Хэвлэх DOC Татаж авах
Зарлигт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

 

2017 оны 06 сарын 15 өдөр                              Дугаар 132                   Төрийн ордон, Улаанбаатар хот

Зарлигт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар батлагдсан “Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнах журам”-ын Дөрөвдүгээр зүйлийг дор дурьдсанаар өөрчлөн найруулсугай:

            “Дөрөв.Цолны тэмдэг, одон, медаль, үнэмлэхийг нөхөн

болон сольж олгох

28.Дараахь тохиолдолд шагналын эзэн, эсхүл түүний өв залгамжлагчид цолны тэмдэг, одон, медаль, үнэмлэхийг нөхөн олгоно:

а/гал, үер, газар хөдлөлт, дайн, дайн бүхий байдал зэрэг гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас үрэгдүүлсэн;

б/хулгайлах, булаах, дээрэмдэх зэрэг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн улмаас алдсан.

29.Цолны тэмдэг, одон, медаль, үнэмлэхийг гэмтээсэн тохиолдолд шагналын эзэн, эсхүл түүний өв залгамжлагчид гэмтсэн цолны тэмдэг, одон, медаль, үнэмлэхийг хураан авч сольж олгоно.

30.Гээгдүүлсэн цолны тэмдэг, одон, медаль, үнэмлэхийг нөхөж олгохгүй бөгөөд холбогдох тодорхойлолтыг гаргаж өгнө. Тодорхойлолтод шагнуулагчийн овог, нэр, регистрийн дугаар, шагнасан зарлигийн огноо, дугаарыг тусгана.

31.Цолны тэмдэг, одон, медаль, үнэмлэхийг нөхөн болон сольж авахад дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

а/цолны тэмдэг, одон, медаль, үнэмлэхийг үрэгдүүлсэн, алдсан нөхцөл шалтгааныг тодорхой бичсэн өргөдөл;

б/энэ журмын 28.а-д заасан шалтгааны улмаас үрэгдүүлсэн тохиолдолд харьяалах онцгой байдлын байгууллагын үйлдсэн актын албан ёсны хуулбар, энэ журмын 28.б-д заасан шалтгааны улмаас алдсан тохиолдолд харьяалах цагдаагийн байгууллагаас бүртгэж үйлдсэн актын албан ёсны хуулбар;

в/цолны тэмдэг, одон, медаль, үнэмлэхийн үнийг төлсөн банкны баримт;

г/цолны тэмдэг, одон, медаль, үнэмлэхийг сольж авах бол гэмтсэн цолны тэмдэг, одон, медаль, үнэмлэх.

32.Цолны тэмдэг, одон, медаль, үнэмлэхийг нөхөн болон сольж авахаар бүрдүүлсэн баримт бичгийг аймаг, нийслэлийн Засаг даргад ирүүлнэ.

33.Аймаг, нийслэлийн Засаг дарга ирүүлсэн өргөдлийг хуульд заасан хугацаанд хянан үзэж цолны тэмдэг, одон, медаль, үнэмлэхийг нөхөн болон сольж олгох үндэслэлтэй гэж үзвэл аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралдааны шийдвэрээр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлнэ. Ийнхүү ирүүлэхдээ өргөдлийг багцлан улиралд нэг удаа уламжилна.

34.Цолны тэмдэг, одон, медаль, үнэмлэхийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар нөхөн болон сольж олгох ба нөхөн болон сольж олгосон цолны тэмдэг, одон, медалийн дугаар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжийн огноо, дугаарыг тэмдэглэсэн үнэмлэхийн хавсралт хуудсыг дагалдуулан олгоно.

35.Гэмтээсэн цолны тэмдэг, одон, медаль, үнэмлэхийг Ерөнхийлөгчийн Тамгын газар хураан авч акт үйлдэн устгалд оруулж актыг архивт холбогдох журмын дагуу хадгална.

36.Цолны тэмдэг, одон, медаль, үнэмлэхийн үнийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга цолны тэмдэг, одон медаль бүтээх, үнэмлэх хэвлэх үнэд үндэслэн тогтоож Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудсанд байршуулан олон нийтэд мэдээлнэ.”

2.Энэхүү зарлигийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

3.Зарлигийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга /Ц.Баярсайхан/-д үүрэг болгосугай.

 

            МОНГОЛ УЛСЫН                                       ЦАХИАГИЙН

            ЕРӨНХИЙЛӨГЧ                                         ЭЛБЭГДОРЖ