A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар 278

Улаанбаатар хот

"ХҮНСНИЙ НОГОО" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Тариалангийн тухай хуулийн 21.1-д заасныг үндэслэн Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын 3.1.8, 3.1.11, 3.1.13, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.39, 2.41, 2.44 дэх зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Хүнсний ногоо" үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

2."Хүнсний ногоо" үндэсний хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж мэргэжил, арга зүйн удирдлага, зохицуулалтаар ханган ажиллаж, хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн 4 дүгээр сарын 1-ний дотор Засгийн газарт танилцуулж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэнд даалгасугай.

3.Хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд, түүнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулан санхүүжүүлэх арга хэмжээг авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

4."Хүнсний ногоо" үндэсний хөтөлбөрийг орон нутгийн хөрс, уур амьсгалын онцлогт тохируулан хэрэгжүүлж, үр дүнг жил бүрийн 2 дугаар сарын 10-ны дотор хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнаж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-ний хавсралтад "17.Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр (2.48.3)" гэснийг "17. Хүнсний ногоо үндэсний хөтөлбөр (Тариалангийн тухай хуулийн 21.1)" гэж өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ж.ЭРДЭНЭБАТ

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ П.СЭРГЭЛЭНa