A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

 

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

 

1 дүгээр зүйл. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагыг Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шинэчлэн зохион байгуулна.

2 дугаар зүйл.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.21 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийн “урамшуулал”, 15.22 дахь хэсгийн “урамшууллын жишиг” гэснийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

/Энэ зүйлийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

3 дугаар зүйл. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан сум, тосгоны эрүүл мэндийн төвийн үзүүлэх тусламж, үйлчилгээний зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх төлбөрийн аргыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх бөгөөд хуулийг дагаж мөрдөх хүртэлх хугацаанд сум, тосгоны эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг одоогийн мөрдөж байгаа аргачлалын дагуу тооцно.

4 дүгээр зүйл.2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орж батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулийн 29.5-д заасан “аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн болон эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно.” гэснийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх бөгөөд хуулийг дагаж мөрдөх хүртэлх хугацаанд аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн болон эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгоно. 

/Энэ хэсэгт 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5 дугаар зүйл. Энэ хуулийг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД