Хэвлэх DOC Татаж авах
БНМАУ-ЫН ӨМЧ ХУВЬЧЛАХ ТУХАЙ ХУУЛЬ

БНМАУ-ЫН ӨМЧ ХУВЬЧЛАХ ТУХАЙ ХУУЛЬ
1991 оны 5 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт Энэхүү хуулийн зорилт нь БНМАУ-ын төрийн өмчид байгаа эд хөрөнгийн тодорхой хэсгийг БНМАУ-ын иргэд болон энэ хуульд заасан хуулийн этгээдийн өмчид шилжүүлэх (цаашид "хувьчлах" гэх)-тэй холбогдсон харилцааг зохицуулах, түүнчлэн хөдөө аж ахуйн нэгдлийн өмчийг хувьчлах зарчмын онцлогийг тодорхойлоход оршино.

2 дугаар зүйл. Хувьчлах зарчим Өмч хувьчлахдаа ил тод, төр, олон нийтийн хяналттай байх, хувьчлагдаж байгаа үйлдвэрийн газар, байгууллагын ажилтан үйлдвэрийн газар, байгууллагынхаа хувьцаа, эд хөрөнгийг шилжүүлэн авах талаар давуу эрх эдлэх зарчмыг удирдлага болгоно.

3 дугаар зүйл. Хувьчлалд хамаарах төрийн өмчлөлийн зүйлс 1.Хувьчлалд улсын үйлдвэрийн газар, байгууллага (цаашид "үйлдвэрийн газар" гэх)-ын эд хөрөнгө хамаарна.

2. Төрийн өмчид үлдэх үйлдвэрийн газрын жагсаалтыг БНМАУ-ын Засгийн газар батална.

Хэвлэх

4 дүгээр зүйл. Хувьчлах эд хөрөнгийг өмчлөх эрх 1. Төрийн хувьчлагдах эд хөрөнгийг БНМАУ-ын иргэн бүр энэ хууль болон БНМАУ-ын бусад хуульд заасан бүх арга хэлбэрийн дагуу өмчлөх адил тэгш эрхтэй.

2. Гадаадын иргэн болон харьяалалгүй хүмүүс төрийн өмчийн эд хөрөнгийг гагцхүү үнэ төлбөртэйгээр хувьд шилжүүлэхэд (худалдах, хувьцаалах болон БНМАУ-ын хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр) өмчлөгч болон оролцож болно.

Хэвлэх

5 дугаар зүйл. Хувьчлах ажлын удирдлага, хяналт шалгалт 1. Өмч хувьчлах ажлыг улсын хэмжээнд БНМАУ-ын Засгийн газар, засаг захиргаа-нутаг дэвсгэрийн нэгжид тухайн Ардын Хурал, түүний гүйцэтгэх захиргаа нэгдсэн удирдлагаар хангаж, улсын хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ.

2.  Улс, орон нутгийн хэмжээнд өмч хувьчлах ажлыг БНМАУ-ын хууль тогтоомж, БНМАУ-ын Засгийн газар, орон нутгийн Хурал, түүний гүйцэтгэх захиргааны шийдвэрийн дагуу эрхлэн зохион байгуулж, аргачилсан удирдлагаар хангах, тодорхой эд хөрөнгө хувьчлах шийдвэр гаргах бүрэн эрх бүхий Өмч хувьчлалын комиссыг БНМАУ-ын Засгийн газар, орон нутгийн Хурлын гүйцэтгэх захиргаа тус тусын дэргэд байгуулж ажиллуулна.

Өмч хувьчлалын комиссын бүрэн эрх, ажлын зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг энэ хуулийг үндэслэн БНМАУ-ын Засгийн газар тодорхойлно.

3. Улсын үйлдвэрийн газрын захиргаа нь зохих шатны өмч хувьчлалын комиссын шийдвэрийн дагуу үйлдвэрийн газрын эд хөрөнгийг хувьчлах ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.

4. Хувьчлах ажилд олон нийтийн төлөөлөгчдийг оролцуулах, тэднээс хяналт тавих эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангахын тулд үйлдвэрийн захиргаа нь өмч хувьчлах ажилд туслах комисс байгуулан ажиллуулж болно.

Хэвлэх

6 дугаар зүйл. Хувьчлах эд хөрөнгийн үнэлгээний журам Үйлдвэрийн газрын хувьчлах эд хөрөнгийн үнэлгээний журмыг БНМАУ-ын Засгийн газар тогтооно.

7 дугаар зүйл. Хувьчлалын сан 1. Хувьчлах ажлыг санхүүжүүлэх, хувьчлалтай холбогдсон шаардлагатай бусад арга хэмжээг хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хувьчлалын сан байгуулна.

2. Хувьчлалын сан нь хувьчлах эд хөрөнгийг борлуулсны орлого, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө, хувьчлалыг дэмжиж БНМАУ-ын байгууллага, иргэд, түүнчлэн олон улсын болон гадаадын байгууллага, иргэд, харьяалалгүй хүмүүсээс үзүүлсэн зээл, тусламжийн хөрөнгө, бусад орлогоос бүрдэнэ.

3. Хувьчлалын сангийн зориулалт, түүнийг байгуулах, зарцуулах журмыг БНМАУ-ын Засгийн газар тогтооно.

Хэвлэх

8 дугаар зүйл. Хувьчилсан эд хөрөнгийн өмчлөгчтэй хийх гэрээ 1. Хувьчлагдсан үйлдвэрийн газрын захиргаа, хамт олон хөдөлмөрийн болон хамтын гэрээг шинэчлэн байгуултал урьд байгуулсан гэрээгээ биелүүлэх үүрэгтэй. Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг өмчлөх эрх шилжсэнээс хойш 6 сарын дотор хамтын болон хөдөлмөрийн гэрээг шинэчилж байгуулна.

2. Эд хөрөнгийг хувьчлах шийдвэр гаргасан байгууллага нь уул эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авсан этгээдтэй үйлдвэрийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, хангамж, ажилтны тоо зэрэг асуудлаар харилцан үүрэг хүлээсэн гэрээ байгуулж болно.

Хэвлэх

9 дүгээр зүйл. Өмчлөх эрхийн гэрчилгээ Эд хөрөнгийг хувьчлах шийдвэр гаргасан байгууллага нь хувьчилсан эд хөрөнгийн шинэ өмчлөгчийн эрхийг нотолсон гэрчилгээ олгоно.

10 дугаар зүйл. Маргааныг хянан шийдвэрлэх 1. Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг хувьчлах талаар холбогдох байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ тухай гомдлоо уул шийдвэрийг гаргасан байгууллагыг харьяалах дээд байгууллагад нь шийдвэр хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор гаргана.

2. Хувьчлалтай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг шүүх шийдвэрлэнэ.

Хэвлэх

  ХОЁРДУГААР БҮЛЭГ Хувьчлах арга 11 дүгээр зүйл. Хувьчлах арга Үйлдвэрийн газрын хувьчлах эд хөрөнгө болон хувьцааг БНМАУ-ын иргэдийн хувийн өмчид хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр шилжүүлэх явдлыг бэлнээр болон зээл үнээр худалдах, арилжих зэрэг хуульд заасан бусад аргатай хослуулан хэрэгжүүлнэ.

12 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг, түүнийг эзэмшигчийн эрх 1. Хөрөнгө оруулалтын эрхийг бичиг (цаашид "эрхийн бичиг" гэх)-ийг энэхүү хууль хүчин төгөлдөр болсон өдөр болон түүнээс өмнө төрсөн БНМАУ-ын иргэн нэг удаа авах эрхтэй. Эрхийн бичгийн хууль ёсны эзэмшигч нь эрх олох, үүрэг бий болгох чадваргүй эсхүл цэргийн хугацаат алба хааж байгаа, гадаадад оршин суугаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай бол түүний хууль ёсны төлөөлөгч буюу итгэмжлэгдэгчид нь олгож болно.

2. Эрхийн бичигт нь хувьчлах эд хөрөнгийг худалдан авах, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж авах эрхийг тус тусад нь тодорхойлсон байх бөгөөд түүнийг БНМАУ-ын төрийн өмчид байгаа үндсэн хөрөнгөөр баталгаажуулна.

3. Эрхийн бичгийн хууль ёсны эзэмшигч нь хувьчлах эд хөрөнгө худалдан авах эрх (бичиг)-ээ бусдад хариу төлбөртэй ба үнэ төлбөргүйгээр шилжүүлэх эрхтэй. Харин хувьцаа худалдан авах эрх (бичиг)-ийг бусдад шилжүүлж болохгүй.

4. Эрхийн бичгийг авахдаа хураамж төлнө. Хугацаандаа ашиглаагүй эрхийн бичгийг түүнийг олгосон байгууллагад буцаан өгч хураамжаа эгүүлэн авч болно.

5. Эрхийн бичгийн загвар, түүнийг хэвлэх, тараах, ашиглах, түүнчлэн хураамжийн хэмжээ, түүнээс чөлөөлөх журмыг БНМАУ-ын Засгийн газар тогтооно.

6. Эрхийн бичгийг 2 жилийн хугацаанд хүчинтэй байхаар түүнд зааж гаргах бөгөөд шаардлагатай тохиолдолд уг хугацааг БНМАУ-ын Засгийн газар сунгаж болно.

Хэвлэх

  ГУРАВДУГААР БҮЛЭГ Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг хувийн өмчид шилжүүлэх (Бага хувьчлал) 13 дугаар зүйл. Бага хувьчлалд хамаарах эд хөрөнгө Бага хувьчлалд худалдаа, үйлчилгээний болон бусад салбарын жижиг үйлдвэрийн газар, түүнчлэн томоохон үйлдвэрийн газрын үйлдвэрлэлийн бие даасан салбар нэгжийн эд хөрөнгө хамрагдана.

14 дүгээр зүйл. Бага хувьчлалыг хэрэгжүүлэх арга Бага хувьчлалд хамаарах эд хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдах замаар хувьчилна. Дуудлагын худалдааг зохион байгуулах нийтлэг журмыг БНМАУ-ын Засгийн газар тогтооно.

15 дугаар зүйл. Хөнгөлөлт, давуу эрх 1. Хувьчлах эд хөрөнгийг тухайн үйлдвэрийн газрын ажилтан дуудлагын худалдаагаар худалдан авбал түүнд худалдан авсан үнийн 10 хувиар хөнгөлөлт үзүүлнэ.

2. Хувьчилж байгаа эд хөрөнгийг иргэний түрээсийн гэрээгээр ашиглаж байгаа иргэд нь хэрэв хүсвэл тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхтэй.

Хэвлэх


  ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг хувьцаалж хувийн өмчид шилжүүлэх (Их хувьчлал)

16 дугаар зүйл. Их хувьчлалд хамаарах эд хөрөнгө Их хувьчлалд энэхүү хуулийн 3 дугаар зүйлийн 2, 13 дугаар зүйлд зааснаас бусад үйлдвэрийн газрын эд хөрөнгө хамрагдана.

17 дугаар зүйл. Их хувьчлалыг хэрэгжүүлэх арга Их хувьчлалыг БНМАУ-ын иргэд эрхийн бичгээ оролцуулан үйлдвэрийн газрын хувьцааг худалдан авч хувьцаат компани байгуулах замаар хэрэгжүүлнэ.

18 дугаар зүйл. Хувьчлах төсөл Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг хувьчлах ажлыг зохих шатны өмч хувьчлалын комиссоос баталсан "Хувьчлах төсөл"-ийн дагуу хэрэгжүүлнэ. Уул төслийг тухайн үйлдвэрийн газрын захиргаа, эсхүл зохих шатны өмч хувьчлалын комиссын эрх олгосон байгууллага, ажилтан боловсруулна.

19 дүгээр зүйл. Хувьцааг худалдах Үйлдвэрийн газрын хувьцааг зөвхөн биржээр дамжуулан худалдана. Биржийн дүрмийг БНМАУ-ын Засгийн газар батална.

20 дугаар зүйл. Давуу эрх Хувьчилж байгаа үйлдвэрийн газрын ажилтан үйлдвэрийн газрынхаа хувьцааг нэрлэсэн үнээр нь тэргүүн ээлжинд авах давуу эрх эдэлнэ.

  ТАВДУГААР БҮЛЭГ Хөдөө аж ахуйн нэгдлийн өмч хувьчлах 21 дүгээр зүйл. Хөдөө аж ахуйн нэгдлийн өмчийг хувьчлах ерөнхий зарчим 1. Хөдөө аж ахуйн нэгдлийн өмчийг энэ хууль, БНМАУ-ын Аж ахуйн нэгжийн тухай хууль болон бусад хуульд нийцүүлэн тухайн нэгдлийн бүх гишүүний саналыг үндэслэн хувьчилна. Хувьчлах аргаа тухайн нэгдлийн гишүүд өөрсдөө сонгоно. Энэ ажилд БНМАУ-ын Засгийн газраас арга зүй, зохион байгуулалтын туслалцаа үзүүлнэ.

2. Нэгдлийн гишүүдэд олгосон эрхийн бичиг нь юуны өмнө тухайн нэгдлийн үндсэн хөрөнгөөр баталгаажина. Нэгдлийн гишүүн өрхийн нэгдэлд элсээгүй гишүүнд олгосон эрхийн бичиг нь төрийн өмчөөр баталгаажина. Хэрэв тухайн нэгдэл өрхийнхөө нэгдэлд элсээгүй гишүүнд эрхийн бичгийн нэрлэсэн үнийн хэмжээгээр өмч хувьчлан шилжүүлсэн бол төрийн өмчөөс эд хөрөнгө давхардуулан хувьчлахгүй. Энэ заалт нэгдлийн гишүүн, уул өрхийн нэгдлийн гишүүн бус иргэдийн төрийн өмчөөс хувьчлах эд хөрөнгө, хувьцаа худалдан авах эрхийг хөндөхгүй.

   

Хэвлэх

      БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ДАРГА                                                                                    Р.ГОНЧИГДОРЖ



      БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ДАРГА                                                                                    Б.ЧИМИД