A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 2

Улаанбаатар хот

                ЭРХ ЗҮЙН МАРГААНТАЙ ХАРИЛЦААГ ТОГТООХ, ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗОХИЦУУЛАЛТЫГ ЗӨВ ТАЙЛБАРЛАН ХЭРЭГЛЭХ ШҮҮГЧИЙН АЖИЛЛАГАА

Хэвлэх

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх үндсэн нөхцлүүдийн нэг нь хэргийн оролцогчдын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцаа болон маргааны зүйлийг тодорхойлох, тухайн харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтыг оновчтой хэрэглэх явдал юм. Эрх зүйн маргаантай харилцааг зөв тогтоох, тухайн харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээг оновчтой сонгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчим, журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах аргачлал олгох зорилгоор дараах зөвлөмжийг гаргаж байна.

Хяналтын шатны шүүхээр 2015 онд хянагдсан иргэний хэргийн статистик мэдээнээс үзвэл анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хүчингүй болсон шалтгааны дунд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байснаас эрх зүйн харилцаа тодорхой бус болсон гэх үндэслэл нийт хянагдсан хэргийн 19,4%, эрх зүйн харилцаа тодорхой бус гэх үндэслэл 18,4%, талуудын мэтгэлцэх эрх зөрчигдсөн гэх үндэслэл 16,8%-ийг эзэлж байна.

Зохигчдын хоорондох маргаан ямар харилцаанаас үүссэн болохыг зөв тогтоохгүйгээр маргааны зүйл тодорхой бус болохоос гадна маргааныг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтыг шүүх оновчтой хэрэглэж чадахгүй тул шүүхийн шийдвэр нэг талаас үндэслэл бүхий болохгүй, нөгөө талаас хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцэхгүй юм. Энэ утгаар шийдвэр, магадлалын хүчингүй болж, өөрчлөгдөх үндсэн шалтгаан болж буй эрх зүйн маргаантай харилцааг буруу тогтоох, улмаар тухайн харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээг тохируулан хэрэглэхгүй байх асуудалд онцгой анхаарал хандуулах нь чухал.

ЭРХ ЗҮЙН МАРГААНТАЙ ХАРИЛЦАА

Зохигчдын хооронд тодорхой эрх, үүргийг үүсгэсэн, энэхүү шаардах эрх, хүлээх үүргийн агуулгыг тодорхойлсон, шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болж буй эрх зүйн харилцааг бид эрх зүйн маргаантай харилцаа гэж үздэг.

Аливаа нэхэмжлэлийн шаардлага тодорхой үндэслэлтэй байдаг. Энэ үндэслэл нь маргаантай харилцааг тодорхойлно. Жишээлбэл, мөнгө гаргуулах тухай шаардлага нь зээлийн, худалдах-худалдан авах, ажил гүйцэтгэх гэх мэт гэрээний харилцаанаас үүдэлтэй бол тухайн гэрээний харилцаа бий болсноор нэхэмжлэгчид шаардах эрх, хариуцагчид хүлээх үүрэг үүснэ. Энэ утгаараа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь эрх зүйн маргаантай харилцааг тодорхойлохоос гадна тухайн шаардлагын төрлийг тогтоодог. Өөрөөр хэлбэл, мөнгө гаргуулах шаардлага нь гэрээний үүргийн биелэлтийг, эсхүл гэрээнээс татгалзсаны үр дагаврыг, эсхүл гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн төлөө хүлээх хариуцлагыг тодорхойлсон шинжтэй байна.

Гэхдээ нэхэмжлэгч өөрийн төсөөллөөр шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлж, нэхэмжлэлдээ дурдсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэр нь биш харин өөр үндэслэл тогтоогдвол шүүх тухайн харилцааны төрлийг тогтоож, уг харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу маргааныг хянан шийдвэрлэнэ. Тухайлбал, нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэлийг зээлийн гэрээнээс үүдэлтэй гэж үзсэн боловч хэргийн үйл баримт тодорхой болоход талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байх тохиолдолд шүүх эрх зүйн маргаантай харилцаа хамтран ажиллах гэрээнээс үүссэн гэж үзэж, Иргэний хуулийн хамтран ажиллах гэрээний зохицуулалтыг баримталж, хэргийг хянан шийдвэрлэнэ. Түүнчлэн, хариуцагч тал маргаантай харилцааны төрлийг нэхэмжлэгчээс өөрөөр тодорхойлсон боловч нэхэмжлэгч, хариуцагч хоёрын алиных нь ч үндэслэл маргаантай харилцаанд хамааралгүй байх боломжтой юм. Гагцхүү шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн болохыг эрх зүйн хувьд алдаа мадаггүй, үндэслэл бүхий тайлбарласан байх учиртай. Шүүхийн практикт иргэний эрх зүйн гэрээний ойролцоо төрлийг, хөдөлмөрийн гэрээний болон хөлсөөр ажиллах гэрээний харилцааг, гэрээнээс татгалзах, хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох зэргийг хооронд нь зааглан ялгахгүй байх тохиолдол түгээмэл гардаг байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын удиртгал хэсэгт шүүхийн хэлэлцсэн нэхэмжлэлийн утгыг заахдаа нэхэмжлэлийн зөвхөн шаардлагыг зааж үндэслэлийг нь тусгахгүй орхих нь учир дутагдалтай юм. Жишээлбэл "А-гийн нэхэмжлэлтэй Б-д холбогдох 10 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв" гэснээс "А-гийн нэхэмжлэлтэй Б-д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 10 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв" гэх агуулгаар бичвэл оновчтой болно.

Эрх зүйн маргаантай харилцааг тодорхойлохын тулд:

-нэхэмжлэлийн болон хариу тайлбарын үндэслэлийг нарийн судлаж, талуудын хэн алины байр суурийг тогтооно

-үндэслэл тус бүрийг зохицуулж буй эрх зүйн хэм хэмжээг олно

-нэхэмжлэл, тайлбарын үндэслэл эрх зүйн хэм хэмжээний агуулгад гипотез, диспозици, санкци тохирч буй эсэхийг шалгана

-хэргийн нөхцөл байдал тодорхой болсон эсэхийг шалгана

-хэргийн нөхцөл байдал эрх зүйн ямар хэм хэмжээний агуулгад тохирч буйг шалгана.

Эрх зүйн маргаантай харилцааг тодорхойлсон шүүхийн дүгнэлт тухайн хэргийг агуулгаар нь хянан хэлэлцсэний үр дүнд гарах шүүхийн шийдвэрт тусгагддаг боловч уг харилцааг тогтоох ажиллагаа нь хэрэг хянан шийдвэрлэх бүхий л хугацааны турш үргэлжлэх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбарт үндэслэгдэнэ. Энэ утгаараа эрх зүйн маргаантай харилцааг тодорхойлох ажиллагаа зөвхөн бүрэн дүүрэн хэрэгжиж чадсан талуудын мэтгэлцээнд тулгуурлана. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын мэтгэлцэх эрх хязгаарлагдсан, зөрчигдсөн тохиолдолд, мөн талууд мэтгэлцэх эрхээ өөрсдөө хангалттай хэрэгжүүлээгүй нөхцөлд эрх зүйн маргаантай харилцаа тодорхой бус болох магадлалтай юм. Шүүхийн зүгээс талуудыг мэтгэлцэх боломжоор хангана гэдэг нь уг эрхийг зөрчсөн, хязгаарласан алдаа гаргахгүй байхыг хэлхээс гадна мэтгэлцэх эрхээ хэрхэн хэрэгжүүлэхийг тодорхой тайлбарлаж, ойлгуулсан байхыг хэлнэ.

МАРГААНЫ ЗҮЙЛ

Нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийн талаар хариуцагч хариу тайлбар өгснөөр талуудын хооронд маргаан байгаа эсэх нь тодорхой болно. Маргаан байгаа тохиолдолд маргааны зүйл гарна. Хариуцагч нэхэмжлэлийн талаар шүүхэд хариу тайлбар гаргахдаа шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх нь зохигчдын хооронд маргаан байхгүй, мэтгэлцээн явагдахгүй болохыг илэрхийлэх тул талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг маргаантай гэж үзэхгүйгээс гадна маргааны зүйл байхгүй учир шүүхийн нотолгооны ажиллагаа явагдахгүй.

Шүүхийн нотлогоо гэдэг нь эрх зүйн харилцааг үүсгэсэн, өөрчилсөн, дуусгавар болгосон бодит үйл баримтын талаарх мэдээлэл, мэдлэгийг олох зорилгоор шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдэж буй логик- эрх зүйн ажиллагаа юм. Энэхүү ажиллагаа нь маргааны үйл баримтын талаарх мэдээлэл бүхий нотлох баримтыг нэхэмжлэл болон хариу тайлбарт тусгагдсанаар эхэлж, шүүхэд нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах, нотлох баримтыг бүрдүүлэх, шинжлэн судлах, үнэлэх гэсэн үе шаттайгаар хэрэгждэг ба үүнийг бид нотлогооны үе шат гэж нэрлэдэг.

Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлж, энэ нь эрх зүйн маргаантай харилцаа мөн болохыг тогтоосноос гадна шүүх уг харилцаанд маргааны зүйл юу болохыг тогтоох шаардлагатай юм. Жишээлбэл, зохигчид зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч зээлдүүлэгчид мөнгө шилжүүлсэн үйл баримтууд нь тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргаагүй боловч гэрээгээр хүү тохиролцсон эсэх талаар маргасан бол шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зохицуулалтад хамаарч байгааг дүгнэх боломжтой болохоос гадна маргааны зүйл нь зээлдэгчид хүү төлөх үүрэг үүссэн эсэх асуудал болно.

Эрх зүйн маргаантай харилцаа, маргааны зүйл гэж нэг ойлголт биш боловч нэг нь нөгөөхөөс урган гарах, хоорондоо уялдаа холбоотой юм. Нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбаруудыг харьцуулан судлах үед шүүх хэргийн үйл баримт, хэрэгт ач холбогдол бүхий эрх зүйн асуудлаас эхний ээлжинд маргаангүй асуудлыг тодорхой болговол маргаантай хэсгийг олж тогтооход дөхөмтэй болно.

Нөгөө талаар талууд мэтгэлцээний явцад маргааны зүйлээс холдож, эрх зүйн маргаантай харилцаа үүсэх болсон шалтгаан, эсхүл эрх зүйн харилцаанд гарсан зөрчлийн улмаас үүссэн үр дагаврыг голчлон тайлбарлаж, маргааны зүйлээ тодорхойлж чадахгүй байх явдал цөөнгүй гардаг. Шүүх талуудын тайлбараас маргааны зүйлд хамаарах хэсгийг тодотгох, мэтгэлцээнийг зөв голдрилоор явуулахад чиглүүлэх үүрэгтэй ба маргааны зүйлд хамааралгүй асуудлаар нотлох баримт гаргах, бүрдүүлэхийг хүсэх зэргээр маргааны зүйлээс холдох байдалд хөтлөгдөхгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл, нотлох баримтын тухайн хэрэг хамааралтай, ач холбогдолтой байдлыг шүүх үнэлж тодорхойлдог явдал нь маргааны зүйлийн талаар талуудын мэтгэлцээнийг чиглүүлэх зорилгыг мөн агуулдаг болно. Энэ нь нэг талаас хэргийн үйл баримт болгоныг бус харин зөвхөн маргааны зүйл болж буй үйл баримтыг талууд нотлох шаардлагатайг, нөгөө талаас нотлох баримтын үнэлгээ зөвхөн шүүх хуралдааны зөвлөлдөх тасалгаанд буюу шийдвэр гаргах үед бус харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л явцын үед хийгддэгийг илэрхийлж байна. Нотлох баримтын үнэлгээ нь завсрын болон эцсийн гэж ангилагддагийг анхаарах нь чухал.

ТАЛУУД

Эрх зүйн маргаантай харилцааг зөв тогтоосноор тухайн харилцааны оролцогчийг, мөн эрх нь зөрчигдөж болзошгүй этгээдийг, улмаар тухайн иргэний хэргийн талуудыг зөв тогтоох боломжтой болно. Шүүхэд нэхэмжлэл гаргасан этгээд эрх зүйн харилцааны оролцогч, эсхүл түүнээс эрх олгогдсон субъект мөн бол шүүхэд шаардах эрхийг хэрэгжүүлэх эрхтэй гэж тооцогдохын адил эрх зүйн харилцаанд үүрэг хүлээхээр оролцсон тал л шүүхийн шийдвэрээр хариуцлага хүлээх учиртай.

Иймд хэргийн оролцогчдын бүрэлдэхүүн тодорхой бус, тэдний эрх зүйн байдал ямар болох нь ойлгомжгүй байгаа тохиолдолд эрхийн маргаантай харилцаа тогтоогдоогүйн шинж болдог. Эсрэгээр эрх зүйн маргаантай харилцааны төрөл, агуулга зөв тодорхойлогдоогүй нөхцөлд маргааны талууд нь хэн болох нь мөн тодорхой бус болдог байна.

Эрх зүйн харилцааны оролцогч тал маргааны үйл баримтын талаар анхдагч мэдээлэлтэй байдгаас гадна тухайн маргааны шийдвэрлэлтэд сонирхол бүхий этгээд байдаг тул тэдгээр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, хариуцагчаар оролцсоноор маргааны зүйлийн талаар бүрэн дүүрэн мэтгэлцэх боломжтой байдаг. Ийм ч учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэхэд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэж, шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцож, гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэйгээс гадна нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн төлөөлөгч оролцож байгаа тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагчаас түүнд олгогдсон бүрэн эрхийн хүрээ, агуулгыг тухай бүрт сайтар шалгаж тогтоох шаардлагатай юм.

ХЭРГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Эрх зүйн маргаантай харилцааг зөв тогтоохын тулд хэргийн нөхцөл байдал хангалттай бүрэн тогтоогдсон буюу цаг хугацааны хувьд болж өнгөрсөн үйл явдлуудын талаарх дүр зураг хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхой болсон байх ёстой.

Хэргийн оролцогчдын зүгээс шүүхэд гаргаж өгсөн, мөн тэдгээрийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нийт нотлох баримтыг шинжлэн судалж үзсэний эцэст талуудын хооронд ямар харилцаа үүсч, хэн ямар үүргээ хэрхэн биелүүлсэн, эсхүл биелүүлээгүй, маргаан чухамхүү ямар асуудлаар хэрхэн үүссэн талаар тодорхой ойлгомжтой төсөөлөл бий болсон тохиолдолд шүүх маргааныг тасалж, шийдвэр гаргах боломжтой болно. Тийм ч учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1.-д зааснаар шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж үзсэн бол уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлодог байна.

Хэргийн үйл баримт тодорхой болсон эсэхийг шалгахын тулд дараах дасгалыг хийх боломжтой.

А, Б хоёрын хооронд үүссэн маргаантай харилцааны талаар "хэн, хэзээ хаана, юу, яагаад" гэсэн асуултад хариулахад логик уялдаа холбоотой, ойлгомжтой өгүүллэг болж байвал хэргийн үйл баримт тогтоогдсон гэж, харин ямар нэг асуултад хариулж болохгүй, хоёрдмол санаа бүхий хариулт гарч байвал хэргийн үйл баримт хангалттай тогтоогдоогүй гэж үздэг байна. Энэ дасгал нь англо-саксоны эрх зүйн тогтолцоо бүхий орнуудын хуульчдын дунд "5 W"-ийн зарчим гэж нэрлэгддэг бөгөөд хууль эрх зүйн баримт бичиг, тэдгээрийн дотор шүүхийн шийдвэр боловсруулах хууль зүйн техникийн арга хэрэгслийн нэгд тооцогддог байна who where when what why.

Хэргийн үйл баримт тогтоогдсон эсэхийг тодорхойлоход эдгээр үйл баримт нотлогдсон эсэх асуудал зайлшгүй тавигдана. Зөвхөн хэрэгт авагдсан, хуулиар зөвшөөрөгдсөн аргаар олдсон, хуульд заасан хэлбэртэй нотолгооны хэрэгсэлд агуулагдаж буй нотлох баримт л хэргийн бодит нөхцөл байдлыг тодорхойлох үндэслэл болно. Хуулийн шаардлага хангаагүй нотолгооны хэрэгсэлд агуулагдсан мэдээлэл нотлох баримт болж чадахгүй тул уг мэдээлэл хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болохгүй юм. Энэ утгаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр бүлэгт зохицуулагдсан нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хатуу баримтлан анхаарах нь чухал. Мөн Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргасан "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бичмэл нотлох баримт ба эд мөрийн баримт", "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гэрчийн мэдүүлэг", "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд нотлох баримт үнэлэх шүүгчийн ажиллагаа", "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шинжээчийн дүгнэлт", "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь зохигчийн тайлбар" зөвлөмжүүдээс өөрт хэрэгтэй мэдээллийг олж болно.

ХЭРГИЙН ТАЛААРХ ТАЛУУДЫН БОЛОН ШҮҮХИЙН БАЙР СУУРЬ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаагаар хэлэлцэгдэж буй аливаа эрх зүйн маргааны талаар талууд өөрийн байр суурийг үндэслэл нотлогоотойгоор илэрхийлдэг ба "талуудын байр суурь" гэх нэр томъёог маргалдагч талын зүгээр нэг санал бодол гэж ойлгож болохгүй. Иргэний хэргийн талаарх талуудын байр суурь гэдэг нь тодорхой агуулга бүхий, үе шат дараалалтай эрх зүйн ойлголт юм.

Талуудын байр суурийг орчин үеийн шүүхүүдэд мэргэжлийн өмгөөлөгч тодорхойлдог нь ихэссэн учир түүнд энэ байр суурийг бий болгохын тулд дараах ажиллагаа хийхийг шаардлага болгодог байна.

1.Асуудлыг тодруулах, шаардлагын агуулга, зорилгыг тогтоох

2.Анхны нотлох баримтыг судлан шинжлэх

3.Хэрэглэвэл зохих эрх зүйн хэм хэмжээг олох

4.Нотолгооны суурийг бий болгох

5.Шаардлагын эрх зүйн үндэслэлийг тодорхойлох, өөрийн байр сууриас тайлбарласан үйл баримтын талаарх хувилбарыг боловсруулах

Хэргийн оролцогч тал ийнхүү өөрийн байр суурийг тодорхойлж буй тохиолдолд шүүх талуудын байр суурийг урьдчилан тооцоолж, үндэслэлийг нь шалгаж, дутагдлыг нь илрүүлж, ололттой талыг нь олж харах хэрэгтэй тул логик эрх зүйн, оюун санааны илүү их ажиллагааг явуулах шаардлагатай болно.

Хэргийн оролцогчдын хэргийн талаарх байр суурь нь тухайн маргааны шийдвэрлэлтэд ашиг сонирхолтой байдалд үндэслэгддэг бол шүүхийн байр суурь хөндлөнгийн шинж чанартай байдгаараа онцлог юм. Нөгөө талаар шүүхийн байр суурийн нөхцөл болгон нь хуулийн зохицуулалт, зарчимд суурьлагдсан байх учиртай. Түүнчлэн, шүүхийн байр суурь нь шийдвэрт тусгагдсанаараа заавал даган мөрдөх шинжийг өөртөө агуулдаг.

МАРГААНТАЙ ХАРИЛЦААНЫ ТӨРЛИЙГ ТОДОРХОЙЛОХ

Эрх зүйн маргаантай харилцааг зөв тогтоосноор тухайн маргаан эрх зүйн ямар харилцаанаас үүссэн болохыг тогтоогоод зогсохгүй маргаан ямар шаардлагаас үүсч буйг тодорхойлно. Маргаан зээлийн гэрээний харилцаанаас үүссэн боловч маргааны зүйл маань зөвхөн алданги төлөх эсэх асуудлаар, эсхүл алдангийн хэмжээний талаар байж болно.

Энэ тохиолдолд шүүх Иргэний хуулийн зээлийн гэрээний харилцаанаас гадна үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслийг зохицуулсан зүйл, заалтад шийдвэрээ үндэслэнэ.

Нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийн хоорондын уялдаа холбоог шүүх зайлшгүй анхаарах учиртай. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн үндэслэл нь нэхэмжлэгчийн гаргаж буй шаардлагын агуулгад нийцэж байгаа эсэх нь эрх зүйн маргаантай харилцааны төрлийг тогтоох, холбогдох хуулийг зөв хэрэглэхэд ач холбогдолтой.

Нөгөө талаар, нэхэмжлэгчийн шаардлага болгон нэхэмжлэлд тусгасан зүйл нь шаардлага мөн эсэх, эсхүл шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлж буй хэлбэр үү гэдгийг шүүх ямагт анхаарч, нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг хооронд нь зааглан ялгах учиртай.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан шаардлага тус бүрийг нарийвчлан тогтоож, нэхэмжлэгч чухамхүү юу хүсч буйг тодорхой болгон, нэхэмжлэлийн шаардлага, тэдгээрийн үндэслэлийг хооронд нь зааглан ялгахгүйгээр зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, эсхүл шүүхэд гаргасан шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлсон, эсхүл нэмэгдүүлсэн болохыг тогтоож, эрх зүйн үндэслэл, үр дагавар, зорилго зэргийг нь анхааран, шийдвэрлэж буй маргааны зүйлийг шүүх тогтоох үүрэгтэй болно. Зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлыг үндэслэхийн тулд тодорхой үйл баримтыг тогтоолгох, үгүйсгэх талаар шүүхэд гаргасан хүсэлт, шаардлага бүрийг нэхэмжлэлийн шаардлага гэж үзэхгүй ба шүүхийн зүгээс энэ талаар эрх зүйн үүднээс хангалттай дүгнэлт хийж чадаагүй бол шүүхийн шийдвэр, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй.

Эрх зүйн маргаан нь ижил төрлийн харилцаанаас урган гарч байгаа тохиолдолд шүүх ойролцоо төрлийн, адил шинж тэмдэг бүхий харилцааны зааг ялгааг гаргахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байдал шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болдог байна. Ялангуяа энэ төрлийн алдаа иргэний эрх зүйн гэрээний үүргийн харилцаанаас үүссэн маргаанд түгээмэл гардаг.

Гэрээний төрөл бүр үндсэн ямар шинжтэй байдаг, тухайн гэрээний агуулга ямар эрх, үүргээс бүрддэг, гэрээний төрөл тус бүрт эрх зүйн зарим ойлголт ямар агуулгатай болохыг нарийн мэдэх нь чухал юм. Үүний тулд тухайн гэрээний харилцааг зохицуулсан хуулийн зүйл, заалтад туссан эрх зүйн хэм хэмжээний бүтэц, түүнд байгаа ойлголтуудыг зөв тайлбарлан ойлгож, хэрэглэх шаардлагатай. Тухайлбал, худалдах-худалдан авах гэрээний зүйл нь тодорхой, биежсэн, гэрээ байгуулагдах үед бий болсон, биет байдлын болон эрхийн тодорхой шинж тэмдэгтэй хөрөнгө байдаг бол ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гэрээний үндсэн дээр ирээдүйд бий болох, ийнхүү бий болоход зарцуулагдах ажил, зардлыг өөртөө шингээсэн ажлын үр дүн байдаг тул эрх зүйн маргаантай харилцааны зүйл дээрхийн аль шинжийг өөртөө агуулж буйгаас шалтгаалан тухайн харилцааг худалдах-худалдан авах, эсхүл ажил гүйцэтгэх гэрээ гэж үзэх үндэслэл үүснэ. Үүнээс гадна худалдах-худалдан авах гэрээний үнэ, ажил гүйцэтгэх гэрээний хөлс хоёр өөр агуулгатай болохыг анхаарах шаардлагатай. Түүнчлэн, хөлсөөр ажиллах, даалгаврын, ажил гүйцэтгэх гэрээнд тодорхой ажил гүйцэтгэсний төлөө төлөх хөлс гэдэг нэг нэр томъёо нь гэрээ тус бүрт өөрийн агуулгатай болохыг шүүгч сайн мэдэж, эрх зүйн маргаантай харилцааг эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлтэд тулгуурлан тодорхойлох учиртай.

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД МАРГААНТАЙ ХАРИЛЦААГ ЗӨВ ТОДОРХОЙЛОХОД ШҮҮГЧИЙН ЗАЙЛШГҮЙ ХИЙХ АЖИЛЛАГАА

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ шаардлага болон үндэслэлээ тодорхой тусгаж чадаагүй, хариуцагч ойлгомжгүй, тодорхой бус тайлбар өгсөн, талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд олигтой мэтгэлцэж, хангалттай нотлох баримт гаргаж өгөхгүй байгаа тохиолдолд шүүх идэвхитэй ажиллагаа явуулах, эсхүл явуулахгүй байх нь зөв үү гэдэг асуудал байнга гардаг.

Юуны өмнө шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэхгүй гэдэг зарчмыг хатуу баримтлах нь зөв боловч энэ нь талуудын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэхэд нь туслалцаа дэмжлэг үзүүлэх шүүхийн боломжийг үгүйсгэх үндэслэл биш юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зохицуулалтыг шүүх зөв тайлбарлан үйл ажиллагаандаа хэрэглэснээр дээрх хүндрэлтэй байдлыг тодорхой болгож болно. Жишээлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11., 62 дугаар зүйлийн 62.1.4.-т заасан зохицуулалтыг үзье. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг нэхэмжлэлд тусгасан байх ёстой ба энэ нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн нэг хэсэг болдог. Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой. Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хэрхэн хангагдаагүй болохыг, ямар нөхцөл, шаардлага дутуу байгааг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шүүгчийн захирамжид тодорхой тусгаснаар ирээдүйд ирэх нэхэмжлэлд шаардлага, үндэслэл нь ойлгомжтой тодорхой болох нэг нөхцөл бүрдэнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1.-д заасан зохицуулалтаар шүүгч зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх үүрэгтэй. Энэхүү ажиллагааг шүүх эрх, үүрэг танилцуулсан баримтад хэргийн оролцогчдоор гарын үсэг зуруулсанаар хязгаарлаж болохгүйгээс гадна угтаа ийнхүү эрх, үүргийг танилцуулсан шүүгчийн туслах ажилтны ажиллагааг эрх, үүрэг тайлбарлах шүүгчийн үүрэгтэй адилтгаж болохгүй юм.

Шүүхэд анх нэхэмжлэл гаргахаар ирсэн хүнд мэдээлэл өгч буй мэдээлэл лавлагааны ажилтан ч хэргийн оролцогчдын зарим эрх, үүргийг танилцуулдаг ба энэ нь хэргийн оролцогчид мэдээлэл өгч буй ажиллагаа юм. Шүүгчийн туслах хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг уншуулж, гарын үсэг зуруулж буй явдал нь тухайн баримттай танилцсан байдлыг илэрхийлсэн хэлбэр юм. Харин тухайн эрх, үүрэг ямар агуулгатай болохыг, уг эрхээ хэрэгжүүлсэнээс, эсхүл хэрэгжүүлээгүйгээс ямар үр дүнд хүрч болзошгүйг, эрх болон үүргээ хэрхэн, яаж, ямар хэлбэрээр хэрэгжүүлэхийг зөвхөн шүүгч тодорхой тайлбарлан өгөх үүрэгтэй. Энэ утгаар нь авч үзвэл хэргийн оролцогчид эрх, үүргийг нь тайлбарлаж өгөх шүүгчийн ажиллагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг бус удаа хийгдэх учиртайгаас гадна шүүхээр хянан хэлэлцэгдэх гэж буй эрх зүйн маргаанаас шалтгаалан өөр өөр агуулга, хэлбэртэй ч байж болох юм. Жишээлбэл, тэгш эрхийн зарчим дээр үндэслэгддэг иргэний эрх зүйн харилцааны оролцогчид, захирах захирагдах зарчимд үндэслэгддэг хөдөлмөрийн эрх зүйн харилцааны оролцогчид шаардлага болон татгалзлаа үндэслэж буй нотлох баримт гаргаж, нотлох үүргээ хэрэгжүүлэн биелүүлэх нөхцөл бололцоо өөр байдгийг шүүх анхаарах, зохих дүгнэлт хийхээс гадна талуудад эрх, үүргийг нь танилцуулахдаа ойлгуулах учиртай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй болно. Дээр дурдсанчлан нотлох баримтын үнэлгээ нь зөвхөн шүүх хуралдааны үед, эсхүл шийдвэр гаргах үед бус харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд хийгддэг ба энэхүү үнэлгээ нь завсрын болон эцсийн гэж ангилагддаг байна. Шүүх хэрэгт цугларч буй нотлох баримтыг хүлээн авсан цаг тухайд нь үнэлж чадвал маргааны зүйлийг тодорхой болгоход хэргийн оролцогчдыг чиглүүлэх, хэрэгт хамааралгүй болон хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг нотлох баримтаас хасах, хэргийн оролцогчдыг өөр нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх боломжоор хангах зэрэг олон ажиллагаа хийгдэх үндэс суурь үүснэ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдэж буй шүүхийн ажиллагаа тус бүр өөрийн онцлог, эрх зүйн үндэслэл, үр дагавартай байдаг тул шүүхийн явуулж буй ажиллагаа бүр, гаргаж буй захирамж, тогтоол бүр хэргийн оролцогчид ойлгомжтой, тодорхой байх ёстой. Энэ байдлыг зөвхөн шүүгч хуульд заасан журам, зарчимд нийцүүлэн гүйцэтгэх учиртай.

ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭНИЙ АЛДАА

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1.-д шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн явдлыг хууль хэрэглээний алдаад хамааруулахаар заажээ.

Эрх зүйн маргаантай харилцааг зөв тогтоогоогүй, маргааны зүйлийг тодорхойлж чадаагүй, хэргийн оролцогчдын шаардлага, үндэслэл тодорхой бус байгаа тохиолдолд шүүх тухайн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй болно.

Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн нотлох баримтыг л дотоод итгэлээр үнэлдэг болохоос бус хэргийг өөрийн үзэмжээр шийдвэрлэдэггүй. Шүүхийн шийдвэр нь зөвхөн хуульд үндэслэгдсэн байдаг ба хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны байх шаардлага хангагддаг.

Хуулийг буруу тайлбарлан хэрэглэх явдал эрх зүйн маргаантай харилцааг зөв тогтоосон тохиолдолд ч гардаг ба энэ нь хуулийн зүйл, заалтад тусгагдсан эрх зүйн хэм хэмжээний агуулгыг буруу ойлгож, жинхэнэ зохицуулалтаас нь өөр утгаар хэрэглэх байдлаар илэрхийлэгддэг. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.-т заасан "ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй" гэх зохицуулалт зөвхөн энэ зүйлд буюу 36 дугаар зүйлийн 36.1.-д заасан ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн авах ажил олгогчийн үүрэгтэй холбоотой байхад шүүх хуулийн 36.2.-т заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэх тохиолдол цөөнгүй гардаг. Өөрөөр хэлбэл, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах хуулиар ногдуулсан үүргээ ажил олгогч тухайн орон тоо цомхотгогдсоноос болж биелүүлж чадахгүйд хүрэх тохиолдлыг зохицуулсан тухайн эрх зүйн хэм хэмжээг аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан бүх тохиолдолд хамааруулан ойлгож хэрэглэх явдал шүүхийн практикт гардаг байна.

Хуулийг алдаа мадаггүй хэрэглэхийн гол шалгууруудын нэг нь хууль хэрэглээний үндсэн зарчмуудыг чанд баримтлах явдал юм. Иргэний хуулийн 3, 4, 5 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд эдгээр зарчим товч тусгагдсан байдаг. Үүнд:

-шүүх Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн хуулийг хэрэглэхгүй,

-тухайн асуудлаар дотоодын хууль тогтоомж гаргах шаардлагатай гэж олон улсын гэрээнд зааснаас бусад тохиолдолд иргэний эрх зүйн харилцаанд Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ,

-Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ,

-хуульд заасан тохиолдолд Засгийн газар Иргэний хуульд нийцүүлэн гаргасан, иргэний эрх зүйн хэм хэмжээ агуулсан, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актыг хэрэглэж болно,

-хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг зөвхөн хуулийн хэм хэмжээг нөхөн зохицуулсан тохиолдолд хэрэглэнэ,

-хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй,

-Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ,

-Төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээ байхгүй бол тухайн харилцааг иргэний эрх зүйн агуулга, зарчим, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцүүлэн зохицуулна,

-Тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно,

-Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй,

-Шинээр баталсан хууль тогтоомж нь гэрээний нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна,

-Гэрээний талууд харилцан хүлээн зөвшөөрсөн тохиолдолд өмнө үйлчилж байсан хууль тогтоомжоос илүү тааламжтай нөхцөл олгож байгаа шинээр баталсан хууль тогтоомжийг хэрэглэж болно,

-Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ,

-Хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль Үндсэн хуульд нийцэхгүй байна гэж шүүх үзвэл тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Улсын дээд шүүхэд энэ талаар саналаа гаргана,

-Тухайн маргаантай харилцааг зохицуулсан хууль байхгүй бол шүүх төсөөтэй харилцааг зохицуулж байгаа хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ,

-Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ,

-Монгол Улсын Үндсэн хуульд харшлахгүй бол шүүх олон улсын иргэний эрх зүйн холбогдолтой хэргийг хянан шийдвэрлэхдээ олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг төсөөтэй хэрэглэж болно,

-Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй буюу байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзаж болохгүй,

-Шүүх хуулиуд хоорондоо зөрчилтэй буюу хууль шударга бус, эсхүл нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш гэсэн үндэслэлээр хуулийн хэм хэмжээг хэрэглэхээс татгалзаж болохгүй,

Дээрх зарчмууд нь иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд хууль хэрэглэх ажиллагааны үндсэн суурь нь болдог тул зарчим тус бүрийн агуулгыг шүүгч сайн ойлгож, үйл ажиллагаандаа мөрдлөг болгох үүрэгтэй.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүх нь дараах ажиллагааг уялдаа холбоотой, харилцан шүтэлцэлтэй, шат дараалан явуулсанаар эрх зүйн маргааныг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байдлаар хянан шийдвэрлэх үндсэн нөхцөл бүрдэхийг анхаарах шаардлагатай.

1.Нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл ойлгомжтой томъёологдсон эсэхийг тогтоох, эсхүл тодорхой болгох арга хэмжээ авна.

2.Нэхэмжлэлд тусгагдсан үндэслэл, түүний үндсэн дээр гаргасан шаардлагыг талаар маргаан байгаа эсэхийг тогтооно.

3.Зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тогтоож, маргаантай хэсгийг нь илрүүлнэ.

4.Хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдсон эсэхийг шалгана.

5.Иргэний хэргийн маргааны зүйлийг тодорхойлж, талуудын мэтгэлцээнийг чиглүүлнэ.

6.Хэргийн талаарх талуудын байр суурийг тодорхой болгоно.

7.Маргаантай харилцааг зохицуулж буй хуулийг, хуулийн зүйл, заалтыг оновчтой сонгоно.

8.Сонгосон хуулийн зохицуулалтыг эрх зүйн тухайн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн зөв тайлбарлан хэрэглэнэ.

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМ