Хэвлэх DOC Татаж авах
ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 116

ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 41.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үүрэг бүхий орон тооны бус дэд зөвлөлийг төрийн захиргааны төв байгууллага болон харилцаа холбоо, мэдээлэл технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд байгуулан үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар (Б.Чинбат)-т үүрэг болгосугай. 

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2016 оны 136 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн ажиллах журам”-ын 4 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“Дөрөв. Дэд болон салбар зөвлөл

4.1. Зөвлөл нь төрийн захиргааны төв байгууллага болон харилцаа холбоо, мэдээллийн технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд орон тооны бус дэд зөвлөл, аймаг, нийслэл, дүүрэгт орон тооны бус салбар зөвлөлтэй байна.

4.2. Дэд зөвлөлийн дарга нь тухайн яамны Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга байна. Салбар зөвлөлийн дарга нь тухайн аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга байна.

4.3. Дэд зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг тухайн Засаг дарга батална.

4.4. Дэд зөвлөл нь салбарын хэмжээнд, салбар зөвлөл нь нутаг дэвсгэрийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомж, төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн тухайн төсөвт тусгах замаар санхүүжүүлнэ.

4.5. Дэд болон салбар зөвлөл нь тухайн жилд хэрэгжүүлсэн ажлын тайланг дараа жилийн 1 дүгээр сарын 20-ны дотор Зөвлөлийн ажлын албанд хүргүүлнэ.

4.6. Дэд зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын тухайн жилийн төсөв, салбар зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын тухайн жилийн төсөвт тусган санхүүжүүлнэ.”

3. Засгийн газрын 2016 оны 136 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүн”-ий “Гишүүд” гэсэн хэсгийн “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын газрын дарга” гэснийг “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга” гэж, мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн ажиллах журам”-ын 2.5 дахь заалтыг “болон хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тэмдгийг хэрэглэнэ” гэснийг “тэмдэг хэрэглэнэ” гэж, 3.4 дэх заалтыг “4.1-д” гэснийг “6.1-д” гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                    Ж.ЭРДЭНЭБАТ

Хөдөлмөр, нийгмийн

хамгааллын сайд                                                                      Н.НОМТОЙБАЯР