Хэвлэх DOC Татаж авах
ӨВӨЛЖИЛТИЙН БАЙДАЛ ХҮНДЭРЧ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 8

ӨВӨЛЖИЛТИЙН БАЙДАЛ ХҮНДЭРЧ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.1, Улсын нөөцийн тухай хуулийн 13.1.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Өвөлжилт хүндэрсэн зарим аймгуудад улсын нөөцийн салбар, цэгүүдээс үнэгүй олгох 2410 тонн өвс, үнийг нь 50 хувиар хямдруулан олгох 1700 тонн тэжээлийн хуваарь болон түүнийг тээвэрлэх зардлыг 1 дүгээр хавсралт, орон нутагт малчид, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор зарим аймгийн эрүүл мэндийн төвд улсын нөөцөөс олгох автомашины хуваарийг 2 дугаар хавсралт, өвөлжилт хүндэрсэн зарим аймагт улсын нөөцөөс олгох өвс, тэжээл болон автомашины хуваарийг 3 дугаар хавсралт, улсын нөөцөөс гаргаж аймгуудад олгох малын эм, био бэлдмэлийн хуваарийг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Энэ тогтоолын 1, 3, 4 дүгээр хавсралтад заасан нийт 1,524,883,410.0 (нэг тэрбум таван зуун хорин дөрвөн сая найман зуун наян гурван мянга дөрвөн зуун арван) төгрөгийн 1,028,000,000.0 (нэг тэрбум хорин найман сая) төгрөгийг Азийн хөгжлийн банкны зудын гамшгийн эсрэг хариу арга хэмжээ авах яаралтай тусламжийн нөхөн санхүүжилтийн эх үүсвэрээс, 496,883,410.0 (дөрвөн зуун ерэн зургаан сая найман зуун наян гурван мянга дөрвөн зуун арван) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд зөвшөөрсүгэй.

3. Энэ тогтоолын 2 дугаар хавсралтад заасан 15 автомашиныг 2017 оны I улиралд багтаан улсын нөөцөд буцаан олгохыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт,  улсын нөөцөөс гаргасан бусад бараа, материалыг 2017 оны III улиралд багтаан нөхөн бүрдүүлэхийг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх нарт тус тус даалгасугай.

4. Улсын нөөцөөс үнэгүй болон хямдралтай үнээр олгосон өвс, тэжээлийг зориулалт бусаар зарцуулах, дамлан худалдаалах зөрчил гаргуулахгүй байх зорилгоор мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт тавьж ажиллан, олгосон хөрөнгийг хавсралтад заасны дагуу зарцуулан гүйцэтгэлийн тайланг гаргаж, холбогдох баримтын хамт 2017 оны 5 дугаар сард багтаан Онцгой байдлын ерөнхий газарт хүргүүлэхийг  холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

5. Азийн хөгжлийн банкны тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлсэн зардлыг хуульд нийцүүлэн 2017 оны төсвийн төлөвлөгөөнд нэмж тусгах, гүйцэтгэлийг тайлагнахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                Ж.ЭРДЭНЭБАТ

Монгол Улсын Шадар сайд                                                   У.ХҮРЭЛСҮХ