A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар 125

Улаанбаатар хот

АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ТУХАЙ

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3, 9.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улаанбаатар хотод томоохон хэмжээний барилга байгууламж барих "Анд-Интернэшнл" ХХК-ийн 60, "Амар амгалан харш" ХХК-ийн 120, "Бөөрөгдэлийн элс" ХХК-ийн 160, "Грийт гоулд стар констракшн" ХХК-ийн 160, "Содтэнгэр түшээ" ХХК-ийн 93 гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнд 2017 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт зөвшөөрсүгэй.

2. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу хатуу хучилттай 53,9 км авто замын барилгын ажил гүйцэтгэх "Эйч Кэй Би Интернэйшнл Холдинг" ХХК-ийн 220, БНХАУ-ын Экспорт-Импорт банктай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр барих "Болдтөмөр ерөө гол" ХХК-ийн 250, БНХАУ-ын Экзим банкны зээлийн хөрөнгөөр баригдах Улаанбаатар хот-Хөшигийн хөндийн Олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замын барилгын ажил гүйцэтгэх "Икс Икс И Эм" ХХК-ийн 43 гадаадын ажиллах хүч, "Засгийн газрын 2016 оны 196 дугаар тогтоолоор байгуулсан "Хөгжлийн хөтөч–дэд бүтэц" төслийн нэгжид ажиллах 1 гадаадын мэргэжилтнийг 2017 онд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.

3. Энэ тогтоолын дагуу ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2017 онд буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд мэдэгдэхийг холбогдох сайд нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.НОМТОЙБАЯР