A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 46

Улаанбаатар хот

АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 14.1, Хүнсний тухай хуулийн 13.1.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9.3.1-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, үйлдвэрлэлд хяналт тавих журам, Хүнсний болон техникийн зориулалтаар ашиглах спиртийн хуваарилалт, олголт, зарцуулалтад хяналт тавих журмыг Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нийцүүлэн шинэчлэн баталж, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоо, төрлийн талаарх нормативыг шинэчлэн тогтоох арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд даалгасугай.

2. Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж үйл ажиллагаандаа холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж байгаа байдалд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газартай хамтран 2017 онд багтаан улсын хэмжээнд хяналт шалгалт хийж дүнг Засгийн газарт танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд даалгасугай.

3. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа батлуулан хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, уг журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг дарга нар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүүд тус тус үүрэг болгосугай.

4. Архины хэрэглээг бууруулах талаарх сурталчилгаа болон согтууруулах ундааны хор уршиг, эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг үр дагаврыг олон нийтэд тайлбарлан таниулсан нэвтрүүлэг, хөтөлбөрийг тогтмол зохион байгуулж, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэхийг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн захирал Л.Нинжжамц нарт тус тус үүрэг болгосугай.

5. Монгол Улсын хилээр импортоор оруулж байгаа техникийн спирт, спиртэн суурьтай ахуйн химийн болон цэвэрлэгээний шингэн бодисын хаяг, шошгонд тавигдах стандартыг олон улсын стандартад нийцүүлэн шинээр боловсруулж мөрдүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр нарт үүрэг болгосугай.

6. Техникийн спирт, спиртэн суурьтай ахуйн химийн болон цэвэрлэгээний шингэн бодисыг импортоор оруулах, хадгалах, худалдаалах үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Монгол Улсын Шадар сайд У.ХҮРЭЛСҮХ