5 дугаар зүйл

Шүүхээс хэрэг шийдвэрлэхэд хамааруулах гэмт хэрэг

1. Шүүхээс шүүн шийдвэрлэх хэрэг нь олон улсын нийт хамтын нийгэмлэгийн сэтгэлийг түгшээсэн хамгийн ноцтой гэмт хэргээр хязгаарлагдана. Энэхүү дүрмийн дагуу Шүүх дараахь гэмт хэргийг шүүн шийдвэрлэнэ:

(a) төрлөөр устгах гэмт хэрэг;

(b) хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг;

(c) дайны гэмт хэрэг;

(d) түрэмгийллийн гэмт хэрэг.

2. Шүүх түрэмгийллийн гэмт хэргийн хувьд энэ гэмт хэргийг шүүн шийдвэрлэх талаар энэ гэмт хэргийн тодорхойлолт болон зохих нөхцлийг агуулсан заалтыг 121 болон 123 дугаар зүйлийн дагуу батласны дараа Шүүх хэргийг шүүн шийдвэрлэнэ. Тийм заалт нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн холбогдох заалтуудтай нийцсэн байх ёстой.

6 дугаар зүйл

Төрлөөр усгах

Энэхүү дүрмийн зорилгоор “төрлөөр устгах” гэмт хэрэг гэж аль нэгэн үндэстэн, угсаатан, арьсны өнгө болон шашин шүтлэг нэгтэйнх нь хувьд тийм бүлэг хүнийг бүхэлд нь буюу хэсэгчлэн устгах зорилгоор үйлдсэн дараахь үйлдлийн аль нэг мөн:

(а) тийм бүлгийн гишүүдийг алах;

(b) тийм бүлгийн гишүүдийн бие махбодид ноцтой гэмтэл учруулах буюу ухаан санааг сарниулах;

(c) тийм бүлгийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь устгахад чиглэсэн амьдралын нөхцлийг санаатайгаар зориуд бий болгох;

(d) тийм бүлгийн дунд төрөлтийг зогсооход чиглэсэн арга хэмжээ авах;

(e) хүүхдийг нэг бүлгээс нөгөөд хүчээр шилжүүлэх.

7 дугаар зүйл

Хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг

1. Энэхүү Дүрмийн зорилгоор “хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг” нь энгийн аливаа хүмүүст өргөн хүрээтэй буюу байнга халдах байдлаар санаатай үйлдэж байгаа дараахь үйлдлийн аль нэг болно:

(a) алах,

(b) устгах;

(c) боолчлох;

(d) хүн амыг албадан гаргах буюу хүчээр нүүлгэн шилжүүлэх;

(e) шоронд хорих буюу бусад байдлаар олон улсын эрх зүйн үндсэн хэм хэмжээг зөрчих замаар хүний бие махбодийн эрх чөлөөг харгис, хэрцгийгээр хасах;

(f) эрүүдэн шүүх;

(g) хүчиндэх, бэлгийн боолчлолд оруулах, биеэ үнэлэхэд тулган хавчих, албадан жирэмслүүлэх, хүчээр засаж хөнгөлөх буюу адилтган үзэж болох бусад хүнд хэлбэрийн бэлгийн аливаа хүчирхийлэл;

(h) аливаа тодорхой бүлэг буюу нэгдлийг 3 дахь хэсэгт тодорхойлсон улс төр, арьсны өнгө, үндэс, угсаа, соёл, шашны, хүйсийн болон олон улсын эрх зүйн дагуу тэвчиж үл болох хэмээн хүлээн зөвшөөрсөн бусад үндэслэлээр энэ хэсэгт дурдсан аливаа үйлдэл буюу Шүүхийн шүүн шийдвэрлэх харьяалалд хамаарах аливаа гэмт хэрэгтэй холбоотойгоор мөрдөн мөшгих;

(i) хүмүүсийг хүчээр сураггүй алга болгох;

(j) арьсны өнгөөр алагчилах гэмт хэрэг;

(k) хүчтэй зовиур шаналгаа учруулах буюу бие махбодид нь ноцтой гэмтэл учруулах, эсхүл санаа сэтгэлийн буюу бие махбодийн эрүүл мэндийн хувьд ноцтой хохирол санаатай учруулсан шинж чанартай хүмүүнлэг бус бусад үйлдэл.

2. 1 дэх хэсгийг тайлбарлах зорилгоор:

(а) “аливаа энгийн хүмүүст халдах” гэж 1 дэх хэсэгт заасан үйлдэл нь ийм халдлагыг үйлдэхэд чиглэгдсэн төрийн буюу байгууллагын бодлогыг хэрэгжүүлэх буюу ийм бодлогод тус дөхөм үзүүлэхэд чиглэгдсэн аливаа энгийн хүмүүсийн эсрэг хийгдсэн олон удаагийн үйлдэл бүхий зан үйлийн чиг шугамыг хэлнэ;

(b) “устгах” гэж хүн амын хэсгийг устгахад чиглэсэн амьдралын нөхцлийг санаатайгаар бий болгох, түүнчлэн хүнс болон эмийн зүйлийг авах боломжгүй болгосныг хэлнэ;

(c) “боолчлох” гэж хувь хүний хувьд өмчлөх эрхтэй холбогдсон аливаа буюу бүхий л бүрэн эрхийг хэрэгжүүлэх хүмүүсийг, ялангуяа эмэгтэйчүүд болон хүүхдийг худалдаалах явцад тийм эрх мэдэл хэрэгжүүлэхийг хэлнэ;

(d) “хүн амыг албадан гаргах буюу хүчээр шилжүүлэх” гэж хүмүүсийг хууль ёсоор оршин суугаа газраас нь олон улсын эрх зүйгээр хүлээн зөвшөөрсөн ямар нэг үндэслэлгүйгээр шилжүүлэн нүүлгэх буюу хүч хэрэглэсэн бусад үйлдэлд өртөж буй хүмүүсийг хүчээр шилжүүлэхийг хэлнэ;

(e) “эрүү шүүлт тулгах” гэж цагдан хоригдож байгаа этгээд буюу хараа хяналтад яллагдагчид хүчтэй өвдөлт буюу бие махбодийн болон сэтгэл санааны зовиур шаналгаа учруулсныг хэлнэ. Гагцхүү хууль ёсны шийтгэлийн үр дүнд үүссэн зовиур нь энэхүү шийтгэлтэй салшгүй холбоотой буюу тохиолдлын чанартай бий болсныг эрүү шүүлт гэж үзэхгүй;

(f) “албадан жирэмслүүлэх” гэж ямар нэг хүн амын үндэс угсааны бүрэлдэхүүнийг өөрчлөх буюу олон улсын эрх зүйг өөр байдлаар ноцтой зөрчих зорилгоор аль нэгэн эмэгтэйн эрх чөлөөг хууль бусаар хасан албадлагын журмаар жирэмсэн болгохыг хэлнэ. Энэ нэр томъёог ямар ч тохиолдолд жирэмслэлттэй холбогдсон үндэсний хууль тогтоомжийг хөндөх байдлаар тайлбарлах ёсгүй;

(g) “мөрдөн мөшгих” нь ямар нэгэн бүлэг буюу нийтлэгт харьяалагдах шинж байдлаар нь олон улсын эрх зүйг зөрчин хүний үндсэн эрхийг санаатай ба ноцтой хассан үйлдэл юм;

(h) “арьс өнгөөр алагчилах гэмт хэрэг” гэж өөрийн шинж чанараар 1 дэх хэсэгт дурдсантай адил арьсны нэг өнгө бүхий бүлгээс арьсны өөр өнгө бүхий бүлгийг байнга дарлах болон ноёрхох тогтолцооны дэглэмтэй холбоотойгоор болон тийм дэглэмийг хэвээр хадгалах зорилгоор үйлдэж буй хүмүүнлэг бус үйлдлийг хэлнэ;

(i) “хүмүүсийг хүчээр сураггүй алга болгох” гэж төрийн болон улс төрийн байгууллага, эсхүл тэдгээрийн зөвшөөрлөөр буюу дэмжлэгтэйгээр хүмүүсийг баривчлах, албадан саатуулах буюу хулгайлах, цаашдаа эрх чөлөөг нь тийнхүү хассаныг хүлээн зөвшөөрөхгүй буюу урт удаан хугацааны туршид хуулийн зүгээс хамгаалалтгүй орхих зорилгоор эдгээр хүний хувь заяа, эсхүл байгаа газрын талаар мэдээлэхээс татгалзахыг хэлнэ.

3. Энэхүү дүрмийн зорилгоор “хүйс” гэсэн нэр томьёо нь нийгмийн утгаараа эрэгтэй буюу эмэгтэй хоёр хүйст хамаарна. “Хүйс” гэсэн нэр томьёо нь дээр дурдсанаас ялгаатай ямар нэг өөр утга санааг илэрхийлэхгүй.

8 дугаар зүйл

Дайны гэмт хэрэг

1. Шүүх нь дайны гэмт хэргийн хувьд тухайлбал тэдгээрийг төлөвлөгөө буюу бодлогын хүрээнд, эсхүл тийм гэмт хэргийг өргөн хэмжээгээр үйлдсэн тохиолдолд шүүн шийдвэрлэх харьяалалд хамааруулна.

2. Энэхүү дүрмийн зорилгоор “дайны гэмт хэрэг” гэж:

(a) Женевийн 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн конвенцийн ноцтой зөрчил, ялангуяа Женевийн холбогдох конвенцийн заалтын дагуу хамгаалагдвал зохих хүмүүс буюу эд хөрөнгийн эсрэг үйлдсэн дараахь үйлдлийн аль нэг:

(i) бусдыг санаатай алах;

(ii) эрүү шүүлт тулгах буюу биологийн туршилт хийх зэргээр хүнлэг бус харьцах;

(iii) санаатайгаар хүчтэй зовоон шаналгах, бие махбодид нь буюу эрүүл мэндэд нь ноцтой гэмтэл учруулах;

(iv) цэрэг дайны зайлшгүй шаардлага байхгүй байхад эд хөрөнгийг хууль бусаар, утга учиргүй буюу их хэмжээгээр устгах болон завших;

(v) цэргийн олзлогдогч буюу хамгаалалтад байгаа бусад хүнийг дайсагнагч гүрний зэвсэгт хүчинд хүчээр алба хаалгах;

(vi) цэргийн олзлогдогч буюу хамгаалалтад байгаа бусад хүний шударга болон хэвийн шүүн таслах ажиллагаагаар хэргээ шийдвэрлүүлэх эрхийг нь санаатай хасах;

(vii) хууль бусаар албадан гаргах буюу шилжүүлэх, эсхүл эрх чөлөөг нь хууль бусаар хасах;

(viii) хүнийг барьцаанд авах.

(b) олон улсын эрх зүйгээр тогтсон олон улсын зэвсэгт мөргөлдөөнд хэрэглэх хууль болон заншлыг өөрөөр ноцтой зөрчсөн, ялангуяа дараахь үйлдлийн аль нэг:

(i) дайны ажиллагаанд шууд оролцоогүй энгийн хүн ам буюу энгийн тодорхой хүмүүст санаатайгаар халдан довтлох;

(ii) иргэний байгууламж, өөрөөр хэлбэл цэргийн зориулалтгүй байгууламжид санаатайгаар халдан довтлох;

(iii) хүмүүнлэгийн тусламж үзүүлэх буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн дагуу энхийг сахиулахад оролцож байгаа ажилтан, байгууламж, материал, нэгж буюу тээврийн хэрэгсэлд тэдгээрийг зэвсэгт мөргөлдөөний эрх зүйн дагуу энгийн хүмүүс буюу иргэний байгууламжийн эдэлж байгаа хамгаалалтын эрхтэй байхад нь санаатайгаар шууд цохилт өгөх;

(iv) тухайн халдан довтлох явдал нь энгийн хүмүүс амь насаа тохиолдлоор алдах буюу гэмтэх, эсхүл иргэний байгууламжид хохирол учруулах, эсхүл цэргийн тодорхой болон шууд тооцон хүлээж байгаа ердийн давуу байдалтай жиших аргагүй өргөн, урт хугацааны болон ноцтой хохирлыг хүрээлэн байгаа орчинд учруулахыг мэдсээр байж санаатайгаар халдан довтлох;

(v) хамгаалалтгүй болон цэргийн зориулалтгүй хот, тосгон, орон сууц буюу барилга байгууламжид халдан довтлох, эсхүл ямар ч хэрэгслээр хамаагүй тэдгээрийг бөмбөгдөх;

(vi) зэвсгээ хураалгаж, цаашид хамгаалалтын хэрэгсэлгүй болон үг дуугүй бууж өгсөн цэргүүдийг алах буюу шархдуулах;

(vii) цэргийн командлалаас дайсны талтай хэлэлцээ хийх бүрэн эрх бүхий элчийн туг болон үндэсний далбаа, дайсагнагч талын буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын цэргийн ялгах тэмдэг болон дүрэмт хувцас, түүнчлэн Женевийн конвенцуудаар тогтоосон ялгах тэмдгийг зүй бусаар ашигласнаас хүмүүс амь насаа алдах буюу тэдгээрийн биед ноцтой гэмтэл учруулахад хүргэх;

(viii) эзэлсэн гүрэн энгийн хүн амыг шууд буюу тойруу замаар өөрийн эзэлсэн нутаг дэвсгэрт шилжүүлэх, эсхүл эзлэгдсэн нутаг дэвсгэрийн хүн амыг бүхэлд нь буюу зарим хэсгийг энэ нутаг дэвсгэрийн хилийн дотор буюу хилийн чанадад албадан гаргах буюу шилжүүлэх;

(ix) шашин, боловсрол, урлаг, шинжлэх ухаан буюу хүмүүнлэгийн зориулалттай барилга байгууламж, түүхийн дурсгалт газар, эмнэлэг, өвчтөн болон шархдагсад төвлөрсөн газруудад цэргийн зориулалтгүй байхад санаатай халдах;

(x) эсрэг талын мэдэлд байгаа хүмүүсийн биед гэмтэл учруулах буюу тухайн хүний эмнэлгийн, шүдний эмчийн буюу хэвтүүлж эмчлэх шаардлагад нийцээгүй болон тухайн хүний эрх ашигт нийцээгүй бөгөөд тийм хүн буюу хүмүүсийг үхэлд хүргэж болох буюу эрүүл мэндэд нь ноцтой аюул занал учруулахад хүргэх аливаа төрлийн эмнэлгийн буюу шинжлэх ухааны туршилт хийх;

(xi) дайсагнагч үндэстэн буюу армид хамаарах хүмүүсийг итгэл эвдэн алах, эсхүл шархдуулах;

(xii) юуг ч өршөөж хайрлахгүй хэмээн зарлах;

(xiii) устгах буюу булаан авах нь цэрэг дайны зайлшгүй шаардлага байхгүй үед дайсагнагч талын эд хөрөнгийг устгах буюу булаан авах;

(xiv) эсрэг талын иргэдийн шүүхэд хандах эрх болон нэхэмжлэлийг хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн буюу хүлээж авахгүй гэж зарлах;

(xv) дайн эхлэхээс өмнө дайтагч талынх нь албанд байсан ч гэсэн дайсагнагч талын иргэнийг өөрийнх нь орны эсрэг дайны ажиллагаанд хүчээр татан оролцуулах;

(xvi) дайралтаар эзэлсэн ч гэсэн хот буюу хүн амын суурин газрыг тонон дээрэмдэх;

(xvii) хорт буюу хордуулах зэвсэг хэрэглэх;

(xviii) амьсгал боогдуулах, хортой буюу бусад хий болон аливаа ижил төрлийн шингэн, материал буюу хэрэгсэл хэрэглэх;

(xix) хүний биеийг шууд задлах сум хэрэглэх;

(xx) тухайн зэвсэг, сум, материал болон дайн хийх арга нь бүх нийтээр хориглосон зүйл бөгөөд 121 болон 123 дугаар зүйлд дурдсан холбогдох заалтын дагуу хийсэн нэмэлт өөрчлөлтийн байдлаар энэхүү дүрмийн хавсралтад орсон тохиолдолд өөрийн мөн чанараараа зэвсэгт мөргөлдөөний тухай олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчих бөгөөд үлэмж гэмтэл буюу шаардлагагүй зовиурт хүргэх зэвсэг, сум болон материал түүнчлэн дайн хийх аргыг хэрэглэх;

(xxi) хүний нэр төрд халдах, ялангуяа доромжлох буюу гутаан басамжлах байдлаар харьцах;

(xxii) хүчиндэх, бэлгийн боолчлолд оруулах, биеэ үнэлэхэд тулган хавчих, 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн (е) дэд хэсэгт тодорхойлсны дагуу албадан жирэмслүүлэх, хүчээр засаж хөнгөлөх болон Женевийн конвенцуудыг ноцтой зөрчсөн бэлгийн хүчирхийллийн аливаа бусад төрөл;

(xxiii) энгийн болон хамгаалалтад байгаа бусад хүний оролцоог тодорхой суурин, бүс нутаг буюу зэвсэгт хүчний цэргийн үйл ажиллагаанаас хамгаалахад ашиглах;

(xxiv) барилга байгууламж, материал, эмнэлгийн байгууллага болон тээврийн хэрэгсэл, түүнчлэн Женевийн конвенцоор тогтоосон ялгах тэмдгийг олон улсын эрх зүйн дагуу хэрэглэж байгаа хүмүүст санаатайгаар халдах;

(xxv) Женевийн конвенцид заасны дагуу тусламж үзүүлэхэд санаатайгаар саад тотгор учруулах зэрэг амьд үлдэхэд шаардлагатай зүйлээр гачигдуулах замаар дайн хийх арга болгон энгийн хүмүүсийг өлсгөлөнд нэрвэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг санаатайгаар явуулах;

(xxvi) арван тав хүртэлх насны хүүхдийг үндэсний зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд элсүүлэх буюу тэдгээрийг цэргийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах замаар ашиглах.

(c) Женевийн 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн дөрвөн конвенцийн хувьд нийтлэг 3 дугаар зүйлийг олон улсын шинж чанаргүй зэвсэгт мөргөлдөөний үед ноцтой зөрчих, ялангуяа зэвсгээ хураалгасан цэргийн албан хаагч болон өвчтөн, шархтан, албадан саатуулагдсан болон аливаа бусад шалтгааны улмаас цэргийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоогүй хүмүүсийн хувьд үйлдсэн дараахь үйлдлийн аль нэг:

(i) амь нас болон бие махбодид нь халдах, тухайлбал аливаа хэлбэрээр алах, эрхтнээс нь хагацуулах, харгис хэрцгий харьцах болон эрүү шүүлт тулгах;

(ii) хүний нэр төр, алдар хүндэд халдах, тухайлбал, доромжлох буюу гутаах;

(iii) хүмүүсийг барьцаанд авах;

(iv) зайлшгүй болохыг нь бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн шүүхийн бүхий л баталгааг сахин хангасан шүүхээс тогтоосон журмын дагуу байгуулсан шүүхийн шинэчилсэн хуралдаангүйгээр шийтгэх тогтоол гаргах буюу түүний гүйцэтгэлийг хангах.

(d) 2 дахь хэсгийн (c) дэд хэсгийг олон улсын шинж чанаргүй зэвсэгт мөргөлдөөнд хэрэглэх бөгөөд тийнхүү үүнийг эмх замбараагүй байдал, хүчирхийллийн тодорхой болон тохиолдлын үйлдэл буюу тийм шинж байдал бүхий бусад үйлдэл зэрэг дотоодын дэг журам зөрчигдөх болон түгшүүртэй байдал үүсэхэд хэрэглэхгүй.

(e) олон улсын эрх зүйн хүрээнд тогтоосон олон улсын шинж чанаргүй зэвсэгт мөргөлдөөнд хэрэглэх хууль болон заншлыг өөрөөр ноцтой зөрчих гэдэгт, ялангуяа дараахь үйлдлүүдийн аль нэг хамаарна:

(i) энгийн хүн амд санаатайгаар цохилт өгөх, түүнчлэн цэргийн үйл ажиллагаанд шууд оролцоогүй энгийн хүмүүст халдан довтлох;

(ii) барилга байшин, материал, эмнэлгийн байгууламж болон тээврийн хэрэгсэл, түүнчлэн Женевийн конвенцуудад дурдсан ялгах тэмдгийг олон улсын эрх зүйн дагуу ашиглаж байгаа ажилтанд санаатайгаар шууд цохилт өгөх;

(iii) Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн дагуу хүмүүнлэгийн тусламж үзүүлэх буюу энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан, байгууламж, материал, нэгж буюу тээврийн хэрэгсэлд зэвсэгт мөргөлдөөний холбогдолтой эрх зүйгээр энгийн хүмүүс буюу иргэний байгууламжийн эдэлдэг хамгаалалтын эрхтэй байхад нь санаатайгаар шууд цохилт өгөх;

(iv) шашин, боловсрол, урлаг, шинжлэх ухаан болон буяны зориулалттай барилга байгууламж, түүхийн дурсгалт зүйлс, эмнэлэг буюу цэргийн зориулалтгүй нөхцөлд өвчтөн болон шархдагсад төвлөрсөн газарт санаатайгаар шууд цохилт өгөх;

(v) дайралтаар эзэлсэн ч гэсэн хот буюу хүн амын суурин газрыг тонон дээрэмдэх;

(vi) хүчиндэх, бэлгийн боолчлолд оруулах, биеэ үнэлэхэд тулган хавчих, 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн (f) дэд хэсэгт тодорхойлсны дагуу албадан жирэмслүүлэх, хүчээр засаж хөнгөлөх болон Женевийн дөрвөн конвенцийн хувьд нийтлэг 3 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн бэлгийн хүчирхийллийн аливаа бусад төрөл;

(vii) арван тав хүртэлх насны хүүхдийг зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд буюу бүлэглэлд элсүүлэх, эсхүл тэдгээрийг цэргийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах замаар ашиглах;

(viii) энгийн холбогдох хүн амын аюулгүй байдлын үүднээс буюу цэргийн шинжтэй зайлшгүй шаардлага гарснаас бусад тохиолдолд мөргөлдөөнтэй холбоотой шалтгаанаар энгийн хүн амыг нүүлгэн шилжүүлэх захирамж өгөх;

(ix) дайсны цэргийг итгэл эвдэн алах буюу шархдуулах;

(x) юуг ч өршөөж хайрлахгүй хэмээн зарлах;

(xi) мөргөлдөөнд оролцогч нөгөө талын эрхшээлд байгаа хүмүүсийн биед гэмтэл учруулах буюу тухайн хүний эмнэлгийн, шүдний эмчийн буюу хэвтүүлж эмчлэх шаардлагад нийцээгүй болон тухайн хүний эрх ашигт нийцээгүй бөгөөд тийм хүн буюу хүмүүсийг үхэлд хүргэж болох буюу эрүүл мэндэд нь ноцтой аюул занал учруулахад хүргэх аливаа төрлийн эмнэлгийн буюу шинжлэх ухааны сорилт,туршилт хийх;

(xii) тийнхүү устгах буюу булаан авах нь мөргөлдөөний зайлшгүй нөхцөл байдлаар шаардагдахгүй үед дайсагнагч талын эд хөрөнгийг устгах буюу булаан авах.

(f) 2 дахь хэсгийн (e) дэд хэсгийг олон улсын шинж чанаргүй зэвсэгт мөргөлдөөнд хэрэглэх бөгөөд тийнхүү үүнийг эмх замбараагүй байдал, хүчирхийллийн тодорхой болон тохиолдлын үйлдэл буюу тийм шинж байдал бүхий бусад үйлдэл зэрэг дотоодын дэг журам зөрчигдөх болон түгшүүртэй байдал үүсэх үед хэрэглэхгүй. Түүнийг оролцогч аль нэг улсын нутаг дэвсгэрт болж байгаа зэвсэгт мөргөлдөөний хувьд, чингэхдээ засгийн газрын байгууллагууд буюу зохион байгуулалттай бүлэглэлүүдийн хооронд, эсхүл тийм бүлэглэлүүдийн өөр хооронд болж байгаа удаан хугацааны зэвсэгт мөргөлдөөнд хэрэглэнэ.

3. 2 дахь хэсгийн (e) болон (c) дэд хэсгийн аль нь ч улс орондоо хууль болон дэг журам сахиулах буюу сэргээн тогтоох, эсхүл хууль ёсны бүхий л арга хэрэгслээр улс орныхоо эв нэгдэл болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах талаар засгийн газрын хүлээх хариуцлагыг хөндөхгүй.

9 дүгээр зүйл

Гэмт хэргийн бүрэлдэхүүн

1. Гэмт хэргийн бүрэлдэхүүн нь 6, 7 болон 8 дугаар зүйлийг хэрэглэх болон тайлбарлахад Шүүхэд дөхөм үзүүлнэ. Түүнийг оролцогч улсуудын Ассамблейн гишүүдийн гуравны хоёрын саналаар батлана.

2. Гэмт хэргийн бүрэлдэхүүнд оруулах нэмэлт өөрчлөлтийг:

(а) оролцогч аливаа улс, орон;

(b) дийлэнх олонхийн саналаар шийдвэр гаргаж байгаа шүүгчид;

(c) прокурор санал болгож болно.

Тийм нэмэлт өөрчлөлтийг оролцогч улсуудын Ассамблейн гишүүдийн гуравны хоёрын саналаар батлана.

3. Гэмт хэргийн бүрэлдэхүүн болон түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт нь энэхүү дүрэмтэй нийцсэн байна.

10 дугаар зүйл

Хохирол учруулахгүй байх тухай заалтыг энэхүү бүлэгт ямар ч байдлаар олон улсын эрх зүйн өнөөгийн даган мөрдөж байгаа буюу тогтсон хэм хэмжээг ямар нэг байдлаар хязгаарлах буюу энэхүү дүрмийн зорилгоос өөр зорилгоор тэдгээрт хохирол учруулах байдлаар тайлбарлах ёсгүй.

11 дүгээр зүйл

Ratione temporis шүүх хэрэг шүүн шийдвэрлэх

1. Шүүх зөвхөн энэхүү дүрмийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэргийн хувьд Шүүх хэргийг шүүн шийдвэрлэх эрх эдэлнэ.

2. Хэрэв ямар нэгэн улс хүчин төгөлдөр болсноос нь хойш энэхүү дүрмийн оролцогч болбол гагцхүү тухайн улс 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн дагуу мэдэгдэл хийгээгүй бол энэ улсын хувьд энэхүү дүрэм хүчин төгөлдөр болсноос хойш үйлдэгдсэн гэмт хэргийн хувьд л зөвхөн Шүүх өөрийн хэрэг шүүн шийдвэрлэх эрхээ хэрэгжүүлж болно.

12 дугаар зүйл

Хэрэг шүүн шийдвэрлэх нөхцөл

1. Энэхүү дүрмийн оролцогч болж байгаа улс 5 дугаар зүйлд дурдсан гэмт хэргийн хувьд тийнхүү Шүүх хэргийг шүүн шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрнө.

2. 13 дугаар зүйлийн (a) буюу (c) хэсгийн хувьд, хэрэв дор дурдсан нэг буюу хэд хэдэн улс энэхүү дүрмийн оролцогч байх буюу 3 дахь хэсгийн дагуу Шүүхийн хэрэг шүүн шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрч байвал Шүүх хэрэг шүүн шийдвэрлэх явдлыг хэрэгжүүлж болно:

(а) тухайн үйлдэл нутаг дэвсгэрт нь гарсан улс буюу хэрэв гэмт хэргийг далайн буюу агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн бол энэхүү далайн буюу агаарын хөлгийг бүртгэсэн улс;

(b) гэмт хэрэг үйлдсэнд яллагдаж байгаа этгээд иргэн нь байгаа улс.

3. Хэрэв 2 дахь хэсгийн дагуу энэхүү дүрмийн оролцогч биш улс хэрэг шүүн шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай бол тухайн улс нарийн бичгийн даргад өргөдөл гаргах замаар тухайн гэмт хэргийг шүүн шийдвэрлэх эрхийг хэрэгжүүлэхийг хүлээн зөвшөөрч болно. Хүлээн зөвшөөрч байгаа улс 9 дүгээр хэсгийн дагуу ямар нэгэн саатал буюу ялгаваргүйгээр Шүүхтэй хамтран ажиллана.

13 дугаар зүйл

Хэрэг шүүн шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх

Шүүх 5 дугаар зүйлд заасан аливаа гэмт хэргийн хувьд дараахь тохиолдолд энэхүү дүрмийн заалтын дагуу өөрийн шүүн шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж болно:

(а) нэг буюу хэд хэдэн тийм гэмт хэрэг үйлдэгдсэн тохиолдолд 14 дүгээр зүйлийн дагуу оролцогч улс Прокурорт шилжүүлэх нөхцөл байдал;

(b) нэг буюу хэд хэдэн тийм гэмт хэрэг үйлдэгдсэн тохиолдолд Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн 9 дүгээр хэсгийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байгаа Аюулгүйн Зөвлөлөөс Прокурорт шилжүүлэх нөхцөл байдал;

(c) Прокурор 15 дугаар зүйлийн дагуу тухайн гэмт хэргийн хувьд мөрдөн байцаалт эхэлсэн.

14 дүгээр зүйл

Оролцогч улс нөхцөл байдлыг дамжуулах

1. Оролцогч улс Шүүхийн хэрэг шүүн шийдвэрлэх харьяалалд хамаарах нэг буюу хэд хэдэн тийм гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх нөхцөл байдлыг Прокурорт дамжуулж болох бөгөөд ингэхдээ нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд тийм гэмт хэрэг үйлдсэн хэмээн ял тулгаж болох эсэхийг тодорхойлохын тулд энэ нөхцөл байдлыг мөрдөн байцаах хүсэлтээ Прокурорт гаргаж болно.

2. Дамжуулахдаа холбогдох тодорхой нөхцөл байдлыг боломжийн хэрээр тусгах бөгөөд нөхцөл байдлыг дамжуулж буй улсын мэдэлд байгаа тийм батлах баримт бичгийг хавсаргана.

15 дугаар зүйл

Прокурор

1. Прокурор proprio motu мөрдөн байцаалтыг Шүүхээс хэрэг шүүн шийдвэрлэх хүрээнд хамрагдаж байгаа гэмт хэргийн тухай мэдээллийг үндэслэн явуулж болно.

2. Прокурор хүлээн авсан мэдээллийнхээ ноцтой эсэхэд үнэлэлт өгнө. Энэ зорилгоор тэрээр улс орнууд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын байгууллагууд, засгийн газар хоорондын болон засгийн газрын бус байгууллагууд буюу зохимжтой гэж үзсэн бусад найдвартай эх сурвалжаас нэмэлт мэдээлэл авах буюу Шүүхийн байрлаж байгаа газарт бичгээр буюу амаар мэдүүлэг авч болно.

3. Хэрэв Прокурор мөрдөн байцаалт явуулах хангалттай үндэслэл байна гэсэн дүгнэлтэд хүрсэн бол тэрээр Урьдчилсан ажиллагааны танхимд хандаж мөрдөн байцаалт явуулах зөвшөөрөл хүсэх бөгөөд ингэхдээ энэхүү хүсэлтийг бататган цуглуулсан материалаа өгнө. Хохирогч дэгийн болон нотолгооны журамд нийцүүлэн Урьдчилсан ажиллагааны танхимд мэдүүлэг гаргаж болно.

4. Хэрэв энэхүү хүсэлт болон түүнийг баталгаажуулсан материалыг судалсны дараа Урьдчилсан ажиллагааны танхим мөрдөн байцаалт явуулах хангалттай үндэслэлтэй, Шүүхээс хэрэг шүүн шийдвэрлэх харьяалалд тохирч байна гэж үзвэл Шүүхээс шүүн шийдвэрлэх болон хэргийн ажиллагааг хүлээн авах явдлыг цаашид тодорхойлоход хохирол учруулахгүйгээр мөрдөн байцаалт явуулах зөвшөөрөл олгоно.

5. Урьдчилсан ажиллагааны танхим мөрдөн байцаалт явуулах зөвшөөрөл олгохоос татгалзсан нь энэ нөхцөл байдалтай холбоо бүхий шинэ баримт буюу мэдүүлгийн үндсэн дээр Прокурорт дараагийн хүсэлт гаргах боломжийг хязгаарлахгүй.

6. Хэрэв 1 болон 2 дахь хэсэгт дурдсан урьдчилсан судалгааны дараа Прокурор гаргаж өгсөн мэдээлэл нь мөрдөн байцаалт явуулах хангалттай үндэслэл болохгүй гэсэн дүгнэлтэд хүрвэл тэрээр энэ мэдээллийг гаргаж өгсөн этгээдэд энэ тухай мэдэгдэнэ. Энэ нь шинэ баримт буюу гэрчийн мэдүүлгийн дагуу тухайн нөхцөл байдлын хувьд түүнд гаргаж өгсөн дараагийн мэдээллийг авч үзэх боломжийг хязгаарлахгүй.

16 дугаар зүйл

Мөрдөн байцаалт болон эрүүгийн мөрдөн мөшгөлтийг хойшлуулах

Ямар ч мөрдөн байцаалт болон эрүүгийн мөрдөн мөшгөлт нь энэ тухай Аюулгүйн зөвлөл Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн 7 дугаар хэсгийн үндсэн дээр батласан тогтоолын дагуу Шүүхэд хүсэлт гаргаснаас хойш арван хоёр сарын туршид энэхүү дүрмийн дагуу эхлэх буюу явагдаж болохгүй тухайн нөхцөлд Аюулгүйн Зөвлөл энэхүү хүсэлтийг давтан гаргаж болно.

17 дугаар зүйл

Авч үзэх асуудал

1. Удиртгал хэсгийн 10 дахь догол мөр болон 1 дүгээр зүйлийн дагуу Шүүх дараахь тохиолдолд хэргийг ажиллагаанд хүлээн авах боломжгүй гэж тодорхойлж болно:

(a) хэрэв тухайн улс зохих ёсоор мөрдөн байцаалт явуулах болон эрүүгийн мөрдөн мөшгөлт үүсгэх хүсэлгүй буюу үнэхээр чадваргүй байгаагаас бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх харьяалал бүхий улс тухайн хэргийн талаар мөрдөн байцаалт явуулах буюу эрүүгийн мөрдөн мөшгөлт явуулж болно;

(b) хэргийг шүүн шийдвэрлэх харьяалал бүхий улс мөрдөн байцаалт явуулах хүсэлгүй буюу чадваргүйн үр дүн болохоос бусад тохиолдолд үүнд холбогдох этгээдийг эрүүгийн журмаар мөрдөн мөшгөхөөр энэ улс шийдээгүй бол;

(c) энд холбогдож байгаа этгээд тухайн гомдлын зүйл болох хэрэгт өмнө нь шийтгүүлсэн болон 20 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн үндсэн дээр Шүүхээс шүүн таслахыг зөвшөөрөөгүй бол;

(d) xэрэг нь Шүүхээс цаашид үйл ажиллагаа явуулахад хангалттай ноцтой биш бол.

2. Ямар нэгэн тодорхой хэрэгт хүсэлгүй байгааг тогтоохын тулд олон улсын эрх зүйгээр хүлээн зөвшөөрсөн байцаан шийтгэх ажиллагааны зарчимд анхаарал хандуулж, Шүүх хэрэв хэрэглэх боломжтой гэж үзвэл дараахь хүчин зүйлийн нэг буюу хэд хэд байгаа эсэхийг харгалзан үзнэ:

(а) шүүхийн хуралдаан явагдсан буюу явагдаж байгаа, эсхүл 5 дугаар зүйлд дурдсан энэхүү Шүүхийн хэрэг шүүн шийдвэрлэх харьяалалд хамаарч байгаа гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагаас холбогдох этгээдийг хаацайлах зорилгоор үндэсний шийдвэр гарсан;

(b) тухайн нөхцөл байдалд холбогдох этгээдийг шүүн таслах ажиллагаанд шилжүүлэх эрмэлзэлтэй үл нийцэх байдлаар шүүхийн ажиллагаанд үндэслэлгүй саатал учирсан;

(c) шүүхийн хуралдаан хараат бус буюу шударгаар явагдаагүй буюу явагдаж байгаа болон түүний явагдсан журам нь тухайн нөхцөл байдалд холбогдох этгээдийг шүүн таслах ажиллагаанд шилжүүлэх эрмэлзэлтэй нийцэхгүй байгаа бол.

3. Ямар нэгэн тодорхой хэргийг авч үзэх чадваргүй байгааг тогтоохын тулд Шүүх тухайн улсын өөрийнх нь шүүхийн үндэсний тогтолцоо бүрэн буюу ноцтой уналтад орсон буюу байхгүй болсонтой холбоотойгоор яллагдагч буюу шаардлагатай нотлох баримт болон гэрчийн мэдүүлгийг өөрийн мэдэлд авах боломжтой эсэх буюу ямар нэгэн шалтгаанаар шүүн таслах ажиллагаа явуулах боломжгүй болсон эсэхийг анхааран үзнэ.

18 дугаар зүйл

Авч үзэж болохтой холбогдсон урьдчилсан тогтоол

1. 13 дугаар зүйлийн (а) хэсгийн дагуу нөхцөл байдлыг Шүүхэд шилжүүлсэн бөгөөд мөрдөн байцаалт эхлэх хангалттай үндэслэл байна гэж Прокурор тодорхойлсон буюу 13 дугаар зүйлийн (c) хэсэг болон 15 дугаар зүйлийн дагуу Прокурор мөрдөн байцаалтыг эхэлсэн тохиолдолд Прокурор оролцогч бүх улс болон байгаа мэдээллийн үндсэн дээр тухайн гэмт хэргийн хувьд шүүн таслах ажиллагаагаа хэвийн хэрэгжүүлэх улсуудад мэдэгдэл илгээнэ. Прокурор тэдгээр улсад нууцлалын үндсэн дээр мэдээлэл хийж болох бөгөөд хэрэв Прокурор хүмүүсийн хамгаалалтыг хангах, нотлох баримтыг устгахаас сэргийлэх буюу хүмүүс нуугдахад саад учруулах шаардлагатай гэж үзвэл улсуудад хийх мэдээллийн хэмжээг хязгаарлаж болно.

2. Тийм мэдэгдлийг хүлээж авснаас хойш нэг сарын туршид тухайн улс Шүүхэд тэрээр өөрийн орны иргэд буюу түүний шүүн таслах ажиллагааны харьяалалд хамаарч байгаа бусад этгээдийн хувьд 5 дугаар зүйлд дурдсан гэмт хэрэг болон тухайн улсаас илгээсэн мэдэгдэлд дурдсан мэдээлэлд холбогдол бүхий эрүүгийн ял хүлээлгэвэл зохих үйлдлийнх нь хувьд мөрдөн байцаалт явуулж байгаа буюу явуулсан тухайгаа мэдээлж болно. Энэ улсын хүсэлтээр Прокурор эдгээр этгээдэд хамаарах мөрдөн байцаалтыг Урьдчилсан ажиллагааны танхим Прокурорын хүсэлтээр мөрдөн байцаалт явуулахыг зөвшөөрөхөөр шийдвэрлэснээс бусад тохиолдолд тухайн улсад шилжүүлнэ.

3. Мөрдөн байцаалтыг тухайн улсад шилжүүлэх тухай Прокурорын зөвшөөрлийг Прокурор шийдвэр гаргаснаасаа хойш зургаан сарын туршид буюу тухайн улс мөрдөн байцаалтыг зохих ёсоор явуулах хүсэлгүй буюу чадваргүйн улмаас нөхцөл байдал мэдэгдэхүйц өөрчлөгдсөнөөс хойш ямар ч үед өөрчилж болно.

4. Холбогдох улс буюу Прокурор нь Урьдчилсан ажиллагааны танхимын шийдвэрийг 82 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн дагуу Давж заалдах шатны танхимд давж заалдаж болно. Давж заалдах өргөдлийг хялбаршуулсан журмаар хэлэлцэж болно.

5. Прокурор 2 дахь хэсгийн дагуу мөрдөн байцаалтыг шилжүүлж байгаа бол тэрээр холбогдох улсаас энэ улсын явуулж байгаа мөрдөн байцаалтын явц, шүүхийн мөрдөн мөшгөлтийн дараагийн аливаа арга хэмжээний талаар түүнд тогтмол мэдээлж байхыг хүсч болно. Оролцогч улсууд тэдгээр хүсэлтэд хариулахдаа зүй бусаар саад учруулах ёсгүй.

6. Урьдчилсан ажиллагааны танхим тогтоол гаргахаас өмнө буюу Прокурор энэ зүйлийн дагуу ямар нэг мөрдөн байцаалтыг шилжүүлснээс хойш ямар ч үед Прокурор онцгой тохиолдолд чухал нотлох баримт олж авах таатай боломж байгаа болон тийм нотлох баримтыг цаашид авах боломжгүйд хүргэх ноцтой аюул байгаа тохиолдолд нотлох баримтыг хадгалах зорилгоор шаардлагатай мөрдөн байцаах арга хэмжээ авах зөвшөөрлийг Урьдчилсан шүүх ажиллагааны танхимаас хүсэж болно.

7. Энэ зүйлийн дагуу Урьдчилсан ажиллагааны танхимын тогтоолтой маргаж байгаа улс нэмэлт зайлшгүй баримт буюу нөхцөл байдал үлэмж өөрчлөгдсөний үндсэн дээр 19 дүгээр зүйлийн дагуу хэргийг шүүн таслахаар авч үзэж болохыг эсэргүүцэж болно.

19 дүгээр зүйл

Шүүхээс хэрэг шүүн шийдвэрлэх буюу

хэргийн ажиллагааг хүлээн авахаас татгалзах

1. Шүүхийн авч үзэж буй хэрэг түүний шүүн шийдвэрлэх харьяалалд байгаа эсэхийг нягтлан магадлах байх ёстой. Шүүх өөрийн шийдвэрээр хэргийг 17 дугаар зүйлийн дагуу шүүн таслахаар хүлээн авах боломжийг тодорхойлж болно.

2. Хэргийг 17 дугаар зүйлд дурдсаны дагуу шүүн таслахаар хүлээн авах боломж буюу Шүүхээс хэрэг шүүн шийдвэрлэх явдлыг дараахь субьект эсэргүүцэж болно:

(а) яллагдагч буюу 58 дугаар зүйлийн дагуу гаргасан баривчлах тогтоол буюу хүрэлцэн ирэх захирамж хүлээн авсан этгээд;

(b) хэрэг шүүн шийдвэрлэх эрх бүхий улс хэргийн талаар мөрдөн байцаалт болон эрүүгийн мөрдөн байцаалт явуулж байгаа буюу мөрдөн байцаалт явуулсан гэсэн үндэслэлээр; буюу

(c) 12 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу хэргийг шүүн шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрөх хүсэлт хүлээн авсан улс.

3. Прокурор хэрэг шүүн шийдвэрлэх буюу авч үзэх боломжийн тухай асуудлаар тогтоол гаргахыг Шүүхээс хүсч болно. Хэрэг шүүн шийдвэрлэх буюу авч үзэх боломжийн тухай асуудлыг хэлэлцэхэд 13 дугаар зүйлийн дагуу нөхцөл байдлыг шилжүүлсэн, түүнчлэн хохирогч тал Шүүхэд өөрийн тайлбарыг мөн гаргаж болно.

4. Хэргийг шүүн таслахаар хүлээн авах боломж буюу хэрэг шүүн шийдвэрлэх 2 дахь хэсэгт дурдсан аливаа этгээд буюу улс зөвхөн нэг удаа эсэргүүцэж болно. Эсэргүүцэж байгаа тухайгаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө буюу түүний эхэнд нь зарлах ёстой. Онцгой тохиолдолд Шүүх нэгээс илүү удаа буюу шүүх хуралдаан эхэлснээс хойш эсэргүүцэхийг зөвшөөрч болно. Шүүх хуралдааны эхэнд буюу Шүүхийн зөвшөөрлөөр шүүх хуралдаан эхэлснээс хойш хүлээн авч үзэх боломжийг эсэргүүцэх нь зөвхөн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (c) дэд хэсгийн үндсэн дээр хийгдэнэ.

5. 2 дахь хэсгийн (b) болон (c) дэд хэсэгт дурдсан улс эсэргүүцлээ боломжтой ойрын үед илэрхийлнэ.

6. Хэргийг шүүн таслахаар хүлээн авах боломж буюу хэрэг шүүн шийдвэрлэх талаарх эсэргүүцлийг ялын дүгнэлт батлахаас өмнө Урьдчилсан ажиллагааны танхимд илгээнэ. Ялын дүгнэлт батлагдсанаас хойш түүнийг Шүүхийн танхимд илгээнэ. Шүүх хэрэг шүүн шийдвэрлэх буюу авч үзэх боломжийн талаархи шийдвэрийг 82 дугаар зүйлийн дагуу Давж заалдах шатны танхимд давж заалдаж болно.

7. Хэрэв 2 дахь хэсгийн (b) болон (c) дэд хэсэгт заасны дагуу улс татгалзсан бол Прокурор 17 дугаар зүйлийн дагуу Шүүхээс тодорхойлолт гаргах хүртэл мөрдөн байцаалтыг түр зогсооно.

8. Шүүхийн тогтоол гарахаас өмнө Прокурор дараахь асуудлаар Шүүхээс зөвшөөрөл хүсч болно:

(а) 18 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт дурдсан шаардлагатай мөрдөн байцаах ажиллагаа явуулах;

(b) тайлбар буюу гэрчийн мэдүүлэг авах буюу эсэргүүцлээс өмнө эхэлсэн нотлох баримтыг цуглуулах болон шалгах ажлыг дуусгах;

(c) 58 дугаар зүйлийн дагуу Прокурор баривчлах тушаалыг нь гаргуулах тухай хүсэлтийг гаргаж, тухайн хүмүүс оргон зайлахыг улсын холбогдох байгууллагатай хамтран таслан зогсоох.

9. Эсэргүүцэл илэрхийлэх нь Прокуророос авч хэрэгжүүлсэн аливаа үйлдлийн буюу эсэргүүцэл илэрхийлэхээс өмнө Шүүхээс гаргасан аливаа тушаал буюу захирамжийн хүчинтэй байдлыг хөндөхгүй.

10. Хэрэв Шүүх хэргийг 17 дугаар зүйлийн дагуу авч үзэх боломжгүй гэж шийдвэрлэсэн үед Прокурор шинэ нөхцөл байдал бий болсон бөгөөд түүний улмаас 17 дугаар зүйлийн дагуу хэргийг авч үзэх боломжгүй гэж урьд нь үзсэн үндэслэл алга болсон гэдэгт бүрэн итгэлтэй байвал энэ шийдвэрийг эргэж харах хүсэлт гаргаж болно.

11. Хэрэв Прокурор 17 дугаар зүйлд дурдсан асуудлыг бодолцон мөрдөн байцаалтыг шилжүүлж байгаа бол тэрээр тухайн хэргийн шүүх ажиллагааны тухай мэдээллийг Прокурорт гаргаж өгөх хүсэлтийг тухайн оронд гаргаж болно. Тухайн орны хүсэлтээр мэдээллийн нууцлалыг хангана. Хэрэв Прокурор цаашид мөрдөн байцаалтыг үргэлжүүлэх шийдвэр гаргавал энэ тухай тухайн хэргийн шүүх ажиллагааг шилжүүлсэн улсад мэдэгдэнэ.

20 дугаар зүйл

Ne bis in idem

1. Энэхүү дүрэмд зааснаас бусад тохиолдолд Шүүхээс тухайн хүнийг гэм буруутай болохыг хүлээн зөвшөөрөх буюу цагаатгахаас өмнө гэмт хэргийн бүрэлдэхүүний үндэс болсон үйлдлийн төлөө ямар ч хүнийг шийтгэж болохгүй.

2. Ямар ч хүнийг 5 дугаар зүйлд дурдсан гэмт хэрэг үйлдсэнтэй холбогдуулж Шүүхээс нэгэнт гэм буруутайг нь нотолсон буюу цагаатгасан бол түүнд өөр шүүхээс ял ногдуулж болохгүй.

3. Хэрэв өөр шүүхээс явуулсан шүүх ажиллагаа нь дараахь тохиолдолд бус бол, түүнчлэн 6, 7 болон 8 дугаар зүйлд заасан үйлдлийн төлөө өөр шүүхээр шийтгэгдсэн ямар ч хүнийг тухайн үйлдлийн төлөө Шүүхээс шийтгэл ногдуулж болохгүй:

(а) Шүүхийн шүүн шийдвэрлэх харьяалалд хамрагдах гэмт хэргийн төлөө тухайн хүнийг эрүүгийн хариуцлага хүлээхээс хаацайлахад зориулагдсан; буюу

(b) өөр шалтгаанаар олон улсын эрх зүйгээр хүлээн зөвшөөрөгдсөн хуулийн зүй ёсны журам, хэм хэмжээний дагуу хараат бус буюу шудрага байдлаар явагдаагүй бөгөөд тийнхүү байгаа нөхцөл байдалд тухайн хүнийг шүүн таслах ажиллагаанд шилжүүлэх зорилго хангагдаагүй байдлаар явагдсан.

21 дүгээр зүйл

Хэрэглэх хууль

1. Шүүх дараахь хуулийг хэрэглэнэ:

(а) нэгдүгээрт, энэхүү дүрэм, Гэмт хэргийн бүрэлдэхүүн болон өөрийн Дэгийн болон нотолгооны журам;

(b) хоёрдугаарт, холбогдох тохиолдолд зэвсэгт мөргөлдөөний олон улсын эрх зүйн тогтсон зарчмыг оролцуулан хэрэглэх олон улсын гэрээ болон олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээ;

(c) хэрэв боломжгүй бол эдгээр зарчим нь энэхүү дүрэм болон олон улсын эрх зүй болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ болон стандарттай зөрчилдөөгүй тохиолдолд тухайн гэмт хэргийн хувьд ердийн нөхцөл байдалд хэрэг шүүн шийдвэрлэж болох улсуудын үндэсний зохих хуулийг оролцуулан дэлхий нийтийн эрх зүйн системийн үндэсний хуулиас авсан эрх зүйн үндсэн зарчмыг Шүүх хэрэглэнэ.

2. Шүүхийн өөрийн өмнөх шийдвэрүүдэд тайлбарласны дагуу эрх зүйн зарчим буюу хэм хэмжээг хэрэглэж болно.

3. Хуулийг энэхүү зүйлийн дагуу хэрэглэх болон тайлбарлах нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрхтэй нийцэх бөгөөд 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тодорхойлсон хүйсийн ялгаа, нас, арьсны өнгө, хэл, шашин буюу шүтлэг, улс төрийн буюу бусад итгэл үнэмшил, иргэний, үндэсний болон нийгмийн гарал, эд хөрөнгийн, угсаатны болон бусад байдлаар зохисгүй ялгаа тогтоох явдлыг гаргахгүй байх ёстой.

3 ДУГААР ХЭСЭГ

ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН НИЙТЛЭГ ЗАРЧМУУД

22 дугаар зүйл

Nullum crimen sine lege

1. Хэрэв холбогдох үйлдэл нь түүнийг үйлдэх үед Шүүхийн хэрэг шүүн шийдвэрлэх эрхэд хамаарах гэмт хэргийг бүрдүлээгүй бол аливаа хүнд энэхүү дүрмийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй.

2. Гэмт хэргийг яв цав нарийн тодорхойлох бөгөөд төсөөтэй байдлаар нь хэрэглэж болохгүй. Хоёрдмол агуулгатай тохиолдолд тодорхойлолтыг мөрдөн байцаалт, шүүх ажиллагаанд байгаа буюу гэм буруутай гэж тооцогдсон хүнд ашигтай байдлаар тайлбарлана.

3. Энэ нь энэхүү дүрмээс үл хамааран олон улсын эрх зүйн дагуу эрүүгийн шинжтэй хэмээн аливаа үйлдлийг тодорхойлоход нөлөөлөхгүй.

23 дугаар зүйл

Nulla poena sine lege

Шүүх гэм буруутай нь нотлогдсон хүнд зөвхөн энэхүү дүрмийн заалтын дагуу ял ногдуулж болно.

24 дүгээр зүйл

Ratione personae байдлаар буцаан хэрэглэхгүй байх

1. Аливаа хүнд энэхүү дүрмийн дагуу Дүрэм хүчин төгөлдөр болохоос өмнө үйлдсэн үйлдлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй.

2. Эцсийн шийдвэр буюу тогтоол гаргахаас өмнө тухайн хэрэгт хэрэглэж байсан хуульд нэмэлт өөрчлөлт орсон тохиолдолд мөрдөн байцаалт, шүүх ажиллагаанд байгаа буюу гэм буруутай нь нотлогдсон хүнд илүү ашигтай хуулийг хэрэглэнэ.

25 дугаар зүйл

Эрүүгийн ялгамжтай хариуцлага

1. Шүүх энэхүү дүрмийн дагуу хувь хүний хэргийг шүүн шийдвэрлэнэ.

2. Шүүхээс шүүн шийдвэрлэхэд хамаарагдах гэмт хэрэг үйлдсэн аливаа этгээдэд ялгамжтай хариуцлага хүлээлгэх бөгөөд түүнд энэхүү дүрмийн дагуу ял ногдуулна.

3. Аливаа этгээдэд энэхүү дүрмийн дагуу Шүүхээс шүүн шийдвэрлэх харьяалалд хамаарах гэмт хэрэг үйлдсэний төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял ногдуулах бөгөөд хэрэв тухайн этгээд:

(а) тийм гэмт хэргийг өөр этгээдтэй хамтран буюу өөр этгээдээр дамжуулан үйлдсэн бол энэхүү өөр этгээд эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхээс үл хамаарна;

(b) тийм гэмт хэрэг үйлдэхийг тушаасан, өдөөн хатгасан буюу сэдсэн бөгөөд хэрэв тийм гэмт хэрэг үйлдсэн буюу үйлдэхийг завдсан бол;

(c) гэмт хэрэг үйлдэх арга хэрэгслийг нь олгох явдлыг оролцуулан тийм гэмт хэрэг үйлдэхийг хөнгөвчлөх зорилгоор хамссан, өдөөн хатгасан буюу ямар нэгэн бусад байдлаар түүнийг үйлдэх буюу үйлдэхийг завдахад тус дөхөм үзүүлсэн;

(d) аливаа бусад байдлаар нэгдмэл зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа бүлэг этгээд тийм гэмт хэрэг үйлдэх буюу үйлдэхээр завдахад хүргэсэн бол. Тийнхүү тус дөхөм үзүүлэхдээ санаатайгаар хандсан болон эсхүл:

(i) тухайн үйл ажиллагаа буюу зорилго нь Шүүхээс шүүн шийдвэрлэх харьяалалд хамаарах гэмт хэрэг үйлдсэнтэй холбоотой тохиолдолд гэмт үйл ажиллагаа буюу гэмт бүлгийн зорилгыг дэмжих зорилгоор хандсан;

(ii) бүлгийн гэмт хэрэг үйлдэх санааг мэдэж байсан;

(e) төрлөөр устгах гэмт хэргийн хувьд бусдыг төрлөөр устгах гэмт хэрэгт шууд болон нийтийн дунд өдөөн хатгасан;

(f) тухайн этгээдийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэргийг бүрэн гүйцэд үйлдээгүй, гэхдээ түүнийг үйлдэх талаар мэдэгдэхүйц алхамд хүргэх үйлдэл хийх замаар тийм гэмт хэрэг үйлдэхийг завдсан бол. Гэсэн хэдий ч гэмт хэрэг үйлдэхээс татгалзаж байгаа буюу өөр байдлаар гэмт хэргийг гүйцээх явдлыг таслан зогсоож байгаа этгээд хэрэв тухайн этгээд гэмт зорилгоос бүрэн буюу сайн дураар татгалзаж байгаа бол энэхүү дүрмийн дагуу тухайн гэмт хэрэг үйлдэхээр завдсаны төлөө шийтгэл хүлээхгүй.

4. Хувь хүний эрүүгийн хариуцлагатай холбоотойгоор энэхүү дүрэмд тусгагдсан нэг ч заалт олон улсын эрх зүйн дагуу улсуудын хүлээх хариуцлагад нөлөөлөхгүй.

26 дугаар зүйл

18 нас хүрээгүй этгээд шүүхийн харьяалалд үл хамаарах

Гэмт хэрэг үйлдсэн гэгдэх үедээ 18 нас хүрээгүй байсан аливаа этгээдийн хувьд Шүүх шүүн таслах ажиллагаа явуулахгүй.

27 дугаар зүйл

Албан тушаалын байдлаар шалтаг заахыг үл зөвшөөрөх

1. Энэхүү дүрмийг албан тушаалын байдлын үндсэн дээр ямар нэг ялгавар гаргахгүйгээр бүх этгээдэд нэгэн адил байдлаар хэрэглэнэ. Түүнчлэн, төрийн буюу засгийн газрын тэргүүн, засгийн газрын буюу парламентын гишүүн, сонгогдсон төлөөлөгч буюу засгийн газрын албан хаагч зэрэг албан тушаалын байдал нь ямар ч тохиолдолд энэхүү дүрмийн дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй бөгөөд энэ нь шийтгэх тогтоолыг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй.

2. Үндэсний буюу олон улсын эрх зүйн дагуу байлаа ч гэсэн аливаа этгээдийн албан тушаалын байдалтай холбоотой байж болох дархан эрх буюу байцаан шийтгэх ажиллагааны тусгай хэм хэмжээ нь тухайн этгээдийн хувьд Шүүх шүүн таслах ажиллагаагаа хэрэгжүүлэхэд саад учруулах ёсгүй.

28 дугаар зүйл

Командлагч ба бусад дарга нарт хүлээлгэх хариуцлага

Энэхүү дүрмийн дагуу Шүүхээс хэрэг шүүн шийдвэрлэх бүрэн эрхэд хамаарах гэмт хэргийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээх бусад үндэслэлээс гадна:

(a) Цэргийн командлагч буюу цэргийн командлагчийн үүргийг жинхэнэ гүйцэтгэж байгаа этгээд нь түүний жинхэнэ командлал болон хяналтын дор байгаа хүчнээс түүний жинхэнэ захиргаа болон хяналтын дор тийм хүчинд тавих хяналтыг зохих ёсоор хэрэгжүүлээгүйн үр дүнд бий болсон нөхцөл байдлаас хамааран Шүүхээс хэрэг шүүн шийдвэрлэх бүрэн эрхэд хамаарах гэмт хэрэг үйлдсэний төлөө дараахь тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ:

(i) цэргийн тухайн командлагч буюу тухайн этгээд энэ үед бий болсон нөхцөл байдалд эдгээр хүчин нь тийм гэмт хэрэг үйлдэж буй буюу үйлдэхээр завдаж байсныг мэдсэн буюу мэдэх ёстой байсан;

(ii) цэргийн тухайн командлагч буюу тухайн этгээд тэдгээрийг үйлдэх явдлаас сэргийлэх, таслан зогсоох буюу тухайн асуудлыг эрх бүхий байгууллагад мөрдөн байцаалт буюу эрүүгийн мөрдөн мөшгөлт явуулахын тулд эрх бүхий байгууллагад тухайн асуудлыг шилжүүлэх талаар зайлшгүй шаардлагатай бүхий л арга хэмжээ аваагүй.

(b) Дарга болон захирагчийн 1 дэх хэсэгт дурдаагүй харилцааны хувьд дарга нь түүний жинхэнэ захиргаа буюу хяналтын дор байгаа захирагчдаас тийм захирагдагсдад тавих өөрийн хяналтыг зохих ёсоор хэрэгжүүлээгүйн үр дүнд Шүүхээс хэрэг шүүн шийдвэрлэх бүрэн эрхэд хамаарах гэмт хэрэг захирагдагч нь үйлдсэний төлөө дараахь тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ:

(i) захирагдагчид нь тийм гэмт хэрэг үйлдэж буй буюу үйлдэхээр завдаж байгааг илт харуулсан мэдээллийг дарга нь мэдэж байсан буюу зориуд зөнд нь орхигдуулсан;

(ii) гэмт хэрэг нь даргын жинхэнэ хариуцлага болон хяналтад хамаарах үйл ажиллагааг хөндсөн; болон

(iii) дарга нь тэдгээрийг үйлдэх явдлаас сэргийлэх буюу таслан зогсоохын тулд буюу тухайн асуудлыг эрх бүхий байгууллагад мөрдөн байцаалт буюу эрүүгийн мөрдөн мөшгөлт явуулахаар шилжүүлэх талаар зайлшгүй шаардлагатай буюу зохих бүхий л арга хэмжээ аваагүй.

29 дүгээр зүйл

Хөөн хэлэлцэх хугацаа үл хэрэглэх

Шүүхээс хэрэг шүүн шийдвэрлэхэд хамаарах гэмт хэргийн хувьд ямар ч хөөн хэлэлцэх хугацаа тогтоохгүй.

30 дугаар зүйл

Субъектив тал

1. Хэрэв өөрөөр заагаагүй бол аливаа этгээд зөвхөн санаатайгаар болон зориуд үйлдсэнийг тодорхойлох объектив талын шинжийг агуулсан нөхцөлд Шүүхээс шүүн шийдвэрлэх гэмт хэрэг үйлдсэний төлөө эрүүгийн хүлээлгэх хариуцлага болон ял ногдуулна.

2. Энэ зүйлийн зорилгоор тухайн этгээдийг дараахь тохиолдолд зориуд буюу санаатай үйлдсэн гэж үзнэ:

(а) хэргийн хувьд тухайн этгээд тийм хэрэг үйлдсэн;

(b) хор уршгийн хувьд тухайн этгээд тийм хор уршиг учруулсан буюу үйл явдлын хэвийн явцад тэр нь учрана гэдгийг мэдэж байсан.

3. Энэ зүйлийн зорилгоор “зориуд” гэдэг нь нөхцөл байдал буй болж буюу хор уршиг үйл явдлын хэвийн явцад буй болно гэдийг ойлгож байхыг хэлнэ. “Мэдэх” болон “зориуд”-ыг зохих ёсоор тайлбарлах ёстой.

31 дүгээр зүйл

Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл

1. Энэхүү дүрэмд дурдсан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх бусад үндэслэлээс гадна тухайн этгээд хэрэг үйлдэх үед дараахь нөхцөл байдал байвал эрүүгийн хариуцлага хүлээхгүй:

(а) тухайн этгээдийн сэтгэцийн өвчин буюу сарнилт нь хууль зөрчсөн байдлыг ухамсарлах буюу өөрийн зан үйлийн шинж чанар, өөрийн үйлдлийг хуулийн шаардлагад нийцүүлэх боломжийг алдагдуулсан;

(b) хэрэв зөвхөн тухайн этгээд интоксикацийн үр дүнд тэрээр Шүүхээс хэрэг шүүн шийдвэрлэхэд хамаарагдах гэмт хэрэг болох үйлдэл хийж болохоо мэдэж байсан буюу тийм үйлдэл хийснийхээ эрсдлийг үгүйсгэсэн тийм нөхцөл байдалд сайн дураараа интоксикацийн байдалд орохоос бусад интоксикацид нэрвэгдсэн этгээд бөгөөд тэр нь өөрийн үйлдэл нь хууль зөрчсөн буюу шинж чанарыг ухамсарлах буюу өөрийн үйлдлийг хуулийн шаардлагатай нийцүүлэх боломжийг нь алдагдуулсан;

(c) цэргийн гэмт хэргийн нөхцөлд тухайн этгээд өөрийгөө буюу бусад этгээдийг мөн тухайн этгээд буюу бусад этгээдийн амьд үлдэхэд онцгой чухал эд хөрөнгө болон цэргийн шинжтэй даалгаварыг биелүүлэхэд онцгой чухал өмчийг тухайн этгээд буюу хамгаалалтад байгаа өөр этгээд буюу эд хөрөнгөд аюул занал учруулах түвшинтэй адил аргаар зайлшгүй болон хуулийн эсрэг хүч хэрэглэхээс хамгаалах талаар зүй ёсоор ажилласан. Тухайн этгээд хүч хэрэглэх замаар хамгаалах ажиллагаанд оролцсон тэр нөхцөл байдал нь өөрөө энэ дэд хэсгийн дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл биш байна;

(d) Шүүхээс шүүн шийдвэрлэх хэрэгт хамаарах гэмт хэрэг байж болохоор сэжиглэгдэж байгаа үйлдэл нь зайлшгүй үхэл буюу өөрийнх нь буюу бусад этгээдийн биед хүнд гэмтэл зайлшгүй учруулах буюу тийм гэмтлийг үргэлжлүүлэн учруулах аюулын аргагүй хариу үйлдэл бөгөөд энэ этгээд нь таслан зогсоохыг эрмэлзэж байснаас илүү хохирол учруулах бодолгүй байгаа нөхцөлд энэ аюулыг арилгахын тулд шаардлагатай болон ухаалаг арга хэмжээ авсан бол. Тийм аюул нь:

(i) өөр этгээдээс учирч болох; буюу

(ii) тухайн этгээдээс үл хамаарах бусад нөхцөл байдлаар бий болж болно.

2. Шүүх өөрийн авч үзэж байгаа хэргийн хувьд энэхүү дүрэмд заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлийг хэрэглэх эсэхийг тодорхойлно.

3. Хэрэв тухайн үндэслэл нь 21 дүгээр зүйлд заасан хэрэглэх хуулиас урган гарч байгаа бол шүүх хуралдааны явцад Шүүх эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх ямар нэг үндэслэлийг авч үзэж болно. Тийм үндэслэлийг авч үзэхтэй холбогдсон журам нь Дэгийн болон нотолгооны журамд тусгагдсан байх ёстой.

32 дугаар зүйл

Бодит байдлын буюу эрх зүйн алдаа

1. Бодит байдлын алдаа нь тухайн гэмт хэргийн заавал байх шаардлагатай субъектив талыг үгүйсгэсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болно.

2. Эрх зүйн алдаа нь Шүүхээс шүүн шийдвэрлэх хэрэгт хамаарах гэмт хэргийн зан үйлийн тодорхой хэв маягийн хувьд яригдаж байгаа бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Гэвч эрх зүйн алдаа нь тухайн гэмт хэргийн заавал байх субъектив талыг үгүйсгэсэн буюу энэ хэсгийн 33 дугаар зүйлд дурдсан журмаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болж болно.

33 дугаар зүйл

Даргын тушаал буюу хуулийн заалт

1. Шүүхээс шийдвэрлэх хэрэгт хамаарах гэмт хэргийг аливаа этгээд цэргийн буюу иргэний засгийн газар, эсхүл даргын тушаалаар үйлдсэн бол тэр нь тухайн этгээдийг дор дурдсанаас бусад тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй:

(а) тухайн этгээд нь хууль зүйн хувьд тухайн засгийн газар буюу даргын тушаалыг гүйцэтгэх үүрэгтэй байсан бол;

(b) тухайн этгээд нь тушаал хууль бус байсан гэдгийг мэдээгүй байсан; болон

(c) тушаал илт хууль бус байгаагүй.

2. Энэхүү зүйлийн зорилгоор төрлөөр устгах буюу хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдэх тухай тушаалыг илт хууль бус гэж үзнэ.

4 ДҮГЭЭР ХЭСЭГ

ШҮҮХИЙН БҮРЭЛДЭХҮҮН БА УДИРДЛАГА

34 дүгээр зүйл

Шүүхийн байгууллагууд

Шүүх дараахь байгууллагуудаас бүрдэнэ:

(а) Тэргүүлэгчид;

(b) Давж заалдах шатны хэлтэс, Шүүхийн хэлтэс, Урьдчилсан ажиллагааны хэлтэс;

(c) Прокурорын газар;

(d) Нарийн бичгийн дарга нарын газар.

35 дугаар зүйл

Шүүгчээс чиг үүргээ биелүүлэх

1. Бүх шүүгчийг өөрийн чиг үүргээ байнгын үндсэн дээр биелүүлэх Шүүхийн гишүүнээр сонгох бөгөөд энэ үндсэн дээр бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаанаас эхлэн үүргээ гүйцэтгэхийн тулд Шүүхийн мэдэлд байна.

2. Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон шүүгчид сонгогдсон үеэсээ эхлэн байнгын үндсэн дээр чиг үүргээ гүйцэтгэнэ.

3. Тэргүүлэгчид нь Шүүхийн ажлын ачааллыг харгалзан Шүүхийн гишүүдтэй зөвлөлдөх замаар бусад шүүгчид ямар хэмжээгээр байнгын үндсэн дээр чиг үүргээ гүйцэтгэх шаардлагатай болох тухай шийдвэрийг үе үе гаргана.

4. Чиг үүргээ байнгын үндсэн дээр гүйцэтгэх шаардлагагүй шүүгчдэд хэрэглэх санхүүгийн журмыг 49 дүгээр зүйлийн дагуу батлана.

36 дугаар зүйл

Шүүгчдэд тавих шаардлага, шүүгчдийг нэр дэвшүүлэх ба сонгох

1. 2 дахь хэсгийн заалтыг үндэслэн Шүүх 18 шүүгчээс бүрдэнэ.

2. (а) Тэргүүлэгчид нь Шүүхийн нэрийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулахдаа 1 дэх хэсэгт дурдсан шүүгчдийн тоог нэмэгдүүлэх тухай санал оруулж болох бөгөөд ингэхдээ энэ нь зайлшгүй шаардлагатай гэдгийг нотлох шалтгааныг заана. Нарийн бичгийн дарга нарын газар аливаа тийм саналыг оролцогч бүх улсад нэн даруй тараана.

(b) Аливаа тийм саналыг дараа нь 112 дугаар зүйлийн дагуу хуралдаанд оролцогч улсуудын Ассамблейн хуралдаанаар авч хэлэлцэнэ. Хуралдаанд оролцогч улсуудын гуравны хоёрын саналаар сайшаагдсан бол тухайн саналыг батлагдсанд тооцох бөгөөд оролцогч улсуудын Ассамблейн шийдвэрээр тогтоосон хугацаанд хүчин төгөлдөр болно.

(c) (i) шүүгчдийн тоог нэмэгдүүлэх тухайн саналыг (b) дэд хэсгийн дагуу батласны дараа 3-8 дахь хэсэг болон 37 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн дагуу оролцогч улсуудын Ассамблейн дараагийн чуулган дээр нэмэгдэх шүүгчдийн сонгууль явагдана;

(ii) шүүгчдийн тоог нэмэгдүүлэх саналыг (b) болон (c) (i) дэд хэсгийн дагуу батласан болон хэрэгжүүлсний дараа хэрэв Шүүхийн ажлын ачаалалтай нийцэж байвал Тэргүүлэгчид өөрийн үзэмжээр ямар ч үед 1 дэх хэсэгт зааснаас шүүгчдийн тоо буурахгүй байх нөхцөлд шүүгчдийн тоог бууруулах санал гаргаж болно. Тийм саналыг (а) болон (b) дэд хэсэгт тогтоосон дэгийн дагуу авч хэлэлцэнэ. Тийм саналыг батласан тохиолдолд шүүгчдийн тоог ажиллаж байгаа шүүгчдийн бүрэн эрхийн хугацаа дуусахын хэрээр шаардлагатай тоонд хүртэл цөөрүүлнэ.

3. (а) Шүүгчдийг өөрсдийнх нь холбогдох улсуудын шүүхийн өндөр албан тушаалд томилоход тавигдах шаардлагыг хангасан шудрага болон хараат бус, өндөр ёс суртахуунтай хүмүүсээс сонгож авна.

(b) Шүүхийн бүрэлдэхүүнд сонгогдохоор нэр дэвшигч бүр дараахь шалгуурыг хангасан байх ёстой:

(i) эрүүгийн болон байцаан шийтгэх эрх зүйн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй бөгөөд шүүгч, прокурор, өмгөөлөгч буюу эрүүгийн шүүн таслах ажиллагааны өөр төсөөтэй зайлшгүй ажлын шаардлагатай туршлага эзэмшсэн байх;

(ii) олон улсын хүмүүнлэгийн эрх зүй болон хүний эрхийн холбогдох салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй, түүнчлэн Шүүхийн үйл ажиллагаатай холбоо бүхий хууль зүйн үйл ажиллагааны мэргэжлийн өргөн туршлагатай байна.

(c) Шүүхийн бүрэлдэхүүнд сонгогдохоор нэр дэвшигч бүр Шүүхийн ажлын хэлний наад зах нь нэгийг нь төгс мэдэх ёстой бөгөөд түүгээр чөлөөтэй ярьдаг байна.

4. (а) Шүүхийн бүрэлдэхүүнд сонгогдохоор нэр дэвшигчдийг энэхүү дүрмийн оролцогч улс бүр нэр дэвшүүлж болох бөгөөд:

(i) тухайн улсад шүүхийн дээд албан тушаалд томилох нэр дэвшигчийг дэвшүүлэх талаар мөрдөж байгаа журмын дагуу; буюу

(ii) Олон улсын шүүхийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх талаар Олон улсын шүүхийн дүрэмд тусгасан журмын дагуу нэр дэвшүүлнэ.

Нэр дэвшүүлэхэд нэр дэвшигч нь 3 дахь хэсэгт дурдсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа тухай шаардлагатай бүхий л мэдээллийг тодорхой тусгасан байна.

(b) Сонгууль явуулахад оролцогч улс бүр нэг нэр дэвшүүлж болох бөгөөд тэр нь заавал тухайн улсын иргэн байх шаардлагагүй боловч ямар ч тохиолдолд аль нэг оролцогч улсын иргэн байх ёстой.

(c) Оролцогч улсуудын Ассамблей шаардлагатай бол нэр дэвшүүлэх асуудлаар Зөвлөлдөх хороо байгуулах тухай шийдвэр гаргаж болно. Хорооны бүрэлдэхүүн болон эрх хэмжээг оролцогч улсуудын Ассамблей тогтооно.

5. Сонгууль явуулах зорилгоор нэр дэвшигчдийн хоёр жагсаалт гаргана:

3 дахь хэсгийн (b) (i) дэд хэсэгт дурдсан шаардлагыг хангасан нэр дэвшигчдийн нэр А жагсаалтад тусгагдана;

3 дахь хэсгийн (b) (ii) дэд хэсэгт дурдсан шаардлагыг хангасан нэр дэвшигчийн нэр B жагсаалтад тусгагдана.

Хоёр жагсаалтыг хоёуланг нь хангасан хангалттай мэргэшил бүхий нэр дэвшигч аль жагсаалтад орохоо өөрөө сонгож болно. Анхны сонгуулиар Шүүхийн бүрэлдэхүүнд А жагсаалтаас есөөс доошгүй, В жагсаалтаас таваас доошгүй шүүгчийг сонгоно. Цаашдын сонгуулийг Шүүхийн бүрэлдэхүүнд А болон B жагсаалтад орсон шүүгчдийн ижил харьцааг хадгалах замаар зохион байгуулна.

6. (а) Шүүгчдийг 112 дугаар зүйлийн дагуу энэ зорилгоор хуралдсан оролцогч улсуудын Ассамблейн хуралдаанаар нууц санал хураалтаар сонгоно. 7 дахь хэсгийн заалтын дагуу илүү санал авсан бөгөөд санал хураалтад оролцсон болон саналаа өгсөн оролцогч улсуудын гуравны хоёрын олонхийн санал авсан 18 нэр дэвшигч нь Шүүхийн бүрэлдэхүүнд сонгогдсонд тооцогдоно.

(b) сонгуулийн эхний шатанд хангалттай тооны шүүгчид сонгогдоогүй тохиолдолд (а) дэд хэсэгт заасан журмын дагуу үлдсэн суудлыг гүйцээх хүртэл дараагийн шатны санал хураалт явуулна.

7. Шүүхийн бүрэлдэхүүнд нэг улсын хоёр иргэнийг оруулж болохгүй. Шүүхийн бүрэлдэхүүний хувьд нэгээс илүү улсын иргэн хэмээн авч үзэж болох хүн нь тухайн хүн өөрийн иргэний болон улс төрийн эрхийг гол төлөв эдэлж байгаа тэр орны иргэн гэж тооцогдоно.

8. (а) Оролцогч улсууд шүүгчдийг сонгохдоо Шүүхийн гишүүдийн бүрэлдэхүүнд дараахь нөхцөл хангагдсан байх шаардлагыг анхааралдаа авна:

(i) дэлхийн эрх зүйн үндсэн тогтолцооны төлөөлөл;

(ii) газар зүйн шудрага төлөөлөл; болон

(iii) Шүүхийн бүрэлдэхүүний эрэгтэй болон эмэгтэй шүүгчдийн шудрага төлөөлөл.

(b) Оролцогч улсууд нь Шүүхийн бүрэлдэхүүнд эмэгтэйчүүд буюу хүүхдийн хүчирхийлэлтэй холбогдсон тусгай асуудлаар хууль зүйн үйл ажиллагаа явуулах туршлага эзэмшсэн хүмүүс байх шаардлагыг анхааралдаа авах боловч зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй.

9. (а) Шүүгчид (b) дэд хэсгийн дагуу 9 жил энэ албан тушаалыг хаших бөгөөд (b) дэд хэсэг болон 37 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн дагуу дахин сонгогдох эрх эдлэхгүй.

(b) Анхны сонгуульд шодох замаар сонгож авсан шүүгчдийн гуравны нэг нь 3 жилийн туршид, мөн шодох замаар сонгож авсан шүүгчдийн гуравны нэг нь 6 жилийн туршид, бусад шүүгчид нь 9 жилийн туршид албан тушаалаа хашина.

(c) Энэхүү (b) дэд хэсгийн дагуу гурван жилийн хугацаагаар сонгогдсон шүүгчид бүрэн хугацаагаар дахин сонгогдох эрхтэй байна.

10. 9 дэх хэсгийн заалтаас үл хамааран Шүүхийн болон Давж заалдах шатны танхимд 39 дүгээр зүйлийн дагуу томилогдсон шүүгчид тухайн танхимд нэгэнт сонсож эхэлсэн хэргийн шүүн таслах буюу давж заалдах аливаа шүүх ажиллагаа дуустал албан тушаалдаа ажиллана.

37 дугаар зүйл

Шүүгчдийн сул орон тоо

1. Сул орон тоо гарсан тохиолдолд түүнийг дүүргэх сонгуулийг 36 дугаар зүйлийн дагуу явуулна.

2. Сул орон тоонд сонгогдсон шүүгч өөрийн өмнөх шүүгчийн бүрэн эрхийн хугацаа дуусах хүртэл ажиллах бөгөөд хэрэв энэ хугацаа нь гурван жил буюу түүнээс бага байвал 36 дугаар зүйлийн дагуу бүрэн хугацаагаар дахин сонгогдож болно.

38 дугаар зүйл

Тэргүүлэгчид

1. Дарга болон түүний тэргүүн буюу хоёрдугаар дэд даргыг шүүгчдийн дийлэнх олонхийн саналаар сонгоно. Тэдгээр нь өөрсдийн чиг үүргийг гурван жилийн хугацаагаар буюу шүүгчийн хувьд өөрсдийн бүрэн эрхийн хугацаа дуустал гүйцэтгэх бөгөөд ингэхдээ эдгээр хугацааны аль өмнө дуусахаас хамаарна. Тэд нэг удаа дахин сонгогдох эрхтэй байна.

2. Хэрэв дарга эзгүй байгаа буюу халагдсан тохиолдолд даргыг тэргүүн дэд дарга орлоно. Хэрэв дарга буюу тэргүүн дэд дарга эзгүй байгаа буюу халагдсан тохиолдолд даргыг хоёрдугаар дэд дарга орлоно.

3. Дарга тэргүүн болон хоёрдугаар дэд даргын хамт тэргүүлэгчдийг бүрдүүлэх бөгөөд тэд дараахь үүрэг хариуцлагатай байна:

(а) прокурорын газраас бусад Шүүхийн асуудлыг зохих ёсоор удирдах;

(b) энэхүү дүрмийн дагуу түүнд ногдуулсан бусад чиг үүрэг.

4. 3 (а) хэсэгт дурдсан чиг үүргийг биелүүлэхдээ тэргүүлэгчид үйл ажиллагаагаа Прокурортой уялдуулах бөгөөд харилцан сонирхсон бүх асуудлаар түүний зөвшөөрлийг лавлаж байна.

39 дүгээр зүйл

Танхимууд

1. Шүүгчдийг сонгосны дараа Шүүх боломжийн түргэн хугацаанд өөрийн бүрэлдэхүүнд 34 дүгээр зүйлийн (b) хэсэгт дурдсан хэлтсүүдийг байгуулна. Давж заалдах шатны хэлтэс дарга болон өөр дөрвөн шүүгчээс, Шүүхийн хэлтэс зургаагаас доошгүй шүүгчээс, Урьдчилсан ажиллагааны хэлтэс нь зургаагаас доошгүй шүүгчээс бүрдэнэ. Шүүгчдийг хэлтсүүдийн бүрэлдэхүүнд томилоход хэлтэс бүрт ногдуулсан чиг үүргийн шинж чанар, сонгогдсон шүүгчдийн мэргэжил болон туршлагыг харгалзан хэлтэс бүрт эрүүгийн эрх зүй болон байцаан шийтгэх ажиллагаа болон олон улсын эрх зүйн салбарын мэргэжилтэй шүүгчдийн зохистой хослол байх явдлыг анхаарна. Шүүхийн хэлтэс болон Урьдчилсан ажиллагааны хэлтэс нь гол төлөв эрүүгийн хэргийн талаар шүүн таслах ажиллагаа явуулах туршлага эзэмшсэн шүүгчдээс бүрдэнэ.

2. (а) Шүүхийн шүүн таслах чиг үүргийг хэлтэс бүрт танхим гүйцэтгэнэ:

(b)(i) Давж заалдах шатны танхим нь Давж заалдах шатны хэлтсийн бүх шүүгчдээс бүрдэнэ;

(ii) Шүүн таслах танхимын чиг үүргийг Шүүхийн хэлтсийн гурван шүүгч гүйцэтгэнэ;

(iii) Урьдчилсан ажиллагааны танхимын чиг үүргийг Урьдчилсан ажиллагааны хэлтсийн гурван шүүгч буюу энэхүү дүрэм болон Дэгийн болон нотолгооны журмын дагуу энэ хэлтсийн нэг шүүгч гүйцэтгэнэ;

(c) энэ хэсэгт Шүүхийн ажлын ачааллыг үр ашигтай зохицуулах ашиг сонирхлын үүднээс шаардлагатай гэж үзвэл нэгээс илүү Шүүхийн болон Урьдчилсан ажиллагааны танхим нэгэн зэрэг байгуулах боломжийг үгүйсгэсэн зүйл байхгүй.

3. (а) Шүүхийн хэлтэс болон Урьдчилсан ажиллагааны хэлтэст томилогдсон шүүгчид нь өөрийн чиг үүргийг эдгээр хэлтэст гурван жилийн хугацаагаар болон энэ хугацаа дууссанаас хойш тухайн хэлтэст аливаа хэргийн талаар нэгэнт сонсож эхэлсэн бол түүнийг хэлэлцэж дуусгах хүртэл гүйцэтгэнэ.

(b) Давж заалдах шатны хэлтэст томилогдсон шүүгчид өөрийн чиг үүргийг энэ хэлтэст өөрийн бүрэн эрхийн бүхий л хугацааны туршид гүйцэтгэнэ.

4. Давж заалдах шатны хэлтэст томилогдсон шүүгчид өөрийн чиг үүргийг зөвхөн энэ хэлтэст гүйцэтгэнэ. Гэвч хэрэв тэргүүлэгчид Шүүхийн ажлын ачааллыг үр дүнтэй зохицуулах ашиг сонирхол ингэхийг шаардаж байна гэж үзээгүй ямар ч нөхцөл байдалд хэргийн урьдчилсан шүүн таслах ажилд оролцсон шүүгч тухайн хэргийг Шүүхийн танхимд сонсох хуралдаанд оролцох эрхгүй гэж үзсэн нөхцөлд энэ зүйлд Шүүхийн хэлтсийн шүүгчийг Урьдчилсан ажиллагааны хэлтэст түр томилох буюу эсрэгээр томилохыг үгүйсгэсэн зүйл байхгүй.

40 дүгээр зүйл

Шүүгчдийн хараат бус байдал

1. Шүүгчид чиг үүргээ гүйцэтгэхдээ хараат бус байна.

2. Шүүгчид өөрсдийн шүүгчийн чиг үүргээ гүйцэтгэхэд саад учруулах буюу тэдгээрийн хараат бус байдалд эргэлзээ төрүүлж болох ямар ч үйл ажиллагаанд оролцохгүй.

3. Шүүхийн байрлах газарт байнгын үндсэн дээр чиг үүргээ гүйцэтгэх шаардлагатай шүүгчид мэргэжлийн шинжтэй өөр ямар ч ажил эрхлэх ёсгүй.

4. Энэ 2 болон 3 дахь хэсгийг хэрэглэхтэй холбогдсон аливаа асуудлыг шүүгчдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ. Хэрэв тэдгээр асуудлын аль нэг нь хэн нэгэн шүүгчтэй холбоотой бол тухайн шүүгч нь шийдвэр гаргахад оролцож болохгүй.

41 дүгээр зүйл

Шүүгчдийг чөлөөлөх буюу татгалзах

1. Тэргүүлэгчид шүүгчийг өөрийнх нь хүсэлтээр энэхүү дүрмээр түүнд ногдуулсан чиг үүргийг биелүүлэхээс Дэгийн болон нотолгооны журмын дагуу чөлөөлж болно.

2. (а) Шүүгч аливаа үндэслэлээр түүний шудрага байх эсэх нь зайлшгүй эргэлзээнд хүрэх хэргийг хянан хэлэлцэхэд оролцохгүй. Хэрэв тухайн шүүгч Шүүхийн ажиллагаанд ямар ч үүрэгтэй оролцохоос үл шалтгаалан тухайн хэрэгтэй буюу үндэсний түвшинд мөрдөн байцаалтад байсан этгээдийн оролцоотойгоор тухайн хэрэгт холбогдох эрүүгийн хэрэгт урьд нь холбоотой байсан бол энэ хэсгийн дагуу шүүгчийг хэргийг хянан хэлэлцэхэд оролцохоос татгалзана. Дэгийн болон нотолгооны журамд дурдсан бусад үндэслэлээр Шүүгчийг хэрэг хянан хэлэлцэхэд оролцохоос татгалзаж болно.

(b) Прокурор буюу мөрдөн байцаагдаж байгаа хүн энэ хэсгийн дагуу шүүгчээс татгалзах хүсэлт гаргаж болно.

(c) Шүүгчээс татгалзахтай холбогдсон аливаа асуудлыг шүүгчдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ. Татгалзагдаж байгаа шүүгчид тухайн асуудлаар өөрийн тайлбар хийх эрх олгох боловч шийдвэр гаргах ажиллагаанд түүнийг оролцуулахгүй.

42 дугаар зүйл

Прокурорын газар

1. Прокурорын газар Шүүхийн бие даасан байгууллагын хувьд хараат бусаар үйл ажиллагаа явуулна. Тэрээр шилжүүлсэн нөхцөл байдал болон Шүүхээс хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах гэмт хэргийн тухай үндэслэлтэй аливаа мэдээлэл авах, тэдгээрийг судлах болон Шүүхийн өмнө мөрдөн байцаалт явуулах асуудлыг хариуцна. Газрын ажилтнууд нь гадны аливаа эх сурвалжаас заавар авахгүй бөгөөд авахыг эрмэлзэхгүй.

2. Газрыг Прокурор тэргүүлнэ. Прокурор боловсон хүчин, ажлын байр болон түүний мэдэлд байгаа бусад нөөцийг оролцуулан Газрын зохион байгуулалт болон удирдлагатай холбоотой бүх бүрэн эрхийг эдэлнэ. Прокурор энэ Дүрмийн дагуу прокурорын гүйцэтгэх шаардлагатай аливаа үйлдлийг хэрэгжүүлэх эрх бүхий нэг буюу хэд хэдэн орлогчийн туслалцаа авна. Прокурор болон Прокурорын орлогчид нь өөр орны иргэд байх ёстой. Тэд орон тооны ажилтан байна.

3. Прокурор болон Прокурорын орлогчид нь өндөр ёс суртахуунтай, нарийн мэргэшилтэй бөгөөд эрүүгийн хэргийн талаар мөрдөн байцаалт явуулах практикийн өргөн туршлагатай хүмүүс байна. Тэд Шүүхийн ажлын хэлний наад зах нь аль нэгийг төгс эзэмшсэн бөгөөд чөлөөтэй ярьдаг байх ёстой.

4. Прокурорыг оролцогч улсуудын Ассамблейн гишүүдийн дийлэнх олонхийн саналаар нууц санал хураалтаар сонгоно. Прокурорын орлогчдыг Прокурорын санал болгосон нэр дэвшигчдийн жагсаалтаас мөн тийм журмаар сонгоно. Прокурор гурван нэр дэвшигчийг Прокурорын орлогчийн албан тушаал бүрт томилуулахаар нэр дэвшүүлнэ. Хэрэв тэдгээрийг сонгох үед бүрэн эрхийн арай богино хугацаа заасан шийдвэр гаргаагүй бол Прокурор болон Прокурорын орлогчдыг есөн жилийн хугацаагаар сонгох бөгөөд дахин сонгохгүй.

5. Прокурор болон Прокурорын орлогчид прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэхэд саад учруулах буюу тэдгээрийн хараат бус байдалд эргэлзээ төрүүлж болох ямар ч үйл ажиллагаанд оролцохгүй. Тэд өөр төрлийн ямар ч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхгүй.

6. Тэргүүлэгчид Прокурор буюу Прокурорын орлогчийг өөрийнх нь хүсэлтээр ямар нэгэн тодорхой хэрэгт оролцохоос чөлөөлж болно.

7. Прокурор ч, Прокурорын орлогчид ч тэдгээрийн шудрага байдлыг аливаа үндэслэлээр, зохих эргэлзээнд оруулж болох ямар ч хэрэгт оролцохгүй. Хэрэв тэд өмнө нь Шүүхээр тухайн хэргийг авч хэлэлцэхэд аливаа нэгэн байдлаар буюу үндэсний түвшинд түүнтэй холбоотой эрүүгийн хэргийг авч хэлэлцэхэд оролцож байсан бөгөөд түүнд нь мөрдөгдөж байгаа буюу шүүхийн мөрдөлтөд өртөж байгаа этгээд холбоотой байсан бол энэ хэсгийн дагуу тэдгээрийг хэргийг хянан хэлэлцэхэд оролцохоос татгалзана.

8. Прокурор буюу Прокурорын орлогчийг татгалзахтай холбогдсон аливаа асуудлыг Давж заалдах шатны танхим шийдвэрлэнэ.

(а) мөрдөн байцаалтад байгаа буюу өөрийнх нь хувьд шүүх ажиллагаа явагдаж байгаа этгээд ямар ч үед Прокурор буюу Прокурорын орлогчийг энэ зүйлд дурдсан үндэслэлээр татгалзах хүсэлт гаргаж болно.

(b) Прокурор буюу Прокурорын орлогч энэ асуудлаар өөрийн тайлбарыг хийх эрхтэй.

9. Прокурор бэлгийн, хүйсийн хүчирхийлэл болон хүүхдийн хүчирхийлэлтэй холбогдсон асуудлыг оролцуулан, гэхдээ эдгээр асуудлуудаар хязгаарлагдахгүй тусгай асуудлаар хууль зүйн мэдлэг, туршлагатай зөвлөхүүдийг томилно.

43 дугаар зүйл

Нарийн бичгийн дарга нарын газар

1. Нарийн бичгийн дарга нарын газар нь Шүүхийн ажил хэргийг удирдах болон үйлчлэхтэй холбогдсон шүүхийн бус асуудлыг 42 дугаар зүйлийн дагуу Прокурорын чиг үүрэг болон бүрэн эрхэд хохирол учруулахгүйгээр эрхлэн хариуцна.

2. Нарийн бичгийн дарга нарын газрыг Шүүхийн захиргаанд үндсэн албан тушаалтан болох нарийн бичгийн дарга тэргүүлнэ. Нарийн бичгийн дарга өөрийн чиг үүргийг Шүүхийн Даргын удирдлагын дор хэрэгжүүлнэ.

3. Нарийн бичгийн дарга болон түүний орлогч нь өндөр ёс суртахуунтай, өргөн мэдлэгтэй байх бөгөөд Шүүхийн наад зах нь ажлын хэлний аль нэгийг төгс эзэмшсэн болон чөлөөтэй ярьдаг байна.

4. Шүүгчид оролцогч улсуудын Ассамблейн аливаа зөвлөмжийг анхааралдаа авах замаар нарийн бичгийн даргыг дийлэнх олонхийн саналаар сонгоно. Хэрэв тийм шаардлага гарсан үед болон нарийн бичгийн даргын зөвлөмжөөр шүүгчид нарийн бичгийн даргын орлогчийг мөн тийм замаар сонгоно.

5. Нарийн бичгийн дарга таван жилийн бүрэн эрхийн хугацаатай сонгогдох бөгөөд нэг удаа дахин сонгогдож болохын зэрэгцээ орон тоогоор ажиллана. Нарийн бичгийн даргын орлогч өөрийн албан тушаалд таван жилийн бүрэн эрхийн хугацаатай ажиллах буюу шүүгчдийн дийлэнх олонхийн саналаар нэлээд богино хугацаа тогтоож болох бөгөөд түүнийг нарийн бичгийн даргын орлогч зайлшгүй шаардлагын дагуу чиг үүрэг гүйцэтгэж болно гэсэн үндэслэлээр сонгоно.

6. Нарийн бичгийн дарга Нарийн бичгийн дарга нарын газрын бүтцэд хохирогч болон гэрчүүдэд туслалцаа үзүүлэх ажлын хэсгийг байгуулна. Энэ хэсэг нь Прокурорын газартай зөвлөлдөн Шүүхэд хандсан гэрчүүд, хохирогчид болон тухайн гэрчүүдийн мэдүүлгийн үр дүнд аюулд учраад байгаа бусад хүнд зориулсан хамгаалалтын арга хэмжээ авах болон аюулгүйн журам тогтоох, зөвлөлгөө өгөх болон холбогдох бусад туслалцаагаар хангана. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй холбогдсон гэмтлийг оролцуулан гэмтэлд хамаарах асуудлаар ажлын туршлага бүхий ажилтнууд орно.

44 дүгээр зүйл

Ажилтан

1. Прокурор болон Нарийн бичгийн дарга өөрсдийн байгууллагуудад шаардлагатай мэргэжлийн ажилтнуудыг томилон ажиллуулна. Прокурорын хувьд энэ нь мөрдөн байцаагчдын томилгоог багтаана.

2. Ажилтнуудыг ажиллуулахдаа Прокурор болон Нарийн бичгийн дарга ажиллах чадварын өндөр түвшин, нэр хүнд болон шудрага чанарыг хангах бөгөөд түүнчлэн 36 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт дурдсан mutatis mutandis шалгуурыг харгалзан үзнэ.

3. Нарийн бичгийн дарга Тэргүүлэгчид болон Прокурорын зөвшөөрөлтэйгээр Ажилтны тухай журмыг санал болгох бөгөөд тэр нь Шүүхийн ажилтныг томилох, цалин хөлс авах буюу ажлаас халах нөхцлийг тусгана. Ажилтны тухай журмыг оролцогч улсуудын Ассамблей батална.

4. Шүүх онцгой нөхцөл байдалд оролцогч улсууд, засгийн газар хоорондын байгууллагууд буюу засгийн газрын бус байгууллагуудаас Шүүхийн аливаа байгууллагын ажилд туслах зорилгоор томилсон төлбөргүйгээр ажиллах мэргэжилтний үйлчилгээг ашиглаж болно. Прокурор аливаа тийм саналыг Прокурорын газрын нэрийн өмнөөс хүлээн авч болно. Төлбөргүйгээр ажиллах тийм ажилтнуудыг оролцогч улсуудын Ассамблейн тогтоосон үндсэн зааврын дагуу ажиллуулна.

45 дугаар зүйл

Тангараг өргөх

Шүүгчид, Прокурор, Прокурорын орлогчид, Нарийн бичгийн дарга болон Нарийн бичгийн даргын орлогч энэхүү дүрмийн дагуу албан тушаалдаа орохын өмнө Шүүхийн нээлттэй хуралдаан дээр өөрийн холбогдох чиг үүргийг чин шударга бөгөөд үнэнчээр биелүүлэх талаар тангараг өргөнө.

46 дугаар зүйл

Албан тушаалаас огцруулах

1. Хэрэв 2 дахь хэсгийн дагуу энэ тухай шийдвэр гарвал дараахь тохиолдолд Шүүгч, Прокурор, Прокурорын орлогч, Нарийн бичгийн дарга буюу Нарийн бичгийн даргын орлогчийг эрхэлж буй албан тушаалаас нь огцруулна;

(а) тухайн этгээд ноцтой хэрэг үйлдсэн буюу энэхүү дүрмийн дагуу өөрийн хүлээсэн чиг үүргээ ноцтой зөрчсөн болох нь Дэгийн болон нотолгооны журамд заасны дагуу тогтоогдсон; буюу

(b) тухайн этгээд энэхүү дүрмийн дагуу түүнд хүлээлгэсэн чиг үүргийг биелүүлэх чадваргүй бол.

2. Шүүгч, Прокурор, Прокурорын орлогчийг албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг 1 дэх хэсгийн дагуу нууц санал хураалтаар оролцогч улсуудын Ассамблей гаргана.

(а) Шүүгчийн хувьд - үлдсэн шүүгчдийн саналын гуравны хоёрын саналаар батласан зөвлөмжийг үндэслэн оролцогч улсуудын гуравны хоёрын саналаар;

(b) Прокурорын хувьд – оролцогч улсуудын дийлэнх олонхийн саналаар;

(c) Прокурорын орлогчийн хувьд - Прокурорын зөвлөмжийг үндэслэн оролцогч улсуудын дийлэнх олонхийн саналаар.

3. Нарийн бичгийн дарга буюу Нарийн бичгийн даргын орлогчийг албан тушаалаас огцруулах тухай шийдвэрийг шүүгчдийн дийлэнх олонхийн саналаар гаргана.

4. Энэхүү дүрмийн дагуу шаардаж буй албан тушаалын чиг үүргийг биелүүлэх талаар биеэ авч яваа байдал болон чадвар нь энэ зүйлийн үндсэн дээр огцруулахад хүргэж байгаа Шүүгч, Прокурор, Прокурорын орлогч, Нарийн бичгийн дарга буюу Нарийн бичгийн даргын орлогчид нотолгоо гаргах буюу цуглуулах болон Дэгийн болон нотолгооны журмын дагуу тайлбар хийхэд чиглэсэн бүх боломжийг олгоно. Тухайн асуудлыг авч хэлэлцэхэд энэ этгээд өөрөө оролцохгүй.

47 дугаар зүйл

Сахилгын арга хэмжээ

46 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дурдсанаас ноцтой бус шинжтэй хэрэг үйлдсэн Шүүгч, Прокурор, Прокурорын орлогч, Нарийн бичгийн дарга буюу Нарийн бичгийн даргын орлогчийн хувьд Дэгийн болон нотолгооны журмын дагуу сахилгын арга хэмжээ авна.

48 дугаар зүйл

Дархан эрх болон эрх ямба

1. Шүүх оролцогч улс бүрийн нутаг дэвсгэрт өөрийн зорилгыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай дархан эрх болон эрх ямба эдлэнэ.

2. Шүүгчид, Прокурор, Прокурорын орлогчид, Нарийн бичгийн дарга нь Шүүхийн үйл ажиллагаанд оролцохдоо буюу тухайн үйл ажиллагааны хувьд дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнд олгодог дархан эрх болон эрх ямбыг эдлэх бөгөөд тэдний албан үүргээ гүйцэтгэж байхдаа хэлсэн, бичсэн бүх зүйл болон үйлдсэн үйлдлийнх нь талаарх шүүх, байцаан шийтгэх ажиллагаатай холбогдсон дархан эрхийг тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш ч үргэлжүүлэн эдлүүлнэ.

3. Нарийн бичгийн даргын орлогч, Прокурорын газрын болон Нарийн бичгийн дарга нарын газрын ажилтнууд Шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийн дагуу тэдгээрийн чиг үүргээ биелүүлэхэд зайлшгүй шаардлагатай дархан эрх, эрх ямба болон хөнгөлөлт эдлэнэ.

4. Шүүхийн байрлах газарт шаардлагатай байгаа өмгөөлөгч, мэргэжилтнүүд, гэрчүүд болон аливаа бусад хүнд Шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийн дагуу Шүүхийн хэвийн ажиллагаанд шаардлагатай тийм эрх зүйн байдлыг эдлүүлнэ.

5. Дархан эрх болон эрх ямбыг дараахь албан тушаалтнуудад татгалзаж болно:

(а) шүүгч буюу прокурорын хувьд шүүгчдийн дийлэнх олонхийн саналаар;

(b) Нарийн бичгийн даргын хувьд - Тэргүүлэгчид;

(c) Прокурорын орлогчид болон прокурорын газрын ажилтнуудын хувьд – Прокурор; болон

(d) Нарийн бичгийн даргын орлогчийн болон Нарийн бичгийн дарга нарын газрын ажилтнуудын хувьд – Нарийн бичгийн дарга.

49 дүгээр зүйл

Цалин, тэтгэмж болон зардал

Шүүгчид, Прокурор, Прокурорын орлогчид, Нарийн бичгийн дарга болон Нарийн бичгийн даргын орлогчид оролцогч улсуудын Ассамблейн тодорхойлсон цалин, тэтгэмж болон зардлыг авна. Энэхүү цалин, тэтгэмжийн хэмжээг тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа дуустал бууруулж болохгүй.

50 дугаар зүйл

Албан ёсны ба ажлын хэл

1. Шүүхийн албан ёсны хэл нь англи, араб, испани, орос, франц болон хятад хэл байна. Шүүхийн тогтоол, түүнчлэн Шүүхээр авч хэлэлцсэн үндсэн асуудлаарх шийдвэрийг албан ёсны хэлээр хэвлэн нийтлэнэ. Дэгийн болон нотолгооны журмаар тогтоосон шалгуурын дагуу Шүүхийн ямар шийдвэрийг энэ хэсгийн зорилгоор үндсэн асуудлаарх ч шийдвэр гэж үзэхийг тэргүүлэгчид тодорхойлно.

2. Шүүхийн ажлын хэл нь англи болон франц хэл байна. Албан ёсны бусад хэлийг ажлын хэл болгон ашиглах тохиолдлуудыг дэгийн болон нотолгооны журмаар тодорхойлно.

3. Тийнхүү зөвшөөрөх нь хангалттай үндэслэлтэй гэж Шүүх үзсэн нөхцөлд шүүх ажиллагаанд оролцож байгаа талуудын аль нэгний буюу шүүх ажиллагаанд оролцохыг зөвшөөрсөн аль нэг улсын хүсэлтээр тухайн тал буюу тухайн улс англи буюу францаас бусад аливаа хэл ашиглахыг Шүүх зөвшөөрнө.

51 дүгээр зүйл

Дэгийн ба нотолгооны журам

1. Дэгийн болон нотолгооны журам нь оролцогч улсуудын Ассамблей гуравны хоёрын саналаар батласны дараа хүчин төгөлдөр болно.

2. Дэгийн болон нотолгооны журамд оруулах нэмэлт өөрчлөлтийг:

(а) аливаа оролцогч улс;

(b) шүүгчдийн саналын дийлэнх олонхоор; буюу

(c) прокурор санал болгоно.

Тийм нэмэлт өөрчлөлт нь оролцогч улсуудын Ассамблейн гишүүдийн гуравны хоёрын саналаар батласны дараа хүчин төгөлдөр болно.

3. Дэгийн болон нотолгооны журмыг батласнаас хойш Шүүхийн өмнө тавигдаж буй тодорхой нөхцөл байдал гарсан бөгөөд хойшлуулалшгүй шаардлагатай тохиолдолд оролцогч улсуудын Ассамблей өөрийн дараагийн ээлжит буюу тусгай чуулган дээр тэдгээрийг батлах, нэмэлт өөрчлөлт оруулах буюу батлахаас татгалзах хүртэлх хугацаанд хэрэглэх түр дүрмийг шүүгчид гуравны хоёрын саналаар баталж болно.

4. Дэгийн болон нотолгооны журам, түүнд оруулах нэмэлт өөрчлөлт болон аливаа түр журам нь энэхүү дүрэмд нийцэх ёстой. Дэгийн болон нотолгооны журамд оруулах нэмэлт өөрчлөлт, түүнчлэн түр журмыг мөрдөн байцаалтад байгаа болон өөрийнх нь хувьд шүүх ажиллагаа явагдаж байгаа буюу гэм буруутай хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн этгээдэд хохирол учруулах байдлаар буцаан хэрэглэж болохгүй.

5. Дүрэм болон дэгийн болон нотолгооны журмын хооронд зөрчилдөөн гарвал Дүрэм давуу хүчинтэй байна.

52 дугаар зүйл

Шүүхийн дотоод дүрэм

1. Энэхүү дүрэм болон Дэгийн болон нотолгооны журмын дагуу өөрийн өдөр тутмын хэвийн ажиллагааг хангахад шаардлагатай Шүүхийн дотоод дүрмийг дийлэнх олонхийн саналаар шүүгчид батлана.

2. Дотоод дүрэм боловсруулах болон түүнд оруулах нэмэлт өөрчлөлтийг боловсруулахдаа Прокурор болон Нарийн бичгийн даргатай зөвлөнө.

3. Хэрэв шүүгчид өөр шийдвэр гаргаагүй бол дотоод дүрэм болон аливаа нэмэлт өөрчлөлт нь тэдгээрийг батласны дараа хүчин төгөлдөр болно. Тэдгээрийг батласны дараа санал авахын тулд оролцогч улсуудад даруй тараана. Хэрэв зургаан сарын хугацаанд оролцогч улсуудын олонхийн зүгээс эсэргүүцэл илэрхийлээгүй бол тэдгээр нь хүчинтэй хэвээр үлдэнэ.

5 ДУГААР ХЭСЭГ

МӨРДӨН БАЙЦААЛТ БОЛОН ЭРҮҮГИЙН МӨШГӨЛТ

53 дугаар зүйл

Мөрдөн байцаалтыг эхлэх

1. Прокурор хэрэв энэхүү дүрмийн дагуу үйлдлийг хүлээн авах бодит үндэслэл алга гэж тодорхойлоогүй нөхцөлд түүнд гаргаж өгсөн мэдээллийг үнэлж үзээд мөрдөн байцаалтыг эхлэнэ. Мөрдөн байцаалт эхлэх тухай шийдвэр гаргахдаа Прокурор дараахь асуудлыг авч үзнэ:

(а) Прокурорын мэдэлд байгаа мэдээлэл Шүүхээс шүүн шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа гэмт хэрэг үйлдэгдсэн буюу үйлдэгдэж байна гэж үзэх бодитой үндэслэл болж чадах эсэх;

(b) энэ хэргийг 17 дугаар зүйлийн дагуу хүлээн авч болохуйц эсэх; болон

(c) гэмт хэргийн хүнд хөнгөн байдал болон хохирогчийн эрх ашгийн үүднээс үзэхэд мөрдөн байцаалт явуулах нь шүүн таслах эрх ашигт нийцэхгүй гэж үзэх үнэмшилтэй үндэслэл болж чадах эсэх.

Хэрэв Прокурор үйлдлийг хүлээж авах бодит үндэслэл байхгүй гэж тодорхойлсон болон түүний тодорхойлолт нь зөвхөн дээр дурдсан (c) дэд хэсгийн төсөөлөл дээр үндэслэсэн бол тэрээр Урьдчилсан ажиллагааны танхимд энэ тухай мэдэгдэнэ.

2. Хэрэв мөрдөн байцаалт явуулсны дараа Прокурор дараахь шалтгаанаар эрүүгийн хэргийн мөрдөн байцаалт эхлэх хангалттай үндэслэл байхгүй гэсэн дүгнэлтэд хүрвэл:

(а) 58 дугаар зүйлийн дагуу зөвшөөрөл буюу захирамж хүсэх эрх зүйн бодит үндэслэл байхгүй;

(b) хэрэг нь 17 дугаар зүйлийн дагуу хүлээн авч болохооргүй; буюу

(c) гэмт хэргийн хүнд хөнгөн байдлын хэр хэмжээ хохирогчийн ашиг сонирхол, сэжиглэгдэж байгаа гэмт этгээдийн нас буюу сул дорой байдал, түүнчлэн сэжиглэгдэж буй гэмт хэрэгт түүний гүйцэтгэсэн үүргийг оролцуулан бүх нөхцөл байдлыг харгалзан үзэхэд эрүүгийн мөрдөлтийн ашиг сонирхолд нийцэхгүй бол Прокурор 13 дугаар зүйлийн (b) хэсгийн заалтад хамаарах тохиолдолд өөрийн дүгнэлт буюу тийм дүгнэлт гаргах болсон үндэслэлийнхээ тухай Урьдчилсан шүүх ажиллагааны танхим болон 14 дүгээр зүйлийн дагуу нөхцөл байдлыг шилжүүлж байгаа улс буюу Аюулгүйн зөвлөлд мэдэгдэнэ.

3. (а) 14 дүгээр зүйлийн дагуу нөхцөл байдлыг шилжүүлж байгаа улс буюу Аюулгүйн зөвлөлийн хүсэлтээр, 13 дугаар зүйлийн (b) хэсгийн дагуу Урьдчилсан ажиллагааны танхим 1 буюу 2 дахь хэсгийн дагуу үйл ажиллагаа явуулахгүй байх тухай шийдвэрийг дахин авч үзэж болох бөгөөд өөрийн шийдвэрээ эргэж авч үзэхийг Прокуророос хүсч болно.

(b) Түүнээс гадна хэрэв тухайн шийдвэр нь зөвхөн 1 дэх хэсгийн (c) дэд хэсэг буюу 2 дахь хэсгийн (c) дэд хэсгийн заалтад тулгуурласан бол Урьдчилсан ажиллагааны танхим өөрийн санаачлагаар үйл ажиллагаа явуулахгүй байх тухай Прокурорын шийдвэрийг өөрчилж болно. Тийм тохиолдолд Урьдчилсан ажиллагааны танхим түүнийг батласан зөвхөн тэр үед Прокурорын шийдвэр хүчинтэй болно.

4. Прокурор ямар ч үед шинэ баримт буюу мэдээллийн үндсэн дээр мөрдөн байцаалт буюу эрүүгийн мөрдөлт санаачлан эхлэх шийдвэрийг дахин хянан үзэж болно.

54 дүгээр зүйл

Мөрдөн байцаалтад прокурорын үүрэг буюу бүрэн эрх

1. Прокурор:

(а) үнэнийг тогтоохын тулд энэхүү дүрмийн дагуу эрүүгийн хариуцлага бий болгож байгаа эсэхийг үнэлэхэд холбогдсон бүх баримт болон нотлох баримтыг хамруулахын тулд мөрдөн байцаалтыг сунгаж явуулах бөгөөд ингэхдээ гэм буруутай буюу гэм буруугүй болохыг гэрчилсэн нөхцөл байдлыг мөн нэгэн адил мөрдөн байцаана;

(b) Шүүхээс шүүн шийдвэрлэх хэрэгт хамаарах гэмт хэргийг үр ашигтай мөрдөн байцаах явдлыг хангахын тулд шаардлагатай арга хэмжээ авах бөгөөд ингэхдээ хохирогч болон гэрч нарын ашиг сонирхол болон хувийн нөхцөл байдал, түүний дотор 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тодорхойлсон нас, хүйсийн хүчин зүйл болон эрүүл мэндийн байдлыг баримтлан, түүнчлэн гэмт хэрэг, ялангуяа бэлгийн, хүйсийн болон хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийг харгалзан үзэх; болон

(c) энэхүү дүрмээс урган гарах тухайн этгээдийн эрхийг бүрэн хэмжээгээр хангана.

2. Прокурор ямар ч улсын нутаг дэвсгэрт мөрдөн байцаалт явуулж болох бөгөөд ингэхдээ(:

(а) 9 дүгээр хэсгийн заалтын дагуу; буюу

(b) 57 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн (d) дэд хэсгийн дагуу Урьдчилсан ажиллагааны танхимаас олгосон зөвшөөрлийн дагуу тус тус явуулна.

3. Прокурор дараахь зүйлийг хийж болно:

(а) нотлох баримт цуглуулах болон судлах;

(b) мөрдөгдөж байгаа этгээд, хохирогч болон гэрч нарыг хүрэлцэн ирэхийг шаардах болон байцаалт авах;

(c) аливаа улс буюу засгийн газар хоорондын байгууллага буюу тэдгээрийн холбогдох бүрэн эрх болон/буюу эрх зүйн дагуу тус дэмжлэг авах;

(d) энэхүү дүрэмтэй зөрчилдөхгүй ямар нэгэн улс, засгийн газар хоорондын байгууллага буюу этгээдийн зүгээс хамтын ажиллагааг хөнгөвчлөхөд шаардлагатай байж болох тийм хэлэлцээр буюу тохиролцоо байгуулах;

(e) хэрэв зөвхөн баримт бичиг болон мэдээллийг гарган өгч байгаа хүн үүнийг зөвшөөрөөгүй бол Прокуророос нууцлалыг хадгалах нөхцлөөр авсан баримт бичиг буюу мэдээллийг мөрдөн байцаалтын аливаа шатанд задруулахгүй байхыг батлах болон тэдгээрийг зөвхөн шинэ нотлох баримт бичиг олж авах зорилгоор ашиглах;

(f) мэдээллийн нууцыг хангах, аливаа хүнийг хамгаалах буюу нотлох баримтын бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор зайлшгүй шаардлагатай арга хэмжээ авах буюу авах хүсэлт гаргах.

55 дугаар зүйл

Мөрдөн байцаалтын явц дахь тодорхой этгээдийн эрх

1. Энэхүү дүрмийн дагуу явуулж байгаа мөрдөн байцаалтын хувьд тухайн этгээд:

(а) өөрийн эсрэг мэдүүлэг өгөх буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадах ёсгүй;

(b) аливаа хэлбэрээр албадах, дарамтад оруулах болон айлган сүрдүүлэх, эрүү шүүлт тулгах буюу бусад байдлаар харгис хэрцгий, хүнлэг бус харьцах, нэр төрийг нь гутаах буюу тийм ял хэрэглэх;

(c) хэрэв байцаалтыг тухайн хүн бүрэн ойлгохгүй хэлээр явуулж байгаа болон тэрээр тухайн хэлээр ярьдаггүй бол өндөр мэргэжлийн орчуулагчийн тусламжийг үнэ төлбөргүйгээр авах буюу шудрага ёсны шаардлагыг хангахад зайлшгүй орчуулгатай байх ёстой;

(d) Дүрэмд заасан үндэслэл буюу журмаас гадуур баривчлах буюу албадан саатуулах, түүнчлэн хорих ёсгүй.

2. Аль нэгэн этгээд Шүүхээс шүүн шийдвэрлэх хэрэгт хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл байгаа болон тухайн этгээдийг энэхүү дүрмийн 9 дүгээр хэсгийн дагуу илгээсэн хүсэлтийн дагуу Прокурор буюу үндэсний эрх бүхий байгууллага байцаах ёстой тийм тохиолдолд тухайн этгээд дараахь эрх эдлэх бөгөөд энэ тухай түүнд байцаалт эхлэхээс өмнө мэдэгдэнэ:

(а) тухайн этгээд Шүүхээс шүүн шийдвэрлэх хэрэгт хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл байгаа тухай байцаалт эхлэхээс өмнө мэдээлэл авсан байх;

(b) дуугүй байх, ингэхдээ тийм дуугүй байсныг гэм буруутай, эсхүл гэм буруугүй болохыг тодорхойлоход харгалзан үзэх ёсгүй;

(c) өөрийн сонголтоор эрх зүйн туслалцаа авах, эсхүл хэрэв тухайн этгээд эрх зүйн туслалцаа аваагүй бол шүүн таслах ажлын ашиг сонирхол шаардаж байгаа үед ямар ч тохиолдолд түүнд зориулсан эрх зүйн туслалцааг тухайн туслалцааны төлөө төлбөр гүйцэтгэх хангалттай чадвар тухайн этгээдэд байхгүй ч гэсэн ямар нэгэн төлбөргүйгээр авах;

(d) хэрэв тухайн этгээд өөрийн хүсэл зоригоор өмгөөлөгчийн үйлчилгээ авах эрхээсээ татгалзаагүй бол өмгөөлөгчөө байлцуулан байцаагдах.

56 дугаар зүйл

Мөрдөн байцаалтын аятай боломжийн хувьд

Урьдчилсан ажиллагааны танхимын гүйцэтгэх үүрэг

1. (а) Хэрэв Прокурор мөрдөн байцаалт явуулах нь шүүх хуралдааны явцад ашиглах зорилгоор цаашид авах боломжгүй байж болох нотлох баримтыг судлах, цуглуулах, эсхүл шалгах зорилгоор гэрчийн мэдүүлэг авах аятай боломж бүрдэж байна гэж үзвэл энэ тухай Прокурор Урьдчилсан ажиллагааны танхимд мэдэгдэнэ.

(b) Энэ тохиолдолд Урьдчилсан ажиллагааны танхим Прокурорын хүсэлтээр шүүхийн мөшгөлтийн үр нөлөө болон бүрэн жигд байдлыг хангах, түүнчлэн өмгөөлөлийн эрхийг хамгаалахад шаардлагатай байж болох тийм арга хэмжээг авч болно.

(c) хэрэв Урьдчилсан ажиллагааны танхим өөр шийдвэр гаргаагүй бол (а) дэд хэсэгт дурдсан мөрдөн байцаалттай холбогдуулан тухайн этгээдийг сонсох боломжоор хангахын тулд Шүүхийн шийдвэрээр баривчлагдсан буюу шүүхэд дуудагдан ирсэн этгээдэд Прокурор холбогдох мэдээллийг өгнө.

2. 1 дэх хэсгийн (b) дэд хэсэгт дурдсан арга хэмжээ нь дараахь зүйлээс бүрдэж болно:

(а) дагаж мөрдөх журмын талаар зөвлөмж буюу зааварчилгаа өгөх;

(b) хэргийн ажиллагааны протокол хөтлөх тухай заавар өгөх;

(c) туслалцаа үзүүлэх шинжээч томилох;

(d) шүүхийн шийдвэрээр баривчлагдсан буюу шүүхэд дуудагдсан этгээдийн өмгөөлөгчид хуралдаанд оролцох зөвшөөрөл олгох, эсхүл хэрэв баривчилгаа хийгдээгүй, эсхүл тухайн этгээд ирээгүй, эсхүл өмгөөлөгч нь тодорхойлогдоогүй бол хуралдаанд оролцох болон өмгөөлөх ашиг сонирхлыг төлөөлөх өөр өмгөөлөгчийг томилох;

(e) Урьдчилсан ажиллагааны танхим буюу Шүүхийн хэлтэст байгаа өөрийн аль нэг гишүүнийг шаардлагатай бол өөр шүүгчийг нотлох баримт цуглуулах болон хадгалах буюу тухайн этгээдийг байцаах явдалд хяналт тавих болон зөвлөмж, заавар өгөх зорилгоор томилох;

(f) нотлох баримт цуглуулах буюу хадгалахад зайлшгүй шаардлагатай байж болох бусад үйл ажиллагаа.

3. (а) Хэрэв Прокурор энэ зүйлийн дагуу арга хэмжээ авахыг шаардаагүй, харин Урьдчилсан ажиллагааны танхимын түүний үзэж байгаагаар шүүх ажиллагааны явцад өмгөөллийн ашиг сонирхлыг хангах зорилгоор зайлшгүй ач холбогдолтой нотлох баримтыг хадгалахын тулд тийм арга хэмжээ зайлшгүй гэж үзвэл тэрээр Прокуророос тийм арга хэмжээ авахыг шаардахгүй байгаа явдлын үндэслэлийн талаар Прокурортой зөвлөлдөнө. Хэрэв зөвлөлдөөний үр дүнд Урьдчилсан шүүх ажиллагааны танхим тийм арга хэмжээ авахыг шаардахыг Прокурор хүсэхгүй байгаа нь үндэслэлгүй гэсэн дүгнэлтэд хүрвэл Урьдчилсан ажиллагааны танхим өөрийн санаачлагаар тийм арга хэмжээ авч болно.

(b) энэ хэсгийн дагуу өөрийн санаачлагаар үйл ажиллагаа явуулах тухай Урьдчилсан ажиллагааны танхимын шийдвэрийг Прокурор давж заалдаж болно. Давж заалдах өргөдлийг нэн даруй хэлэлцэнэ.

4. Энэ зүйлийн дагуу шүүх хуралдаанд зориулан хадгалсан буюу цуглуулсан нотлох баримт болон тэдгээрийн бүртгэлийг хэрэглэх эсэхийг 69 дүгээр зүйлийн дагуу явагдах шүүх ажиллагааны явцад тодорхойлох бөгөөд түүнд Шүүхийн танхимаас тодорхойлсон үнэлгээний дагуу хандана.

57 дугаар зүйл

Урьдчилсан ажиллагааны танхимын чиг үүрэг ба эрх мэдэл

1. Хэрэв энэ Дүрэмд өөрөөр заагаагүй бол Урьдчилсан ажиллагааны танхим өөрийн чиг үүргийг энэ зүйлийн заалтын дагуу хэрэгжүүлнэ.

2. (а) 15, 18, 19, 54 дүгээр зүйл, 61 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт болон 72 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн заалтуудын дагуу Урьдчилсан ажиллагааны танхимаас гаргах тогтоол буюу шийдвэрийг шүүгчдийн олонхийн саналаар батлана.

(b) Хэрэв Дэгийн болон нотолгооны журамд өөрөөр заагаагүй буюу Урьдчилсан ажиллагааны танхимын шүүгчдийн олонхийн саналаар өөрөөр шийдвэрлээгүйгээс бусад бүх тохиолдолд Урьдчилсан ажиллагааны танхимын нэг шүүгч энэхүү дүрэмд дурдсан үүргийг гүйцэтгэж болно.

3. Энэхүү дүрмийн дагуу гүйцэтгэх өөрийн бусад үүргийн зэрэгцээ Урьдчилсан ажиллагааны танхим дараахь чиг үүргийг гүйцэтгэж болно:

(а) прокурорын хүсэлтээр мөрдөн байцаалт явуулах зорилгод шаардлагатай байж болох тийм зөвшөөрөл буюу захирамж гаргах;

(b) 58 дугаар зүйлийн дагуу баривчлагдсан буюу захирамжаар хүрэлцэн ирсэн этгээдийн хүсэлтээр 56 дугаар зүйлд дурдсан арга хэмжээг оролцуулан захирамж гаргах буюу тухайн этгээдийг өмгөөлөхөд бэлтгэх зорилгоор тухайн этгээдэд тусламж үзүүлэхэд шаардлагатай байж болох 9 дүгээр хэсэг дурдсан хамтын ажиллагааг эрэлхийлэх;

(c) шаардлагатай тохиолдолд хохирогч болон гэрчийн хувийн амьдралын хамгаалалт болон халдашгүй байдал, нотлох баримтын бүрэн бүтэн байдал, баривчлагдсан буюу зарлан дуудах захирамж авсан этгээдийг хамгаалах болон үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээллийг хамгаалах явдлыг хангах;

(d) хэрэв тухайн тохиолдлын хувьд Урьдчилсан ажиллагааны танхим тухайн улс 9 дүгээр хэсгийн дагуу хамтран ажиллах тухай хүсэлтийг биелүүлэхэд шаардлагатай эрх бүхий байгууллага буюу шүүхийн тогтолцооны ямар нэг хэсэг, байгууллага байхгүйгээс шалтгаалан хамтран ажиллах тухай хүсэлтийг биелүүлэх ямар ч чадваргүй гэж тогтоосон бол, боломжийн хэрээр холбогдох улсын байр суурийг анхааралдаа авах замаар 9 дүгээр хэсгийн дагуу хамтран ажиллах талаар тухайн улсын зөвшөөрлийг авахгүйгээр оролцогч улсын нутаг дэвсгэрийн хүрээнд мөрдөн байцаалт явуулахтай холбогдсон тодорхой арга хэмжээ авах зөвшөөрлийг Прокурорт өгөх;

(e) хэрэв 58 дугаар зүйлийн дагуу баривчлах зөвшөөрөл буюу шүүхэд хүрэлцэн ирэх захирамж гарсан тохиолдолд нотлох баримтын хүчин чадал, түүнчлэн энэхүү дүрэм болон Дэгийн болон нотолгооны журамд заасан холбогдох талуудын эрхийг зохих ёсоор харгалзан үзэж, хураан авах зорилгоор, ялангуяа хохирогчийн ашиг сонирхлыг голлон хамгаалах арга хэмжээ авах талаар хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхийн тулд 93 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (i) дэд хэсгийн дагуу улсуудад хандах.

58 дугаар зүйл

Урьдчилсан ажиллагааны танхимаас баривчлах зөвшөөрөл болон

шүүхэд хүрэлцэн ирэх захирамж гаргах

1. Урьдчилсан ажиллагааны танхим нь Прокурорын хүсэлтийн дагуу, хэрэв Прокуророос гаргасан тухайн хүсэлт болон нотлох баримт буюу бусад мэдээллийг авч үзээд хангалттай гэж үзсэн тохиолдолд мөрдөн байцаалт эхэлсний дараа ямар ч үед аль нэгэн этгээдийг баривчлах зөвшөөрөл өгнө:

(а) тухайн этгээд Шүүхээс хэрэг шүүн шийдвэрлэхэд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэл байвал;

(b) тухайн этгээдийг доорх зорилгоор баривчлах шаардлагатай бол:

(i) шүүх хуралдаанд түүнийг байлцуулах явдлыг хангах зорилгоор;

(ii) тухайн этгээд мөрдөн байцаалт буюу шүүх хуралдаанд саад буюу заналхийлэл учруулахгүй байх явдлыг хангах зорилгоор; буюу

(iii) холбогдох тохиолдолд тухайн этгээд гэмт хэрэг буюу түүнтэй холбоотой Шүүхээс хэрэг шүүн шийдвэрлэхэд хамаарах болон тухайн нөхцөл байдлаас урган гарсан гэмт хэрэг үргэлжлүүлэн үйлдэхээс урьдчилан сэргийлэх.

2. Прокурорын хүсэлтэд дараахь зүйлийг тусгана:

(а) тухайн этгээдийн нэр болон хувийн байдлыг тогтооход шаардлагатай аливаа бусад мэдээлэл;

(b) тухайн этгээд үйлдсэн гэж үзэж байгаа Шүүхээс хэрэг шүүн шийдвэрлэхэд хамаарах гэмт хэргийг тодорхой заасан байх;

(c) энэ гэмт хэргийг бүрдүүлж байгаа гэж үзсэн хэрэг явдлын товч тодорхойлолт;

(d) нотлох баримтын хураангуй болон тухайн этгээд энэ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх зүй ёсны үндэслэлийг тогтоож байгаа аливаа бусад мэдээлэл; болон

(e) тухайн этгээдийг баривчлах зайлшгүй шаардлагатай гэж Прокурор үзэж байгаа шалтгаан.

3. Баривчлах зөвшөөрөлд дараахь зүйлийг тусгана:

(b) тухайн этгээдийг баривчлах шаардлагад хүргэсэн Шүүхээс хэрэг шүүн шийдвэрлэхэд хамаарах гэмт хэргийг тодорхой заалт; болон

(c) энэ гэмт хэргийг бүрдүүлж байгаа гэж үзсэн хэрэг явдлын товч тодорхойлолт.

4. Баривчлах зөвшөөрөл нь Шүүхээс өөр захирамж гаргах хүртэл хүчин төгөлдөр байна.

5. Баривчлах зөвшөөрлийг үндэслэн Шүүх тухайн этгээдийг урьдчилан саатуулах буюу баривчлах болон 9 дүгээр хэсгийн дагуу түүнийг хүлээлгэн өгөхийг шаардаж болно.

6. Прокурор заасан гэмт хэргийг өөрчлөх буюу түүнд өөр гэмт хэрэг нэмэх замаар баривчлах зөвшөөрөлд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтийг Урьдчилсан ажиллагааны танхимд гаргаж болно. Хэрэв Урьдчилсан ажиллагааны танхим тухайн этгээд тийм байдлаар өөрчилсөн буюу нэмж тусгасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх зүй ёсны үндэслэл байна гэж үзвэл тэрээр баривчлах зөвшөөрөлд холбогдох өөрчлөлт оруулна.

7. Баривчлах зөвшөөрлийг шаардахын оронд Прокурор тухайн этгээдийг хүрэлцэн ирүүлэх захирамж гаргах хүсэлтийг Урьдчилсан ажиллагааны танхимд гаргаж болно. Хэрэв Урьдчилсан ажиллагааны танхим үйлдэгдсэн гэж үзэж буй гэмт хэргийг тухайн этгээд үйлдсэн бөгөөд захирамж тухайн этгээдийг хүрэлцэн ирүүлэх нөхцлийг хангахад хангалттай арга хэмжээ болно гэж үзэх хангалттай үндэслэл байна гэж тогтоовол тэрээр хэрэв энэ тухай үндэсний хууль тогтоомжид заасан бол эрх чөлөөг хязгаарлах /саатуулахаас бусад/ тодорхой нөхцөлтэйгээр буюу тийм нөхцөлгүйгээр тухайн этгээдийг хүрэлцэн ирүүлэх захирамж гаргана. Захирамжид дараахь зүйлийг заана:

(b) тухайн этгээд хүрэлцэн ирэх ёстой он, сар, өдөр;

(c) тухайн этгээд үйлдсэн гэж үзэж байгаа Шүүхээс хэрэг шүүн шийдвэрлэхэд хамаарах гэмт хэргийг тодорхой заасан; болон

(d) энэ гэмт хэргийг бүрдүүлж байгаа гэж үзэх болсон хэрэг явдлын товч мэдээлэл.

Хүрэлцэн ирүүлэх захирамжийг тухайн этгээдэд шууд өөрт нь гардуулна.

59 дүгээр зүйл

Урьдчилан хорьсон газрын улсад баривчлах журам

1. Аливаа этгээдийг урьдчилан баривчлах буюу хорих болон шилжүүлэн өгөх тухай хүсэлтийг хүлээн авсан оролцогч улс тухайн этгээдийг өөрийн хууль тогтоомж болон 9 дүгээр хэсгийн дагуу баривчлахад чиглэсэн алхмыг нэн даруй хийнэ.

2. Баривчлагдсан этгээдийг урьдчилан хорьсон газрын улсад байгаа эрх бүхий шүүхийн байгууллагад нэн даруй хүргэх бөгөөд тэрээр энэ улсын хууль тогтоомжийн дагуу дараахь зүйлийг тодорхойлно:

(а) зөвшөөрлийг тухайн этгээдийн хувьд гаргасан;

(b) тухайн этгээдийг зүй ёсны ажиллагааны дагуу баривчилсан; болон

(c) тухайн этгээдийн эрхийг хангасан.

3. Баривчлагдсан этгээд урьдчилан хорьсон улсын эрх бүхий байгууллагад түүнийг Шүүхэд шилжүүлэхээс өмнө чөлөөлөх хүсэлт гаргах эрхтэй.

4. Аливаа тийм хүсэлтийн талаар шийдвэр гаргахдаа урьдчилан хорьсон улсын эрх бүхий байгууллага нь сэжиглэж байгаа гэмт хэргийн хүнд хөнгөнийг харгалзан түр чөлөөлж болох яаралтай болон онцгой нөхцөл байдал болон урьдчилан хорьсон улс тухайн этгээдийг Шүүхэд шилжүүлэх өөрийн үүргийг биелүүлэхэд шаардлагатай баталгаа байгаа эсэхийг харгалзан үзнэ. Урьдчилан хорьсон улсын эрх бүхий байгууллага нь баривчлах зөвшөөрлийг 58 дугаар зүйлийн (а) болон (b) хэсэг, 1 дэх хэсгийн дагуу зохих ёсоор гаргасан тухай асуудлыг авч үзэхгүй.

5. Урьдчилсан ажиллагааны танхимд түр чөлөөлөх тухай аливаа хүсэлтийн талаар мэдээлэх бөгөөд тэрээр урьдчилан хорьсон улсын эрх бүхий байгууллагад зөвлөмж өгнө. Урьдчилан хорьсон улсын эрх бүхий байгууллага шийдвэр гаргахаасаа өмнө тийм зөвлөмжийг, ялангуяа тухайн этгээд оргон зайлах явдлыг зогсоохтой холбогдсон арга хэмжээтэй холбоотой аливаа зөвлөмжийг бүрэн хэмжээгээр харгалзан үзнэ.

6. Хэрэв тухайн этгээд түр чөлөөлөгдсөн бол Урьдчилсан ажиллагааны танхим түр чөлөөлсөн эрх зүйн байдлын тухай тогтмол илтгэлийг шаардаж болно.

7. Урьдчилан хорьсон улс тухайн этгээдийг Шүүхэд хүлээлгэн өгөх тухай шийдвэр гаргасны дараа тухайн этгээдийг аль болох нэн даруй Шүүхэд хүргүүлнэ.

60 дугаар зүйл

Шүүхийн шүүн таслах эхний ажиллагаа

1. Тухайн этгээдийг Шүүхэд хүлээлгэн өгсөн буюу тухайн этгээд сайн дураараа буюу хүрэлцэн ирүүлэх тухай захирамжийн үндсэн дээр Шүүхэд ирсний дараа Урьдчилсан ажиллагааны танхим тухайн этгээд урьдчилсан байдлаар сэжиглэгдэж байгаа гэмт хэргийн талаар болон энэхүү дүрмийн дагуу өөрийн эрх, үүний дотор шүүн таслах ажиллагаа эхлэхээс өмнө урьдчилан хорихоос чөлөөлөх тухай хүсэлт гаргах эрхийн талаар мэдээлэл авсныг хянан үзнэ.

2. Өөрийнх нь хувьд баривчлах тогтоол гарсан этгээд шүүн таслах ажиллагаа эхлэхээс өмнө хорихоос түр чөлөөлөх тухай хүсэлт гаргаж болно. Хэрэв Урьдчилсан ажиллагааны танхим 58 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж үзвэл тухайн этгээдийг урьдчилан хорих явдлыг үргэлжлүүлнэ. Хэрэв Урьдчилсан ажиллагааны танхим тэдгээр нөхцөл хангагдсан гэдэгт итгэлтэй буй бол тэрээр тухайн этгээдийг тодорхой нөхцлөөр буюу ямар нэгэн нөхцөлгүйгээр чөлөөлнө.

3. Урьдчилсан ажиллагааны танхим тухайн этгээдийг чөлөөлөх буюу түүнийг урьдчилан хорьж байх тухай өөрийн шийдвэрийг Прокурор буюу тухайн этгээдийн хүсэлтээр ямар ч үед хянан үзэж болно. Тийнхүү хянан үзсэнийхээ дараа тэрээр өөрчлөгдсөн нөхцөл байдал ингэхийг шаардаж байна гэж үзвэл урьдчилан хорих буюу урьдчилан хорихоос чөлөөлөх, болзолтойгоор чөлөөлөхтэй холбоотой өөрийн шийдвэрийг өөрчилж болно.

4. Урьдчилсан ажиллагааны танхим нь шүүх хуралдааныг үндэслэлгүйгээр саатуулахгүйн тулд шүүх хуралдаан хүртэл үндэслэлгүйгээр хэнийг ч удаан хугацаагаар Прокурорын зүгээс урьдчилан хорихгүй байх явдлыг хангана. Ийнхүү саатуулах явдал үүссэн тохиолдолд Шүүх тухайн этгээдийг урьдчилан хорихоос тодорхой болзолтой буюу ямар нэгэн болзолгүйгээр чөлөөлөх асуудлыг авч үзнэ.

5. Шаардлагатай тохиолдолд Урьдчилсан ажиллагааны танхим урьдчилан хорихоос чөлөөлөгдсөн этгээд алга болохгүй байх явдлыг хангахын тулд баривчлах зөвшөөрөл өгч болно.

61 дүгээр зүйл

Шүүх хуралдаанаас өмнө яллагааг батлах

1. 2 дахь хэсгийн заалтыг харгалзан тухайн этгээдийг Шүүхэд хүлээлгэн өгснөөс хойш буюу тэрээр сайн дураараа Шүүхэд хүрэлцэн ирснээс хойш зохих хугацаанд Урьдчилсан шүүх ажиллагааны танхим Прокурорт үндэслэн шүүх хуралдаан хийхийг хүсэж байгаа яллагааг батлах тухай асуудлыг сонсоно. Ийнхүү сонсох ажиллагаанд Прокурор болон яллагдагч, түүнчлэн түүний өмгөөлөгчийг оролцуулна.

2. Урьдчилсан ажиллагааны танхим нь Прокурорын хүсэлтээр буюу өөрийн санаачилгаар дараахь тохиолдолд Прокурор үндэс болгон шүүхийн шүүх хуралдааныг явуулж яллагааг батлахын тулд яллагдагчийг оролцуулахгүйгээр сонсох ажиллагаа явуулж болно:

(а) тухайн этгээд шүүх хуралдаанд байлцах эрхээсээ татгалзсан бол;

(b) тухайн этгээд оргосон буюу олдохгүй байгаа бөгөөд тухайн этгээдэд өөрийнх нь эсрэг тулгаж байгаа яллагааны тухай болон эдгээр яллагааг батлахын тулд сонсох ажиллагаа явуулах гэж байгаа тухай мэдээлэхийн тулд тухайн этгээдийг Шүүхэд хүрэлцэн ирүүлэхийн тулд боломжтой бүхий л алхам хийсэн бол. Хэрэв Урьдчилсан ажиллагааны танхим шүүх ажиллагааны шударга ёсонд нийцэж байна гэж үзвэл тийм тохиолдолд тухайн этгээдийг өмгөөлөгч нь төлөөлөн оролцож болно.

3. Сонсох ажиллагаа эхлэхээс өмнө зохих хугацаанд тухайн этгээд:

(а) Прокуророос үндэс болсон тухайн этгээдийг шүүхэд татах санааг илэрхийлж яллагааг тусгасан баримт бичгийн хувийг авах; болон

(b) сонсох явцад прокурор ямар нотлох баримт ашиглах гэж буй тухай мэдээлэл авах.

Урьдчилсан ажиллагааны танхим сонсох ажиллагааны зорилгоор мэдээллийг задруулахгүй байх тухай захирамж гаргаж болно.

4. Сонсох ажиллагаа эхлэхээс өмнө Прокурор мөрдөн байцаалтыг үргэлжүүлэх болон аливаа яллагааг өөрчлөх буюу хүчингүй болгож болно. Сонсох ажиллагаа эхлэхээс өмнө боломжийн хугацаанд яллагааг аливаа байдлаар өөрчлөх буюу хүчингүй болгосон тухай яллагдагчдад мэдэгдэнэ. Яллагааг хүчингүй болгох тохиолдолд Прокурор тийнхүү хүчингүй болгосон шалтгааныхаа талаар Урьдчилсан ажиллагааны танхимд мэдэгдэнэ.

5. Сонсох үйл ажиллагааны явцад Прокурор тухайн этгээд яллагдаж байгаа гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх зайлшгүй үндэслэлийг тогтооход шаардлагатай нотлох баримтаар яллагааны зүйл бүрийг батлана. Прокурор нь бичиг баримтын нотолгоо буюу нотолгооны хураангуйд үндэслэх бөгөөд шүүхэд мэдүүлэг өгөх ёстой гэрчийг дуудахгүй байж болно.

6. Сонсох ажиллагааны явцад тухайн этгээд:

(а) яллагааны эсрэг үндэслэл гаргах;

(b) Прокуророос гаргасан нотлох баримтын талаар маргах;

(c) нотлох баримтаа танилцуулах.

7. Урьдчилсан ажиллагааны танхим сонсох ажиллагааны үндсэн дээр тухайн этгээдийн яллагдаж байгаа гэмт хэргүүдийн аль нэгийг үйлдсэн гэж үзэх зайлшгүй үндэслэлийг тогтооход хангалттай нотлох баримт байгаа эсэхийг тодорхойлно.

Өөрийн тодорхойлолтод тулгуурлан Урьдчилсан ажиллагааны танхим:

(а) хангалттай нотлох баримт байна гэж тодорхойлсон яллагааг батлах бөгөөд батлагдсан яллагаатай холбогдуулан шүүх хуралдаан хийхээр тухайн этгээдийг Шүүхийн танхимд шилжүүлнэ;

(b) хангалттай нотлох баримт байхгүй гэж тодорхойлсон яллагааг батлахгүй;

(c) сонсох ажиллагааг хойшлуулах бөгөөд дараахь боломжийг хянан үзэхийг Прокурорт хүсэлт болгоно:

(i) нэмэлт нотлох баримт гаргах болон өөр тодорхой яллагааны хувьд мөрдөн байцаалтыг цаашид үргэлжүүлэх; болон

(ii) гаргасан нотлох баримт нь Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхэд хамаарах өөр гэмт хэрэг үйлдсэн баримтыг тогтоовол яллагааг өөрчлөх.

8. Урьдчилсан ажиллагааны танхим яллагааг батлаагүй тохиолдолд Прокурор нэмэлт нотлох баримтаар баталгаажуулан тухайн яллагааг батлуулахаар дахин хүсэлт гаргах эрхтэй байна.

9. Яллагаа батлагдсаны дараа болон шүүх хуралдаан эхлэхээс өмнө Прокурор Урьдчилсан ажиллагааны танхимын зөвшөөрөлтэйгээр болон яллагдагчид мэдэгдсэний дараа яллагааг өөрчилж болно. Хэрэв Прокурор нэмэлт яллагаа тулгах болон яллагааг илүү хүнд яллагаагаар солих сонирхолтой байгаа бол энэ зүйлийн дагуу эдгээр яллагааг батлахын тулд сонсох ажиллагаа явуулах ёстой. Шүүх хуралдаан эхэлсний дараа Прокурор Шүүхийн танхимын зөвшөөрөлтэйгээр яллагааг хүчингүй болгож болно.

10. Өмнө нь гаргасан аливаа тогтоолын үйлчлэл нь Урьдчилсан ажиллагааны танхим батлаагүй буюу Прокурор хүчингүй болгосон аливаа ямар ч яллагааны хувьд хүчингүй болно.

11. Энэ зүйлийн дагуу яллагаа батлагдсаны дараа тэргүүлэгчид 8 дахь хэсэг болон 64 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн дагуу цаашдын шүүх хуралдаан болон тухайн шүүх хуралдаантай холбоотой, түүний явцад хэрэгжиж болох Урьдчилсан ажиллагааны танхимын аливаа үүргийг гүйцэтгэх асуудлыг хариуцсан Шүүхийн танхимыг байгуулна.

6 ДУГААР ХЭСЭГ

ШҮҮХ ХУРАЛДААН

62 дугаар зүйл

Шүүх хуралдаан хийх газар

Хэрэв өөр шийдвэр гараагүй бол шүүх хуралдаан хийх газар нь Шүүхийн байрлаж буй газар байна.

63 дугаар зүйл

Яллагдагчийг байлцуулан шүүх хуралдаан хийх

1. Яллагдагч нь шүүх хуралдаанд оролцоно.

2. Хэрэв шүүх хуралдаанд оролцож байгаа яллагдагч нь шүүх хуралдааны явцыг үргэлжүүлэн зөрчсөөр байвал Шүүхийн танхим яллагдагчийг хуралдаанаас гаргаж болох бөгөөд хуралдааны явцыг ажиглах боломжийг түүнд олгох болон өмгөөлөгчид нь хуралдааны танхимын гадна байхдаа шаардлагатай үед холбооны хэрэгсэл ашиглах чиглэл өгч болно. Дурдсан арга хэмжээг өөр бусад зайлшгүй арга хэмжээ боломжгүй хэмээн хүлээн зөвшөөрсний дараа зөвхөн онцгой тохиолдолд авах бөгөөд энэ нь зөвхөн зайлшгүй шаардлагатай тийм хугацааны туршид үргэлжилнэ.

64 дүгээр зүйл

Шүүхийн танхимын чиг үүрэг болон эрх мэдэл

1. Энэ зүйлд дурдсан Шүүхийн танхимын чиг үүрэг болон эрх мэдэл нь энэхүү дүрэм болон Дэгийн болон нотолгооны журмын дагуу хэрэгжинэ.

2. Шүүхийн танхим нь шүүх хуралдаан шударга бөгөөд шуурхай байх болон яллагдагчийн эрхийг бүрэн хамгаалах болон хохирогч болон гэрч нарыг хамгаалах шаардлагыг зохих ёсоор хангана.

3. Хэргийг энэхүү дүрмийн дагуу сонсохоор төлөвлөснөөс хойш хэргийг хянан хэлэлцэхээр томилогдсон Шүүхийн танхим:

(а) талуудтай зөвлөлдөх бөгөөд шүүх хуралдааныг шударга болон шуурхай явуулахад тус дөхөм үзүүлэхэд шаардлагатай тийм дэг батлана;

(b) шүүх хуралдааны хэл/хэлүүдийг тодорхойлно;

(c) энэхүү дүрмийн аливаа бусад холбогдох заалтуудыг баримтлах замаар шүүх хуралдаан эхлэхээс өмнө энэ хүртэл задруулаагүй байсан баримт бичиг буюу мэдээллийг шүүх хуралдаанд зохих ёсоор бэлтгэх боломжтой болгохын тулд шүүх хуралдаанаас өмнө задруулах арга хэмжээ авна.

4. Шүүхийн танхим өөрийн чиг үүргийг үр дүнтэй болон шударгаар биелүүлэхэд шаардлагатай бол урьдчилсан асуултуудыг Урьдчилсан шүүх ажиллагааны танхим буюу шаардлагатай бол Урьдчилсан шүүх ажиллагааны хэлтсийн харьяалалд байгаа өөр шүүгчид шилжүүлж болно.

5. Шүүхийн танхим талуудад мэдэгдэл илгээхдээ холбогдох тохиолдолд нэгээс илүү яллагдагчийн эсрэг яллагааг нэгтгэх буюу тусгаарлахыг шаардаж болно.

6. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө буюу шүүх хуралдааны явцад өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Шүүхийн танхим шаардлагатай бол:

(a) 61 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт дурдсан Урьдчилсан ажиллагааны танхимын аливаа үүргийг хэрэгжүүлнэ;

(b) гэрч нарыг ирүүлэх буюу мэдүүлэг өгөх, түүнчлэн баримт бичиг болон бусад нотлох баримтыг гаргаж өгөхийг шаардах, хэрэв шаардлагатай бол энэхүү дүрэмд заасны дагуу тухайн улсын зүгээс тусламж авах;

(c) нууц мэдээллийг хамгаалах арга хэмжээ авах;

(d) шүүх хуралдаанаас өмнө нэгэнт цуглуулсан буюу талуудаас шүүх хуралдааны явцад гаргасан нотлох баримт дээр нэмэлт нотлох баримт гарган өгөх, чиглэл өгөх;

(e) яллагдагч, гэрч нар болон хохирогчийн хамгаалалтыг хангах; болон

(f) хэрэгт холбоотой аливаа бусад асуудлаар шийдвэр гаргаж болно.

7. Шүүх хуралдааныг нээлттэй явуулна. Гэхдээ Шүүхийн танхим онцгой нөхцөл байдал ингэхийг шаардсан тохиолдолд зарим хуралдааныг 68 дугаар зүйлд заасан зорилгоор буюу нотлох баримт болгон гаргасан нууц буюу нарийн мэдээллийг хамгаалах ашиг сонирхлын үүднээс хаалттай явуулахаар тогтоож болно.

8. (а) Шүүх хуралдааны эхэнд Шүүхийн танхим Урьдчилсан ажиллагааны танхим урьд нь батласан яллагааг яллагдагчид уншиж сонсгосон байна. Шүүхийн танхим яллагдагч нь яллагааны агуулгыг ойлгож байгаа гэдэгт эргэлзэхгүй болсон байна. Тэрээр яллагдагчид 65 дугаар зүйлийн дагуу өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөх буюу гэм буруугүйгээ мэдэгдэх боломж олгоно.

(b) Шүүх хуралдааны явцад хуралдаан даргалагч шүүгч хуралдааныг явуулахтай холбогдсон, үүний дотор хуралдаан шудрага болон нэг талыг барихгүй явагдах нөхцлийг хангах зорилгоор чиглэл өгч болно. Хуралдаан даргалагчийн аливаа чиглэлийг баримтлах замаар талууд энэхүү дүрмийн заалтын дагуу нотлох баримт гаргаж болно.

9. Шүүхийн танхим, түүнчлэн талуудын аль нэгний хүсэлтийн дагуу буюу өөрийн санаачлагаар дараахь эрхийг эдлэнэ:

(а) нотлох баримтыг хүлээж авах эсэх буюу холбогдолтой эсэх тухай шийдвэр гаргах;

(b) сонсох үйл ажиллагааны явцад дэг журам сахиулахад чиглэсэн шаардлагатай бүх арга хэмжээ авах.

10. Шүүхийн танхим шүүх хуралдааны явцыг нарийн тусгасан тодорхой протоколыг бүрдүүлэх явдлыг хангах бөгөөд түүнийг нотлох болон хадгалах асуудлыг нарийн бичгийн дарга хариуцна.

65 дугаар зүйл

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд мөрдөх дэг журам

1. Яллагдагч 64 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн (а) дэд хэсгийн дагуу өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Шүүхийн танхим дараахь зүйлийг тодорхойлно:

(а) яллагдагч өөрийгөөө гэм буруутай гэж үзсэн хэргийн шинж чанар болон хор уршгийг ухамсарлаж байгаа эсэх;

(b) яллагдагч ийнхүү хүлээн зөвшөөрсөн нь өмгөөлөгчтэйгээ хангалттай зөвлөлдсөний дараа сайн дураараа хийгдсэн эсэх;

(c) гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь хэргийн дараахь баримтаар батлагдаж байгаа эсэх:

(i) Прокуророос тулгасан яллагаа болон яллагдагчийн хүлээн зөвшөөрсөн ялыг тусгасан баримт;

(ii) Прокуророос ялыг баталгаажуулан гаргасан бөгөөд яллагдагч хүлээн зөвшөөрсөн аливаа материал; болон

(iii) Прокурор буюу яллагдагчийн гаргаж тавьсан гэрчийн мэдүүлэг зэрэг аливаа бусад нотлох баримт бичиг.

2. Хэрэв Шүүхийн танхим нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон ийнхүү хүлээн зөвшөөрсөн гэмт хэрэг үйлдсэнийг нотлоход зайлшгүй шаардлагатай нэн чухал бүх нөхцөл байдлаар тогтоогдсон, аливаа нэмэлт нотлох баримтаар нотлогдсоныг хянан хэлэлцээд нэг дэх хэсэгт заасан нөхцлийг хангасан гэсэн дүгнэлтэд хүрвэл энэ гэмт хэрэг үйлдсэн яллагдагчийг шийтгэж болно.

3. Хэрэв Шүүхийн танхим 1 дэх хэсэгт дурдсан нөхцлийг хангасан гэсэн дүгнэлтэд хүрээгүй бол тэрээр гэм бурууг зөвшөөрсөн гэж үзэхгүй бөгөөд энэ тохиолдолд тэрээр шүүх хуралдааныг энэхүү дүрэмд дурдсан хэргийг хянан хэлэлцэх ердийн журмын дагуу үргэлжлүүлэх шийдвэр гаргах бөгөөд энэ хэргийг Шүүхийн өөр танхимд шилжүүлж болно.

4. Хэрэв Шүүхийн танхим шүүн таслах ажлын ашиг сонирхлын үүднээс, ялангуяа хохирогчийн ашиг сонирхлын үүднээс хэргийн нөхцөл байдлыг илүү бүрэн дүүрэн авч үзэх шаардлагатай гэж үзвэл Шүүхийн танхим дараахь зүйлийг хийж болно:

(а) гэрчийн мэдүүлгийг оролцуулан нэмэлт нотлох баримт гаргуулахаар Прокурорт хандах; буюу

(b) энэхүү дүрэмд заасны дагуу хэргийг хянан хэлэлцэх ердийн журмын дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлэх шийдвэр гаргах бөгөөд энэ тохиолдолд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх бөгөөд энэ хэргийг Шүүхийн өөр танхимд шилжүүлж болно.

5. Яллагааг өөрчлөх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөх буюу шийтгэвэл зохих яллагааны тухай асуудлын талаархи Прокурор болон өмгөөлөгчийн хоорондын аливаа яриа хэлэлцээ нь Шүүхийн хувьд зайлшгүй биелүүлэх зүйл бус байна.

66 дугаар зүйл

Нотлогдоогүй бол гэм буруугүй байх

1. Хэрэглэх хуулийн дагуу гэм буруутай гэж Шүүх тогтоогоогүй бол хэн ч гэм буруугүйд тооцогдоно.

2. Яллагдагчийн гэм буруутайг нотлох үүрэг Прокурорт ногдоно.

3. Яллагдагчийг шийтгэхийн тулд Шүүх яллагдагч гэм буруутай гэдэгт итгэл төгс байх ёстой бөгөөд энэ нь бодит үндэслэлээр эргэлзээ төрүүлэх ёсгүй.

67 дугаар зүйл

Яллагдагчийн эрх

1. Энэхүү дүрмийн заалтыг харгалзан аливаа яллагааг тодорхойлоход яллагдагч хэргээ нийтийн өмнө хэлэлцүүлэх, шударга, аль нэг талыг барихгүй явагдах шүүх хуралдаанд орох эрхтэй бөгөөд бүрэн тэгш эрхийн үндсэн дээр наад зах нь дараахь баталгаатай байна:

(а) яллагдагч бүрэн хэмжээгээр ойлгодог болон ярьдаг хэл дээр түүнд тулгаж байгаа яллагааны шинж чанар, үндэслэл болон агуулгын талаар дэлгэрэнгүй мэдээллийг нэн даруй авах;

(b) өөрийгөө хамгаалахад зориулсан хангалттай цаг хугацаа болон боломжтой байх, түүнчлэн сонгож авсан өмгөөлөгчтэйгээ нууцыг хадгалах нөхцөлд чөлөөтэй харилцах;

(c) зүй бус саадгүйгээр хэргээ хэлэлцүүлэх;

(d) 63 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн дагуу шүүх ажиллагаанд биечлэн оролцох бөгөөд өөрөө өөрийгөө буюу өөрийн сонгосон өмгөөлөгчөөр дамжуулан өөрийгөө өмгөөлүүлэх, хэрэв тэрбээр өмгөөлөгч аваагүй бол энэ эрхийнхээ тухай мэдээлэл авах, шүүн таслах ажиллагааны эрх ашиг шаардаж байгаа ямар ч тохиолдолд Шүүхээс түүнд томилж өгсөн өмгөөлөгчтэй байх бөгөөд төлбөрийг төлөх хангалттай эх үүсвэргүй тохиолдолд үнэ төлбөргүй өмгөөлөгч авах;

(e) түүний эсрэг мэдүүлэг өгч байгаа гэрчүүдээс асуух буюу эдгээр гэрчүүдийг байцаалгах эрхтэй байх, түүнчлэн эсрэг мэдүүлэг өгч байгаа гэрчүүдийн хувьд хэрэглэдэг нөхцлийн дагуу түүний талд мэдүүлэг өгч байгаа гэрчүүдийг дуудах болон байцаалгах эрхтэй. Яллагдагч, түүнчлэн өөрийгөө хамгаалах үндэслэлийг дэвшүүлэх болон энэ Дүрмийн дагуу зөвшөөрөгдөх өөр бусад нотлох баримт гаргах эрхтэй;

(f) Шүүхэд хэргийг хянан хэлэлцэж байгаа буюу Шүүхэд гаргасан баримт бичгийг бүрдүүлэхэд хэрэглэж байгаа хэл нь яллагдагч бүрэн хэмжээгээр ойлгодоггүй болон ярьдаггүй тохиолдолд шүүх хуралдааныг шудрага ёсны шаардлагад нийцүүлэх зорилгоор өндөр мэргэжлийн орчуулагчийн тусламжийг үнэ төлбөргүй авах бөгөөд орчуулга хийлгэх эрхтэй;

(g) мэдүүлгийг албадуулж өгөхгүй байх буюу өөрийгөө гэм буруутай гэж хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд дуугарахгүй байж болох бөгөөд тийнхүү дуугарахгүй байх нь гэм буруутай буюу гэм буруугүй тухай шийдвэрийг биелүүлэхэд нөлөөлөх ёсгүй;

(h) өөрийгөө өмгөөлөхийн тулд ам тангараг өгөлгүйгээр амаар буюу бичгээр мэдэгдэл хийх;

(i) эсрэг нотолгоо гаргах үүрэг болон няцаалт өгөх хариуцлага хүлээхгүй.

2. Энэхүү дүрэмд заасан мэдээллийг аливаа нэгэн өөр байдлаар ил болгохоос гадна Прокурор түүний үзэж байгаагаар яллагдагчийн гэм буруугүйг гэрчилж байгаа буюу гэрчлэх ёстой, эсхүл гэм бурууг хөнгөрүүлэх нөхцөл байдлын тухай буюу яллагааны нотлох баримтын үнэн зөвд нөлөөлөх боломжтой өөрийн мэдэлд буюу хяналтад байгаа нотлох баримтыг аль болохоор нэн даруй гаргаж тавина. Энэ хэсгийг хэрэглэхтэй холбоотой аливаа эргэлзээг Шүүх шийдвэрлэнэ.

68 дугаар зүйл

Хохирогч ба гэрчийн хамгаалалт болон

шүүх хуралдаанд тэдгээрийн оролцоо

1. Шүүх хохирогч болон гэрчүүдийн хувийн амьдралын аюулгүй байдал, бие махбодийн болон сэтгэл санааны сайн сайхан байдал, нэр төр болон хувийн халдашгүй байдлыг хамгаалахын тулд шаардлагатай арга хэмжээ авна. Ингэхдээ Шүүх 2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тодорхойлсон нас, хүйсийн хүчин зүйл болон эрүүл мэндийн байдал, түүнчлэн гэмт хэргийн шинж чанар болон зөвхөн үүгээр хязгаарлахгүйгээр гэмт хэрэг нь бэлгийн, хүйсийн буюу хүүхдийн хүчирхийллийг хамарсан нөхцөл байдал зэрэг холбогдох бүх хүчин зүйлийг харгалзан үзнэ. Прокурор тийм арга хэмжээг, ялангуяа эдгээр гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулахдаа авч хэрэгжүүлнэ. Тийм арга хэмжээ нь яллагдагчийн эрхэд хохирол учруулах буюу түүнтэй зөрчилдөх ёсгүй, түүнчлэн шудрага болон нэг талыг бариагүй шүүх хуралдаан явуулахад хохирол учруулахгүй.

2. 67 дугаар зүйлд дурдсан нээлттэй сонсох зарчмыг үл хэрэглэн Шүүхийн танхим хохирогчид болон гэрчүүд буюу яллагдагчийг хамгаалах зорилгоор шүүх хуралдааны аливаа хэсгийг хаалттай (in Camera) явуулах буюу нотлох баримтыг цахилгаан буюу өөр тусгай хэрэгслийн тусламжтайгаар гаргаж тавихыг зөвшөөрч болно. Ялангуяа тийм арга хэмжээг бэлгийн хүчирхийллийн золиос болсон буюу хохирогч буюу гэрч нь хүүхэд байх тохиолдолд хэрэв Шүүх өөрөөр шийдээгүй бол бүх нөхцөл байдал, ялангуяа тухайн хохирогч буюу гэрчийн санаа бодлыг харгалзан авч хэрэгжүүлнэ.

3. Шүүх зохимжтой гэж үзсэн шүүх хуралдааны шатанд хэрэв тэдгээрийн хувийн ашиг сонирхол нь хөндөгдсөн тохиолдолд хохирогчийн санаа бодол болон болгоомжлолыг гаргаж тавих буюу хянан хэлэлцэхийг зөвшөөрөх бөгөөд энэ нь яллагдагчийн эрх болон шудрага бөгөөд нэг талыг бариагүй шүүх хуралдаан хийхэд хохирол учруулахгүй байх тийм байдлаар хэрэгжинэ. Шүүх зөв гэж үзсэн тохиолдолд тийм санаа бодол болон болгоомжлолыг Дэгийн буюу нотолгооны журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч илэрхийлж болно.

4. Хохирогч болон гэрчүүдэд тусламж үзүүлэх хэсэг 43 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт дурдсан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, зөвлөлгөө өгөх болон бусад тусламж үзүүлэх холбогдох арга хэмжээг Прокурор болон Шүүхэд зөвлөж болно.

5. Энэ дүрмийн дагуу нотлох баримт буюу мэдээллийг задруулах нь аливаа гэрч буюу түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдалд ноцтой заналхийлэл учруулахаар бол Прокурор хэргийг сонсож эхлэхээс өмнө болсон аливаа байцаан шийтгэх ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор тийм нотлох баримт буюу мэдээллийг задруулахгүй байж болох бөгөөд үүний оронд тэдгээрийн хураангуйг танилцуулж болно. Дурдсан арга хэмжээ нь яллагдагчийн эрх болон шудрага болон нэг талыг бариагүй шүүх хуралдаан явуулахад хохирол учруулахгүй бөгөөд үл нийцэх ёсгүй.

6. Аливаа улс түүний албан хаагчид буюу төлөөлөгчдийг хамгаалах явдлыг хангах, түүнчлэн нууц буюу нарийн мэдээллийг хангахад зайлшгүй шаардлагатай арга хэмжээ авах хүсэлт гаргаж болно.

69 дүгээр зүйл

Нотлох баримт

1. Мэдүүлэг өгч эхлэхээс өмнө гэрч тус бүр Дэгийн болон нотолгооны журмын дагуу үнэн зөв мэдүүлэг өгөх үүргийг хүлээнэ.

2. 68 дугаар зүйл буюу Дэгийн болон нотолгооны журамд өөрөөр заагаагүй бол гэрч шүүх хуралдаанд мэдүүлгээ өөрөө биечлэн өгнө. Түүнчлэн Шүүх гэрчийн мэдүүлгийг амаар (viva voce) буюу видео буюу аудио техникийн бичлэгийн тусламжтайгаар өгөх, түүнчлэн энэхүү дүрмийн заалтыг мөрдсөн нөхцөлд болон Дэгийн болон нотолгооны журмын дагуу баримт бичиг буюу бичлэг гаргаж өгөхийг зөвшөөрч болно. Эдгээр арга хэмжээ нь яллагдагчийн эрхэд хохирол учруулах буюу түүнтэй зөрчилдөх ёсгүй.

3. Талууд 64 дүгээр зүйлийн дагуу хэрэгт холбогдолтой нотлох баримт гаргаж болно. Шүүх үнэнийг тогтоохын тулд зайлшгүй шаардлагатай гэж үзсэн бүх нотлох баримт гаргаж өгөхийг шаардах эрхтэй.

4. Шүүх Дэгийн болон нотолгооны журмын дагуу нотлох баримтын шинж чанар, түүнчлэн шудрага шүүх хуралдаан хийх буюу гэрчийн мэдүүлгийг шударгаар үнэлэхэд хохирол учруулж болох тийм нотлох баримтыг анхааралдаа авах замаар аливаа нотлох баримтын хамаарал болон хүлээн авч болох эсэх тухай шийдвэр гаргаж болно.

5. Шүүх Дэгийн болон нотолгооны журамд заасан нууцлалыг хүндэтгэн сахина.

6. Шүүх нийтэд илэрхий болгон нотлохыг шаардахгүй, гэхдээ тэдгээрийг шүүхийн журмаар хэлэлцэж анхааралдаа авна.

7. Дараахь тохиолдолд энэхүү дүрмийн заалт буюу олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн хүний эрхийг зөрчиж авсан нотлох баримтыг хүлээн авахгүй:

(а) зөрчил нь нотлох баримтын үнэн зөв эсэхэд ноцтой эргэлзээ төрүүлж байгаа; эсхүл

(b) нотлох баримт хэмээн үзэх нь шүүх хуралдааныг шударгаар явуулахтай нийцэхгүй байгаа болон түүнд ноцтой хохирол учруулахаар байвал.

8. Аливаа улсын цуглуулсан нотлох баримтыг хүлээн авах буюу хүлээн авахгүй тухай асуудлыг шийдвэрлэхдээ Шүүх тухайн улсын үндэсний хууль тогтоомжийг хэрэглэхтэй холбогдсон шийдвэр гаргах ёсгүй.

70 дугаар зүйл

Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг

1. Шүүх шүүн таслах ажиллагааны эсрэг санаатай үйлдсэн дараахь гэмт хэргийг шүүн шийдвэрлэнэ:

(а) үнэн зөв мэдүүлэг өгөх тухай 69 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн дагуу үүрэг хүлээсний дараа худал мэдүүлэг өгсөн;

(b) үзтэл худал буюу зохиомол нотлох баримт гаргасан;

(c) гэрчид хууль бусаар нөлөө үзүүлсэн, гэрчийн байлцах буюу түүнээс мэдүүлэг өгөхөд саад тотгор учруулсан, гэрч мэдүүлэг өгсний төлөө түүнд нөлөөлсөн буюу нотлох баримтыг устгасан, тэдгээрийг хуурамчаар үйлдэх буюу цуглуулахад саад учруулсан;

(d) үүргээ биелүүлэхгүй буюу зохих ёсоор биелүүлэхгүй байлгахад албадах буюу итгүүлэх зорилгоор Шүүхийн албан тушаалтанд саад тотгор учруулах, айлган сүрдүүлэх буюу хууль бусаар нөлөөлсөн;

(e) аливаа албан тушаалтан өөрийн үүргийг гүйцэтгэсний төлөө хариу авахын тулд далайлган сүрдүүлсэн болон Шүүхийн албан тушаалтанд нөлөө үзүүлсэн;

(f) Шүүхийн албан тушаалтны хувьд өөрийн албан үүрэгтэйгээ холбогдуулан хахууль авах буюу далайлган сүрдүүлсэн.

2. Энэ зүйлийн үндсэн дээр үйлдэгдсэн гэмт хэргийн хувьд Шүүх хэрэг шүүн шийдвэрлэх асуудлыг зохицуулахдаа Дэгийн болон нотолгооны журамд заасан зарчим болон журмыг баримтална. Энэ зүйлийн дагуу шүүх хуралдаанаа хийхэд Шүүхэд олон улсын дэмжлэг үзүүлэх нөхцлийг хүсэлт тавьсан улсын дотоодын хууль тогтоомжоор зохицуулна.

3. Хэн нэгэн этгээдийг гэм буруутай хэмээн хүлээн зөвшөөрсөн тухай шийдвэр гарсан тохиолдолд Шүүх 5 жилээс илүүгүй хугацаагаар хорих буюу Дэгийн болон нотолгооны журмын дагуу торгууль ногдуулах, эсхүл аль алиныг нь нэгэн зэрэг хэрэглэх ял ногдуулж болно.

4. (а) Оролцогч улс бүр энэ зүйлд заасан мөрдөн байцаалтын болон шүүх хуралдаан явуулахын эсрэг чиглэгдсэн гэмт хэрэг, түүнчлэн шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийг тухайн улсын иргэн буюу түүний нутаг дэвсгэрт үйлдсэн бол ялын арга хэмжээ тогтоосон өөрийн эрүүгийн хууль тогтоомжоо тараана;

(b) Шүүхийн хүсэлтээр оролцогч улс шаардлагатай гэж үзвэл хэргийг шүүн мөрдүүлэхээр өөрийн эрх бүхий байгууллагад шилжүүлнэ. Эдгээр байгууллага тийм хэргийг нарийн нягт хянан хэлэлцэх бөгөөд түүнийг авч хэлэлцэх асуудал үр нөлөөтэй болоход хангалттай санхүүгийн нөөцийг гаргана.

71 дүгээр зүйл

Шүүхэд үлгэргүй байдал гаргасны төлөө

хүлээлгэх шийтгэл

1. Шүүх шүүх хуралдаанд оролцож байгаа этгээд үлгэргүй байдал гаргах, түүний дотор шүүх хурлыг тасалдуулах, шүүхийн шаардлага биелүүлэхээс санаатайгаар татгалзах явдал гаргасны төлөө шүүх хуралдааны танхимаас түр буюу бүрэн тусгаарлах, торгууль ногдуулах буюу Дэгийн болон нотолгооны журамд заасан ижил төстэй өөр арга хэмжээ авах зэргээр хорихоос гадна захиргааны арга хэмжээ авах замаар шийтгэл ногдуулж болно.

2. Энэхүү 1 дэх хэсэгт дурдсан арга хэмжээг хэрэглэх зохицуулалтын журмыг Дэгийн болон нотолгооны журмаар тогтооно.

72 дугаар зүйл

Үндэсний аюулгүй байдалтай холбоотой

мэдээллийн хамгаалалт

1. Энэ зүйлийг аливаа улсын мэдээлэл буюу баримт бичгийг задруулах нь тухайн улсын үзэж байгаагаар түүний үндэсний аюулгүй байдлын эрх ашигт хохирол учруулах аль ч тохиолдолд хэрэглэнэ. Тийм тохиолдолд 56 дугаар зүйлийн 2 болон 3 дахь хэсэг, 61 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 64 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 67 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 68 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 87 дугаар зүйлийн 6 дахь хэсэг болон 93 дугаар зүйлийн заалтууд хамаарч байгаа тохиолдлууд, түүнчлэн шүүх хуралдааны аливаа бусад шатанд тийнхүү задруулах асуудал гарч болох тохиолдолууд орно.

2. Энэ зүйлийг мөн мэдээлэл буюу нотлох баримт гаргах хүсэлт хүлээн авсан этгээд ингэхээс татгалзсан буюу задруулах нь улсын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд хохирол урчуулна гэсэн үндэслэлээр тухайн асуудлыг улсдаа шилжүүлсэн бөгөөд холбогдох улс нь түүний үзэж байгаагаар тийнхүү задруулах нь түүний үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд хохирол учруулна гэж баталж байгаа тохиолдолд хэрэглэнэ.

3. Энэ зүйлд 54 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн (d) болон (е) дэд хэсэг буюу 73 дугаар зүйлийн үндсэн дээр хэрэглэж байгаа нууцлалын шаардлагыг хөндөхгүй.

4 Хэрэв ямар нэг улсад тухайн улсын мэдээлэл буюу баримт бичгийг шүүх хуралдааны аль нэг шатанд задруулсан буюу задруулах нь тодорхой бөгөөд түүний үзэж байгаагаар ийнхүү задруулах нь түүний үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахаар бол тухайн улс энэ асуудлыг энэ зүйлийн дагуу шийдвэрлэхийн тулд хөндлөнгөөс оролцох эрхтэй.

5. Хэрэв аль нэг улсын үзэж байгаагаар мэдээлэл задруулах нь түүний үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд хохирол учруулахаар байвал тухайн улс нөхцөл байдлаас шалтгаалан Прокурор, Өмгөөлөл буюу Урьдчилсан ажиллагааны танхим буюу Шүүхийн танхимтай хамтран тухайн асуудлаар хамтран ажиллах үндсэн дээр шийдвэрлэх талаар боломжтой бүхий л арга хэмжээг авна. Тийм арга хэмжээнд дараахь зүйл орж болно:

(а) хүсэлтийг өөрчлөх буюу тодорхой болгох;

(b) хүссэн мэдээлэл буюу нотлох баримтын хамаарлын асуудлаар буюу хэрэгт холбоотой ч гэсэн нотлох баримтыг хүсэлт хүлээн авсан улсаас өөр эх үүсвэрээс авч болох буюу авсан эсэх асуудлаар Шүүхээс тодорхойлолт авах;

(c) мэдээлэл болон нотлох баримтыг өөр эх сурвалжаас буюу өөр хэлбэрээр авах; эсхүл

(d) xураангуй буюу боловсруулсан мэдээлэл өгөх, мэдээлэл задруулахад хязгаарлалт тогтоох, in camera буюу ex parte шүүх хуралдааныг явуулах зэрэг хэлбэрийг оролцуулан энэхүү дүрэм болон журмын дагуу зөвшөөрөгдөх хамгаалалтын бусад арга хэмжээний хамт тусламж үзүүлж болох нөхцлийн талаар тохиролцох.

6. Тухайн асуудлыг хамтран ажиллах үндсэн дээр зохицуулахад чиглэсэн боломжтой бүхий л арга хэмжээ авсан бөгөөд тухайн улс мэдээлэл буюу баримт бичгийг түүний үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд хохирол учруулахгүйгээр гаргах буюу задруулах тийм арга буюу нөхцөл байхгүй гэж үзвэл тийм үндэслэлийн болгоомжлол нь өөрөө тийм хохирол учруулахгүй тохиолдолд тэрээр өөрийн шийдвэрийн тодорхой үндэслэлийг Прокурор буюу Шүүхэд мэдэгдэнэ.

7. Ингэсний үндсэн дээр хэрэв Шүүх тухайн нотлох баримт нь хэрэгт холбогдолтой бөгөөд яллагдагчийн гэм буруутай буюу буруугүйг тогтооход шаардлагатай гэж тодорхойлбол тэрээр дараахь арга хэмжээ авч болно:

(а) хэрэв мэдээлэл буюу баримт бичгийг задруулахыг 9 дэх хэсэгт заасны дагуу буюу 2 дахь хэсэгт дурдсан нөхцөл байдалтай холбоотойгоор хамтран ажиллах тухай хүсэлтийн дагуу хүсэмжилсэн бөгөөд тухайн улс 93 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дагуу татгалзах шалтгаанаа дурдсан бол:

(i) 7 дахь хэсгийн (а) дэд хэсгийн (ii)-т дурдсан ямар нэг дүгнэлт гаргахаас өмнө Шүүх тухайн улсын үндэслэлийг сонсох зорилгоор цаашид зөвлөлдөөн хийх тухай хүсэлт гаргаж болох бөгөөд энэ нь зохих тохиолдолд in camera болон ex parte байдлаар сонсож болно;

(ii) хэрэв Шүүх 93 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дагуу тухайн хэргийн нөхцөл байдалд татгалзсанаар хэргийг хүсэлт хүлээн авсан улс Дүрмийн дагуу хүлээсэн үүргээ зөрчиж байна гэсэн дүгнэлтэд хүрвэл Шүүх өөрийн дүгнэлтийн үндэслэлийн хамт 87 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн дагуу тухайн асуудлыг шилжүүлж болно;

(iii) ямар нэгэн баримт байгаа буюу байхгүй гэсэн асуудлаар яллагдагчийн хэргийг шүүх хуралдааны явцад Шүүх тухайн нөхцөл байдлаас хамааран дүгнэлт гаргаж болно;

(b) бусад бүх нөхцөл байдалд:

(i) задруулах тухай захирамж гаргах; буюу

(ii) задруулах тухай Шүүхийн захирамж гаргаагүй тохиолдолд ямар нэгэн баримт байгаа буюу байхгүй гэсэн асуудлаар яллагдагчийн хэргийг шүүх хуралдааны явцад тухайн нөхцөл байдлаас хамааран дүгнэлт хийх.

73 дугаар зүйл

Гуравдагч этгээдийн мэдээлэл буюу баримт бичиг

Хэрэв мэдэл, эзэмшил буюу хяналтад нь байгаа болон түүнд нууцлалын нөхцлөөр ямар нэг улс, засгийн газрын хоорондын байгууллага болон олон улсын байгууллагаас өгсөн баримт бичиг буюу мэдээллийг гаргаж өгөх хүсэлтийг Шүүх оролцогч улсад тавьсан бол оролцогч тухайн улс тухайн баримт бичиг буюу мэдээллийг задруулах зөвшөөрлийг баримт бичиг буюу мэдээллийг өгсөн талаас авна. Хэрэв тийм тал нь оролцогч улс байвал тэрээр тийм мэдээлэл буюу баримт бичгийг задруулах зөвшөөрөл өгөх буюу баримт бичиг буюу мэдээллийг задруулах асуудлыг 72 дугаар зүйлийн дагуу зохицуулах үүрэг хүлээнэ. Хэрэв тийм тал нь энэхүү дүрмийн оролцогч улс биш бөгөөд тэрээр баримт бичиг буюу мэдээллийг задруулах зөвшөөрөл өгөхөөс татгалзвал хүсэлт тавьсан улс тухайн талын өмнө нууцлалыг хадгалах талаар урьд нь өөртөө хүлээсэн үүргийн улмаас тийм баримт бичиг буюу мэдээллийг гаргаж өгөх боломжгүй тухайгаа Шүүхэд мэдэгдэнэ.

74 дүгээр зүйл

Шийдвэр гаргахад тавих шаардлага

1. Шүүхийн танхимын бүх шүүгчид шүүх хуралдааны шат болгонд болон сонсох бүх ажиллагааны явцад оролцоно. Тэргүүлэгчид хэрэв танхимын тухайлсан шүүгч цаашид оролцох боломжгүй бол байгаа боломжийг харгалзан тухайн тохиолдолд нэг буюу түүнээс илүү орлон оролцох шүүгчийг томилох бөгөөд тэдгээр нь шүүх хуралдааны бүхий л шатанд оролцох бөгөөд Шүүхийн танхимд оролцох боломжгүй гишүүнийг орлоно.

2. Шүүхийн танхимын шийдвэрийг нотлох баримт болон хэргийн бүхий л шүүн таслах ажиллагаанд үндэслэн гарна. Шийдвэр нь яллагааг тусгасан баримт бичиг буюу түүнд оруулсан аливаа нэмэлт өөрчлөлтөд дурдсан баримт болон нөхцөл байдлын хүрээнээс халих ёсгүй. Шүүх зөвхөн шүүх хуралдааны явцад гаргасан бөгөөд авч хэлэлцсэн нотлох баримтад тулгуурлан өөрийн шийдвэрийг гаргана.

3. Шүүгчид өөрийнхөө шийдвэрийг санал нэгтэй батлахыг эрмэлзэх бөгөөд тийм боломж бүрдээгүй үед шүүгчдийн олонхийн саналаар шийдвэр гаргана.

4. Шүүхийн танхимын зөвлөлгөөний нууцыг хадгална.

5. Шийдвэрийг бичгээр гаргах бөгөөд нотлох баримт болон дүгнэлтийн үндсэн дээр гаргасан Шүүхийн танхимын дүгнэлтийг бүрэн болон үндэслэлтэйгээр тусгана. Шүүхийн танхим нь нэгдмэл шийдвэр гаргана. Нэгдмэл шийдвэрт хүрч чадаагүй үед Шүүхийн танхимын шийдвэр олонхи болон цөөнхийн санаа бодлыг тусгана. Шийдвэр буюу түүний хураангуйг нээлттэй хуралдаан дээр уншиж сонсгоно.

75 дугаар зүйл

Хохирогч учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх

1. Шүүх эрхийг нь сэргээх нөхөн төлбөр (реституц) ногдуулах болон цагаатгах зэрэг хохирогчид буюу хохирогчдын хувьд холбогдох хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон зарчмыг тодорхойлно. Энэ үндсэн дээр Шүүх гаргасан хүсэлт буюу онцгой тохиолдолд өөрийн санаачлагаар шийдвэртээ хохирогч буюу түүний хувьд учирсан аливаа хохирол, алдагдал буюу гэм хорын хүрээ болон хэмжээг тодорхойлж болох бөгөөд өөрийн үйл ажиллагаа явуулж байгаа зарчмынхаа талаар мэдээлнэ.

2. Шүүх хохирогчид буюу хохирогчдын хувьд эрхийг нь сэргээх, нөхөн төлбөр ногдуулах болон цагаатгах зэрэг хохирлыг зохих хэлбэрээр нөхөн төлүүлэх талаар ял шийтгүүлэгчид шууд хамаарах тогтоол гаргаж болно. Холбогдох тохиолдолд Шүүх хохирлыг нөхөн төлүүлэх журмаар 79 дүгээр зүйлд заасан Итгэмжлэгдсэн санд төлөх төлбөрийн хэмжээний талаар тогтоол гаргаж болно.

3. Энэ зүйлийн дагуу тогтоол гаргахаас өмнө Шүүх ялтан, хохирогч, сонирхогч бусад этгээд, сонирхогч улс буюу тэдгээрийн нэрийн өмнөөс асууж тэдний хүсэлт буюу тайлбарыг анхааралдаа авч болно.

4. Энэ зүйлийн дагуу өөрийн эрхээ хэрэгжүүлэхдээ Шүүх түүний шүүн шийдвэрлэх хэрэгт хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдийг гэм буруутай гэж тогтоосон шийдвэр гаргасны дараа энэ зүйлийн дагуу гаргаж болох аливаа тогтоолыг биелүүлэх зорилгоор 93 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан арга хэмжээ авахуулах шаардлага байгаа эсэхийг тодорхойлж болно.

5. Оролцогч улс 109 дүгээр зүйлийн заалтыг энэ зүйлд хэрэглэхтэй нэгэн адил энэ зүйлийн үндсэн дээр гарсан шийдвэрийг биелүүлнэ.

6. Энэ зүйлийг үндэсний буюу олон улсын эрх зүйн дагуу хохирогчийн эрхийг хөсөрдүүлсэн байдлаар яагаад ч тайлбарлах ёсгүй.

76 дугаар зүйл

Ял ногдуулах

1. Хэрэв яллагдагчийн гэм бурууг тогтоосон нөхцөлд Шүүхийн танхим холбогдох ял ногдуулах тухай асуудлыг хянан шийдвэрлэх бөгөөд шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн нотлох баримт болон ял ногдуулахад холбогдол бүхий материалыг анхааралдаа авна.

2. 65 дугаар зүйлийн заалтыг хэрэглэхээс бусад тохиолдолд болон шүүх хуралдаан дуусахаас өмнө Шүүхийн танхим өөрийн санаачлагаар болон Прокурор буюу яллагдагчийн хүсэлтээр Дэгийн болон нотолгооны журмын дагуу ял ногдуулахад холбогдол бүхий аливаа нэмэлт нотлох баримт буюу тайлбарыг сонсохын тулд шүүхийн нэмэлт сонсох ажиллагаа явуулна.

3. Дээрх 2 дахь хэсгийг хэрэглэж байгаа тохиодолд 75 дугаар зүйлийн дагуу хийсэн аливаа мэдэгдэл болон тайлбарыг 2 дахь хэсэгт дурдсан нэмэлт сонсох ажиллагаа буюу шаардлагатай бол аливаа шинэчилсэн сонсох ажиллагааны явцад сонсоно.

4. Ялыг нийтэд болон боломжтой үед яллагдагчийг байлцуулан сонсгоно.

7 ДУГААР ХЭСЭГ

ЯЛЫН АРГА ХЭМЖЭЭ

77 дугаар зүйл

Хэрэглэх ялын арга хэмжээ

1. Шүүх 110 дугаар зүйлийг харгалзан энэхүү дүрмийн 5 дугаар зүйлд дурдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж хүлээн зөвшөөрөгдсөн этгээдэд ялын дараахь арга хэмжээний аль нэгийг ногдуулна:

(а) жилээр тооцсон тодорхой хугацаанд, гэхдээ дээд хэмжээ нь 30 жилээс хэтрэхгүй тодорхой хугацаагаар хорих; эсхүл

(b) үйлдсэн гэмт хэргийн онцгой хүнд шинж чанар болон түүнийг үйлдсэн гэм буруутай этгээдийн хувийн нөхцөл байдлаар үүнийг зөвтгөн үзэх тийм тохиолдолд бүх насаар нь хорих.

2. Хорихоос гадна Шүүхийн дараахь ял ногдуулж болно:

(а) Дэгийн болон нотолгооны журамд заасан шалгуурын дагуу торгох;

(b) санамсаргүй гуравдагч талын эрхэд хохирол учруулахгүйгээр гэмт хэргийн үр дүнд шууд буюу тойруу замаар олсон орлого, эд хөрөнгө болон үнэт зүйлийг хураан авах.

78 дугаар зүйл

Ялын арга хэмжээг тодорхойлох

1. Шүүх ялын арга хэмжээг тодорхойлохдоо Дэгийн болон нотолгооны журмын дагуу гэмт хэргийн хүнд хөнгөн болон ял шийтгүүлэгчийн хувийн байдалд хамаарах хүчин зүйл зэргийг анхааралдаа авна.

2. Хорих ял ногдуулахдаа Шүүх хэрэв тийм хугацаа байгаа бол Шүүхийн тогтоолоор урьдчилан хоригдсон хугацааг оруулан тооцно. Шүүх гэмт хэргийн үндэс болсон хэрэгт холбоотойгоор өөр байдлаар урьдчилан хоригдсон аливаа хугацааг тооцож болно.

3. Хэрэв тухайн этгээд нэгээс илүү гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаа бол Шүүх үйлдсэн гэмт хэрэг бүрт ял ногдуулж, хорих ялын бүх хугацааг зааж, нийт ялыг тодорхойлно. Энэхүү хугацаа нь ногдуулахаар заасан тодорхой ялын хамгийн хүнд ялын хугацаанаас доош байж болохгүй бөгөөд 77 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (b) дэд хэсэгт заасны дагуу 30 жил хүртэл хорих буюу бүх насаар хорих ялаас илүү байж болохгүй.

79 дүгээр зүйл

Итгэмжлэгдсэн сан

1. Шүүхээс шүүн шийдвэрлэх хэрэгт хамаарах гэмт хэргийн улмаас хохирогч болон тийм хохирогчдын гэр бүлийнхний тусын тулд оролцогч улсуудын Ассамблейн шийдвэрээр Итгэмжлэгдсэн сан байгуулна.

2. Шүүх торгох буюу эд хөрөнгө хураах замаар авсан мөнгөн эх үүсвэр болон бусад өмчийг Итгэмжлэгдсэн санд шилжүүлэхээр шийдвэрлэж болно.

3. Итгэмжлэгдсэн санг оролцогч улсуудын Ассамблейгаас тодорхойлсон шалгуурын дагуу зарцуулна.

80 дугаар зүйл

Үндэсний түвшингийн ялын арга хэмжээ буюу

үндэсний хуулийн хэрэглээнд хохирол учруулахгүй байх

Дүрмийн энэ хэсгийн дагуу улс орнууд өөрсдийн үндэсний хууль тогтоомжоор тогтоосон ялын арга хэмжээг хэрэглэх буюу энэ хэсэгт тодорхойлсон ялын арга хэмжээ заагаагүй улсын хуулийг хөндөхгүй.

8 ДУГААР ХЭСЭГ

ДАВЖ ЗААЛДАХ БУЮУ ХЯНАХ

81 дүгээр зүйл

Хэрэг хэрэгсэхгүй тухай шийдвэр, гэм буруутай

болохыг тогтоосон шийтгэх тогтоолыг давж заалдах

1. 74 дүгээр зүйлийн дагуу гаргасан шийдвэрийг Дэгийн болон нотолгооны журмын дагуу дор дурдсаны дагуу давж заалдаж болно:

(а) Прокурор дараахь үндэслэлийн алинаар ч давж заалдах гомдол гаргаж болно:

(i) байцаан шийтгэх ажиллагааны алдаа;

(ii) баримтын талаар гаргасан алдаа; буюу

(iii) эрх зүйн алдаа.

(b) Гэм буруутайд тогтоогдсон этгээд буюу энэ этгээдийн нэрийн өмнөөс Прокурор дараахь үндэслэлийн алины ч талаар давж заалдах гомдол гаргаж болно.

(i) байцаан шийтгэх ажиллагааны алдаа;

(ii) баримтын алдаа;

(iii) эрх зүйн алдаа; эсхүл

(iv) шүүх хуралдаан буюу шийдвэрийн шудрага байдал, тэдгээрт итгэх итгэлд нөлөөлсөн аливаа бусад үндэслэл.

2. (а) Ялыг Дэгийн болон нотолгооны журмын дагуу Прокурор буюу гэм буруутайд тооцогдсон этгээд ногдуулсан ял үйлдсэн гэмт хэрэгтэй тэнцүү бус гэсэн үндэслэлээр давж заалдаж болно;

(b) хэрэв давж заалдах журмаар ялыг хянан хэлэлцэх үед Шүүх гэм буруутайг тогтоосон тухай шийдвэрийг бүрэн буюу хэсэгчлэн өөрчилж болох үндэслэл байна гэж үзвэл Шүүх, Прокурор болон гэм буруутайд тооцогдсон этгээдэд 81 дүгээр зүйлийн 1 (а) болон (b) хэсгийн дагуу үндэслэлээ гаргахыг санал болгох бөгөөд гэм буруутайг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийг 83 дугаар зүйлийн дагуу гаргаж болно;

(c) мөн тийм журмыг зөвхөн гэм буруутайг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийг давж заалдах журмаар хянан үзэх тохиолдолд Шүүх 2 дахь хэсгийн (а) дэд хэсгийн дагуу ялыг хөнгөрүүлэх үндэслэл байна гэж үзвэл хэрэглэнэ.

3. (а) Шүүхийн танхим өөр шийдвэр гаргаагүй бол давж заалдах гомдлыг хянан хэлэлцэх хүртэл гэм буруутайд тооцогдсон этгээд урьдчилан хоригдсон хэвээр байна;

(b) Хэрэв гэм буруутайд тооцогдсон этгээдийн урьдчилан хоригдсон хугацаа нь түүнд ногдуулсан хорих ялын хугацаанаас илүү гарсан бол Прокурор мөн давж заалдах хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд тэрбээр чөлөөлөгдөх бөгөөд үүнтэй холбогдон ийнхүү чөлөөлөх явдлыг дор дурдсан (c) дэд хэсэгт заасан нөхцлийн дагуу хэрэгжүүлнэ;

(c) хэрэг хэрэгсэхгүй тухай шийдвэр гарсан тохиолдолд дор дурдсан нөхцөл хангадсан бол яллагдагчийг нэн даруй чөлөөлнө:

(i) оргон зайлах тодорхой аюул, тулгасан яллагааны ноцтой байдал болон давж заалдах гомдол амжилттай шийдвэрлэгдэх магадлал зэргийг харгалзан онцгой нөхцөл байдалд Шүүхийн танхим Прокурорын хүсэлтээр яллагдагчийг урьдчилан хорих хугацааг давж заалдах гомдлыг хянан хэлэлцэх хүртэл сунгаж болно;

(ii) (c)дэд хэсгийн (i)-ийн үндсэн дээр гаргасан Шүүхийн танхимын шийдвэрийг Дэгийн болон нотолгооны журмын дагуу давж заалдаж болно.

4. 3 дахь хэсгийн (а) болон (b) дэд хэсгийг баримтлах замаар шийдвэр буюу таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхийг давж заалдах өргөдөл гаргах болон давж заалдах журмаар шүүх хуралдаан хийх хүртэл хугацаанд түдгэлзүүлж болно.

82 дугаар зүйл

Бусад шийдвэрийг давж заалдах

1. Талуудын аль нь ч Дэгийн болон нотолгооны журмын дагуу дараахь шийдвэрүүдийн алиныг ч давж заалдаж болно:

(а) Шүүхээс шүүн шийдвэрлэх хэрэг буюу хэргийг хүлээн авч болохуйц байдлын тухай шийдвэр;

(b) мөрдөн байцаалтад байгаа болон өөрийнх нь хувьд шүүх ажиллагаа явагдаж байгаа этгээдийг чөлөөлөхийг зөвшөөрсөн буюу хориглосон шийдвэр;

(c) 56 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн дагуу өөрийн санаачилгаар үйл ажиллагаа явуулах талаарх Урьдчилсан шүүх ажиллагааны танхимын шийдвэр;

(d) шүүх хуралдааныг шудрага болон шуурхай явуулах болон түүний үр дүнд үлэмж хэмжээгээр нөлөөлөхтэй холбогдсон асуудлын шийдвэр буюу үүнтэй холбоотойгоор Давж заалдах шатны танхимын шийдвэрийг хойшлуулалгүйгээр гаргах нь Урьдчилсан ажиллагааны танхим буюу Шүүхийн танхимын үзэж байгаагаар хэргийг хянан хэлэлцэх асуудлыг үлэмж түргэтгэхэд тус дөхөм үзүүлэхүйц байдал.

2. 57 дугаар зүйлийн 3 (d) хэсгийн үндсэн дээр гаргасан Урьдчилсан Ажиллагааны Танхимын шийдвэрийг сонирхогч улс буюу Прокурор Урьдчилсан байцаалтын танхимын зөвшөөрөлтэйгээр давж заалдаж болно. Тийнхүү давж заалдах гомдлыг хойшлуулахгүйгээр хянан хэлэлцэнэ.

3. Хэрэв Давж заалдах шатны танхим Дэгийн болон нотолгооны журмын дагуу хүсэлтээр энэ тухай тогтоол гаргаагүй бол давж заалдах нь өөрөө түр зогсоох нөлөө үзүүлэхгүй.

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, ял шийтгүүлэгч буюу 73 дугаар зүйлийн дагуу гаргасан шийдвэрийн үр дүнд хохирсон bona fide өмчлөгч Дэгийн болон нотолгооны журамд дурдсаны дагуу хохирлыг нөхөн төлүүлэх тухай шийдвэрийг давж заалдаж болно.

83 дугаар зүйл

Давж заалдах шатны ажиллагаа

1. 81 дүгээр зүйл болон энэ зүйлийн дагуу шүүн таслах ажиллагааны зорилгоор Давж заалдах шатны танхим нь Шүүхийн танхимын бүх эрхийг эдэлнэ.

2. Хэрэв Давж заалдах шатны танхим давж заалдаж байгаа шүүхийн ажиллагаа нь шудрага биш болсон бөгөөд тийм байдлаар шийдвэр буюу ялд итгэх итгэлд эргэлзээ төрүүлж байгаа буюу давж заалдаж байгаа буюу таслан шийдвэрлэх тогтоолд баримтын буюу эрх зүйн алдаа нөлөөлсөн буюу байцаан шийтгэх ажиллагааны зөрчил гарсан гэсэн дүгнэлтэд хүрсэн бол тэрээр:

(а) шийдвэр буюу таслан шийдвэрлэх тогтоолыг хүчингүй болгох буюу өөрчлөх; буюу

(b) өөр Шүүхийн танхимаас шинээр шүүх хуралдаан хийлгэхээр шийдвэрлэх.

Энэ зорилгоор Давж заалдах шатны танхим хэргийн бодит байдалтай холбоотой асуудлыг тодруулах болон холбогдох дүгнэлтийг Давж заалдах шатны танхимд цаашид танилцуулах зорилгоор асуудлыг анхны Шүүх танхимд буцаах буюу асуудлыг тодруулахын тулд нотлох баримтыг өөрөө шаардаж болно. Хэрэв шийдвэр буюу шийтгэх тогтоолыг зөвхөн яллагдагч буюу тухайн этгээдийн нэрийн өмнөөс Прокурор давж заалдсан бол тухайн шийдвэр буюу шийтгэх тогтоолыг тухайн этгээдэд хохирол учруулах байдлаар өөрчилж болохгүй.

3. Хэрэв шийтгэх тогтоолыг давж заалдсан үед ногдуулсан ял нь үйлдсэн гэмт хэрэгтэй тэнцүү биш гэсэн дүгнэлтэд Давж заалдах шатны танхим хүрвэл тэрээр ялыг 7 дугаар хэсгийн дагуу өөрчилж болно.

4. Давж заалдах шатны танхимын шийдвэрийг шүүгчдийн олонхийн шийдвэрээр батлах бөгөөд нээлттэй хуралдаан дээр сонсгоно. Шийдвэрт түүнийг гаргасан үндэслэлийг заана. Давж заалдах шатны танхим санал нэгтэйгээр шийдвэрт хүрч чадаагүй тохиолдолд олонхи болон цөөнхийн санаа бодлыг дурдах бөгөөд харин шүүгч бүр эрх зүйн асуудлаар бие даасан буюу зөвшөөрөөгүй дүгнэлт гаргаж болно.

5. Давж заалдах шатны танхим өөрийн шийдвэрийг хэргийг нь хэрэгсэхгүй болгосон буюу гэм буруутай хэмээн тооцогдсон этгээдийг байлцуулахгүйгээр танилцуулж болно.

84 дүгээр зүйл

Шийтгэсэн буюу ял ногдуулсан шийтгэх тогтоолыг хянаж үзэх

1. Гэм буруутай гэж тооцогдсон буюу түүнийг нас барсны дараа эхнэр болон нөхөр, хүүхэд нь буюу эцэг эх, эсхүл яллагдагч нас барах үед хамт амьдарч байсан бөгөөд түүнд тийм нэхэмжлэл гаргах талаар бичгээр тодорхой чиглэл өгсөн этгээд буюу гэм буруутай хэмээн тооцогдсон этгээдийн нэрийн өмнөөс Прокурор дараахь үндэслэлээр шийтгэсэн буюу ял ногдуулсан тогтоолыг буюу эцсийн шийдвэрийг хянан үзэх тухай хүсэлтийг Давж заалдах шатны танхим гаргаж болно.

(а) дор дурдсан нотлох баримт шинээр илэрсэн бол:

(i) шүүх хуралдааны үед байгаагүй бөгөөд тийнхүү байгаагүйн хариуцлагыг хүсэлт гаргасан тал бүрэн буюу хэсэгчлэн хариуцах ёсгүй; бөгөөд

(ii) хэрэв тэдгээрийг шүүх хуралдааны явцад гаргасан бол өөр шийдвэр гаргахад хүргэх байсан нилээд чухал баримт.

(b) шүүх хуралдааны явцад анхааралд авсан бөгөөд түүнийг шийтгэсэн тогтоол гарахад нөлөө үзүүлсэн нотлох баримт нь худал буюу зохиомол болохыг нотолсон шинэ баримтууд илэрсэн бол;

(c) шийтгэх тогтоол гаргах буюу яллагааг батлахад оролцсон нэг буюу хэд хэдэн шүүгч 46 дугаар зүйлийн дагуу тухайн хэргийг хянан хэлэлцэх явцад тэр шүүгч буюу шүүгчдийг албан тушаалаас нь огцруулах үндэслэл болоход хангалттай хэмжээний хүнд байдлаар өөрийн үүргээ ноцтой зөрчсөн бол.

2. Давж заалдах шатны танхим хүсэлтийг үндэслэлгүй гэж үзвэл буцаана. Хэрэв тэрээр хүсэлт нь мөн чанартай үндэслэлтэй гэж үзвэл шаардлагатай тохиолдолд дараахь зүйлийг хийж болно:

(а) анхны Шүүхийн танхимыг дахин хуралдуулах;

(b) Шүүхийн танхим шинээр байгуулах; буюу

(c) тухайн асуудалтай холбоотой хэргийг шүүн шийдвэрлэх эрхийг өөртөө үлдээх, ингэхдээ Дэгийн болон нотолгооны журамд заасны дагуу тийнхүү талуудыг сонсох замаар шийдвэрийг эргэн хянан үзэх эсэхийг шийдвэрлэнэ.

85 дугаар зүйл

Баривчлагдсан буюу гэм буруутай этгээдэд нөхөн төлбөр төлөх

1. Хууль бусаар баривчлагдсан буюу хоригдсоны золиос болсон хүн бүр нөхөн төлбөр авах эрхтэй.

2. Хэрэв ямар нэг этгээд эцсийн шийдвэрээр эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцогдсон болон түүний хувьд гаргасан шийтгэх тогтоол ямар нэг шинэ буюу шинээр илэрсэн нөхцөл байдлаар шүүхийн алдаа болохыг маргаангүй нотлосны үндсэн дээр хожим нь өөрчлөгдөж, хэрэв дурдсан тодорхой бус нөхцөл байдал тухайн үедээ бүрэн буюу зарим талаар түүний гэм буруугаар илрээгүй гэдгийг тогтоогоогүй бол тэрбээр хуулийн дагуу нөхөн олговрыг авна.

3. Онцгой тохиолдолд Шүүх шүүхийн бүдүүлэг бөгөөд гарцаагүй алдаа байсныг гэрчлэх маргашгүй баримт илрүүлбэл тэрээр энэ шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгох буюу шүүн таслах ажиллагааг зогсоох тухай эцсийн шийдвэр гарсны дараа Дэгийн болон нотолгооны журамд заасан шалгуурын дагуу өөрийн үзэмжээр нөхөн олговор олгохоор шийдвэрлэж болно.

9 ДҮГЭЭР ХЭСЭГ

ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

БОЛОН ШҮҮХИЙН ТУСЛАЛЦАА

86 дугаар зүйл

Хамтран ажиллах нийтлэг үүрэг

Оролцогч улсууд энэхүү дүрмийн заалтуудын дагуу хэрэг шүүн шийдвэлэхэд нь хамаарах гэмт хэргийн эрүүгийн мөрдөн байцаалт болон эрүүгийн мөрдөн мөшгөлт явуулахад Шүүхтэй бүх талаар хамтран ажиллана.

87 дугаар зүйл

Хамтран ажиллах тухай хүсэлт: нийтлэг заалт

1. (а) Шүүх оролцогч улсуудад хамтран ажиллах хүсэлт тавих эрхтэй. Тийм хүсэлтийг оролцогч улс бүр соёрхон батлах, батлах, хүлээн зөвшөөрөх буюу нэгдэн орохдоо тодорхойлсон дипломат буюу холбогдох аливаа бусад шугамаар илгээнэ. Тийм тодорхойлолтыг цаашид өөрчлөх асуудлыг оролцогч улс бүрийн зүгээс Дэгийн болон нотолгооны журмын дагуу гүйцэтгэнэ.

(b) Бололцоотой үед (а) дэд хэсгийн заалтыг хөндөхгүйгээр хүсэлтийг, түүнчлэн Эрүүгийн цагдаагийн олон улсын байгууллага буюу бүс нутгийн аливаа холбогдох байгууллагаар дамжуулан илгээж болно.

2. Хамтран ажиллах тухай хүсэлт болон эдгээр хүсэлтийг баталгаажуулсан аливаа баримт бичгийг тухайн улс соёрхон батлах, батлах, хүлээн зөвшөөрөх буюу нэгдэж орохдоо зарласан сонголтын дагуу хүсэлт хүлээн авсан улсын албан ёсны хэлний аль нэг буюу Шүүхийн ажлын хэлний аль нэгээр гаргах буюу тухайн хэлний аль нэгний орчуулгыг дагалдуулна.

Тийм сонголтыг цаашид өөрчлөх асуудлыг Дэгийн болон нотолгооны журмын дагуу гүйцэтгэнэ.

3. Хүсэлт хүлээн авсан орон хамтран ажиллах тухай хүсэлт болон энэ хүсэлтийг баталгаажуулсан баримт бичгийг онцгой тохиолдолд хүсэлтийг биелүүлэхэд тэдгээрийг задруулах шаардлагатайгаас бусад тохиолдолд нууцлан хадгална.

4. 9 дүгээр хэсгийн дагуу гаргаж өгсөн туслалцаа үзүүлэх тухай аливаа хүсэлттэй холбогдуулан Шүүх аливаа хохирогч, нэн чухал гэрч болж болох хүмүүс болон тэдгээрийн гэр бүлийн аюулгүй байдал болон бие мах бодийн буюу сэтгэл санааны сайн сайхныг хангахад шаардлагатай байж болох мэдээллийг хамгаалахтай холбоотой арга хэмжээг оролцуулан тийм арга хэмжээ авч болно. Шүүх 9 дүгээр хэсгийн дагуу гаргаж өгч байгаа аливаа мэдээллийг аливаа хохирогч, гэрч болж болох хүмүүс болон тэдгээрийн гэр бүлийн аюулгүй байдал болон бие бялдрын буюу сэтгэл санааны сайн сайхныг хангах тийм байдлаар дамжуулах буюу ашиглах тухай хүсэлт гаргаж болно.

5. (a) Шүүх энэхүү дүрмийн оролцогч бус аливаа улсад энэ хэсгийн дагуу тухайн улсад байгуулсан тусгай тохиролцоо, хэлэлцээр буюу холбогдох бусад аливаа үндсэн дээр туслалцаа үзүүлэх санал дэвшүүлж болно.

(b) Энэхүү дүрмийн оролцогч бус бөгөөд Шүүхтэй тусгай тохиролцоонд хүрсэн улс аливаа тийм тохиролцоо буюу хэлэлцээрийн дагуу гаргасан хүсэлтийг биелүүлэх талаар хамтран ажиллахаас татгалзвал Шүүх оролцогч улсуудын Ассамблейд, хэрэв тухайн асуудлыг Шүүхэд Аюулгүйн зөвлөл шилжүүлсэн бол Аюулгүйн зөвлөлд энэ тухай мэдээлнэ.

6. Шүүх олон улсын аль ч байгууллагад мэдээлэл буюу баримт бичгийг гаргуулах хүсэлт тавьж болох бөгөөд түүнчлэн өөрийн эрх хэмжээгээр хариуцдаг байгуулагатай тохиролцож болох аливаа хэлбэрээр хамтран ажиллах болон туслалцаа үзүүлэх талаар тохиролцож болно.

7. Оролцогч улс энэхүү дүрмийн заалтыг зөрчин хамтран ажиллах тухай хүсэлтийг биелүүлээгүй бөгөөд ингэснээрээ Шүүхэд энэхүү дүрмийн дагуу үүрэг болон эрхээ биелүүлэх боломж олгоогүй бол Шүүх энэ асуудлаар дүгнэлт гаргаж болох бөгөөд асуудлыг оролцогч улсуудын Ассамблейд, хэрэв тухайн асуудлыг Шүүхэд Аюулгүйн Зөвлөл шилжүүлсэн бол Аюулгүйн Зөвлөлд шилжүүлж болно.

88 дугаар зүйл

Үндэсний хуульд заасан журамтай байх

Оролцогч улсууд энэ хэсэгт заасан хамтын ажиллагааны бүх хэлбэрийн хувьд өөрсдийн үндэсний хуульд заасан журамтай байх явдлыг хангана.

89 дүгээр зүйл

Тухайн этгээдийг шүүхэд шилжүүлэх

1. Шүүх нутаг дэвсгэрт нь тухайн этгээд байж болох аливаа улсад 91 дүгээр зүйлд дурдсан, энэхүү хүсэлтийг баталгаажуулсан материалын хамт тухайн этгээдийг баривчлах болон хүлээлгэн өгөх тухай хүсэлт гаргаж болох бөгөөд тухайн этгээдийг баривчлах болон хүлээлгэн өгөх талаар хамтран ажиллах хүсэлтийг энэ улсад гаргаж болно. Оролцогч улсууд энэ хэсгийн заалт болон өөрсдийн үндэсний хуульд заасан журмын дагуу баривчлах болон хүлээлгэн өгөх хүсэлтийг биелүүлнэ.

2. Шилжүүлэхээр эрэн сурвалжлагдаж байгаа этгээд 20 дугаар зүйлд дурдсан ne bis in idem зарчмын үндсэн дээр үндэснийхээ шүүхэд эсэргүүцэл илэрхийлсэн тохиолдолд хэргийг хүлээн авч үзэж болох тухай холбогдох тогтоол байгаа эсэхийг тодорхойлохын тулд хүсэлт хүлээн авсан улс Шүүхтэй нэн даруй зөвлөлдөнө. Хэрэв хэргийг хүлээн авч үзэж болно гэж тогтоовол хүсэлт хүлээн авсан улс хүсэлтийг биелүүлэх ажилдаа орно. Хэрэв хүлээн авч үзэж болох тухай тогтоол хараахан гараагүй бол хүсэлт хүлээн авсан улс хэргийг хүлээн авч үзэж болох тухай Шүүхийн шийдвэр гарахаас өмнө холбогдох этгээдийг шилжүүлэх талаарх хүсэлтийг биелүүлэхийг хойшлуулж болно.

3. (а) Оролцогч улс өөрийн байцаан шийтгэх хууль тогтоомжийн дагуу Шүүхэд өөр улсаас шилжүүлж байгаа этгээдийг тухайн улсаар дамжуулан тээвэрлэх нь хүлээлгэн өгөхөд саад учруулах буюу түүнийг саатахад хүргэхээс бусад тохиолдолд өөрийн нутаг дэвсгэрээр тээвэрлэх зөвшөөрөл олгоно.

(b) Дамжуулан өнгөрүүлэх тухай Шүүхийн хүсэлтийг 87 дугаар зүйлийн дагуу илгээнэ. Дамжуулан өнгөрүүлэх хүсэлтэд дараахь зүйлийг тусгана.

(i) тээвэрлэж буй этгээдийн тодорхойлолт;

(ii) хэргийн нөхцөл байдлын тухай товч танилцуулга болон түүний эрх зүйн зүйлчлэл; болон

(iii) баривчлах болон хүлээлгэн өгөх зөвшөөрөл.

(c) дамжуулан тээвэрлэхэд тээвэрлэж буй этгээдийг урьдчилан хорино;

(d) агаарын тээврээр тээвэрлэж байгаа бөгөөд дамжин өнгөрүүлэх улсын нутаг дэвсгэрт буухгүй тохиолдолд ямар ч зөвшөөрөл шаардахгүй;

(e) хэрэв дамжин өнгөрүүлэх улсын нутаг дэвсгэрт төлөвлөөгүй буулт хийх бол тухайн орон (b) дэд хэсгийн заалтын дагуу түүнд дамжин өнгөрүүлэх тухай хүсэлт илгээхийг Шүүхээс шаардаж болно. Дамжин өнгөрүүлэх улс дамжин өнгөрөх хүсэлтийг хүлээж авах болон дамжин өнгөртөл тээвэрлэж байгаа этгээдийг албадан саатуулах бөгөөд тийнхүү албадан саатуулах явдал нь энэ дэд хэсгийн зорилгоор энэ хугацаанд тийм хүсэлт хүлээж аваагүй бол төлөвлөгдөөгүй буулт хийснээс хойш 96 цагаас илүү үргэлжилж болохгүй.

4. Хэрэв эрэн сурвалжлагдаж байгаа этгээд шүүхийн мөрдөлтөд байгаа буюу Шүүхэд шилжүүлэх тухайн өргөдөл гаргаснаас өөр гэмт хэргийн төлөө хүсэлт хүлээж авсан оронд ял эдэлж байгаа бол хүсэлт хүлээн авсан улс хүсэлтийг хангах тухай өөрийн шийдвэрийг гаргасныхаа дараа Шүүхтэй зөвлөлдөнө.

90 дүгээр зүйл

Зөрүүтэй хүсэлт

1. Шүүхээс аливаа этгээдийг 89 дүгээр зүйлийн дагуу хүлээлгэн өгөх тухай хүсэлтийг хүлээж авсан оролцогч улс нь тухайн этгээдийг шилжүүлэх тухай өргөдлийг Шүүх хүлээн авсан гэмт хэргийн үндсийг бүрдүүлсэн тийм үйл ажиллагааны төлөө тухайн этгээдийг хүлээлгэн өгөх тухай хүсэлтийг тэрээр өөр ямар нэг улсаас нэгэн зэрэг авсан тохиолдолд энэ тухай Шүүх болон хүсэлт гаргасан улсад мэдэгдэнэ.

2. Хүсэлт гаргагч улс оролцогч улс байх тохиолдолд хүсэлт хүлээн авсан улс Шүүхийн хүсэлтэд нэн тэргүүнд анхаарал тавина:

(а) хэрэв Шүүх 18 болон 19 дүгээр зүйлийн дагуу аливаа этгээдийг хүлээлгэн өгөхтэй холбоотой хэрэг нь хүлээн авч хянан үзэх хэрэг болно гэсэн магадлал гаргасан бөгөөд энэ магадлалд шилжүүлэн өгөх тухай түүний хүсэлттэй холбоотойгоор хүсэлт гаргагч улсаас явуулж байгаа мөрдөн байцаалтыг харгалзан үзэх бол; буюу

(b) хэрэв Шүүх 1 дэх хэсгийн дагуу хүсэлт хүлээн авсан улсын мэдэгдлийн үндсэн дээр (а) дэд хэсэгт тусгасан магадлал гаргасан бол.

3. Хэрэв 2 дахь хэсгийн (а) дэд хэсгийн дагуу тодорхойлолт гаргаагүй тохиолдолд хүсэлт хүлээн авсан улс 2 дахь хэсгийн (b) дэд хэсгийн үндсэн дээр Шүүх магадлал гаргахаас өмнө өөрийн үзэмжээрээ хүсэлт гаргагч улсын шилжүүлж өгөх тухай хүсэлтийг хянан үзэх ажилд орох боловч хэргийг хүлээн авч хянан үзэж болох тухай Шүүхийн шийдвэр гарахаас өмнө тухайн этгээдийг шилжүүлэн өгөхгүй. Шүүхийн магадлалыг хялбаржуулсан журмаар гаргана.

4. Хэрэв хүсэлт гаргагч улс нь энэхүү дүрмийн оролцогч улс бус бол хүсэлт хүлээн авсан улс, хэрэв тэрээр тухайн этгээдийг хүсэлт гаргагч улсад шилжүүлэн өгөх талаар олон улсын үүрэггүй тохиолдолд хэрэв Шүүх хэргийг хүлээн авч үзэж болно хэмээн хүлээн зөвшөөрсөн бол хүлээлгэн өгөх тухай Шүүхийн хүсэлтэд нэн тэргүүнд анхаарал тавина.

5. Хэрэв 4 дэх хэсгийн дагуу хэргийг хүлээн авч хянан үзэж болох тухай магадлалыг Шүүх гаргаагүй бол хүсэлт хүлээж авсан улс өөрийн үзэмжээр хүсэлт гаргагч улсын хүлээлгэн өгөх тухай хүсэлтийг хянан үзэж болно.

6. Хэрэв хүсэлт хүлээн авсан улс энэхүү дүрмийн оролцогч бус хүсэлт гаргасан улсад тухайн этгээдийг шилжүүлэн өгөх олон улсын үүргийг нэгэнт хүлээснээс бусад тохиолдолд 4 дэх хэсгийг хэрэглэх тохиолдолд хүсэлт хүлээн авсан улс энэ этгээдийг Шүүхэд хүлээлгэн өгөх, эсхүл хүсэлт гаргагч улсад шилжүүлэн өгөх тухай асуудлыг шийднэ. Шийдвэр гаргахдаа хүсэлт хүлээн авсан улс холбогдох бүх баримт, үүний дотор дараахь баримтыг авч үзнэ:

(а) хүсэлт гаргасан он, сар, өдөр;

(b) холбогдолтой бол гэмт хэргийг нутаг дэвсгэрт нь үйлдсэн эсэх, хохирогч болон шилжүүлэн өгөхийг хүсч байгаа этгээдийн харьяалал зэргийг оролцуулан хүсэлт гаргагч орны ашиг сонирхол; болон

(c) Шүүх болон хүсэлт гаргагч улсын хооронд цаашид хүлээлгэн өгөлцөх боломж.

7. Хэрэв Шүүхээс аливаа этгээдийг хүлээлгэн өгөх тухай хүлээн авсан оролцогч улс тухайн этгээдийн гэмт хэргийн бүрэлдэхүүн болох ажиллагаанаас өөр хэргийн төлөө шилжүүлэн өгөх тухай аливаа нэгэн өөр улсын хүсэлтийг мөн хүлээж авсан тохиолдолд:

(а) хүсэлт хүлээн авсан улс хэрэв тэрээр тухайн этгээдийн хүсэлт гаргагч улсад шилжүүлэн өгөх олон улсын үүрэг хүлээгээгүй бол Шүүхийн хүсэлтэд нэн тэргүүнд хандана;

(b) хүсэлт хүлээн авсан улс, хэрэв тэрээр тухайн этгээдийг хүсэлт гаргагч улсад шилжүүлэн өгөх олон улсын үүрэг хүлээсэн бол энэ этгээдийг Шүүхэд хүлээлгэн өгөх буюу хүсэлт гаргагч улсад шилжүүлэн өгөх тухай асуудлыг шийдвэрлэнэ. Шийдвэрээ гаргахдаа хүсэлт хүлээн авсан улс 6 дахь хэсэгт дурдсан зүйлийг оролцуулан холбогдох бүх хүчин зүйлийг хянан үзэх бөгөөд, ялангуяа тухайн үйлдлийн харьцангуй чанар болон хүнд хөнгөнийг онцгойлон харгалзан үзнэ.

8. Хэрэв энэ зүйлийн дагуу хийсэн мэдэгдэлд нийцүүлэн Шүүх хэргийг хүлээн авч хянан үзэх боломжгүй тухай магадлал гаргасан бөгөөд үүний үр дүнд хүсэлт гаргагч улс шилжүүлэн өгөх асуудлаар татгалзсан хариу авсан тохиолдолд хүсэлт хүлээн авсан улс энэ шийдвэрийнхээ тухай Шүүхэд мэдэгдэнэ.

91 дүгээр зүйл

Баривчлах болон хүлээлгэн өгөх тухай хүсэлтийн агуулга

1. Баривчлах болон хүлээлгэн өгөх тухай хүсэлтийг бичгээр илгээнэ. Хойшлуулашгүй тохиолдолд хүсэлтийг 87 дугаар зүйлийн 1 хэсгийн (а) дэд хэсэгт заасан сувгаар энэ хүсэлтийг батлах нөхцөлд хүсэлтийг бичгийн мэдээллийг хүргэх явдлыг хангах дурын хэрэгслээр илгээж болно.

2. Урьдчилсан ажиллагааны танхим 58 дугаар зүйлийн үндсэн дээр баривчлах тогтоол гаргасан этгээдийг баривчлах болон хүлээлгэн өгөх тухай хүсэлт гаргасан тохиолдолд хүсэлт нь дараахь зүйлийг тусгах буюу түүгээр баталгаажна:

(а) тухайн этгээдийн хувийн байдлыг тогтооход хангалттай, эрэн сурвалжилж байгаа этгээдийг тодорхойлсон болон тухайн этгээдийн байж болзошгүй газрын тухай мэдээлэл;

(b) баривчлах тогтоолын хуулбар;

(c) эдгээр шаардлага нь хүсэлт хүлээн авсан бусад улсын хоорондын гэрээ буюу бусад хэлэлцээрийн дагуу шилжүүлэн өгөх тухай хүсэлтийн хувьд хэрэглэж байгаагаас илүү дарамтай байх ёсгүй болон хэрэв тэрээр боломжтой бол Шүүхийн онцгой шинж чанараас шалтгаалан бага дарамттай байх бөгөөд хүлээлгэн өгөх журмыг биелүүлэхэд хүсэлт хүлээн авсан улсад шаардлагатай байж болох тийм баримт бичиг, мэдэгдэл буюу мэдээлэл.

3. Гэм буруутайд тооцогдсон этгээдийг баривчлах болон хүлээлгэн өгөх тухай хүсэлт гаргасан тохиолдолд хүсэлт нь дараахь зүйлийг тусгах буюу түүгээр баталгаажна:

(а) тухайн этгээдийг баривчлах аливаа зөвшөөрлийн хуулбар;

(b) гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн хуулбар;

(c) эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрт дурдагдсан чухамхүү тэр этгээд мөн болохыг нотлох мэдээлэл;

(d) хэрэв эрэн сурвалжлагдаж байгаа этгээдэд ял ногдуулсан бол ялын тогтоолын хувь болон хорих ял ногдуулсан бол эдэлсэн хугацаа болон эдлээгүй үлдсэн хугацааны талаар мэдэгдэл.

4. Шүүхийн хүсэлт авсны дараа оролцогч улс 2 дахь хэсгийн (c) дэд хэсгийн дагуу хэрэглэж болох өөрийн үндэсний хууль тогтоомжийн дагуух аливаа шаардлагын хувьд ерөнхий асуудал буюу ямар нэгэн тодорхой асуудлын талаар Шүүхтэй зөвлөлдөж байна. Тийм зөвлөлдөөний явцад оролцогч улс өөрийн үндэсний хууль тогтоомжийн тодорхой шаардлагын тухай Шүүхэд мэдээлнэ.

92 дугаар зүйл

Урьдчилан баривчлах

1. Хойшлуулшгүй тохиолдолд 91 дүгээр зүйлд дурдсан Шүүх хүлээлгэн өгөх тухай хүсэлт болон энэхүү хүсэлтийг баталгаажуулсан баримт бичгийг өгөхөөс өмнө эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийг урьдчилан баривчлах тухай хүсэлт гаргаж болно.

2. Урьдчилан баривчлах тухай хүсэлтийг бичгээр үйлдсэн мэдээллийг хүргэх боломжийг хангасан аливаа хэрэгслээр илгээж болох бөгөөд тэрээр дараахь зүйлийг тусгана:

(а) түүний хувийн байдлыг тогтооход хангалттай бөгөөд эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийг тодорхойлсон болон тухайн этгээдийн байж болзошгүй газрын тухай мэдээлэл;

(b) тухайн этгээдийг баривчлахыг шаардаж байгаа гэмт хэргийн тухай болон гэмт хэргийг үйлдсэн хугацаа болон газрыг боломжийн хэрээр оролцуулан энэ гэмт хэргийг урьдчилсан байдлаар бүрдүүлж байгаа хүчин зүйлүүдийн товч тодорхойлолт;

(c) эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийг баривчлах тогтоол байгаа эсэх буюу ял ногдуулсан тухай мэдэгдэл;

(d) эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийг хүлээлгэн өгөх тухай хүсэлтийг хожим нь гаргаж өгөх тухай мэдэгдэл.

3. Хэрэв хүсэлт хүлээн авсан улс 91 дүгээр зүйлд дурдсан хүлээлгэн өгөх тухай хүсэлт болон энэ хүсэлтийг баталгаажуулсан баримт бичгийг Дэгийн болон нотолгооны журамд заасан тодорхой хугацаанд хүлээж аваагүй бол урьдчилан баривчлагдсан этгээдийг урьдчилан хорихоос чөлөөлж болно. Гэхдээ хүсэлт хүлээн авсан улсын хууль тогтоомж үүнийг зөвшөөрч байгаа бол энэ хугацаа дуусахаас өмнө тухайн этгээдийг хүлээлгэн өгөхийг зөвшөөрч болно. Энэ тохиолдолд хүсэлт хүлээж авсан улс тухайн этгээдийг аль болох богино хугацаанд Шүүхэд хүлээлгэн өгнө.

4. Эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийг 3 дахь хэсгийн дагуу урьдчилан хорихоос чөлөөлсөн нөхцөл байдал нь хүлээлгэн өгөх тухай хүсэлт болон энэ хүсэлтийг баталгаажуулсан баримт бичгийг хожим өгөх тохиолдолд тухайн этгээдийг дараа нь баривчлах болон хүлээлгэн өгөхөд нөлөөлөхгүй.

93 дугаар зүйл

Хамтын ажиллагааны бусад хэлбэр

1. Оролцогч улсууд энэ хэсгийн заалт болон тэдгээрийн үндэсний хууль тогтоомжид тусгасны дагуу мөрдөн байцаалт явуулахтай холбогдуулан туслалцаа үзүүлэх тухай Шүүхийн хүсэлтийг дараахь байдлаар биелүүлнэ:

(а) хүн болон эд зүйлсийн байршлыг тогтоох;

(b) мэдүүлэг авах, шинжээчдийн дүгнэлт, тайлан зэрэг Шүүхэд хэрэгтэй зүйлсийг оролцуулан нотлох баримт олж авах буюу цуглуулах;

(c) мөрдөгдөж байгаа буюу мөрдөн байцаалтад өртөж байгаа аливаа этгээдийг байцаах;

(d) шүүхийн баримт бичгийг оролцуулан баримт бичиг гардуулах;

(e) гэрч буюу шинжээчийн хувьд хүмүүс сайн дураар Шүүхэд ирэх явдалд дэмжлэг үзүүлэх;

(f) 7 дахь хэсэгт дурдсаны дагуу хүмүүсийг түр шилжүүлэх;

(g) цогцос ухаж гаргах (эксгумац) болон цогцос шалгахыг оролцуулан газрыг шалгаж үзэх;

(h) нэгжлэг явуулах болон эд хөрөнгийг битүүмжлэх;

(i) албан ёсны протокол болон баримт бичгийг оролцуулан протокол болон баримт бичиг гаргаж өгөх;

(j) хохирогч болон гэрч нарыг хамгаалах болон нотлох баримтыг хадгалах;

(k) эд хөрөнгө, түүнээс олсон орлого, гэмт хэрэг үйлдсэн хэрэгслийг санамсаргүй гуравдагч талын эрхэд хохирол урчуулахгүйгээр цаашид хураан авах зорилгоор илрүүлэх, ул мөрийг нь шалгах, битүүмжлэх буюу хураах;

(l) Шүүхийн шүүн шийдвэрлэх хэрэгт хамаарах гэмт хэргийн мөрдөн байцаалт явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор хүсэлт хүлээн авагч улсын хууль тогтоомжоор хориглоогүй аливаа бусад төрлийн туслалцаа үзүүлэх.

2. Шүүх нь шүүхэд ирсэн гэрч буюу шинжээчдэд тухайн гэрч буюу шинжээч мөрдөн мөшгөгдөх, урьдчилан хоригдох буюу Шүүхийн зүгээс тухайн этгээд хүсэлт хүлээн авсан улсаас гарахаас өмнө тохиолдсон аливаа үйлдэл буюу эс үйлдлийн хувьд хувийн эрх чөлөөний аливаа бусад хязгаарлалтад өртөхгүй байх баталгаа олгох эрхтэй.

3. Хэрэв 1 дэх хэсгийн дагуу илгээсэн хүсэлтэд дурдсан туслалцааны хүрээнд ямар нэг тодорхой арга хэмжээ авахыг нийтлэг хэрэглэх эрх зүйн мөрдөгдөж байгаа үндсэн зарчмын үндсэн дээр хүсэлт хүлээн авагч улсад хориглосон бол хүсэлт хүлээн авагч улс энэ асуудлыг шийдэх эрмэлзлийн үүднээс Шүүхтэй нэн даруй зөвлөлдөөн хийнэ. Тийм зөвлөлдөөний явцад тийм туслалцааг өөр байдлаар буюу ямар нэг нөхцлөөр үзүүлж болох эсэхийг авч үзнэ. Хэрэв тийм зөвлөлдөөний дараа энэ асуудлыг шийдэж чадаагүй бол Шүүх энэ хүсэлтэд шаардлагатай өөрчлөлт оруулна.

4. Оролцогч улс 72 дугаар зүйлийн дагуу хэрэв хүсэлт нь түүний үндэсний аюулгүй байдалтай холбоо бүхий ямар нэг баримт бичгийг гаргуулах буюу баримтыг нийтэд задруулахтай холбоотой бол туслалцааны тухай хүсэлтээс бүрэн буюу хэсэгчлэн татгалзаж болно.

5. Хүсэлт хүлээн авсан улс 1 дэх хэсгийн (l) дэд хэсгийн үндсэн дээр туслалцааны тухай хүсэлтийн татгалзахаас өмнө туслалцааг тодорхой тогтоосон нөхцлийн үндсэн дээр олгож болох эсэх буюу түүнийг өөр байдлаар арай хожим олгож болох боломжийг авч үзэх бөгөөд ингэхдээ хэрэв Шүүх буюу Прокурор туслалцаа тийм нөхцлөөр авна гэвэл Шүүх буюу Прокурор тэдгээрийг баримтлах ёстой.

6. Хэрэв туслалцааны тухай хүсэлтээс татгалзсан бол хүсэлт хүлээн авсан улс тийнхүү татгалзсан шалтгааны талаар Шүүх буюу Прокурорт даруй мэдэгдэнэ.

7. (а) Таниулах, мэдүүлэг өгөх буюу бусад туслалцаа үзүүлэхийн тулд Шүүх урьдчилан хоригдож байгаа этгээдийг түр шилжүүлэх хүсэлт гаргаж болно. Дараахь нөхцлийг хангасан үед тухайн этгээдийг Шүүхэд шилжүүлж болно:

(i) тийнхүү шилжүүлэх талаар өөрийн ухамсарласан зөвшөөрлийг тухайн этгээд чөлөөтэй өгч байгаа бол;

(ii) тухайн улс болон Шүүх зөвшилцөж болох тийм нөхцлийг баримталсан үед хүсэлт хүлээн авсан улс шилжүүлэхийг зөвшөөрнө.

(b) Шилжүүлж байгаа этгээд урьдчилан хоригдсон хэвээр байна. Шилжүүлэх зорилго биелсний дараа Шүүх тухайн этгээдийг хүсэлт хүлээн авсан улсад саадгүйгээр буцааж өгнө.

8. (а) Хүсэлтэд дурдсан мөрдөн байцаалтын зорилгоор шаардсанаас бусад тохиолдолд Шүүх баримт бичиг болон мэдээллийн нууцлалыг хангана.

(b) Шаардлагатай үед хүсэлт хүлээн авсан улс баримт бичиг буюу мэдээллийг Прокурорт нууцлалын нөхцлөөр шилжүүлж болно. Энэ тохиолдолд Прокурор эдгээр баримт бичиг болон тухайн мэдээллийг зөвхөн шинэ нотлох баримт олж авах зорилгоор ашиглаж болно.

(c) Хүсэлт хүлээн авсан улс өөрийн санаачлагаар буюу Прокурорын хүсэлтээр тэдгээр баримт бичиг буюу мэдээллийг задруулах зөвшөөрөл өгч болно. Үүний дараа тэдгээрийг 5 болон 6 дугаар хэсгийн заалт, түүнчлэн дэгийн болон нотолгооны журмын дагуу нотлох баримтын байдлаар ашиглаж болно.

9. (а) (i) Аливаа нэгэн оролцогч улс хүлээлгэн өгөх буюу шижлүүлэн өгөх тухай хүсэлтээс өөр давхардсан хүсэлтийг Шүүх болон олон улсын ямар нэг үүргийн дагуу өөр улсаас авбал оролцогч улс Шүүх болон тухайн улстай зөвлөлдөх замаар шаардлагатай тохиолдолд аль нэгэн хүсэлтийг хойшлуулах буюу нөхцөл тавих замаар хоёр хүсэлтийг хангах арга хэмжээ авахыг эрмэлзэнэ.

(ii) Ингээгүй тохиолдолд давхардсан хүсэлтийг 90 дүгээр зүйлд тусгагдсан зарчмын дагуу хангана.

(b) Гэвч хэрэв Шүүхийн хүсэлт нь олон улсын ямар нэг хэлэлцээрийн дагуу гуравдагч улс буюу олон улсын байгууллагын хяналтад хамаарах мэдээлэл, эд хөрөнгө буюу хүнтэй холбоотой бол хүсэлт хүлээн авсан улс энэ тухай Шүүхэд мэдэгдэх бөгөөд Шүүх өөрийн хүсэлтийг гуравдагч улс буюу олон улсын байгууллагад илгээнэ.

10. (а) Шүүх түүний шүүн шийдвэрлэх хэрэгт хамаарах гэмт хэрэг буюу хүсэлт хүлээн авсан улсын үндэсний хууль тогтоомжийн дагуу ноцтой гэмт хэргийг бүрдүүлж байгаа үйлдлийн хувьд мөрдөн байцаалт явуулж байгаа оролцогч улстай хамтран ажиллаж, түүнд туслалцаа үзүүлж болно.

(b) (i) Дээрх (а) дэд хэсгийн дагуу үзүүлэх туслалцаа нь бусад зүйлээс гадна дараахь зүйлээс бүрдэнэ:

a. шүүхээс явуулсан мөрдөн байцаалт буюу шүүхийн ажиллагааны явцад авсан мэдэгдэл, баримт бичиг буюу бусад төрлийн нотлох баримтыг шилжүүлэх; болон

b. шүүхийн захирамжаар саатуулсан аливаа этгээдийг байцаах.

(ii) Энэ (b) хэсгийн (i) (1) дэд хэсгийн үндсэн дээр Шүүхээс туслалцаа үзүүлэх тохиолдолд:

a. Хэрэв баримт бичиг буюу бусад төрлийн нотлох баримтыг ямар нэг улсын туслалцаатайгаар олж авсан бол Шүүхээс тэдгээр материалыг шилжүүлэхийн тулд энэ улсын зүгээс зөвшөөрөл шаардана;

b. Хэрэв мэдэгдэл, баримт бичиг буюу өөр төрлийн нотлох баримтыг гэрч буюу шинжээч гаргаж өгсөн бол Шүүхээс тийм материалыг шилжүүлэх асуудлыг 63 дугаар зүйлийн заалтуудаар зохицуулна.

(с) Шүүх энэ хэсэгт заасан нөхцлөөр Дүрмийн оролцогч бус улсын зүгээс туслалцаа үзүүлэх тухай хүсэлтийг энэ хэсгийн дагуу хангаж болно.

94 дүгээр зүйл

Мөрдөн байцаалт буюу шүүхийн мөрдөлт явагдаж

байгаатай холбоотойгоор хүсэлт биелүүлэхийг хойшлуулах

1. Хэрэв хүсэлтэд холбогдох хэргээс өөр хэргийн мөрдөн байцаалт буюу мөрдөлт явуулахад хүсэлтийг яаралтай биелүүлэх явдал саад учруулах бол хүсэлт хүлээн авсан улс энэ хүсэлтийг биелүүлэх ажлыг Шүүхтэй тохиролцсон хугацаагаар хойшлуулж болно. Гэвч хойшлуулах явдал нь хүсэлт хүлээн авсан улсад холбогдох мөрдөн байцаалт буюу мөрдөлтийг дуулгахаар шаардлагатай хугацаанаас хэтрэх ёсгүй. Хойшлуулах тухай шийдвэр гаргахаас өмнө хүсэлт хүлээн авсан улс тодорхой нөхцлийг биелүүлсэн тохиолдолд яаралтай туслалцаа үзүүлж болох эсэх тухай асуудлыг шийдвэрлэх ёстой.

2. Хойшлуулах тухай шийдвэрийг 1 дэх хэсгийн дагуу гаргасан тохиолдолд Прокурор 93 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу нотлох баримтыг хадгалахад чиглэсэн арга хэмжээ авахыг шаардаж болно.

95 дугаар зүйл

Хэргийг хүлээн авч үзэхийг эсэргүүцсэнтэй

холбоотой хүсэлтийг биелүүлэхийг хойшлуулах

53 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хохирол учруулахгүйгээр хэрэв Шүүх 18 болон 19 дүгээр зүйлийн дагуу хэргийг хүлээн авч үзэхийн хувьд гаргасан эсэргүүцлийг авч хэлэлцэж байгаа тохиолдолд хүсэлт хүлээн авсан улс, хэрэв Шүүх 18 болон 19 дүгээр зүйлийн дагуу Прокурор нотлох баримт цуглуулж эхэлж болох тухай тусгай шийдвэр гаргаагүй бол Шүүх магадлал гаргахаас өмнө энэ хэсгийн дагуу хүсэлтийг биелүүлэхийг хойшлуулж болно.

96 дугаар зүйл

93 дугаар зүйлийн дагуу үзүүлэх туслалцааны

бусад хэлбэрийн тухай хүсэлтийн агуулга

1. 93 дугаар зүйлд дурдсан туслалцааны бусад хэлбэрийн тухай хүсэлтийг бичгээр илгээнэ. 87 дугаар зүйлийн 1 хэсгийн (а) дэд хэсэгт дурдсан шугамаар тэрээр батлагдах тохиолдолд хойшлуулшгүй нөхцөлд хүсэлтийг бичгийн мэдээлэл хүргэх явдлыг хангах аливаа хэлбэрээр илгээж болно.

2. Тийм хүсэлт нь холбогдох тохиолдолд дараахь зүйлийг тусгах буюу тэдгээрээр баталгаажна:

(а) тухайн хүсэлтийн хууль зүйн үндэс буюу үндэслэл зэргийг оролцуулан хүсэлт болон хүсэлт болгосон туслалцааны зорилгыг товч дурдах;

(b) хүсэлт болгосон туслалцааг үзүүлэхийн тулд тогтоох буюу тодорхойлох шаардлагатай тухайн этгээдийн байгаа газар буюу хувийн байдлын тухай аль болох тодорхой мэдээлэл;

(c) хүсэлтийг үндэслэн зайлшгүй нөхцөл байдлын товч тодорхойлолт;

(d) хэрэгжүүлэх ёстой аливаа журам буюу шаардлагын үндэслэл болон нарийвчилсан тодорхойлолт;

(e) хүсэлтийг биелүүлэхийн тулд хүсэлт хүлээн авсан улсын хууль тогтоомжийн дагуу шаардагдаж болох тийм мэдээлэл;

(f) хүсэлт болгосон туслалцааг үзүүлэхэд шаардлагатай хэрэгт холбоотой аливаа бусад мэдээлэл.

3. Шүүхийн хүсэлтээр оролцогч улс 2 дахь хэсгийн (e) дэд хэсгийн дагуу хэрэглэж болох өөрийн үндэсний хууль тогтоомжид заасан аливаа шаардлагатай холбогдуулан бүхэлд нь буюу ямар нэгэн тодорхой асуудалтай холбоотойгоор Шүүхтэй зөвлөлдөнө. Тийм зөвлөлдөөний явцад оролцогч улс өөрийн үндэсний хууль тогтоомжийн тодорхой шаардлагын талаар Шүүхэд мэдээлнэ.

4. Холбогдох тохиолдолд энэ зүйлийн заалтыг мөн Шүүхэд илгээсэн туслалцааны тухай хүсэлтийн хувьд хэрэглэнэ.

97 дугаар зүйл

Зөвлөлдөөн

Хэрэв энэ хэсгийн дагуу хүсэлтийг хүлээж авахдаа оролцогч улс тухайн хүсэлттэй холбоотойгоор хүсэлтийг биелүүлэхэд түүнд саад тотгор учруулж болох буюу түүнийг биелүүлэх боломжийг алдагдуулах асуудал үүсч байна гэж тогтоовол тухайн улс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Шүүхтэй нэн даруй зөвлөлдөнө. Эдгээр асуудал нь бусад зүйлээс гадна дараахь зүйлийг агуулна:

(а) хүсэлтийг биелүүлэхэд чиглэсэн мэдээлэл хангалттай бус;

(b) хүлээлгэн өгөх тухай хүсэлтийн хувьд гаргасан бүхий л хүчин чармайлтаас үл шалтгаалан шаардаж байгаа этгээдийн байгаа газрыг тогтоох боломжгүй буюу хэрэв явуулсан мөрдөн байцаалтын үр дүн нь тухайн улсад урьдчилан хоригдож байгаа этгээд нь зөвшөөрөлд дурдсан этгээд яагаад ч биш гэж тогтоосон бол;

(c) хүсэлтийг түүний байгаа байдлаар биелүүлэх нь хүсэлт хүлээн авсан улсын зүгээс өөр улстай өмнө нь байгуулсан гэрээний үүргээ зөрчихийг шаардахад хүрч байгаа нөхцөл байдал.

98 дугаар зүйл

Эрх ямбаас татгалзах талаар хамтран ажиллах болон

хүлээлгэн өгөх зөвшөөрөл

1. Хүсэлт хүлээн авсан улсад эрх ямбаас татгалзах асуудлаар гуравдагч улсын зөвшөөрлийг Шүүх авах хүртэл гуравдагч аливаа этгээд буюу эд хөрөнгийн, төрийн болон дипломат эрх ямбын хувьд олон улсын эрх зүйн дагуу түүний хүлээсэн үүрэгт харшлах тийм үйлдэл хийхийг шаардсан хүлээлгэн өгөх буюу туслалцаа үзүүлэх тухай хүсэлтийг Шүүхээс гаргаж болохгүй.

2. Хэрэв Шүүх хүлээлгэн өгөх зөвшөөрөл авах асуудлаар илгээгч улсын дэмжлэгийг урьдчилан аваагүй бол ямар нэг этгээдийг Шүүхэд шилжүүлэхэд илгээгч улсын зөвшөөрлийг шаарддаг олон улсын хэлэлцээрээр түүний хүлээсэн үүрэгтэй үл нийцэх үйлдэлд хүргэж болох хүлээлгэн өгөх хүсэлтийг Шүүх гаргаж болохгүй.

99 дүгээр зүйл

93 болон 96 дугаар зүйлийн дагуу

гаргасан хүсэлтийг биелүүлэх

1. Туслалцааны тухай хүсэлтийг хүсэлт хүлээн авсан улсын хууль тогтоомжоор тогтоосон холбогдох журмын дагуу болон хэрэв тухайн улсын хууль тогтоомжоор хориглоогүй бол хүсэлтэд заасан аливаа журмыг дагах буюу хүсэлтэд дурдсан этгээдэд хүсэлтийг биелүүлэх явцад оролцох буюу туслалцаа үзүүлэхийг зөвшөөрөх зэргийг оролцуулан хүсэлтэд дурдсан аргаар биелүүлнэ.

2. Яаралтай хүсэлтийг гаргах тохиолдолд Шүүхийн хүсэлтээр бэлтгэсэн баримт бичиг буюу нотлох баримтыг нэн даруй илгээнэ.

3. Хүсэлт хүлээн авсан улсын хариуг эх хувийг үйлдсэн хэлээр болон эх хувиар нь илгээнэ.

4. Энэ хэсгийн бусад заалтад хохирол учруулахгүйгээр хүсэлт биелүүлэхэд зайлшгүй шаардлагатай бол хүсэлт хүлээн авсан улсын эрх бүхий байгууллагыг оролцуулахгүйгээр аливаа нэгэн нийтийн газрыг өөрчлөхгүйгээр үзэж шалгах зэргээр тухайн этгээдийг тодорхой байцаах буюу түүнээс сайн дурын үндсэн дээр нотлох баримт авах явдлыг оролцуулан ямар нэг албадлагын арга хэмжээгүйгээр биелүүлэх боломжтой хүсэлтийг амжилттай биелүүлэхэд шаардлагатай бол Прокурор тийм хүсэлтийг шууд аливаа улсын нутаг дэвсгэрт дараахь байдлаар биелүүлж болно:

(а) хүсэлт хүлээн авсан улс нь урьдчилан сэжиглэгдэж байгаагаар нутаг дэвсгэрт нь гэмт хэрэг үйлдэгдсэн улс бөгөөд 18, 19 дүгээр зүйлийн дагуу хэргийг хүлээн авч үзэж болохоор тодорхойлсон бол Прокурор хүсэлт хүлээн авсан улстай бүхий л боломжтой зөвлөлдөөн хийсний дараа шууд биелүүлж болно;

(b) бусад тохиолдолд Прокурор тийм хүсэлтийг хүсэлт хүлээн авсан улстай зөвлөлдсөний дараа болон аливаа шаардлагатай нөхцөл буюу тухайн улсын зүгээс илэрхийлсэн болгоомжлолыг бодолцон биелүүлж болно. Хэрэв хүсэлт хүлээн авсан оролцогч улс энэ дэд хэсгийн дагуу хүсэлтийг биелүүлэхтэй холбоотой хүндрэлтэй асуудал байна гэж үзвэл тэрээр энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Шүүхтэй нэн даруй зөвлөлдөнө.

5. Шүүхээс 72 дугаар зүйлийн дагуу асуугдаж байгаа болон шалгагдаж байгаа этгээдэд үндэсний батлан хамгаалах буюу аюулгүй байдалтай холбоотой нууц мэдээллийг задруулахыг зөвшөөрөхгүй байхад чиглэсэн хязгаарлалтуудад ишлэл хийхийг зөвшөөрсөн заалтуудыг энэ зүйлийн дагуу туслалцаа үзүүлэх тухай хүсэлтийг биелүүлэхэд мөн хэрэглэнэ.

100 дугаар зүйл

Зардал

1. Хүсэлт хүлээн авсан улсын нутаг дэвсгэрт хүсэлтийг биелүүлэхтэй холбоотой ердийн зардлыг Шүүхээс гаргах ёстой дараахь зардлаас бусдыг тухайн улс хариуцна:

(а) гэрч болон шинжээчдийн зорчих буюу тэдгээрийн аюулгүй байдлыг хангах буюу 93 дугаар зүйлийн дагуу урьдчилан хоригдож байгаа этгээдийг шилжүүлэхтэй холбогдсон ;

(b) бичгээр болон амаар орчуулга хийх болон бичлэг хийх зардал;

(c) шүүгчид, прокурор болон прокурорын орлогчид, нарийн бичгийн дарга, нарийн бичгийн даргын орлогч, Шүүхийн аль ч байгууллагын ажилтны замын болон хоолны зардал;

(d) Шүүхийн хүсэлтээр шинжээчийн дүгнэлт болон аливаа тайланг бэлтгэх зардал;

(e) тухайн этгээдийн урьдчилан хоригдож байгаа улсаас Шүүхийн мэдэлд хүлээлгэн өгөхтэй холбогдолтой тээврийн зардал;

(f) зөвлөлдөөний дүнд хүсэлтийг биелүүлэхтэй холбогдон гарч болох онцгой аливаа зардал.

2. 1 дэх хэсгийн заалтыг шаардлагатай тохиолдолд оролцогч улсаас Шүүхэд гаргасан хүсэлтийн хувьд хэрэглэнэ. Ийм тохиолдолд хүсэлтийг биелүүлэхтэй холбогдсон ердийн зардлыг Шүүх хариуцна.

101 дүгээр зүйл

Өөрчлөгдөшгүй нөхцлийн тухай хэм хэмжээ

1. Энэхүү дүрмийн дагуу Шүүхэд шилжиж байгаа этгээд тухайн этгээдийг шилжүүлж байгаа гэмт хэргийн үндсийг бүрдүүлж байгаа үйлдэл буюу үйлдлйин чиглэлээс өөр хүлээлгэн өгөхөөс өмнө үйлдсэн аливаа үйлдлийн төлөө байцаан шийтгэх ажиллагаа явуулж, ял шийтгэх буюу урьдчилан хорих ёсгүй.

2. Шүүх тухайн этгээдийг Шүүхэд шилжүүлж байгаа улсаас 1 дэх хэсэгт дурдсан шаардлагаас татгалзахыг хүсч болох бөгөөд шаардлагатай тохиолдолд Шүүх 91 дүгээр зүйлийн дагуу нэмэлт мэдээлэл өгнө. Шүүхийн хүсэлтээр оролцогч улс шаардлагаас ийнхүү татгалзах эрхтэй бөгөөд ингэхийг эрмэлзэх ёстой.

102 дугаар зүйл

Нэр томъёо хэрэглэх

Энэхүү дүрмийн зорилгоор:

(а) “хүлээлгэн өгөх” гэж энэхүү дүрмийн дагуу аливаа улс тухайн этгээдийг Шүүхэд хүргэж өгөхийг хэлнэ.

(b) “шилжүүлэн өгөх” гэж нэг улс тухайн этгээдийг олон улсын гэрээ, конвенц буюу үндэсний хууль тогтоомжийн заалтын дагуу өөр улсад хүргэж өгөхийг хэлнэ.

10 ДУГААР ХЭСЭГ

ГҮЙЦЭТГЭЛ

103 дугаар зүйл

Хорих ялыг гүйцэтгэхэд улсын гүйцэтгэх үүрэг

1. (а) Хорих ялаар шийтгүүлсэн этгээдийг хүлээн авахад бэлэн байгаагаа Шүүхэд мэдэгдсэн улсуудын жагсаалтаас Шүүхийн тодорхойлсон улсад эдлүүлнэ.

(b) шийтгэх тогтоолтой этгээдийг хүлээн авахад бэлэн байгаа тухайгаа мэдэгдэх үед нь Шүүхтэй тохиролцсоноор болон энэ хэсгийн дагуу тийнхүү хүлээн авах нөхцлөө зааж болно.

(c) хорих ялыг тодорхой хэрэгт тодорхойлсон улс Шүүхтэй тохиролцож байгаа эсэх талаар Шүүхэд нэн даруй мэдэгдэнэ.

2. (а) шийтгэх тогтоолыг биелүүлэх улс хорих ялыг эдлүүлэх нөхцөл болон үргэлжлэх хугацаанд бодит байдлаар нөлөөлж болох 1 дэх хэсгийн дагуу тохиролцсон аливаа нөхцлийг ороцлуулан аливаа нөхцөл байдлын тухай Шүүхэд мэдээлж байна. Тодорхой буюу урьдчилан харж болох аливаа тийм нөхцөл байдал байгаа тухай 45-аас доошгүй хоногийн өмнө Шүүхэд мэдэгдэнэ. Энэ хугацааны туршид шийтгэх тогтоолыг гүйцэтгэх улс 110 дугаар зүйлийн дагуу өөрийн үүргийг биелүүлэхэд хохирол учруулж болох үйлдэл хийхгүй.

(b) хэрэв Шүүх (а) дэд хэсэгт дурдсан нөхцөл байдлыг зөвшөөрч чадахгүй бол шийтгэх тогтоолыг биелүүлэх улсад мэдэгдэх бөгөөд 104 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дурдсаны дагуу ажиллана.

3. Дээрх 1 дэх хэсгийн дагуу гүйцэтгэх улсыг тодорхойлох өөрийн эрх хэмжээгээ хэрэгжүүлэхдээ Шүүх дараахь зүйлийг харгалзан үзнэ:

(а) Дэгийн болон нотолгооны журамд заасны дагуу шудрага хуваарилалтын зарчмын дагуу ногдуулсан хорих ялыг гүйцэтгэх хариуцлагыг оролцогч улсууд хуваалцах зарчим;

(b) хоригдолтой харьцах олон улсын гэрээний нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг хэрэглэх;

(c) шийтгэх тогтоол бүхий этгээдийн санаа бодол;

(d) шийтгэх тогтоолтой этгээдийн иргэний харьяалал;

(e) гэмт хэргийн буюу шийтгэх тогтоолтой этгээд болон ялыг үр нөлөөтэй биелүүлэх улсыг томилохтой холбогдсон зайлшгүй байж болох тийм бусад хүчин зүйл.

4. Хэрэв 1 дэх хэсгийн дагуу нэг ч улс томилогдоогүй бол хорих ялыг 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгасан төв байрны тухай хэлэлцээрт заасан нөхцлийн дагуу байрлаж байгаа улсаас гаргаж өгсөн шоронд эдлүүлнэ. Тийм тохиолдолд хорих ялыг гүйцэтгэхтэй холбогдсон зардлыг Шүүх хариуцна.

104 дүгээр зүйл

Шийтгэх тогтоол биелүүлэх улсыг өөрчлөх

1. Шүүх ямар ч үед шийтгэх тогтоолтой этгээдийг өөр улсын шоронд шилжүүлэх тухай шийдвэр гаргаж болно.

2. Шийтгэх тогтоолтой этгээд ямар ч үед шийтгэх тогтоолыг гүйцэтгэх улсаас түүнийг шилжүүлэх тухай өргөдлийг Шүүхэд гаргаж болно.

105 дугаар зүйл

Шийтгэх тогтоолыг биелүүлэх

1. Аливаа улс 103 дугаар зүйлийн 1 хэсгийн (b) дэд хэсгийн үндсэн дээр тайлбар хийж болох нөхцлийг баримтлан хорих ял ногдуулсан шийтгэх тогтоол нь ямар ч нөхцөл байдалд оролцогч улсын хувьд зайлшгүй хүчинтэй бөгөөд тэрээр түүнийг өөрчилж болохгүй.

2. Зөвхөн Шүүх давж заалдах буюу эргэж хянан үзэх тухай аливаа хүсэлтийн талаар шийдвэр гаргах эрх эдэлнэ. Шийтгэх тогтоолыг биелүүлж байгаа улс ийм тогтоолтой этгээдэд аливаа тийм хүсэлт гаргахад нь саад учруулахгүй.

106 дугаар зүйл

Шийтгэх тогтоолын хэрэгжилт болон

хорих ял эдлүүлэхэд тавих хяналт

1. Хорих ялыг гүйцэтгэх явдлыг Шүүхийн хяналтын дор гүйцэтгэх бөгөөд хоригдолтой харьцах олон улсын гэрээний нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээтэй нийцэх ёстой.

2. Хорих ялын нөхцлийг шийтгэх тогтоол биелүүлэх улсын хууль тогтоомжоор зохицуулж, хоригдолтой харьцах олон улсын гэрээний нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд нийцүүлэх бөгөөд эдгээр нөхцөл нь ямар ч тохиолдолд ижил төрлийн гэмт хэрэг үйлдсэний төлөө шийтгэх тогтоолыг биелүүлж буй улсад ял эдэлж байгаа хоригдлын нөхцлөөс илүү буюу дутуу тааламжтай байж болохгүй.

3. Ял эдэлж буй этгээд болон Шүүхийн хоорондын харилцаа холбоо саадгүй буюу нууц байна.

107 дугаар зүйл

Ялаа эдэлсний дараа тухайн этгээдийг шилжүүлэх

1. Шийтгэх тогтоолыг биелүүлж буй улсын иргэн бус этгээдийг ялаа эдэлж дууссаны дараа хэрэв шийтгэх тогтоолыг биелүүлж буй улс тухайн этгээдэд өөрийн нутаг дэвсгэр дээрээ оршин амьдрах зөвшөөрөл олгоогүй тохиолдолд тухайн улсад шилжих ёстой этгээдийн аливаа хүсэлтийг авч үзэх замаар шийтгэх тогтоолыг биелүүлэх улсын хууль тогтоомжийн дагуу тухайн этгээдийг хүлээн авах үүрэгтэй улсад буюу тухайн этгээдийг хүлээн авахыг зөвшөөрсөн улсад шилжүүлнэ.

2. Хэрэв 1 дэх хэсгийн дагуу тухайн этгээдийг шилжүүлэхтэй холбогдсон зардлыг аль нэг улс хариуцахгүй тохиолдолд эдгээр зардлыг Шүүх хариуцна.

3. 108 дугаар зүйлийн заалтын дагуу буюу шүүн таслах ажиллагаа явуулах, шийтгэх тогтоолыг биелүүлэх зорилгоор тухайн этгээдийг шилжүүлэн өгөх буюу хүлээлгэн өгөх тухай хүсэлт гаргасан улсад холбогдох этгээдийг шийтгэх тогтоолыг биелүүлэх улс өөрийн хууль тогтоомжийн дагуу шилжүүлэн өгөх буюу өөр байдлаар хүлээлгэн өгч болно.

108 дугаар зүйл

Эрх зүйн өөр зөрчил гаргасны төлөө мөрдөн байцаах буюу

ял ногдуулах асуудлын хувьд хязгаарлалт хийх

1. Шийтгэх тогтоол биелүүлэх улсад ял шийтгүүлсэн хоригдож байгаа этгээд хэрэв мөрдөн байцаалт, ял шийтгэл буюу шилжүүлэн өгөхийг шийтгэх тогтоолыг биелүүлэх улсын хүсэлтээр Шүүх батлаагүй бол шийтгэх тогтоолыг биелүүлэх улсад түүнийг шилжүүлэхээс өмнө тэрээр үйлдсэн аливаа үйлдлийн төлөө мөрдөн байцаах буюу ял шийтгэх, эсхүл гуравдагч улсад шилжүүлэн өгөхгүй.

2. Шүүх шийтгэх тогтоол бүхий этгээдийн санаа бодлыг сонссоны дараа тухайн асуудлаар шийдвэр гаргана.

3. Хэрэв шийтгэх тогтоол бүхий этгээд Шүүхээс ногдуулсан ялын хугацаа эдэлсэнээс хойш 30-аас илүү хоног шийтгэх тогтоолыг биелүүлэх улсын нутаг дэвсгэрт сайн дураараа байсаар байгаа буюу тэр орноос гарч явсныхаа дараа энэ улсын нутагт буцаж ирсэн бол 1 дэх хэсгийг хэрэглэхээ болино.

109 дүгээр зүйл

Торгууль болон эд хөрөнгө хураах арга хэмжээний тухай

шийдвэрийг биелүүлэх

1. Оролцогч улс 7 дахь хэсгийн үндсэн дээр санамсаргүй гуравдагч талын эрхэд хохирол учруулахгүйгээр үндэсний хууль тогтоомжид нь тусгагдсан журмын дагуу Шүүхээс ногдуулсан торгууль болон эд хөрөнгө хураах арга хэмжээний тухай шийдвэрийг биелүүлэх явдлыг хангана.

2. Хэрэв оролцогч улс эд хөрөнгийг хураан авах тухай шийдвэрийг хангаж чадахгүй бол тэрээр Шүүхийн шийдвэрээр хураах ёстой орлого, эд хөрөнгө буюу түүний үнийг гаргуулах арга хэмжээг санамсаргүйгээр гуравдагч этгээдийн эрхэд хохирол учруулахгүйгээр авна.

3. Эд хөрөнгө буюу үл хөдлөх хөрөнгийг борлуулснаас олсон орлого буюу зохих тохиолдолд өөр эд хөрөнгө худалдсанаас олох орлого зэрэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэснийхээ үр дүнд оролцогч улсын олсон орлогыг Шүүхэд шилжүүлнэ.

110 дугаар зүйл

Шийтгэх тогтоолд заасан ялын хугацааг багасгах тухай

асуудлыг шүүх хянан хэлэлцэх

1. Шийтгэх тогтоолыг биелүүлэх улс Шүүхээс гаргасан таслан шийдвэрлэх тогтоолд заасан ялын хугацаа дуусахаас өмнө тухайн этгээдийг чөлөөлж болохгүй.

2. Зөвхөн Шүүх хугацааг ямар нэг хэмжээгээр багасгах тухай шийдвэр гаргах эрх эдлэх бөгөөд тухайн этгээдийг сонссоны үндсэн дээр энэ асуудлаар тогтоол гаргана.

3. Тухайн этгээд ялынхаа гуравны хоёрыг буюу бүх насаар нь хорих ялын тохиолдолд 25 жилийн ял эдэлсэн бол Шүүх энэ ялын талаар тогтоосон ялын хугацааг багасгах эсэхийг тодорхойлохын тулд тухайн этгээдэд ногдуулсан ялыг хянаж үзнэ. Тийнхүү хянаж үзэх ажиллагааг дээр дурдсан хугацаа дуусахаас өмнө явагдахгүй.

4. Хянан үзэх ажиллагааг 3 дахь хэсгийн дагуу явуулахдаа Шүүх дараахь хүчин зүйлүүдийн нэг буюу хэд хэд нь байгаа гэж тогтоовол ялын хугацааг багасгах тухай шийдвэр гаргаж болно:

(а) явуулсан мөрдөн байцаалтын үед тухайн этгээд Шүүхтэй хамтран ажиллахад бэлэн байгаа тухайгаа бүр эхний шатанд эргэлт буцалтгүй илэрхийлж байсан;

(b) хохирогчийн ашиг сонирхолд ашиглаж болох торгууль, эд хөрөнгөө хураан авах буюу хохирлыг нөхөн төлөх, арилгах тухай тогтоолын үйлчлэлд хамаарах эд хөрөнгийн байгаа газрыг илрүүлэх зорилгоор тусламж үзүүлэх зэргээр бусад тохиолдолд Шүүхийн шийдвэр болон тогтоолыг биелүүлэх явдлыг хангахад тухайн этгээдийн зүгээс сайн дураараа туслалцаа үзүүлсэн;

(c) ялыг хөнгөлөх үндэслэл болоход хангалттай нөхцөл байдлын гарцаагүй болон мэдэгдэхүйц өөрчлөлтийг гэрчилж болох Дэгийн болон нотолгооны журамд заасан бусад хүчин зүйл.

5. Хэрэв 3 дахь хэсэгт заасны дагуу эхний хянан үзэх ажиллагааны явцад Шүүх ялын хугацааг багасгах шаардлагагүй гэсэн дүгнэлтэд хүрвэл ялын хугацааг багасгах тухай асуудлыг тэрээр Дэгийн болон нотолгооны журамд заасан тийм хугацааны дараа болон тийм шалгуурыг хэрэглэх замаар хожим нь авч үзнэ.

111 дүгээр зүйл

Оргон зугатах

Хэрэв гэм буруутайд тооцогдсон этгээд хоригдож байсан газраасаа оргосон болон шийтгэх тогтоолыг биелүүлэх улсыг орхин гарсан бол тухайн улс Шүүхтэй зөвлөлдсөний дараа мөрдөгдөж буй хоёр болон олон талын тохиролцооны дагуу тухайн этгээдийг байгаа улсаас нь хүлээлгэн өгөх тухай хүсэлт гаргах буюу тухайн этгээдийг хүлээлгэн өгөх талаар арга хэмжээ авах тухай хүсэлтийг гаргаж болно.

11 ДҮГЭЭР ХЭСЭГ

ОРОЛЦОГЧ УЛСУУДЫН АССАМБЛЕЙ

112 дугаар зүйл

Оролцогч улсуудын Ассамблей

1. Энэхүү дүрэмд оролцогч улсуудын Ассамблейг үүгээр байгуулж байна. Оролцогч улс бүр Ассамблейд нэг төлөөлөгчтэй байх бөгөөд тэр нь орлогч болон зөвлөхтэй байж болно. Дүрэм буюу Төгсгөлийн баримт бичигт гарын үсэг зурсан улсууд Ассамблейн ажиглагч байж болно.

2. Ассамблей нь:

(а) холбогдох тохиолдолд Бэлтгэл хорооны зөвлөмжийг авч хэлэлцэж, батална;

(b) Шүүхийн хэргийг удирдах асуудлаар Тэргүүлэгчид, Прокурор болон Нарийн бичгийн даргад удирдлагын тойм гаргаж өгнө;

(c) энэхүү 3 дахь хэсгийн дагуу байгуулсан Товчооны илтгэл болон үйл ажиллагааных нь талаар авч хэлэлцэх болон үүнтэй холбогдуулан холбогдох арга хэмжээ авна;

(d) Шүүхийн төсвийг авч хэлэлцэн батална;

(e) шүүгчдийн тоог 36 дугаар зүйлийн дагуу өөрчлөх шаардлага байгаа эсэхийг шийдвэрлэнэ;

(f) 87 дугаар зүйлийн 5 болон 7 дахь хэсгийг хэрэгжүүлэхийн тулд хамтын ажиллагаа байхгүйтэй холбогдсон аливаа асуудлыг авч үзнэ;

(g) энэхүү дүрэм буюу Дэгийн болон нотолгооны журамтай нийцэх аливаа бусад үүргийг гүйцэтгэнэ.

3. (а) Ассамблей Товчоотой байх бөгөөд түүний бүрэлдэхүүнд Ассамблейгаас 3 жилийн хугацаагаар сонгосон дарга, хоёр орлогч, 18 гишүүн байна.

(b) товчоо нь газар зүйн шудрага хуваарилалтын болон дэлхийн эрх зүйн үндсэн тогтолцооны зохих төлөөлөл зэргийн харгалзсан төлөөллийн шинжтэй байна.

(c) товчооны хурлыг шаардлагын хэрээр хуралдуулах бөгөөд гэхдээ жилд нэгээс доошгүй удаа хуралдана. Тэрээр өөрийн үүргээ биелүүлэхэд Ассамблейд туслалцаа үзүүлнэ.

4. Ассамблей хяналт шалгалт, үнэлгээ болон мөрдөн байцаалт явуулахад Шүүхийн үр нөлөө болон эдийн засгийн хэмнэлттэй байдлыг дээшлүүлэх зорилгоор хяналтын хараат бус тогтолцоог бий болгох явдлыг оролцуулан шаардлагатай байж болох туслах байгууллагуудыг мөн байгуулж болно.

5. Шүүхийн дарга, Прокурор, Нарийн бичгийн дарга буюу тэдгээрийн төлөөлөгчид шаардлагатай үед Ассамблей болон Товчооны хуралдаанд оролцож болно.

6. Ассамблейн чуулган Шүүхийн байгаа газарт буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын Төв байгууллагуудад жилд нэг удаа болох бөгөөд нөхцөл байдал шаардсан тохиолдолд Ассамблейн тусгай чуулган хуралдуулж болно. Хэрэв энэхүү дүрэмд өөрөөр заагаагүй бол тусгай чуулганыг Товчоо өөрийн санаачилгаар буюу оролцогч улсуудын гуравны нэгийн хүсэлтээр хуралдуулна.

7. Оролцогч улс бүр нэг саналын эрхтэй байна. Ассамблей болон Товчоонд энэхүү дүрэмд өөрөөр заагаагүй бол асуудлыг санал нэгтэйгээр шийдвэрлэж болохгүй тохиолдолд шийдэлд хүрэхэд чиглэсэн бүхий л хүчин чармайлт тавина:

(а) оролцогч улсуудын дийлэнх олонх санал хураах ирц /кворум/-ийг хангаж байгаа нөхцөлд үндсэн асуудлын шийдвэрийг оролцож байгаа болон санал хураалтад оролцож байгаа оролцогч улсуудын гуравны хоёрын саналаар батлана;

(b) дэгийн асуудлаарх шийдвэрийг оролцож байгаа болон санал хураалтад оролцож байгаа оролцогч улсуудын ердийн олонхийн саналаар гаргана.

8. Шүүхийн зардлыг хариуцахад зориулан татвар төлөх талаар өмнөх хоёр бүтэн жилд төлөх ёстой татвартай өр нь тэнцэж байгаа буюу түүнээс илүү гарч байгаа оролцогч улс Ассамблей болон Товчоонд санал өгөх эрхгүй болно. Хэрэв Ассамблей төлбөр хийгээгүй нь оролцогч улсаас хамаарахгүй нөхцөл байдлаас шалтгаалсан гэдэгт итгэлтэй байвал дээрхийг үл харгалзан тухайн оролцогч улсад Ассамблей болон Товчоонд санал хураалтад оролцохыг зөвшөөрч болно.

9. Ассамблей өөрийн дэгийн журмыг батлана.

10. Ассамблейн албан ёсны болон ажлын хэл нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн хэл байна.

12 ДУГААР ХЭСЭГ

САНХҮҮЖИЛТ

113 дугаар зүйл

Санхүүгийн дүрэм, журам

Өөрөөр тусгайлан зааснаас бусад тохиолдолд Ассамблейн товчоо болон туслах байгууллагуудын хуралдааныг оролцуулан Шүүх болон оролцогч улсуудын Ассамблейн чуулгантай холбогдсон санхүүгийн бүх асуудлыг энэхүү дүрэм болон оролцогч улсуудын Ассамблейгаас батласан Санхүүгийн дүрэм, журмаар зохицуулна.

114 дүгээр зүйл

Зардлыг төлөх

Ассамблейн товчоо болон туслах байгуулагуудын хуралдааныг оролцуулан Шүүх болон оролцогч улсуудын Ассамблейн зардлыг Шүүхийн эх үүсвэрээс төлнө.

115 дугаар зүйл

Шүүх болон оролцогч улсуудын Ассамблейн эх үүсвэр

Товчоо болон туслах байгууллагуудыг оролцуулан төсөвт тусгагдсан, оролцогч улсуудын Ассамблейгаас батласан Шүүхийн болон оролцогч улсуудын Ассамблейн зардлыг дараахь эх үүсвэрээс төлнө:

(а) оролцогч улсуудаас төлөхөөр тооцсон татвар;

(b) Аюулгүйн зөвлөлөөс асуудлыг шилжүүлэхтэй холбогдон гарсан зардлыг оролцуулан Нэгдсэн Үндэстний Байгууллагаас гаргасан бөгөөд Ерөнхий Ассамблей батласан эх үүсвэр.

116 дугаар зүйл

Сайн дурын хандив

115 дугаар зүйлийн заалтад хохирол учруулахгүйгээр Шүүх нэмэлт эх үүсвэр болгон засгийн газрууд, олон улсын байгууллагууд, хувь хүн, корпорац болон бусад аж ахуйн нэгжээс оролцогч улсуудын Ассамблей батласан холбогдох шалгуурын дагуу сайн дурын хандив авах буюу ашиглаж болно.

117 дугаар зүйл

Татвар тогтоох

Оролцогч улсуудын татварыг Нэгдсэн Үндэстний Байгууллагаас түүний ердийн төсөвт зориулан батласан хэмжээн дээр үндэслэх бөгөөд энэ хэмжээг тогтооход үндэслэсэн зарчмын дагуу зохицуулалт хийсэн татварын тооцооны тохиролцсон хэмжээний дагуу тогтооно.

118 дугаар зүйл

Жил бүрийн аудитын шалгалт

Жилийн санхүүгийн тайланг нь оролцуулан Шүүхийн баримт бичиг, бүртгэл болон дансыг хараат бус аудитын байгууллага жил бүр шалгаж байна.

13 ДУГААР ХЭСЭГ

ТӨГСГӨЛИЙН ЗААЛТУУД

119 дүгээр зүйл

Маргааныг зохицуулах

1. Шүүхийн чиг үүрэгтэй холбоотой аливаа маргааныг Шүүхийн шийдвэрээр зохицуулна.

2. Үүссэн цагаасаа хойш гурван сарын дотор хэлэлцээний журмаар зохицуулагдаагүй энэхүү дүрмийг тайлбарлах буюу хэрэглэхтэй холбоотой хоёр буюу түүнээс дээш оролцогч улсуудын хоорондын аливаа бусад маргааныг оролцогч улсуудын Ассамблейд шилжүүлнэ. Ассамблей маргааныг шийдвэрлэх буюу маргааныг Олон улсын шүүхэд түүний Дүрмийн дагуу шилжүүлэх явдлыг оролцуулан тухайн маргааныг шийдэх хэрэгслийг цаашид хэрэглэхийн хувьд зөвлөмж гаргах хүчин чармайлтыг өөрөө гаргаж болно.

120 дугаар зүйл

Тайлбар

Энэхүү дүрэмд ямар ч тайлбар хийж болохгүй.

121 дүгээр зүйл

Нэмэлт өөрчлөлт

1.Энэхүү дүрэм хүчин төгөлдөр болсноос хойш 7 жилийн дараа оролцогч аливаа улс түүнд нэмэлт өөрчлөлт оруулахыг санал болгож болно. Санал болгож байгаа аливаа нэмэлт өөрчлөлтийн эх үүсвэрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад гардуулан өгөх бөгөөд тэрбээр түүнийг оролцогч бүх улсад даруй тараана.

2. Мэдэгдэл хийснээс хойш 3-аас доошгүй сарын дараа оролцогч улсуудын дараагийн Ассамблей нь оролцогч буюу санал хураалтад оролцогчдын олонхийн саналаар тухайн саналыг авч хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Ассамблей саналыг шууд авч үзэж болох буюу хөндөгдөж байгаа асуудал ингэхийг шаардаж байгаа бол хянан үзэх бага хурлыг хуралдуулж болно.

3. Нэмэлт өөрчлөлтийг оролцогч улсуудын Ассамблейн хуралдаан буюу Хянан үзэх бага хурал дээр санал нэгтэйгээр баталж чадаагүй бол түүнийг оролцогч улсуудын гуравны хоёрын саналаар батлах шаардлагатай болно.

4. Энэхүү 5 дахь хэсэгт дурдсанаас бусад тохиолдолд оролцогч бүх улсын хувьд нэмэлт өөрчлөлт нь соёрхон батласан тухай батламж жуух бичиг буюу батласан тухай баримт бичгийг тэдгээрийн 8-ын 7 нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар өгснөөс хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно.

5. Энэхүү дүрмийн 5 дугаар зүйлд оруулсан аливаа нэмэлт өөрчлөлт нь энэхүү нэмэлт өөрчлөлтийг батласан оролцогч улсын хувьд соёрхон батласан тухай батламж жуух бичиг буюу батласан тухай баримт бичгийг хадгалуулахаар өгснөөс хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно. Нэмэлт өөрчлөлтийг батлаагүй оролцогч улсын хувьд Шүүх тухайн нэмэлт өөрчлөлтөд хамаарч байгаа тухайн оролцогч улсын иргэний үйлдсэн буюу нутаг дэвсгэрт нь үйлдэгдсэн гэмт хэргийн хувьд хэрэг шүүн шийдвэрлэхгүй.

6. Хэрэв 4 дэх хэсгийн дагуу оролцогч улсын 8-ын 7 нь нэмэлт өөрчлөлтийг батласан бол түүнийг батлаагүй аливаа оролцогч улс 127 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтаас үл хамааран Дүрмээс шууд гарч болох бөгөөд ингэхдээ тухай нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилээс хэтрүүлэхгүйгээр мэдэгдэл илгээх замаар 127 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг баримтлана.

7. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга оролцогч улсуудын Ассамблейн хуралдаан буюу Хянан үзэх бага хурлаар батласан аливаа нэмэлт өөрчлөлтийг оролцогч бүх улсад тараана.

122 дугаар зүйл

Тогтолцооны шинжтэй заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулах

1. Дүрмийн цэвэр тогтолцооны шинжтэй заалтууд, тухайлбал 35 дугаар зүйл, 36 дугаар зүйлийн 8 болон 9 дэх хэсэг, 37 дугаар зүйл, 38 дугаар зүйл, 39 дүгээр зүйлийн 1 /эхний хоёр өгүүлбэр/, 2, 4 дэх хэсэг, 42 дугаар зүйлийн 4-9 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 44, 46, 47, 49 дүгээр зүйлд хийсэн нэмэлт өөрчлөлтийг ямар ч үед аливаа оролцогч улс 121 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтаас үл хамааран санал болгож болно. Санал болгож байгаа аливаа нэмэлт өөрчлөлтийн эх бичвэрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга буюу оролцогч улсуудын Ассамблейгаас томилсон этгээдэд өгөх бөгөөд тэрээр түүнийг оролцогч бүх улс болон Ассамблейд оролцож буй бусад талд нэн даруй тараана.

2. Энэ зүйлийн дагуу оруулсан бөгөөд санал нэгтэйгээр баталж чадаагүй нэмэлт өөрчлөлтийг оролцогч улсуудын Ассамблей буюу Хянан үзэх бага хуралд оролцогч улсуудын гуравны хоёрын саналаар батлана. Тийм нэмэлт өөрчлөлтүүд оролцогч бүх улсын хувьд тэдгээрийг Ассамблей буюу нөхцөл байдлаас шалтгаалан Бага хурал батласнаас хойш 6 сарын дараа хүчин төгөлдөр болно.

123 дугаар зүйл

Дүрмийг хянан үзэх

1.Энэхүү дүрэм хүчин төгөлдөр болсноос хойш долоон жилийн дараа Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү дүрэмд оруулах аливаа нэмэлт өөрчлөлтийг хянан үзэх бага хурлыг хуралдуулна. Тийнхүү хянан авч үзэх явдал нь 5 дугаар зүйлд дурдсан гэмт хэргийн жагсаалтыг, гэвч түүгээр хязгаарлагдахгүй, тусгаж болно. Бага хурал нь оролцогч улсуудын Ассамблейд оролцож буй талуудын хувьд нээлттэй бөгөөд адил нөхцөлтэй байна.

2. Оролцогч улсуудын аль нэгний хүсэлтээр болон 1 дэх хэсэгт заасан зорилгоор түүнээс хойш аль ч үед Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга оролцогч улсуудын олонхийн сайшаан дэмжсэнээр Оролцогч улсуудын хянан үзэх бага хурлыг хуралдуулна.

3. Дүрэмд оруулахаар Хянан үзэх бага хурлаар авч үзсэн аливаа нэмэлт өөрчлөлтийг батлах болон хүчин төгөлдөр болохын хувьд 121 дүгээр зүйлийн 3-7 дахь хэсгийн заалтуудыг хэрэглэнэ.

124 дүгээр зүйл

Түр заалт

12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтаас үл хамааран аливаа улс энэхүү дүрмийн оролцогч тал болохдоо гэмт хэргийг өөрийнх нь иргэн буюу түүний нутаг дэвсгэрт үйлдсэн гэж үзэж байгаа 8 дугаар зүйлд дурдсан гэмт хэргийн төрлийн хувьд энэхүү дүрэм тухайн улсын хувьд хүчин төгөлдөр болсноос хойш 7 жилийн хугацаанд тэрээр Шүүхээс хэрэг шүүн шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа зарлаж болно. Энэ зүйлийн дагуу хийсэн мэдэгдлийг ямар ч үед татан авч болно. Энэ зүйлийн заалтуудыг 123 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу хуралдах Хянан үзэх бага хурлаар хянан үзнэ.

125 дугаар зүйл

Гарын үсэг зурах, соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх,

батлах буюу нэгдэн орох

1. Энэхүү дүрэм Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төв байранд Ром хотноо 1998 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гарын үсэг зурахад нээлттэй байна. Түүнээс хойш 1998 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Ром хотноо Италийн Гадаад хэргийн яаманд гарын үсэг зурахад нээлттэй байна. Энэ хугацаа өнгөрснөөс хойш Дүрэм нь 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Нью-Йорк хотноо Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байранд гарын үсэг зурахад нээлттэй байна.

2. Энэхүү дүрмийг түүнд гарын үсэг зурсан улс соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх буюу батлах ёстой. Соёрхон батласан батламж жуух бичиг буюу хүлээн зөвшөөрсөн, батласан тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.

3. Энэхүү дүрэм нь бүх улс нэгдэж ороход нээлттэй байна. Нэгдэн орсон тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.

126 дугаар зүйл

Хүчин төгөлдөр болох

1. Энэхүү дүрэм нь 60 дахь батламж жуух бичиг буюу хүлээн зөвшөөрсөн, батласан буюу нэгдэн орсон баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар өгснөөс хойш 60 хоногийн дараахь эхний сарын эхний өдөр хүчин төгөлдөр болно.

2. 60 дахь батламж жуух бичиг буюу сайшаах, батлах буюу нэгдэн орох баримт бичгийг хадгалуулахаар өгснөөс хойш дүрмийг соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн, батласан буюу түүнд нэгдэн орсон улс бүрийн хувьд Дүрэм нь тухайн улсын өөрийн соёрхон батласан батламж жуух бичиг буюу хүлээн зөвшөөрсөн, батласан буюу нэгдэн орсон баримт бичгийг өгснөөс хойш 60 хоногийн дараахь сарын эхний өдөр хүчин төгөлдөр болно.

127 дугаар зүйл

Гарах

1. Аль ч оролцогч улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад бичгээр мэдэгдэл илгээх замаар энэхүү дүрмээс гарч болно. Гарах явдал нь хэрэв мэдэгдэлд илүү урт хугацаа загаагүй бол тийм мэдэгдэл хүлээн авсан өдрөөс хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно.

2. Энэхүү дүрмээс гарах нь санхүүгийн аливаа үүргийг оролцуулан тухайн улс энэхүү дүрмийн оролцогч тал байх хугацаанд энэхүү дүрмээс үүссэн үүргийг биелүүлэхээс тухайн улсыг чөлөөлөхгүй. Аливаа улс энэхүү дүрмээс гарах нь, түүнчлэн гарч байгаа улс хамтран ажиллах ёстой болон гарах явдал хүчин төгөлдөр болохоос өмнө эхэлсэн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаан явуулах талаар Шүүхтэй хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд нөлөөлөхгүй бөгөөд гарах явдал хүчин төгөлдөр болохоос өмнө Шүүх хянан үзэж байсан аливаа асуудлыг үргэлжүүлэн авч үзэхэд ямар нэг байдлаар хохирол учруулахгүй.

128 дугаар зүйл

Адил хүчинтэй эх бичвэр

Энэхүү дүрмийн англи, араб, испани, орос, франц, хятад хэлээр үйлдсэн эх бичвэр нь адил хүчинтэй байна. Түүнийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулах бөгөөд тэрээр энэхүү дүрмийн баталгаатай хуулбарыг бүх улсад илгээнэ.

Хэмээснийг нотлон өөрийн холбогдох Засгийн газруудаас зохих ёсоор эрх олгогдсон дор гарын үсэг зурагсад энэхүү дүрэмд гарын үсэг зурав.

Ром хотноо 1998 оны 7 дугаар сарын 17-ны өдөр байгуулав.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХИЙН РОМЫН ДҮРЭМ

1998 оны 7 дугаар сарын 18-ны өдөр баталж, 2002 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсон