Хэвлэх DOC Татаж авах
МАЛ, МАХ БЭЛТГЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 14

МАЛ, МАХ БЭЛТГЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Улсын Их Хурлын 2016 оны 71 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн  1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан орон нутгаас мал, мах бэлтгэх ажлыг мах боловсруулах үйлдвэр, зориулалтын зоорь бүхий аж ахуйн нэгжүүдтэй хамтран шуурхай зохион байгуулах арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд даалгасугай.

2. Мал, мах бэлтгэхэд зориулан мах боловсруулах үйлдвэр, зориулалтын зоорь бүхий аж ахуйн нэгжүүдэд Хөгжлийн банк болон арилжааны банкнаас олгосон зээлийн хүүд хөнгөлөлт үзүүлэхэд шаардагдах хөрөнгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны төсвийн багцад тусгасан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгох урамшууллын зардлаас санхүүжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарт тус тус даалгасугай.

3. Энэ тогтоолын 2 дугаар зүйлд заасан зээлийн хүүд хөнгөлөлт үзүүлэх хөрөнгийг санхүүжүүлэх гэрээг Хөгжлийн банк болон арилжааны банкуудтай байгуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарт зөвшөөрсүгэй.  

4. Мах боловсруулах үйлдвэр, зориулалтын зоорь бүхий аж ахуйн нэгжид малчдаас мал, мах худалдан авах үйл ажиллагааг харьяа нутаг дэвсгэртээ зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                        Ж.ЭРДЭНЭБАТ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн

үйлдвэрийн сайд                                                           П.СЭРГЭЛЭН