Хэвлэх DOC Татаж авах
ЭХ, ЭЦЭГ, ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭХ, ЭЦЭГТ ТЭТГЭМЖ ОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот

ЭХ, ЭЦЭГ, ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭХ, ЭЦЭГТ ТЭТГЭМЖ ОЛГОХ ТУХАЙ

/Энэ хуулийн нэрд 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./



НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь жирэмсэн эх, 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, эцэг, дөрөв хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх, эцэг, гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Хэвлэх

2 дугаар зүйл.Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох хууль тогтоомж

/Энэ зүйлийн гарчигт 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2.1.Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“асран хамгаалагч, харгалзан дэмжигч” гэж Гэр бүлийн тухай хуулийн 67.1.1-д заасны дагуу хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон хүнийг;

3.1.2.“хүүхэд үрчлэн авах” гэж Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хүүхэд үрчлэн авахыг;

3.1.3.“хүүхдээ асарч байгаа” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасан хүүхэд асрах чөлөөтэй болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.3-т заасан ажилгүй эх, эцэг 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгааг;

/Энэ заалтад 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтад “106.1-д” гэснийг “139.1-д” гэж 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

3.1.4.“өрх толгойлсон эх, эцэг” гэж Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-д заасан хүнийг.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Хуулийн хамрах хүрээ

4.1.Энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан болзол, шалгуур, нөхцөлийг хангасан Монгол Улсын иргэн, Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэн, харьяалалгүй хүн хамрагдана.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТЭТГЭМЖИЙН ТӨРӨЛ

5 дугаар зүйл.Тэтгэмжийн төрөл

5.1.Төрөөс олгох тэтгэмж дараахь төрөлтэй байна:

5.1.1.жирэмсэн эхийн тэтгэмж;

5.1.2. 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж;

5.1.3.ихэр хүүхдийн тэтгэмж;

5.1.4.гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж.

Хэвлэх

6 дугаар зүйл.Тэтгэмж авах эрх

6.1.Жирэмсний таван сартайгаас эхлэн хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд эх сар бүр тэтгэмж авах эрхтэй.

6.2.Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, эсхүл эцэг сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.

/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.3.Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх, эсхүл эцэг нэг удаа тэтгэмж авах эрхтэй.

/Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.4. 0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг улирал бүр тэтгэмж авах эрхтэй бөгөөд хүүхдийн тоонд төрүүлсэн болон үрчлэн авсан, асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа хүүхдийг хамааруулна.

Хэвлэх

7 дугаар зүйл.Тэтгэмж олгохтой холбогдсон харилцаа

7.1.Энэ хуулийн 5.1.1, 5.1.2, 5.1.3-т заасан тэтгэмжийн хэмжээг Засгийн газар тогтооно.

7.2.Энэ хуулийн 5.1.4-т заасан тэтгэмжийн хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байна.

7.3.Энэ хуулийн 5.1-д заасан тэтгэмж олгох журмыг Засгийн газар батлах бөгөөд тэтгэмжид зарцуулах хөрөнгийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

7.4.Энэ хуулийн 5.1.2, 5.1.3, 5.1.4-т заасан тэтгэмж авах эх, эцэг нас барсан, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн тохиолдолд тэтгэмжийг хүүхдийн хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч, үрчлэн авсан эх, эцэгт олгоно.

/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

7.5.Банк, санхүүгийн байгууллага энэ хуулийн 5.1-д заасан тэтгэмжийг барьцаалан зээл олгохыг хориглоно.

7.6.Энэ хуулийн 5.1.2-т заасан тэтгэмж авч байсан эх, эсхүл эцэг хүүхдээ гурван нас хүрэхээс өмнө ажилд орсон тохиолдолд тэтгэмжийг хүүхдээ асарч байгаа эх, эсхүл эцэгт олгоно.

/Энэ хэсгийг 2021 оны 5 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

8 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

8.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

8.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Хэвлэх

9 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

9.1.Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД