A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ БАТАЛГААЖУУЛАХ ОЛОН ТАЛТ АГЕНТЛАГИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАХ КОНВЕНЦ

1985 оны 10 дугаар сарын 11-ний өдөр

Удиртгал

Хэлэлцэн тохирогч улсууд нь:

эдийн засгийг хөгжүүлэхийн тулд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ийнхүү хөгжүүлэхэд гадаадын нийт хөрөнгө оруулалт, ялангуяа гадаадын хувийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэх хувь нэмрийг хөхиүлэн дэмжих шаардлагатай байгааг харгалзан;

хөгжиж байгаа орнууд руу чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалтын урсгалд тус дөхөм үзүүлж, улмаар арилжааны бус эрсдэлтэй холбоотой сэтгэл зовинолыг багасгах замаар уг урсгалыг урамшуулан дэмжиж байна гэдгээ хүлээн зөвшөөрч;

гадаадын хөрөнгө оруулалтад хандах тогтвортой бөгөөд шударга хэв загварын үндсэн дээр, хөгжиж буй орнуудын хөгжлийн хэрэгцээ, бодлого, зорилготой нь нийцсэн болзол нөхцөлтэйгээр тэдгээр орнууд руу чиглэсэн үр дүнтэй ашигтай зориулалт бүхий хөрөнгө болон технологийн урсгалыг нэмэгдүүлэхийг эрмэлзэн;

Хөрөнгө оруулалтыг баталгаажуулах олон талт агентлаг нь хөрөнгө оруулалтыг баталгаажуулах үндэстний хийгээд бүс нутгийн хөтөлбөр, түүнчлэн арилжааны бус эрсдлээс хамгаалж хувиараа даатгал хийгсдийн үйл ажиллагааг нөхөн гүйцэлдүүлэх замаар гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулан дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж чадна гэдэгт итгэж;

тус агентлаг нь хөрөнгөө эргүүлэн шаардахгүйгээр үүрэг хариуцлагаа аль болохоор биелүүлэх ёстой бөгөөд хөрөнгө оруулалтын нөхцөл байдлыг байнга сайжруулах нь уг зорилгод чиглэнэ гэж үзээд;

дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов:

I бүлэг

АГЕНТЛАГ ҮҮСГЭН БАЙГУУЛАХ, ТҮҮНИЙ СТАТУС,

ЗОРИЛГО БОЛОН НЭР ТОМЪЁО

1 дүгээр зүйл

Агентлагийг үүсгэн байгуулах болон түүний статус

(а) Хөрөнгө оруулалтыг баталгаажуулах олон талт агентлаг (цаашид “Агентлаг” гэнэ)-ийг үүгээр байгуулав.

(b) Агентлаг нь хуулийн этгээдийн бүрэн эрхтэй байх бөгөөд ялангуяа:

(i) гэрээ байгуулах;

(ii) хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг олж авах, захиран зарцуулах болон;

(iii) хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн нэрийн өмнөөс оролцох эрх зүйн чадвартай байна.

2 дугаар зүйл

Зорилт, зорилго

Агентлаг нь гишүүн орнууддаа, ялангуяа хөгжиж буй гишүүн орнуудад, үр ашигтай зориулалтаар хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын урсгалыг хөхиүлэн дэмжиж, чингэснээр Сэргээн босголт, хөгжлийн олон улсын банк (цаашид “Банк” гэнэ), Олон улсын санхүүгийн корпорац, мөн олон улсын хөгжлийн санхүүгийн бусад байгууллагын үйл ажиллагааг нөхөн гүйцэлдүүлж байх болно.

Энэхүү зорилтыг биелүүлэх үүднээс тус агентлаг нь:

(а) аль нэг гишүүн оронд бусад гишүүн орноос орж байгаа хөрөнгө оруулалтыг арилжааны бус эрсдлээс хамгаалж баталгаа гаргах, түүний дотор хамтран болон давхар хийсэн даатгал гаргуулах;

(b) хөгжиж буй гишүүн орнуудад болон тэдгээрийн хооронд хийгдэх хөрөнгө оруулалтын урсгалыг хөхиүлэн дэмжихэд чиглэсэн тохиромжтой нэмэлт үйл ажиллагаа явуулах болон;

(с) өөрийн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай эсхүл хүсүүштэй бусад тохиолдлын чанартай арга хэмжээ авах эрхийг эдлэх болно.

Тус агентлаг нь аливаа шийдвэр гаргахдаа энэ зүйлийн заалтуудыг удирдлага болгоно.

3 дугаар зүйл

Нэр томъёо

Энэхүү конвенцийн зорилгоор:

(а) ”Гишүүн” гэж 61 дүгээр зүйлд заасны дагуу энэхүү конвенц тухайн улсын хувьд хүчин төгөлдөр болсон нэг улсыг хэлнэ.

(b) “Хүлээн авагч улс” буюу “Хүлээн авагч засгийн газар” гэж тус агентлагаар баталгаа гаргуулсан буюу давхар даатгуулсан эсхүл баталгаа гаргуулах буюу давхар даатгуулах явцдаа байгаа аль нэг хөрөнгө оруулалт 66 дугаар зүйлд тодорхойлсноор нутаг дэвсгэрт нь орших гишүүн улс, түүний засгийн газар буюу уг гишүүн орны аль нэг төрийн байгууллагыг хэлнэ.

(с) “Хөгжиж байгаа гишүүн орон” гэж ард хавсаргасан А хуваарь дахь жагсаалтад багтсан гишүүнийг хэлэх бөгөөд 30 дугаар зүйлд дурдсан Захирагчдын зөвлөл (цаашид “Захирагчдын зөвлөл” гэнэ)-өөс энэхүү жагсаалтад үе үе нэмэлт өөрчлөлт оруулж болно.

(d) “Тусгай олонхи” гэж тус агентлагийн хувь нийлүүлсэн хөрөнгөнд захиалсан хувьцааны тавин таваас дээш хувийг төлөөлөх нийт саналын гуравны хоёроос доошгүйгээр батлагдсан саналыг хэлнэ.

(e) “Чөлөөтэй хэрэглэгдэх валют” гэж (i) Олон улсын валютын сангаас ийм зорилгоор хэрэглэгдэнэ гэж үе үе тогтоодог аль нэг мөнгөн тэмдэгт болон (ii) 30 дугаар зүйлд дурдсан Захирлуудын зөвлөл (цаашид “Захирлуудын зөвлөл” гэнэ) тухайн мөнгөн тэмдэгтийг гаргасан улсын зөвшөөрөлтэйгээр, Олон улсын валютын сантай зөвлөлдсөний дараа энэхүү конвенцийн зорилгоор тодорхойлж болох чөлөөтэй олдох, үр ашигтай зарцуулагдах аливаа мөнгөн тэмдэгтийг тус тус хэлнэ.

II бүлэг

ГИШҮҮНЧЛЭЛ БА ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГӨ

4 дүгээр зүйл

Гишүүнчлэл

(а) Тус агентлагт дэлхийн банкны бүх гишүүн орон болон Швейцар улс гишүүнээр элсэхэд нээлттэй байна.

(b) Анхдагч гишүүд нь А хуваарь дахь жагсаалтад орсон бөгөөд 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдөр буюу түүнээс өмнө энэхүү конвенцид нэгдэн орсон улсууд байна.

5 дугаар зүйл

Хувь нийлүүлсэн хөрөнгө

(а) Агентлагийн зарласан хувьцаат хөрөнгө нь 1 тэр бум зээлжих тусгай эрх (1.000.000.000 ЗТЭ) байна. Хувь нийлүүлсэн хөрөнгө нь тус бүр 10.000 ЗТЭ-тэй тэнцэх нэрлэсэн үнэ бүхий 100.000 ширхэг хувьцаанд хуваагдах бөгөөд гишүүд тэдгээрээс захиалж авна. Хувь нийлүүлсэн хөрөнгөтэй холбогдуулан гишүүдээс үүргийнхээ дагуу хийх бүх төлбөр нь 1981 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх үеийн ам. долларын ханшаар үнэлэх ЗТЭ дундаж үнэлгээний үндсэн дээр хийгдэх бөгөөд уг үнэлгээний дагуу нэг ЗТЭ нь 1,082 ам. доллартай тэнцэнэ.

(b) Хувь нийлүүлсэн хөрөнгө нь шинэ гишүүн элсэхэд 6 дугаар зүйлийн дагуу уг гишүүн хувьцаа захиалахад хүрэлцэхгүй тул түүнд зарласан хувьцаатай тэнцүү хэмжээгээр мөн ихсэх ёстой.

(c) Захирагчдын зөвлөл нь аль ч үед тусгай олонхийн саналаар Агентлагийн хувьцаат хөрөнгийг нэмэгдүүлж болно.

6 дугаар зүйл

Хувьцааны захиалга

Тус агентлагийн анхдагч гишүүн орон тус бүр энд хавсаргасан А хуваарь дахь нэрнийхээ харалдаа бичигдсэн тоотой тэнцүү хувьцааг хувьцаат хөрөнгөөс авахаар захиална. Бусад гишүүн тус бүр хувьцаат хөрөнгөөс Захирагчдын зөвлөлийн тогтоосон тооны хувьцааг уг зөвлөлийн гаргаж болох болзол, нөхцлөөр захиалах боловч ямар ч тохиолдолд нэрлэсэн үнээс доогуур үнээр захиалж болохгүй. Ямар ч гишүүн 50-иас доош тооны хувьцаа захиалахгүй. Гишүүд зарласан хувьцаат хөрөнгөөс өөрт ногдох хэсгээс илүү тооны хувьцааг захиалж болох бөгөөд ийнхүү захиалах журмыг Захирагчдын зөвлөл тогтооно.

7 дугаар зүйл

Захиалсан хувьцааг хуваарилах,

төлбөр хийхийг шаардах

Гишүүн бүрийн эхний захиалгын төлбөрийг дараахь байдлаар гүйцэтгэнэ:

(i) Тухайн гишүүний хувьд энэхүү конвенц хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ер хоногийн дотор уг гишүүн 8 дугаар зүйлийн (а) хэсэгт заасны дагуу хувьцаа бүрийнхээ үнийн арван хувийг бэлэн мөнгөөр төлж, өөр арван хувийг үл маргах, хүү үл хуримтлагдах векселийн хэлбэрээр эсхүл үүнтэй адилтгаж болох бусад төлбөрийн баримтаар хийх бөгөөд уг вексель буюу төлбөрийн баримтыг Захирлуудын зөвлөлийн шийдвэрийн дагуу Агентлагийн үүргийг гүйцэтгүүлэхийн тулд бэлэн мөнгөнд шилжүүлнэ;

(ii) Тус агентлаг үүргээ гүйцэтгэхээр шаардлагатай үед төлбөрийн үлдсэн хэсгийг шаардах эрхтэй.

8 дугаар зүйл

Захиалсан хувьцааны төлбөр хийх

(а) Захиалсан хувьцааны төлбөрийг чөлөөтэй хэрэглэгдэх валютаар хийх бөгөөд харин хөгжиж байгаа гишүүн орнууд 7 дугаар зүйлийн (i) хэсэгт дурдсан бэлэн мөнгөөр хийх төлбөрийн дүнгийн 25 хүртэлх хувийг өөрийн үндэсний валютаар хийж болно;

(b) Төлбөр нь хийгдээгүй байгаа хувьцаануудын аливаа хэсгийг төлөхөд захиалсан бүх хувьцааны адил шаардлага тавина;

(c) Хэрэв тус агентлагийн шаардсанаар хүлээн авсан мөнгөний хэмжээ нь тийнхүү шаардахад хүргэсэн үүргийг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол Агентлаг нь тэрхүү үүргээ гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээг цуглуултлаа төлөгдөөгүй захиалгуудаас төлбөр хийлгэхээр үргэлжлүүлэн шаардаж болно;

(d) Хувьцааны талаар хүлээх хариуцлага нь төлбөр хийгдээгүй байгаа хувьцааны гаргасан үнийн дүнгээр хязгаарлагдана.

9 дүгээр зүйл

Валютын нэгжийн үнэлгээ

Энэхүү конвенцийн зорилгоор аль нэг мөнгөн тэмдэгтийн ханшийг нөгөөтэй нь харьцуулан тогтоох шаардлага гарсан үед Агентлаг нь Олон улсын валютын сантай зөвлөлдсөний дараа уг ханшийг аль болох боломжтой байдлаар тогтооно.

10 дугаар зүйл

Эргүүлэн олгох

(а) Тус агентлаг нь захиалсан хувьцааны төлбөрт гишүүдээс шаардаж авсан хөрөнгийг дараахь тохиолдолд боломжтой болсон даруйдаа эгүүлэн олгоно:

(i) Баталгаажуулах буюу давхар даатгах гэрээнээс үүдэн гарсан төлбөрийг барагдуулахын тулд зохих шаардлага тавьсан боловч дараа нь Агентлаг өөрийн төлбөрийг бүтнээр буюу хэсэгчлэн чөлөөтэй хэрэглэгдэх валютаар эргүүлэн олж авч чадсан эсхүл,

(ii) Аль нэг гишүүн улс хувьцааны төлбөр хийгээгүйн улмаас шаардлага тавьсан боловч, дараа нь уг гишүүн төлбөрөө бүрэн эсхүл хэсэгчлэн хийсэн эсхүл,

(iii) Гишүүдээс шаардаж авсан хөрөнгийг тус агентлагийн орлогоос эргүүлэн олгож болохоор санхүүгийн байдал сайжирсан гэж Захирагчдын зөвлөлөөс тусгай олонхийн саналаар үзсэн.

(b) Энэ зүйлийн дагуу аль нэг гишүүнд олгох мөнгийг чөлөөтэй хэрэглэгдэх валютаар олгох бөгөөд түүний хэмжээ нь ийнхүү эргүүлэн олгохоос өмнө шаардсаны дагуу төлсөн уг гишүүн орноос оруулсан төлбөртэй хувь тэнцүү байна.

(c) Энэ зүйлийн дагуу гишүүн оронд эгүүлэн олгосон хөрөнгийн хэмжээ нь 7 дугаар зүйлийн (ii) хэсэгт зааснаар уг гишүүнээс шаардаж авах хөрөнгийн хэсэг болно.

III бүлэг

ҮЙЛ АЖИЛЛАГАА

11 дүгээр зүйл

Баталгаанд хамрах эрсдэл

(а) Доорхи (b) болон (с) хэсгийн заалтыг хэрэглэхийн хамт, тус агентлаг нь баталгаа гаргаж болох хөрөнгө оруулалтыг дараахь нэг буюу түүнээс дээш төрлийн эрсдлээс үүдэж гарах алдагдлаас хамгаалан баталгаа гаргаж болно:

(i)Валютыг хөрвүүүлэхэд учрах саад

Хүлээн авагч орны валютыг уг орноос гадагш гаргаж чөлөөтэй хэрэглэгдэх валютаар буюу баталгаа эзэмшигчийн зөвшөөрч болох өөр валютаар сольж хөрвүүлэхийн эсрэг хүлээн авагч орны засгийн газраас тогтоосон аливаа хязгаарлалт, түүний дотор баталгаа эзэмшигчээс мөнгийг ийнхүү сольж хөрвүүлэхээр тавьсан хүсэлтийн талаар хүлээн авагч засгийн газар боломжтой хугацаанд ямар нэг арга хэмжээ аваагүй тохиолдол хамаарна.

(ii)Хурааж авах болон адилтгах арга хэмжээнүүд

Баталгаа эзэмшигчийг оруулсан хөрөнгөөс нь салгах, өмчлөх эрхээс нь салгах буюу хянан захирах эрхийг нь зогсоох буюу уг хөрөнгөөс үлэмж ашиг олохыг нь болиулахад чиглэсэн үр дагавар бүхий хүлээн авагч засгийн газрын аливаа эрх зүйн буюу захиргааны үйлдэл эсхүл эс үйлдэл хамаарах бөгөөд харин үүнд өөрийн нутаг дэвсгэр дахь эдийн засгийн үйл ажиллагааг зохицуулах зорилгоор засгийн газруудаас ердийн үед алагчилалгүйгээр нийтээр нь даган мөрдүүлэхээр авсан арга хэмжээнүүд үл хамаарна.

(iii) Гэрээ зөрчих

(а) Гэрээнээс татгалзсан буюу түүнийг зөрчсөнийг тогтоолгохоор баталгаа эзэмшигчээс шүүх болон арбитрын байгууллагад хандаагүй байгаа үед буюу (b) уг байгууллагын шийдвэр нь Агентлагийн журмын дагуу баталгааны гэрээнд заасан боломжтой хугацаанд гараагүй байгаа үед буюу (c) дээрх шийдвэрийг гүйцэтгэж болохгүй үед хүлээн авагч улс баталгаа эзэмшигчтэй байгуулсан гэрээнээсээ татгалзсан буюу уг гэрээг зөрчсөн тохиолдол хамаарна.

(iv) Дайн болон нийтийн эмх замбараагүй байдал

66 дугаар зүйлд дурдсаны дагуу энэхүү конвенц үйлчлэх хүлээн авагч улс орны нутаг дэвсгэрт гарсан аливаа зэвсэгт үйл ажиллагаа буюу нийтийн эмх замбараагүй байдал хамаарна.

(b) Хөрөнгө оруулагч болон хүлээн авагч улсын хамтарсан хүсэлтээр энэ зүйлийн хамрах хүрээг ихэсгэж, дээрх (а) хэсэгт дурдсанаас бусад арилжааны бус өвөрмөц эрсдлийн эсрэг баталгаа гаргахыг Захирлуудын зөвлөл тусгай олонхийн саналаар шийдвэрлэж болох боловч мөнгөний ханш унах буюу буурахтай холбоотой эрсдэл үүнд хамаарахгүй.

(c) Дараахь нөхцлөөс шалтгаалан гарсан хохирол баталгаанд хамаарахгүй:

(i) Баталгааг эзэмшигчийн зөвшөөрсөн буюу хариуцсан хүлээн авагч засгийн газрын аливаа үйлдэл буюу эс үйлдэл;

(ii) Баталгаажуулах гэрээ байгуулахаас өмнө болсон хүлээн авагч засгийн газрын үйлдэл буюу эс үйлдэл эсхүл үйл явдал.

12 дугаар зүйл

Баталгаа гаргаж болох хөрөнгө оруулалт

(а) Баталгаа гаргаж болох хөрөнгө оруулалт гэдэгт бодит хөрөнгө эзэмших эрх, түүний дотор холбогдох аж ахуйн нэгжийн хувьцаат хөрөнгө эзэмшигчээс олгосон буюу баталгаа гаргасан дунд болон урт хугацаат зээл хийгээд Захирлуудын зөвлөлөөс тогтоож болох шууд хөрөнгө оруулалтын хэлбэрүүд багтана.

(b) Захирлуудын зөвлөл нь баталгаа олгож болох хөрөнгө оруулалтад бусад аливаа дунд болон урт хугацаат хэлбэрийн хөрөнгө оруулалтыг тусгай олонхийн саналаар хамруулж болох бөгөөд харин дээрх (а) хэсэгт дурдсанаас бусад зээлд зөвхөн Агентлагийн баталгаанд хамрагдсан буюу хамрагдах тодорхой төрлийн хөрөнгө оруулалттай холбоотой байх тэр тохиолдолд баталгаа гаргаж болно.

(с) Баталгаанууд нь Агентлагаар баталгаа гаргуулахаар тавьсан хүсэлтийг бүртгэснээс хойш хэрэгжиж эхлэх хөрөнгө оруулалтаар хязгаарлагдана. Ийм хөрөнгө оруулалтад:

(i) Нэгэнт хийгдсэн хөрөнгө оруулалтыг шинэчлэх, өргөтгөх буюу хөгжүүлэхийн тулд гадаад валютаар хийсэн шилжүүлэг, болон

(ii) Нэгэнт хийгдсэн хөрөнгө оруулалтаас олсон, нөгөө талаар хүлээн авагч орноос гадагш шилжүүлж болох орлогыг ашиглах явдал багтаж болно.

(d) Аливаа хөрөнгө оруулалтад баталгаа гаргахдаа тус агентлаг нь дараахь нөхцлийг хангуулна:

(i) тухайн хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр өгөөж болон хүлээн авагч орны хөгжилд оруулах хувь нэмэр;

(ii) тухайн хөрөнгө оруулалт хүлээн авагч улсын хууль, журамд нийцэж байгаа эсэх;

(iii) хүлээн авагч орны тунхаглан зарласан хөгжлийн зорилт болон тэргүүлэх чиглэлд тухайн хөрөнгө оруулалт нийцэж байгаа эсэх, болон

(iv) хүлээн авагч улс дахь хөрөнгө оруулалтын орчин, түүний дотор хөрөнгө оруулалтын шудрага, эрх тэгшээр хандах хандлага болон эрх зүйн хамгаалалт байгаа эсэх.

13 дугаар зүйл

Баталгаа гаргуулж болох хөрөнгө оруулагч

(а) Дараахь шаардлагыг хангасан аливаа хувь хүн болон хуулийн этгээд Агентлагийн баталгаа гаргуулан авч болно:

(i) тухайн хувь хүн нь хүлээн авагч улсаас өөр гишүүн улсын харьяат;

(ii) тухайн хуулийн этгээд нь аль нэг гишүүн улсад үүсгэн байгуулагдсан буюу бизнесийн гол байр нь оршдог эсхүл хөрөнгийн нь ихэнх хэсгийг аль нэг гишүүн улс буюу гишүүн улсууд эсхүл тэдгээрийн харьяатууд өмчилдэг байх бөгөөд гэхдээ ямар ч тохиолдолд эдгээр гишүүн аль ч улс нь хүлээн авагч улс биш байна;

(iii) энэхүү хуулийн этгээд нь хувийн өмч мөн эсэхээс үл шалтгаалан ашгийн төлөөх зарчмаар ажиллана.

(b) Хэрэв хөрөнгө оруулагч нь давхар харьяалалтай бол, гишүүн улсын харьяалал нь гишүүн бус улсын харьяаллаас давуу байхаар, хүлээн авагч улсын харьяалал нь бусад гишүүн улсын харьяаллаас мөн давуу байхаар энэ зүйлийн (а) хэсгийг хэрэглэнэ.

(c) Хөрөнгө оруулагч болон хүлээн авагч орон хамтран хүсэлт гаргавал Захирлуудын зөвлөл нь тусгай олонхийн саналаар баталгаа авах эрхийг хүлээн авагч орны харьяатад буюу хүлээн авагч оронд байгуулагдсан эсхүл хөрөнгийн ихэнх нь тэндхийн харьяатын өмчлөлд байдаг хуулийн этгээдэд олгож болох боловч хөрөнгө нь гаднаас хүлээн авагч орон руу оруулж ирсэн байх ёстой.

14 дүгээр зүйл

Баталгаа гаргуулж болох хүлээн авагч орон

Энэ бүлэгт зааснаар хөрөнгө оруулалтыг гагцхүү хөгжиж буй гишүүн орны нутаг дэвсгэрт хийж байгаа тохиолдолд баталгаа гаргана.

15 дугаар зүйл

Хүлээн авагч орны зөвшөөрөл

Эрсдлээс хамгаалахад зориулсан даатгалын баталгааг тус агентлагаар гаргуулахыг хүлээн авагч орны засгийн газар зөвшөөрөхөөс өмнө Агентлаг нь ямар нэг баталгаа өгөх гэрээ байгуулахгүй.

16 дугаар зүйл

Нөхцөл, болзол

Агентлаг нь Захирлуудын зөвлөлийн гаргах дүрэм, журмын дагуу баталгааны гэрээ бүрийн нөхцөл, болзлыг тодорхойлох боловч тус агентлаг нь баталгаа гаргуулсан хөрөнгө оруулалтын алдагдлыг бүгдийг нь заавал хариуцахгүй. Баталгааны гэрээг Захирлуудын зөвлөлийн зааврын дагуу дарга батална.

17 дугаар зүйл

Төлбөр хийх тухай

Баталгаа гаргуулагчийн нэхэмжлэлээр хийх төлбөрийн асуудлыг баталгааны гэрээ болон Захирлуудын зөвлөлийн батлах бодлогын дагуу уг зөвлөлийн заавраар дарга шийдвэрлэнэ. Баталгааны гэрээ нь баталгаа гаргуулагчаас тухайн нөхцөл байдалд тохирсон захиргааны засан залруулах арга хэмжээг Агентлаг төлбөр хийхийн өмнө авахуулах тухай шаардлагыг агуулсан байх ёстой боловч баталгаа гаргуулагч нь хүлээн авагч орны хууль тогтоомжийн дагуу ийм арга хэмжээ авахуулах боломжоор хангагдсан байх ёстой. Эдгээр гэрээ нь нэхэмжлэл гаргахад хүргэсэн үйл явдал болон нэхэмжлэлийн дагуу төлбөр хийх үе хоёрын хооронд боломжийн тодорхой хугацаа байх тухай заалтыг агуулж болно.

18 дугаар зүйл

Эрх шилжүүлэх

(а) Нөхөн төлбөрийг баталгаа гаргуулагчид төлснөөр буюу төлөхийг зөвшөөрснөөр, хүлээн авагч улс болон үүрэг хүлээсэн бусад этгээдийн эсрэг баталгаа гаргуулагчийн хөрөнгө оруулалттай холбоотой эрх буюу нэхэмжлэл нь Агентлагт шилжинэ. Ийнхүү эрх шилжих нөхцөл, болзлыг баталгааны гэрээнд тусгаж өгнө.

(b) Дээрх (а) хэсэгт дурдсан тус агентлагийн эрхийг бүх гишүүн хүлээн зөвшөөрнө.

(c) Дээрх (а) хэсэгт дурдсаны дагуу тус эрх шилжүүлэн авагчийн хувьд Агентлагт хүлээн авагч орны үндэсний валютаар хуримтлагдсан мөнгийг хэрэглэх болон өөр валютад хөрвүүлэхэд хүлээн авагч орны зүгээс баталгаа эзэмшигчийн мэдэлд байгаа мөнгөн хөрөнгөнд ханддагийн адил таатай нөхцөл үзүүлнэ. Ямар ч тохиолдолд энэ мөнгийг тус агентлаг нь захиргааны болон бусад зардлыг санхүүжүүлэхэд ашиглаж болно. Үндэсний валют нь чөлөөтэй хэрэглэгдэхгүй бол уг валютыг бусад зорилгоор ашиглах талаар тус агентлаг нь хүлээн авагч оронтой тохиролцохыг эрмэлзэнэ.

19 дүгээр зүйл

Үндэсний болон бүс нутгийн байгууллагуудтай харилцах

Агентлаг нь түүнтэй адил төстэй үйл ажиллагаа явуулдаг гишүүн орнуудын үндэсний байгууллагууд болон хөрөнгийх нь ихэнх хувийг гишүүн улсууд өмчилдэг бүс нутгийн байгууллагуудын үйл ажиллагааны үр ашиг хийгээд гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг ихэсгэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь аль болох их хэмжээгээр нэмэгдүүлэхийн тулд тэдгээр байгууллагатай хамтран ажиллаж, үйл ажиллагааг нь нөхөн гүйцэлдүүлэхийг эрмэлзэнэ. Энэхүү зорилгоор Агентлаг нь ийм байгууллагуудтай хамтын ажиллагаагаа түүний дотор давхар болон хамтарсан даатгалын нөхцлийг нарийвчлан тохиролцож болно.

20 дугаар зүйл

Үндэсний болон бүс нутгийн байгууллагуудын давхар даатгал

(а) Тус агентлаг нь гишүүн улс буюу түүний агентлаг эсхүл гишүүн улсууд хөрөнгийх нь ихэнх хувийг өмчилдөг бүс нутгийн хөрөнгө оруулалтыг баталгаажуулах агентлагийн даатгуулсан нэг буюу хэд хэдэн арилжааны бус эрсдлээс гарах алдагдлын эсрэг давхар даатгалыг тодорхой өвөрмөц хөрөнгө оруулалтын хувьд гаргаж болно. Захирлуудын зөвлөл тусгай олонхийн саналаар давхар даатгалын гэрээний хувьд Агентлагийн үүрч болзошгүй үндсэн хариуцлагын дээд хэмжээг үе үе тогтооно. Агентлагаар давхар даатгуулах хүсэлтийг хүлээн авахаас арван хоёр сараас илүү хугацааны өмнө хийгдэж дууссан тодорхой өвөрмөц хөрөнгө оруулалтын хувьд дээд хэмжээг энэ бүлэгт заасан Агентлагийн хүлээх нийт болзошгүй хариуцлагын 10 хувиар анх тогтооно. 11, 14 дүгээр зүйлд заасан баталгаа гаргаж болох нөхцлүүд нь давхар даатгалын үйл ажиллагаанд хэрэглэгдэх бөгөөд гэхдээ давхар даатгагдсан хөрөнгө оруулалтыг заавал энэ тухай хүсэлт тавьснаас хойш хийх албагүй.

(b) Тус агентлаг ба давхар даатгуулсан гишүүн буюу түүний байгууллагын харилцан хүлээх эрх, үүргийг давхар даатгалын гэрээнд зааж өгөхдөө Захирлуудын зөвлөлийн гаргах дүрэм, журмыг баримтлана. Захирлуудын зөвлөл нь Агентлагаар давхар даатгуулахаар тавьсан хүсэлтийг хүлээн авахаас өмнө хийгдсэн хөрөнгө оруулалтыг давхар даатгасан гэрээ тус бүрийг батлах ёстой бөгөөд энэ нь эрсдлийг аль болохоор багасгах, хөрөнгө оруулалтын эрсдэлд тохирох урьдчилгааг Агентлагт өгүүлэх, мөн давхар даатгуулагчаар хөгжиж буй орнууд дахь шинэ хөрөнгө оруулалтыг зохих ёсоор дэмжүүлэх зорилготой байна.

(с) Агентлаг нь гол баталгаа гаргагч байвал эдлэх ёстой эрхийг шилжүүлж авах болон арбитрт хандах эрхийг Агентлаг эсхүл давхар даатгуулагч мөн эдлэнэ гэдгийг Агентлаг нь аль болохоор батламжлах ёстой. Агентлагаас төлбөр хийхийн өмнө 17 дугаар зүйлийн дагуу захиргааны засч залруулах арга хэмжээ авахуулах тухай шаардлага давхар даатгалын болзол нөхцөлд багтсан байна. Давхар даатгал нь зөвхөн Агентлагаар батлагдсаны дараа л эрх шилжих явдал хүлээн авагч улсын хувьд хүчин төгөлдөр болно. Давхар даатгалын гэрээнд даатгуулагч нь давхар даатгуулсан хөрөнгө оруулалттай холбоотой эрх эдлэх буюу нэхэмжлэлийг гаргахдаа зохих ёсоор хичээнгүй байхыг шаардсан заалтыг Агентлаг оруулна.

21 дүгээр зүйл

Хувийн даатгагч болон давхар даатгагчтай хамтран ажиллах

(а) Тус агентлаг нь өөрийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хөгжиж буй гишүүн орнууд дахь арилжааны бус эрсдлийг Агентлагийн хэрэглэдэгтэй төстэй нөхцлөөр даатгалд хамруулахаар хувийн даатгагчийг зоригжуулан урамшуулахын тулд гишүүн улсууд дахь хувийн даатгагчтай хамтран ажиллахаар тохиролцож болно. Уг тохиролцоонд 20 дугаар зүйлд тусгасан нөхцөл журмын дагуу Агентлагийн давхар даатгалын заалт орж болно.

(b) Агентлаг нь давхар даатгал эрхэлдэг аливаа боломжийн байгууллагаар өөрийн гаргасан баталгаа болон баталгаануудыг бүхлээр нь буюу хэсэгчлэн давхар даатгуулж болно.

(с) Агентлаг нь ялангуяа хувийн даатгагч болон давхар даатгагчийн зүгээс боломжийн нөхцөлтэй адилтгах даатгал олдоогүй хөрөнгө оруулалтад баталгаа гаргахыг эрмэлзэнэ.

22 дугаар зүйл

Баталгааны хязгаар

(а) Захирагчдын зөвлөлөөс тусгай олонхийн саналаар өөрөөр тогтоогоогүй бол энэ бүлэгт заасны дагуу Агентлагийн үүрч болзошгүй хариуцлагын нийт хэмжээ нь Агентлагт бүртгэгдсэн ямар нэг хорогдол гараагүй захиалгат хөрөнгө болон нөөцийн нийт хэмжээн дээр Захирлуудын зөвлөлөөс тогтоож болох давхар даатгалын хамрах мөнгийг нэмсэний нэг зуун тавин хувиас хэтрэхгүй байна. Нэхэмжлэл, эрсдлийн зэрэглэл, давхар даатгал болон тухайн бусад хүчин зүйлийн талаархи туршлагын хүрээнд болзошгүй хариуцлагын нийт дээд хэмжээнд өөрчлөлт оруулах асуудлыг Захирагчдын зөвлөлд зөвлөмж болгох шаардлагатай эсэхийг тодруулахын тулд Захирлуудын зөвлөл нь Агентлагийн хэмжээн дэх эрсдлийн байдлыг үе үе хянан үзэж байна. Ямар ч нөхцөл байдалд Захирагчдын зөвлөлийн тогтоосон хариуцлагын дээд хэмжээ нь Агентлагт захиалсан хорогдол гараагүй хөрөнгө, түүний нөөц болон давхар даатгалын хамарсан тохиромжтой гэж үзсэн хэмжээний нийлбэрээс тав дахин хэтэрч болохгүй.

(b) Дээрх (а) хэсэгт дурдсан баталгааны ерөнхий хэмжээг хөндөхгүйгээр Захирлуудын зөвлөл нь доорхийг тогтоож болно:

(i) Энэ бүлэгт зааснаар гишүүн улс тус бүрийн хөрөнгө оруулагчдад гаргасан баталгаанд Агентлагаас хүлээж болох болзошгүй хариуцлагын нийт хэмжээний дээд тал. Захирлуудын зөвлөл ийм дээд хэмжээг тогтоохдоо Агентлагийн хөрөнгөнд холбогдох гишүүн улсаас оруулсан хандив болон хөгжиж буй гишүүн орнуудаас үүсэлтэй хөрөнгө оруулалтын хувьд илүү уян хатан хязгаарлалт хэрэглэх шаардлагыг тус тус зохих ёсоор харгалзан үзнэ.

(ii) Түүнчлэн төсөл тус бүр, хүлээн авагч орон бүр хийгээд хөрөнгө оруулалт буюу эрсдлийн төрлүүд зэрэг эрсдлийн өөр өөр хүчин зүйлийн хувьд Агентлагийн хүлээж болох болзошгүй хариуцлагын нийт дээд хэмжээ.

23 дугаар зүйл

Хөрөнгө оруулалтыг дэмжих

(а) Агентлаг нь хөгжиж буй гишүүн орнуудад хийх гадаадын хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах зорилгоор судалгаа шинжилгээ хийж, хөрөнгө оруулалтын урсгалыг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэн эдгээр орон дахь хөрөнгө оруулалтын боломжуудын талаар мэдээлэл түгээн тарааж байх болно. Агентлаг нь аль нэг гишүүн улсын хүсэлтээр тухайн гишүүний нутаг дэвсгэр дахь хөрөнгө оруулалтын нөхцлийг сайжруулахаар техникийн шинжтэй зөвлөлгөө өгч, туслалцаа үзүүлж болно. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Агентлаг нь:

(i) гишүүн орнуудын хооронд байгуулсан холбогдох хөрөнгө оруулалтын гэрээг удирдлага болгох,

(ii) хөгжингүй болон хөгжиж буй гишүүн орнуудын аль алинд нь байгаа бөгөөд хөгжиж буй гишүүн орнууд руу хийх хөрөнгө оруулалтын урсгалыг саатуулж байгаа бэрхшээлийг арилгах хийгээд,

(iii) гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихтэй холбогдсон бусад байгууллага болон ялангуяа Олон улсын санхүүгийн корпорацтай үйл ажиллагаагаа уялдуулж байх болно.

(b) Түүнчлэн Агентлаг нь:

(i) Хөрөнгө оруулагчид болон хүлээн авагч улсуудын хооронд үүссэн маргааныг эв зүйгээр зохицуулахыг дэмжих;

(ii) Хөгжиж буй гишүүн орнуудтай болон ялангуяа, хүлээн авагч болох хэтийн төлөвтэй улсуудтай хэлэлцээр байгуулахаар ажиллах бөгөөд тухайн гишүүн өөрийн нь баталгаа гаргасан хөрөнгө оруулалтын хувьд Агентлагт хөрөнгө оруулалттай холбоотой аливаа хэлэлцээрийн дагуу хөрөнгө оруулалтын нэн тааламжтай баталгаа гаргасан байгууллага буюу улстай тохирсноос дутуугүй тааламжтай нөхцөл олгохыг дээрх хэлэлцээрүүдээр баталгаажуулсан байх, уг хэлэлцээрүүд нь Захирлуудын зөвлөлийн тусгай олонхийн саналаар батлагдсан байхыг хангах хийгээд ;

(iii) Хөрөнгө оруулалтыг дэмжиж хамгаалах талаар гишүүдийн дунд хэлэлцээр байгуулахыг урамшуулж туслах болно.

(с) Агентлаг нь урамшуулж дэмжих ажиллагаандаа хөгжиж буй орнуудын хооронд хийх хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх явдлыг чухалчлахад онцгой анхаарна.

24 дүгээр зүйл

Ивээн тэтгүүлсэн хөрөнгө оруулалтад гаргах баталгаа

Энэ бүлгийн дагуу тус агентлаг нь баталгаа гаргах үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ, Конвенцийн I хавсралтад заасан ивээн тэтгэгчийн хэлэлцээрийн дагуу хийгдсэн хөрөнгө оруулалтад баталгаа олгож болно.

IV бүлэг

САНХҮҮГИЙН ХОЛБОГДОЛТОЙ ЗААЛТУУД

25 дугаар зүйл

Санхүүгийн менежмент

Хүлээсэн санхүүгийн үүргээ бүхий л нөхцөлд биелүүлэх чадвартай байхын тулд Агентлаг нь үйл ажиллагаагаа ухаалаг бизнесийн болон хянамгай няхуур санхүүгийн менежментийн дагуу явуулна.

26 дугаар зүйл

Урьдчилгаа, бусад төлбөр

Тус агентлаг эрсдлийн төрөл тус бүрийн даатгалын урьдчилгаа, төлбөр болон бусад хураамжийн хэмжээг тогтоож тодорхой хугацаанд хянан үзэж байна.

27 дугаар зүйл

Цэвэр орлогын хуваарилалт

(а) 10 дугаар зүйлийн (а) хэсгийн (iii) дэд хэсэгт заасныг хөндөхгүйгээр Агентлаг нь цэвэр орлогоо нөөцийг өөрийн захиалсан хөрөнгөөс 5 дахин илүү болтол нөөцөд шилжүүлнэ.

(b) Агентлагийн нөөц нь дээрх (а) хэсэгт заасан түвшинд хүрсний дараа Захирагчдын зөвлөл нь цэвэр орлогыг нөөцөд үлдээх эсхүл Агентлагийн гишүүдэд хуваарилах, эсхүл өөр зорилгоор ашиглах эсэхийг, мөн энэ хуваарилалтыг хэдий хэмжээгээр хийхийг шийднэ. Цэвэр орлогыг гишүүн орнуудад хуваарилахдаа Захирагчдын зөвлөлийн тусгай олонхийн саналаар гаргасан шийдвэрийн дагуу Агентлагийн хөрөнгөнд гишүүн улс тус бүрээс оруулсан хувь хандивын хэмжээнд тохируулна.

28 дугаар зүйл

Төсөв

Агентлагийн дарга нь Агентлагийн жилийн орлого, зарлагын төсвийг Захирлуудын зөвлөлөөр батлуулахаар бэлтгэнэ.

29 дугаар зүйл

Данс бүртгэл

Тус агентлаг жилийн тайланг хэвлүүлэн нийтлэх бөгөөд уг тайланд бие даасан хянан шалгагчаар баталгаажуулсан Агентлагийн данс болон энэхүү конвенцийн I хавсралтад заасан Ивээн тэтгэгчийн сангийн дансны мэдээлэл орсон байна. Тус агентлаг гишүүдэд өөрийн санхүүгийн байдлыг дүгнэсэн мэдэгдэл болон үйл ажиллагааныхаа үр дүнг харуулсан орлого, зарлагын тайланг тодорхой хугацаанд хүргүүлж байна.

V бүлэг

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ

30 дугаар зүйл

Агентлагийн бүтэц

Тус агентлаг өөрийн тодорхойлсон үүргийг гүйцэтгэх зорилго бүхий Захирагчдын зөвлөл, Захирлуудын зөвлөл, дарга болон ажилтнуудаас бүрдэнэ.

31 дүгээр зүйл

Захирагчдын зөвлөл

(а) Энэхүү конвенцоор тус агентлагийн өөр аль нэг байгууллагад тусгайлан эрх олгосноос бусад тохиолдолд Агентлагийн бүх эрх мэдэл Захирагчдын зөвлөлд хадгалагдана. Дор дурдсанаас бусад нөхцөлд Захирагчдын зөвлөл нь аливаа эрхээ Захирлуудын зөвлөлд шилжүүлж болох бөгөөд гэхдээ үүнд дараахь эрх мэдэл үл багтана:

(i) шинээр гишүүн элсүүлэх болон ийнхүү элсүүлэх нөхцлийг тодорхойлох;

(ii) гишүүнчлэлийг түдгэлзүүлэх;

(iii) хөрөнгийг нэмэгдүүлэх буюу багасгах талаар шийдвэр гаргах;

(iv) 22 дугаар зүйлийн (а) хэсэгт заасан болзошгүй хариуцлагын дээд хэмжээг нэмэгдүүлэх;

(v) 3 дугаар зүйлийн (с) хэсэгт заасны дагуу аль нэг гишүүн орныг хөгжиж буй гишүүн орон гэж тогтоох;

(vi) 39 дугаар зүйлийн (а) хэсэгт заасны дагуу санал хураалтын зорилгоор шинэ гишүүнийг 1 дүгээр ангилалд эсхүл 2 дугаар ангилалд хамааруулах буюу одоо байгаа гишүүнийг мөн дээрх зорилгоор дахин ангилах;

(vii) Захирлууд ба тэдгээрийн орлогч нарт төлөх хөлсийг тогтоох;

(viii) тус агентлагийн үйл ажиллагааг зогсоох, түүнийг татан буулгах;

(ix) Агентлагийг татан буулгасны дараа хөрөнгийг гишүүдэд хуваарилах болон;

(x) энэхүү конвенц, түүний хавсралт хийгээд хуваариудад нэмэлт өөрчлөлт оруулах.

(b) Захирагчдын зөвлөл нь гишүүн тус бүр өөрийн тогтоож болох арга барилаар томилсон нэг захирагч, нэг орлогч захирагчаас бүрдэнэ. Захирагч байхгүйгээс бусад тохиолдолд түүний орлогч санал хураалтанд оролцох эрхгүй. Захирагчдын зөвлөл нь захирагчдаас нэг хүнийг Зөвлөлийн даргаар сонгоно.

(c) Захирагчдын зөвлөл нь жил тутмын хурлаа хийж байх бөгөөд тус зөвлөл нь бусад үед өөрөө шийдвэр гаргаж эсхүл Захирлуудын зөвлөлийн хүсэлтээр мөн хуралдаж болно. Захирлуудын зөвлөл нь гишүүн улсуудын тав нь эсхүл нийт саналын эрхийн 25 хувийг эзэмшигч гишүүд хүссэн үед Захирагчдын зөвлөлийн хурлыг хийлгэж болно.

32 дугаар зүйл.

Хэвлэх

Захирлуудын зөвлөл

(а) Захирлуудын зөвлөл тус агентлагийн ерөнхий үйл ажиллагааг хариуцах бөгөөд энэ үүргээ биелүүлэхдээ Конвенцийн дагуу шаардлагатай буюу зөвшөөрсөн аливаа арга хэмжээ авна.

(b) Тус зөвлөл нь арван хоёроос доошгүй захирлаас бүрдэнэ. Захирагчдын зөвлөл уг тоог нийт гишүүний тоонд орсон өөрчлөлтийг харгалзан мөн өөрчилж болно. Захирал бүр өөрөө түр хугацаагаар байхгүй байх буюу ажиллах чадваргүй болсон тохиолдолд өөрийн нь өмнөөс ажиллах бүрэн эрх бүхий орлогч захирлыг томилж болно. Банкны ерөнхийлөгч нь ex officio Зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэх боловч санал өгөх эрхгүй байна. Харин санал тэгш хуваагдсан тохиолдолд шийдвэрлэх санал өгч болно.

(c) Захирлуудын ажиллах хугацааг Захирагчдын зөвлөл тогтооно. Захирагчдын зөвлөлийн нээлтийн хуралдаан дээр анхны Захирлуудын зөвлөлийг байгуулна.

(d) Захирлуудын зөвлөлийн хурлыг тус Зөвлөлийн дарга өөрийн санаачлагаар буюу эсхүл гурван захирлын хүсэлтээр зарлан хуралдуулж болно.

(e) Агентлаг нь байнга хуралдах үүрэг бүхий Захирлуудын суурин зөвлөлтэй байх тухай шийдвэрийг Захирагчдын зөвлөлөөс гаргах хүртэл захирлууд ба орлогч захирлууд нь зөвхөн Зөвлөлийн хуралдаанд оролцсон болон Агентлагийн нэрийн өмнөөс бусад албан үүрэг гүйцэтгэсэн үеийнхээ хөлсийг авах болно. Байнгын хуралтай Захирлуудын зөвлөл байгуулсны дараа захирлууд болон орлогч захирлууд нь Захирагчдын зөвлөлөөс тогтоосон цалин хөлс авна.

33 дугаар зүйл

Агентлагийн дарга, ажилтнууд

(а) Агентлагийн дарга нь Захирлуудын зөвлөлийн ерөнхий хяналтын дор Агентлагийн хэвийн үйл ажиллагааг явуулна. Тэрээр ажилтнуудыг зохион байгуулах, томилох болон халах асуудлыг хариуцна.

(b) Агентлагийн даргыг Захирлуудын зөвлөлөөс томилох бөгөөд түүний нэрийг Захирлуудын зөвлөлийн дарга дэвшүүлнэ. Агентлагийн даргын цалин хөлс, ажлын гэрээний нөхцлийг Захирагчдын зөвлөл тогтооно.

(с) Ажил үүргээ гүйцэтгэхдээ Агентлагийн дарга болон ажилтнууд нь өөр хэний ч өмнө биш зөвхөн Агентлагийн өмнө хариуцлага хүлээнэ. Агентлагийн гишүүн бүр энэ үүргийн олон улсын шинж чанарыг хүндэтгэж, Агентлагийн дарга болон ажилтнуудад ажлаа гүйцэтгэхэд нь нөлөөлөхөөр аливаа оролдлого хийхээс түтгэлзэнэ.

(d) Ажилтныг томилохдоо, Агентлагийн дарга нь хамгийн дээд зэргийн үр дүн болон мэргэжлийн ур чадварыг харгалзахыг онцгойлон чухалчлахын сацуу газар зүйн аль болох өргөн төлөөллийн үндсэн дээр боловсон хүчнийг элсүүлэх нь чухал гэдгийг зохих ёсоор анхаарна.

(e) Агентлагийн дарга болон ажилтнууд Агентлагийн ажлыг гүйцэтгэхдээ олж авсан мэдээллийн нууцлалыг байнга хадгалах болно.

34 дүгээр зүйл

Улс төрийн үйл ажиллагааг хориглох

Агентлаг, түүний дарга болон ажилтнууд нь аль ч гишүүн улсын улс төрийн хэрэгт оролцохгүй. Тэд аливаа хөрөнгө оруулалтыг тойрсон бүх нөхцөл байдлыг харгалзан үзэх Агентлагийн эрхийг хөндөхгүйгээр шийдвэр гаргахдаа холбогдох гишүүн улс болон гишүүн улсуудын улс төрийн шинж чанарт автагдах ёсгүй. 2 дугаар зүйлд заасан зорилтуудыг биелүүлэхийн тулд шийдвэр гаргахдаа аливаа зүйлийг тооцохдоо хараат бус байна.

35 дугаар зүйл

Олон улсын байгууллагатай харилцах

Агентлаг нь энэхүү конвенцид тусгасан нөхцлийн хүрээнд, Нэгдсэн Үндэстний Байгууллага болон энэ чиглэлээр мэргэшсэн үүрэг хариуцлага бүхий засгийн газар хоорондын байгууллагуудтай түүний дотор ялангуяа Дэлхийн банк болон Олон улсын санхүүгийн корпорацтай хамтран ажиллана.

36 дугаар зүйл

Төв байрны байршил

(а) Тусгай олонхийн саналаар Захирагчдын зөвлөл өөр газар байрлуулахаар шийдэхгүй бол, Агентлагийн төв байр Вашингтон хотноо байрлана.

(b) Агентлаг нь ажлын шаардлага гарвал өөр газруудыг байгуулж болно.

37 дугаар зүйл

Хадгалагч

Агентлагийн гишүүн улс бүр өөрийн төв банкийг уг гишүүний мөнгөн тэмдэгтээр хийгдсэн хадгаламж болон Агентлагийн бусад хөрөнгийг байршуулах хадгалагчаар тогтооно. Хэрэв уг гишүүн улс төв банкгүй бол энд дурдсан зорилтыг хэрэгжүүлэх Агентлагийн хувьд тохиромжтой өөр байгууллагыг томилно.

38 дугаар зүйл

Холбоо барих хэрэгсэл

(а) Гишүүн улс бүр энэхүү конвенцийн дагуу үүсэн гарах аливаа асуудалтай холбогдуулан Агентлагтай харилцаж болох эрх бүхий зохих байгууллагыг томилно. Агентлаг нь ийм байгууллагын мэдэгдлийг гишүүн улсын мэдэгдэл гэж итгэн найдах болно. Агентлаг нь аль нэг гишүүн улсын хүсэлтээр 19-21 дүгээр зүйлд зохицуулсан асуудлууд болон уг гишүүн улсын байгууллагууд буюу даатгагчтай холбоотой асуудлуудаар тухайн гишүүн улстай зөвлөлдөнө.

(b) Агентлаг ямар нэг шийдвэр гаргахын өмнө аль нэг гишүүн улсын зөвшөөрөл авах шаардлагатай тохиолдолд гаргахаар төлөвлөж байгаа шийдвэрийнхээ талаар Агентлагаас уг гишүүн улсад мэдэгдэн товлосон боломжтой хугацаанд энэхүү гишүүн нь эсэргүүцэж байгаагаа мэдэгдээгүй бол дээрх зөвшөөрөл өгөгдсөн гэж үзнэ.

VI бүлэг

САНАЛ ХУРААХ, ХУУВЬЦААНЫ ЗАХИАЛГЫГ ӨӨРЧЛӨХ, ТӨЛӨӨЛӨХ

39 дугаар зүйл

Санал хураах болон дүрмийн санд оруулах

хөрөнгийн хувийг өөрчлөх

(а) Энэхүү конвенцийн А хуваарьт орсон Агентлагийн гишүүн орнуудын хоёр ангиллын Агентлаг дахь адил ашиг сонирхлыг, мөн гишүүн улс бүр санхүүгийн хувьд оролцох нь чухал болохыг тус тус тусгасан санал өгөх горимыг хангахын тулд гишүүн бүр гишүүнчлэлийн 177 саналтай байхаас гадна тухайн гишүүн өөрийн бүртгүүлсэн хөрөнгийн дагуу хувьцаа бүртээ нэмэгдэл нэг захиалгын санал эзэмшинэ.

(b) Энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш гурван жилийн дотор энэхүү конвенцийн А хуваарьт дурдсан улс орнуудын хоёр ангиллаас аль нэгийн нь гишүүн улсуудын гишүүнчлэлийн болон захиалсан саналуудын нийлбэр нь нийт саналын дөчин хувиас бага байвал энэ ангилал нь өөрийн бүх саналыг нийт санал дахь шаардагдах хувьтай тэнцүүлсэн тийм тооны нэмэлт санал эзэмших болно. Ийм нэмэлт саналыг нэг гишүүний хөрөнгийн санал тухайн ангилал дахь хөрөнгийн нийт саналтай харьцах харьцаагаар уг ангилалын гишүүдийн дунд хуваарилна. Энэ нэмэлт саналын тоо нь дээрх хувийг тогтоохоор аяндаа тохируулагдах бөгөөд дээрх гурван жилийн хугацаа дууссаны дараа хүчингүй болно.

(с) Энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойшхи гурав дахь жилд Захирагчдын зөвлөл нь хувьцааны хуваарилалтыг хянаж үзэх бөгөөд шийдвэр гаргахдаа дараахь зарчмыг удирдлага болгоно:

(i) Гишүүдийн санал нь Агентлагийн хөрөнгөнд жинхэнэ захиалсан хөрөнгийг болон гишүүнчлэлийн саналыг энэ зүйлийн (a) хэсэгт заасны дагуу тусгана.

(ii) Конвенцид гарын үсэг зураагүй улсуудад хуваарилагдсан хувьцааг дээр дурдсан ангиллуудын хоорондох саналын тэнцвэрийг хангах хэлбэрээр уг гишүүн орнуудад дахин хуваарилна.

(iii) Захирагчдын зөвлөл нь гишүүд өөртөө хуваарилагдсан хувьцааг

захиалах чадварт туслах арга хэмжээ авна.

(d) Энэ зүйлийн (b) хэсэгт заасан гурван жилийн хугацаанд Захирагчдын зөвлөлийн болон Захирлуудын зөвлөлийн бүх шийдвэр нь тусгай олонхийн саналаар гарах ёстой бөгөөд харин энэхүү конвенцийн дагуу илүү олонхийн санал шаардсан шийдвэрүүд нь уг олонхийн саналаар батлагдана.

(е) 5 дугаар зүйлийн (c) хэсэгт зааснаар тус агентлагийн хувь нийлүүлсэн хөрөнгө нэмэгдвэл хүсэлт гаргасан гишүүн бүр Агентлагийн хувь нийлүүлсэн нийт хөрөнгөнд өөрийн нь захиалсан хөрөнгийн эзэлж буй хувьтай тэнцүү харьцаагаар хувиа нэмэгдүүлэхээр захиалах эрхтэй. Гэхдээ гишүүн орон энэхүү нэмэлт хөрөнгийн хэсгийг заавал захиалах үүрэггүй.

(f) Захирагчдын зөвлөл нь энэ зүйлийн (е) хэсэгт заасны дагуу нэмэлт захиалга хийх журмыг гаргана. Энэхүү журам нь гишүүдээс ийм захиалга хийхэд боломжийн хугацааны хязгаарыг зааж өгнө.

40 дүгээр зүйл

Захирагчдын зөвлөлийн санал хураалт

(а) Захирагч бүр өөрийн төлөөлж буй гишүүн орны өмнөөс санал өгөх эрхтэй. Энэхүү конвенцид өөрөөр заагаагүй бол, Захирагчдын зөвлөлийн шийдвэрүүд олонхийн саналаар батлагдана.

(b) Захирагчдын зөвлөлийг хуралдуулахад шаардагдах ирц нийт саналын гуравны хоёроос доошгүй хувийг төлөөлж буй Захирагчдын олонхи байна.

(с) Захирагчдын зөвлөл нь журам гаргаж Агентлагийн эрх ашигт нийцэж байгаа гэж Захирлуудын зөвлөлөөс үзсэн тодорхой асуудлаар Захирагчдын зөвлөлийг хуралдуулахгүйгээр шийдвэр гаргуулахаар хүсэлт тавьж болох горимыг тогтоож болно.

41 дүгээр зүйл

Захирлуудыг сонгох

(а) Захирлуудыг В хуваарьт заасны дагуу сонгоно.

(b) Шинэ захирлыг сонгох хүртэл захирлууд албан тушаалдаа хэвээр үлдэнэ. Хугацаа нь дуусахаас ерээс илүү хоногийн өмнө аль нэг захирлын албан тушаалын орон тоо суларвал өмнөх захирлыг сонгосон Захирагч нар үлдсэн хугацааг дуустал ажиллуулахаар өөр захирлыг сонгоно. Сонгуульд олонхийн санал шаардагдах болно. Орон тоо сул байгаа үед өмнөх захирлын орлогч нь шинэ орлогчийг томилохоос бусад бүх эрх мэдлийг эдлэх болно.

42 дугаар зүйл

Захирлуудын зөвлөл дэх санал хураалт

(а) Захирал тус бүр түүнийг сонгосон гишүүдийн саналын тоотой тэнцүү санал өгөх эрхтэй. Захирлын өгөх эрхтэй бүх санал нь нэг багц болж өгөгдөнө. Энэхүү конвенцид өөрөөр зааснаас бусад тохиолдолд Захирлуудын зөвлөлийн шийдвэр нь олонхийн саналаар батлагдана.

(b) Захирлуудын зөвлөлийг хуралдуулахад шаардагдах ирц нь нийт саналын хагасаас доошгүй хувийг төлөөлж буй захирлуудын олонхи байна.

(с) Агентлагийн дарга нь журам гаргаж Агентлагийн эрх ашигт нийцэж байгаа гэж Захирлуудын зөвлөлөөс үзсэн тодорхой асуудлаар Захирлуудын зөвлөлийг хуралдуулахгүйгээр шийдвэр гаргуулахаар хүсэлт тавьж болох горимыг тогтоож болно.

VII бүлэг

ЭРХ ЯМБА, ДАРХАН ЭРХ

43 дугаар зүйл

Бүлгийн зорилт

Үүргээ биелүүлэхэд нь боломж олгох үүднээс энэ бүлэгт заасан эрх ямба, дархан эрхийг Агентлагт гишүүн бүрийн нутаг дэвсгэрт эдлүүлнэ.

44 дүгээр зүйл

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Агентлаг оролцох нь

57, 58 дугаар зүйлийн хүрээнд багтсанаас бусад хэргийг Агентлагийн эсрэг мэдүүлж болох боловч үүнийг Агентлаг төлөөлөгчийн газраа нээсэн эсхүл дуудлага буюу захирамж хүлээн авах зорилгоор хүн томилсон гишүүний нутаг дэвсгэр дэх эрх бүхий шүүхийн байгууллагад л зөвхөн үүсгэж болно. Агентлагийн эсрэг (i) гишүүд буюу тэдний өмнөөс ажиллаж буй этгээд буюу тэднээс үүдэлтэй гомдлын асуудлаар; (ii) боловсон хүчний асуудлаар хэрэг үүсгэж болохгүй. Агентлагийн өмч, эд хөрөнгө хаана ч, хэний ч мэдэлд байсан Агентлагийн эсрэг шүүхийн шийдвэр буюу тогтоол гараагүй байхад хураах, битүүмжлэх, гүйцэтгэх ажиллагааны аливаа хэлбэрээс чөлөөлөгдөнө.

45 дугаар зүйл

Эд хөрөнгө

(а) Агентлагийн өмч, эд хөрөнгө нь хаана ч, хэний ч мэдэлд байсан тэдгээр нь нэгжих, дайчлах, хураах буюу албадан хураах буюу бусад аливаа хэлбэрийн хураах гүйцэтгэх болон хуулийн ажиллагаанаас чөлөөлөгдөнө.

(b) Энэхүү конвенцийн дагуу үйл ажиллагаагаа явуулах шаардлагын хэмжээнд Агентлагийн бүх өмч, эд хөрөнгө нь аливаа төрлийн хязгаарлалт, журам, хяналт, хоригоос чөлөөтэй байна. Чингэхдээ баталгаа гаргуулан давхар даатгуулсан байгууллага буюу ийм байгууллагаар даатгуулсан хөрөнгө оруулагчаас өв залгамжилсан буюу түүний эрхийг нь шилжүүлэн авсан этгээд болохынхоо хувьд Агентлагийн олж авсан өмч болон эд хөрөнгө нь холбогдох гишүүн улсын нутаг дэвсгэрт үйлчилж байгаа гадаад валютын солилцооны хязгаарлалт, журам болон хяналтаас чөлөөлөгдөх бөгөөд уг чөлөөлөлт нь Агентлагт эрх нь шилжсэн даатгуулагч байгууллага буюу хөрөнгө оруулагчийн эдэлж байсан хэмжээгээр хийгдэнэ.

(с) Энэ бүлгийн зорилгоор “ эд хөрөнгө” гэдэгт тус Конвенцийн I хавсралтад заасан Ивээн тэтгэгч итгэлийн сангийн хөрөнгө болон зорилгоо хэрэгжүүлэх үүднээс Агентлагаас захиран зарцуулж буй бусад эд хөрөнгө орно.

46 дугаар зүйл

Архив болон харилцаа холбоо

(а) Агентлагийн архив хаана ч халдашгүй байна.

(b) Гишүүн бүр Агентлагийн албан ёсны харилцаа холбоонд Банкны албан ёсны харилцаа холбоонд олгодогтой ижилхэн нөхцлийг олгоно.

47 дугаар зүйл

Татвар

(а) Агентлаг, түүний эд хөрөнгө, өмч болон орлого, уг конвенцоор зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа болон хэлцэл нь бүхий л татвар, гаалийн хураамжаас чөлөөлөгдөнө. Агентлаг нь аливаа татвар буюу хураамж төлөх хариуцлагаас мөн чөлөөлөгдөнө.

(b) Орон нутгийн харьяатаас бусад тохиолдолд Агентлагийн захирагч, болон тэдний орлогч нарт Агентлагаас өгч буй зардлын мөнгө, түүнчлэн Захирлуудын зөвлөлийн дарга, захирлууд болон тэдний орлогч нар, Агентлагийн дарга болон ажилтнуудад Агентлагаас олгож буй цалин, зардлын мөнгө буюу бусад шан хөлснөөс ямарваа нэгэн татвар авахгүй.

(с) Агентлагаар баталгаажуулсан буюу давхар даатгуулсан аливаа хөрөнгө оруулалт (тэндээс олсон аливаа орлогыг оролцуулан) буюу аль этгээдэд өгснөөс үл хамааран Агентлагаас давхар даатгасан аливаа даатгалын гэрээ (тэндээс олох урьдчилгаа төлбөр болон бусад орлогыг оролцуулан) нь (i) Агентлагаар баталгаажуулсан буюу давхар даатгуулсан зөвхөн тэр үндсэн дээр уг хөрөнгө оруулалт буюу даатгалын гэрээнд ялгавартай хандаж байгаа эсхүл (ii) татвар авах цорын ганц хуулийн харьяаллын үндэслэл нь Агентлагийн үйл ажиллагааг явуулах аль нэг байгууллага буюу газрын байрлал болж байгаа тохиолдолд тус тус эдгээр хөрөнгө оруулалт буюу даатгалын гэрээнээс аливаа төрлийн татвар авахгүй.

48 дугаар зүйл

Агентлагийн албан тушаалтнууд

Агентлагийн бүх захирагч, захирал, тэдний орлогч, дарга болон ажилтнууд:

(i) албан үүргээ гүйцэтгэн хэрэгжүүлсэн үйлдэлтэйгээ холбогдсон хуулийн үйл ажиллагаанаас чөлөөлөгдөнө.

(ii) тухайн орон нутгийн харьяат биш бол гадаадад гарах хязгаарлалт, гадаадын иргэд бүртгэх шаардлагууд болон үндэсний гүйцэтгэх үүргээс мөн чөлөөлөгдөх бөгөөд валют солих хязгаарлалттай холбогдуулан бусад гишүүн улсын ижил зиндааны төлөөлөгч, албан тушаалтан, ажилтанд олгодогтой ижил хөнгөлөлтийг эдэлнэ.

(iii) мөн аяллаар явах хөнгөлөлтийн хувьд тухайн бусад гишүүн улсын адил зиндааны төлөөлөгч, албан тушаалтан болон ажилтан нарт олгодогтой ижил эрхийг эдэлнэ.

49 дүгээр зүйл

Бүлгийн заалтыг хэрэглэх

Энэ бүлэгт заасан зарчмуудыг өөрийн хууль тогтоомжид тусган хэрэгжүүлэх зорилгын үүднээс гишүүн бүр өөрийн нутаг дэвсгэрт шаардлагатай арга хэмжээ авч, ийнхүү авсан тодорхой арга хэмжээнийхээ тухай тус агентлагт мэдээлнэ.

50 дугаар зүйл

Татгалзах

Агентлаг нь энэ бүлэгт заасан дархан эрх, хөнгөлөлт болон эрх ямбыг тус агентлагийн эрх ашгийн үүднээс олгох бөгөөд Агентлагийн ашиг сонирхлыг хохироохгүй тохиолдолд тус агентлагийн тогтоож болох хэмжээ, нөхцлийн дагуу тэдгээрээс мөн татгалзаж болно. Тус агентлаг өөрийн аль нэг ажилтны дархан эрх нь шударга ёс журамд саад болж байна, Агентлагийн ашиг сонирхлыг хохироохгүйгээр татгалзаж болно гэж тус тус үзвэл түүнээс татгалзана.

VIII бүлэг

ГИШҮҮНЭЭС ГАРАХ, ГИШҮҮНЧЛЭЛИЙГ ТҮР ЗОГСООХ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДУУСГАВАР БОЛГОХ

51 дүгээр зүйл

Гишүүнээс гарах

Аль нэг гишүүний хувьд энэхүү конвенц хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван жилийн дараа аль ч үед уг гишүүн Агентлагийн төв байгууллагад бичгээр мэдэгдсэнээр Агентлагаас гарч болно. Агентлаг нь уг бичгийг хүлээж авсан тухайгаа энэхүү конвенцийг хадгалагч болох Банкинд сонордуулна. Гишүүнээс гарах нь дээрх мэдэгдлийг Агентлаг хүлээн авсан өдрөөс хойш ер хоногийн дараа хүчин төгөлдөр болно. Гишүүн нь уг мэдэгдлээ хүчин төгөлдөр болохоос нь өмнө мөн татан авч болно.

52 дугаар зүйл

Гишүүнчлэлийг түдгэлзүүлэх

(а) Гишүүн нь энэхүү конвенцийн дагуу хүлээсэн аль нэг үүргийг биелүүлээгүй бол Захирагчдын зөвлөл нь нийт санал өгөх эрхийн ихэнхийг эзэмшиж буй гишүүдийн олонхийн саналаар гишүүнчлэлийг түдгэлзүүлж болно.

(b) Гишүүнчлэлийг нь түр зогсоосон үед тухайн гишүүн нь гишүүнээс гарах эрх хийгээд энэ бүлэг болон IX бүлэгт заасан эрхээс бусад конвенцид дурдсан эрхийг эдлэхгүй бөгөөд харин бүх үүргээ үргэлжлүүлэн биелүүлэх болно.

(c) Энэхүү конвенцийн III бүлэг буюу I хавсралтад заасны дагуу баталгаа гаргах буюу дахин даатгал олгох шалгуурт тэнцэх эсэхийг тодорхойлох зорилгын хувьд гишүүнчлэлийг нь түр зогсоосон гишүүн нь тус агентлагийн гишүүнд тооцогдохгүй.

(d) Гишүүнчлэлийг нь түр зогсоосон гишүүн нь Захирагчдын Зөвлөл гишүүнчлэлийг нь түр зогсоосон хугацааг дахин сунгахгүй буюу эсхүл дахин гишүүний эрхийг нь сэргээхгүй бол гишүүнчлэлийг нь зогсоосон өдрөөс хойш нэг жилийн дараа гишүүнээс аяндаа хасагдана.

53 дугаар зүйл

Гишүүнчлэл дуусгавар болж буй улсын эрх, үүрэг

(а) Аливаа нэг улс гишүүн байхаа больсон үед гишүүнчлэл нь дуусгавар болохоос өмнө энэхүү конвенцийн дагуу авсан бүх үүргээ түүний дотор өөрийн болзошгүй үүргээ биелүүлэх ёстой.

(b) Дээрх (а) хэсгийг хөндөхгүйгээр Агентлаг нь уг улстай өөрсдийн зохих шаардлага болон үүргээ шийдвэрлэхээр хэлэлцээр байгуулж болно. Ийм аливаа хэлэлцээрийг Захирлуудын зөвлөлөөр батлана.

54 дүгээр зүйл

Үйл ажиллагаагаа зогсоох

(а) Захирлуудын зөвлөл нь зөв зохистой гэж үзсэн үедээ шинээр баталгаа гаргахаа тодорхой хугацаанд зогсоож болно.

(b) Онцгой тохиолдолд Захирлуудын зөвлөл нь Агентлагийн бүх үйл ажиллагааг уг онцгой байдал үргэлжлэх хугацаанаас хэтрэхгүй хугацаанд зогсоож болох бөгөөд чингэхдээ Агентлаг болон гуравдагч талуудын ашиг сонирхлыг хамгаалахад шаардагдах арга хэмжээг авсан байх ёстой.

(c) Үйл ажиллагааг зогсоох шийдвэр нь энэхүү конвенцийн дагуу гишүүдээс хүлээсэн үүрэгт буюу Агентлагаас баталгаа гаргуулагч эсхүл давхар даатгуулагч буюу гуравдагч талуудын хувьд хүлээсэн үүрэгт нөлөөлөхгүй.

55 дугаар зүйл

Татан буулгах

(а) Захирагчдын зөвлөл нь тусгай олонхийн саналаар Агентлагийн үйл ажиллагааг зогсоож, татан буулгахаар шийдэж болно. Чингэхдээ Агентлаг нь хөрөнгийг эмх цэгцтэй борлуулах, хадгалж хамгаалах,түүнчлэн үүргээ биелүүлэхээс бусад бүх үйл ажиллагаагаа шууд зогсооно. Эцсийн тооцоо хийж хөрөнгийг хуваарилж дуусах хүртэл Агентлаг нь оршин тогтнож, энэхүү конвенцийн дагуу гишүүдийн бүх эрх, үүрэг хэвээр үргэлжилнэ.

(b) Баталгаа эзэмшигч болон бусад зээлдэгчийн авлагыг барагдуулж дуустал, мөн Захирагчдын зөвлөл хуваарилах шийдвэр гаргах хүртэл хөрөнгийг гишүүдэд хуваарилахгүй.

(с) Өмнөх заалтуудыг баримтлахын сацуу Агентлаг нь үлдсэн хөрөнгийг гишүүдэд захиалсан хөрөнгөнд эзэмшиж буй хувьтай нь хувь тэнцүүлэн хуваарилна. Агентлаг нь энэхүү конвенцийн I хавсралтад дурдсан Ивээн тэтгэгчийн итгэлийн сангийн үлдэгдэл хөрөнгийг ивээн тэтгэсэн нийт хөрөнгө оруулалтад санаачлагч бүрээс хийсэн хөрөнгө оруулалттай хувь тэнцүүлэн хуваарилна. Гишүүн нь түүний эсрэг Агентлагийн гаргасан бүх нэхэмжлэлийг барагдуулахгүйгээр Агентлагийн буюу Ивээн тэтгэгчийн итгэлийн сангийн хөрөнгө дэх өөрийн хувиа авч болохгүй. Хөрөнгийн хуваарилалт бүрийг Захирагчдын зөвлөлөөс тогтоосон хугацаанд тус Зөвлөлөөс шударга бөгөөд тэгш гэж үзсэн арга хэлбэрээр хийнэ.

IX бүлэг

МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

56 дугаар зүйл

Конвенцийг тайлбарлах, хэрэглэх

(а) Агентлагийн аль нэг гишүүн болон Агентлагийн хооронд буюу Агентлагийн гишүүдийн өөр хооронд энэхүү конвенцийн зүйлийг хэрэглэх буюу тайлбарлах талаар үүссэн аливаа асуудлыг Захирлуудын зөвлөлд шийдвэрлүүлэхээр оруулна. Асуудалд онцгойгоор хөндөгдсөн бөгөөд Захирлуудын зөвлөлд өөрийн нь иргэн ордоггүй аль нэг гишүүн уг асуудлыг хэлэлцэх Захирлуудын зөвлөлийн хуралд оролцуулахаар өөрийн төлөөлөгчийг явуулж болно.

(b) (а) хэсэгт заасны дагуу Захирлуудын зөвлөл шийдвэр гаргасан аливаа тохиолдолд ямар нэг гишүүн нь асуудлаа Захирагчдын зөвлөлд тавихыг шаардаж болох бөгөөд Захирагчдын зөвлөлийн шийдвэр нь эцсийнх байна. Захирагчдын зөвлөлийн шийдвэр гарах хүртэл Агентлаг нь шаардлагатай гэж үзвэл Захирлуудын зөвлөлийн шийдвэрийг үндэслэн ажиллаж болно.

57 дугаар зүйл

Агентлаг болон гишүүдийн хоорондох маргаан

(а) 56 дугаар зүйл болон энэ зүйлийн (b) хэсгийн заалтуудыг хөндөхгүйгээр Агентлаг болон түүний аль нэг гишүүн буюу түүний байгууллага, эсхүл Агентлаг болон гишүүнчлэлийг нь зогсоосон улс буюу түүний байгууллагын хооронд үүссэн маргааныг энэхүү конвенцийн II хавсралтад заасан горимын дагуу шийдвэрлэнэ.

(b) Хөрөнгө оруулагчийн эрхийг шилжүүлэн авагчийн хувьд тус агентлагийн нэхэмжлэлтэй холбогдсон маргааныг (i) энэхүү конвенцийн II хавсралтад орсон горимын дагуу эсхүл (ii) Агентлаг болон холбогдох гишүүний хооронд ийм маргааныг шийдвэрлэх өөр аргын талаар байгуулсан хэлэлцээрийн дагуу шийдвэрлэнэ. Хоёр дахь тохиолдолд энэхүү конвенцийн II хавсралт нь хэлэлцээрийн үндэс болох бөгөөд аль аль тохиолдолд уг хэлэлцээрийг холбогдох гишүүн улсын нутагт Агентлагаас үйл ажиллагаа явуулахын өмнө Захирлуудын зөвлөлийн тусгай олонхийн саналаар батлах ёстой.

58 дугаар зүйл

Баталгаа болон давхар даатгал эзэмшигчтэй холбогдсон маргаан

Баталгаа буюу давхар даатгалын гэрээнээс үүдэн талуудын хооронд үүссэн аливаа маргааныг баталгаа буюу давхар даатгалын гэрээнд заасан буюу дурдсан горимын дагуу эцсийн шийдвэр гаргуулахаар арбитрт тавина.

Х бүлэг

НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ

59 дүгээр зүйл

Захирагчдын зөвлөлөөс оруулах нэмэлт өөрчлөлт

(а) Энэхүү конвенц болон түүний хавсралтуудад нийт саналын тавны дөрвийг эзэмшиж байгаа захирагчдын тавны гурвын саналаар нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд чингэхдээ:

(i) 51 дүгээр зүйлд заасны дагуу Агентлагаас гарах эрхийг буюу 8 дугаар зүйлийн (d) хэсэгт заасан өр төлбөр тогтоосон хязгаарыг өөрчилж байгаа нэмэлт өөрчлөлт нь бүх захирагчаас дэмжих санал өгөхийг шаардана, түүнчлэн

(ii) Энэхүү конвенцийн I хавсралтын 1 болон 3 дугаар зүйлд заасан алдагдал хуваах зохицуулалтанд өөрчлөлт оруулснаар аль нэг гишүүний өр төлбөрийг ихэсгэхэд хүргэж болох нэмэлт өөрчлөлт нь тухайн гишүүн тус бүрийн төлөөлсөн Захирагчийн зөвшөөрсөн саналыг шаардана.

(b) Энэхүү конвенцийн А ба В хуваарьт Захирагчдын зөвлөлийн тусгай олонхийн саналаар нэмэлт өөрчлөлт оруулж болно.

(c) Хэрэв нэмэлт өөрчлөлт нь энэхүү конвенцийн I хавсралтын аль нэг заалтыг хөндөж байвал нийт саналд уг хавсралтын 7 дугаар зүйлийн дагуу санаачлан ивээн тэтгэгч гишүүдэд болон ивээн тэтгэсэн хөрөнгө оруулалтыг хүлээн авагч улсуудад хуваариласан нэмэлт саналыг оруулна.

60 дугаар зүйл

Горим

Энэхүү конвенцид нэмэлт өөрчлөлт оруулах аливаа саналыг гишүүн, захирагч, захирлын аль нь ч гаргасан байсан Захирлуудын зөвлөлийн даргад мэдэгдэх ёстой бөгөөд тэрээр уг саналыг Захирлуудын зөвлөлд оруулна. Хэрэв санал болгосон нэмэлт өөрчлөлтийг Захирлуудын зөвлөл дэмжвэл түүнийг 59 дүгээр зүйлд заасны дагуу батлуулахаар Захирагчдын зөвлөлд оруулна. Нэмэлт өөрчлөлтийг Захирагчдын зөвлөлөөр зүй ёсоор батласан үед Агентлаг нь энэ тухай бүх гишүүнд албан ёсоор мэдэгдэнэ. Хэрэв Захирагчдын зөвлөл өөр өдрийг тусгайлан заахгүй бол нэмэлт өөрчлөлт нь албан ёсоор мэдэгдсэнээс хойш ер хоногийн дараа бүх гишүүний хувьд хүчин төгөлдөр болно.

XI бүлэг

ТӨГСГӨЛИЙН ЗААЛТУУД

61 дүгээр зүйл

Хүчин төгөлдөр болох

(а) Энэхүү конвенц нь Банкны бүх гишүүн болон Швейцар улсыг төлөөлж гарын үсэг зурахад нээлттэй байх бөгөөд түүнийг гарын үсэг зурсан бүх улс хууль тогтоомжийнхоо дагуу соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх буюу батлана.

(b) Энэхүү конвенц нь 1-р ангилал дахь гарын үсэг зурсан улсуудаас таваас доошгүй гишүүн соёрхон батласан батламж жуух бичиг, хүлээн зөвшөөрсөн буюу батласан баримт бичгээ хадгалуулсан, түүнчлэн 2-р ангилал дахь гарын үсэг зурсан улсуудаас арван таваас доошгүй гишүүн мөн ийм бичгээ хадгалуулсан өдөр хүчин төгөлдөр болох бөгөөд чингэхдээ эдгээр улсын захиалсан нийт хөрөнгө нь 5 дугаар зүйлд заасан Агентлагийн зарласан хөрөнгийн гуравны нэгээс доошгүй хэмжээтэй байна.

(с) Энэхүү конвенцийг хүчин төгөлдөр болсны дараа соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн буюу батласан бичгээ хадгалуулсан улс тус бүрийн хувьд конвенц нь уг бичгээ хадгалуулсан өдөр хүчин төгөлдөр болно.

(d) Конвенц нь гарын үсэг зурахад нээлттэй болсноос хойш хоёр жилийн дотор хүчин төгөлдөр болоогүй бол Банкны ерөнхийлөгч нь үйл ажиллагааны цаашдын төлөвийг тодорхойлох үүднээс сонирхсон улсуудын бага хурал хуралдууна.

62 дугаар зүйл.

Хэвлэх

Нээлтийн хуралдаан

Энэхүү конвенц хүчин төгөлдөр болмогц Банкны ерөнхийлөгч нь Захирагчдын зөвлөлийн нээлтийн хурлыг зарлан хуралдуулна. Энэ хурлыг Конвенц хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш жар хоногийн дотор буюу тэр өдрөөс хойш аль болох боломжтой түргэн хугацаанд Агентлагийн төв байранд хийлгэнэ.

63 дугаар зүйл

Хадгалагч

Энэхүү конвенцийг болон түүнд орсон нэмэлт өөрчлөлтийг соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн буюу батласан бичгийг уг конвенцийн хадгалагчаар ажиллах Банкинд хадгалуулна. Хадгалагч нь энэхүү конвенцийн баталгаатай хуулбарыг Банкны гишүүдэд болон Швейцар Улсад хүргүүлнэ.

64 дүгээр зүйл

Бүртгэл

Хадгалагч нь энэхүү конвенцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн 102 дугаар зүйл болон хожим нь Ерөнхий Ассамблейгаар батлагдсан журмын дагуу Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газарт бүртгүүлнэ.

65 дугаар зүйл

Мэдэгдэл

Хадгалагч нь Конвенц хүчин төгөлдөр болмогц гарын үсэг зурсан бүх улс болон Агентлагт дараахь зүйлсийг мэдэгдэнэ:

(а) Энэхүү конвенцид оролцогчид гарын үсэг зурсан тухай;

(b) 63 дугаар зүйлийн дагуу соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн буюу батласан бичгүүдийг хадгалуулсан тухай;

(c) 61 дүгээр зүйлийн дагуу энэхүү конвенц хүчин төгөлдөр болсон өдөр;

(d) 66 дугаар зүйлийн дагуу нутаг дэвсгэрийн харьяалалд хамаарагдахгүй байдал болон;

(e)51 дүгээр зүйлийн дагуу Агентлагаас аль нэг гишүүн гарсан тухай.

66 дугаар зүйл

Үйлчлэх нутаг дэвсгэр

Энэхүү конвенц нь гишүүн улсын харьяаны бүх дэвсгэр нутаг, түүний дотор аль нэг гишүүн олон улсын харилцааг нь хариуцаж буй нутаг дэвсгэрт үйлчлэх боловч энэ нь харьяаллаас нь гарсан тухай гишүүн улс уг конвенцийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх эсхүл батлах үед буюу түүний дараа Конвенцийг хадгалагчид бичгээр мэдэгдсэн нутаг дэвсгэрт үл хамаарна.

67 дугаар зүйл

Үе үе хянан үзэх

(а) Зорилгуудаа хэрэгжүүлэх Агентлагийн чадавхийг дээшлүүлэхэд шаардлагатай аливаа өөрчлөлтийг оруулахын тулд Захирагчдын зөвлөл нь Агентлагийн үйл ажиллагааг болон хүрсэн үр дүнг тал бүрээс нь үе үе хянан үзэж байх болно.

(b) Ийнхүү хянан үзэх анхны ажиллагаа нь конвенц хүчин төгөлдөр болсноос хойш 5 жилийн дараа явагдана. Дараа дараагийн хянан үзэх хугацааг Захирагчдын зөвлөл тогтоож байна.

Сөүл хотноо үйлдсэн нэг хувь нь Конвенцийн дагуу өөрт ногдох үүргийг биелүүлэхээ зөвшөөрч дор гарын үсэг зурж мэдэгдсэн Сэргээн босголт, хөгжлийн олон улсын банкны архивт хадгалагдах болно

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ БАТАЛГААЖУУЛАХ ОЛОН ТАЛТ АГЕНТЛАГИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАХ КОНВЕНЦ

1985 оны 10 дугаар сарын 11-ний өдөр баталж, 1988 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүчин төгөлдөр болсон