A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын байруудын нийтлэг үйлчилгээний газар/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр

Дугаар 135

Улаанбаатар хот

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, 22 дугаар зүйлийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын байруудын ашиглалт, үйлчилгээг боловсронгүй болгон үр ашгийг дээшлүүлж, урсгал зардлыг хэмнэх зорилгоор "Төрийн үйлчилгээ" төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, "Засгийн газрын байруудын нэгдсэн захиргаа" төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудыг нийлүүлэн "Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар" төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулсугай.

2. "Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар" төрийн өмчит үйлдвэрийн газарт яам, Засгийн газрын агентлаг, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын байрлаж байгаа Засгийн газрын нийт байруудын нийтлэг үйлчилгээг хариуцуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяанд ажиллуулсугай.

(Энэ заалтыг Засгийн газрын 2021 оны 11 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.)

3. "Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар" төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийг хавсралт ёсоор баталсугай.

(Энэ заалтыг Засгийн газрын 2021 оны 11 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.)

4. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан өөрчлөн байгуулагдсан төрийн өмчит үйлдвэрийн газруудын хаалтын тайлан тэнцэл, "Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар" төрийн өмчит үйлдвэрийн газрын эхлэлтийн тайлан тэнцлийг баталгаажуулж, хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Ц.Ням-Осор)-т тус тус даалгасугай.

(Энэ заалтыг Засгийн газрын 2021 оны 11 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.)

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан ""Төрийн үйлчилгээ" улсын үйлдвэрийн газар байгуулах тухай" Засгийн газрын 2003 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 104 дүгээр тогтоол, "Төр, Засгийн үйлчилгээг эрхлэх газрын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 149 дүгээр тогтоолын 5 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.МӨНХБАТ