A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 205

Улаанбаатар хот

АГААРЫН ХЭТ ХАЛАЛТ, ХУУРАЙШИЛТТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Ойн тухай хуулийн 12.1.2, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 14.4, Гамшгийн тухай хуулийн 26.1.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийт нутгаар хуурайшилт ихтэй, агаарын хэт халалт үргэлжилж, ой, хээрийн түймрийн гаралт, давтамж их байгаатай холбогдуулан ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, гал түймэртэй тэмцэх чиглэлээр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгасугай:

а/ ой, хээрийн бүсэд аялал, зугаалга зохион байгуулахыг хязгаарлаж, орон нутгийн байгаль хамгаалагч, цагдаагийн алба хаагчдын хамтарсан эргүүл, харуул гарган ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх чиглэлээр хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, бүх шатны Засаг дарга нарт;

б/ гал түймэртэй тэмцэх тусгай мэргэжлийн багийг гадаадаас авч ажиллуулан онцгой байдлын алба хаагчдад сургалт зохион байгуулах, мэргэшүүлэх, тэдгээрийг дадлагажуулахад шаардагдах зардлыг тооцон Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд;

в/ байгаль, цаг агаарын өөрчлөлттэй уялдуулан гал түймэртэй тэмцэх дэвшилтэт техник, технологи, туршлагыг нэвтрүүлэх, гал унтраах зориулалт бүхий онгоц худалдан авах, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг шинэчлэх асуудлыг судлан Засгийн газарт танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд;

г/ Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын алба хаагчид болон Тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч нарын бүрэлдэхүүнтэй багийг түймрийн голомтод ажиллуулах бэлэн байдлыг хангах, туулах чадвар сайтай машин, техник хэрэгслийг татан оролцуулах бэлтгэлийг хангахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтод;

д/ "Улаанбаатар төмөр зам" ХНН, Иргэний нисэхийн ерөнхий газрын 8 гал унтраах машин, 32 гал сөнөөгчийг ой, хээрийн түймрийн голомтийн бүсэд дайчлан ажиллуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатад;

е/ ой, хээрийн түймэртэй тэмцэх ажилд татан оролцуулсан орон нутгийн иргэд болон сайн дураар оролцож байгаа иргэдэд урамшуулал өгөх асуудлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн нийтийг хамарсан ажлын хөлс олгох зардлаас санхүүжүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт;

ё/ ой, хээрийн түймрийн голомт бүхий аймаг, суманд нэгдсэн эмнэлэг байхгүй тохиолдолд эмч нарын баг томилон ажиллуулж, алба хаагч, сайн дураар оролцсон иргэд болон орон нутгийн оршин суугчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгөх ажлыг шуурхай зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт;

ж/ ой, хээрийн түймрийн голомтын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын ус зөөвөрлөх том оврын машин, техник хэрэгслийг дайчлах талаар холбогдох арга хэмжээ авахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржид;

з/ цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх арга хэмжээ болон шатахууны зардалд шаардагдах хөрөнгийн тооцоог хянаж, төсөвт зохицуулалт хийх замаар санхүүжүүлэхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд;

и/ хуурайшилт ихтэй, агаарын хэт халалт удаан үргэлжилж байгаатай холбогдуулан ургац хураалт болон үр тарианы нөөц бүрдүүлэх, иргэдийг хүнсний ногоогоор хангах талаар авах арга хэмжээ, мал өвөлжилт хүндэрсэн тохиолдолд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар Засгийн газарт танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд;

л/ гал түймэртэй тэмцэх үйл ажиллагаанд дайчлагдсан цэргийн алба хаагчид болон сайн дураар оролцож байгаа иргэдийг сургах, шаардлагатай хувцас, хэрэгсэл, хоол хүнсээр хангах, Засгийн газар болон иргэд, аж ахуйн нэгжээс олгосон хөрөнгө, хандив, тусламжийн бараа, материалыг оновчтой хуваарилах, шаардлагатай газарт цаг алдалгүй шуурхай хүргэх, иргэд, аж ахуйн нэгж, орон нутгийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, дэмжлэг үзүүлж ажиллахыг Онцгой байдлыг ерөнхий газрын дарга Т.Бадралд.

2. Нийт нутгаар хуурайшилттай, агаарын хэт халалт үргэлжилж, ой, хээрийн түймэр их байгаатай холбогдуулан Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр ой, хээрийн түймэртэй тэмцэх үйл ажиллагаанд зэвсэгт хүчний анги, салбарыг оролцуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэд даалгасугай.

3. Ой, хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн эзэмшилд байгаа 4.949.069.195 (дөрвөн тэрбум есөн зуун дөчин есөн сая жаран есөн мянга нэг зуун ерэн таван мянган) төгрөгийн үнэ бүхий 1 дүгээр хавсралтад заасан 26 ширхэг трактор, Батлан хамгаалах яамны эзэмшилд байгаа 154.200.000 (нэг зуун тавин дөрвөн сая хоёр зуун мянган) төгрөгийн үнэ бүхий 2 дугаар хавсралтад заасан 38 ширхэг автомашиныг Онцгой байдлын ерөнхий газарт балансаас балансад шилжүүлсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Монгол Улсын Шадар сайд У.ХҮРЭЛСҮХ