Хэвлэх DOC Татаж авах
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Орлоготой оюутан/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 12 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 178

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3-т заасныг үндэслэн Дээд боловсролын санхүүжилт,  суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 12.3, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.26 дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

2. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөвт тусгах, хандивлагч орон, олон улсын байгууллагын төсөл, арга хэмжээнд хамруулах замаар санхүүжүүлж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарт тус тус үүрэг болгосугай.

3. Эрхэлсэн ажлынхаа хүрээнд хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөрүүдэд оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлыг тусгаж, зохион байгуулах арга хэмжээнд оюутны оролцоог ханган үйлдвэр, үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгжид оюутныг ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүн болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нарт тус тус даалгасугай.

5. “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг үйлдвэр, үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага, дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллагын удирдлагад үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                              Ж.ЭРДЭНЭБАТ

Боловсрол, соёл, шинжлэх

ухаан, спортын сайд                                                           Ж.БАТСУУРЬ