A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 284

 

 

МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧИНГҮЙ, ХОРИО ЦЭЭРИЙН ТУСГААРЛАГДСАН БҮС БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

 

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.27, 2.32 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Малын гоц халдварт өвчингүй эрүүл бүсээс бэлтгэсэн урьдчилан сэргийлэх вакцин таригдаагүй малыг бэлтгэж мах экспортлох зорилгоор хорио цээрийн тусгаарлах бүс байгуулах бэлчээрийн болон хадлан хадах газрыг хуульд заасны дагуу олгож, уг бүсэд хөрөнгө оруулах дотоод, гадаадын аж ахуйн нэгжийн санал, санаачилгыг дэмжин ажиллахыг Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Төв, Увс, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

2.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасны дагуу олгосон газар нутгийг түшиглэн хорио цээрийн тусгаарлагдсан бүс байгуулж, хууль тогтоомжийн дагуу дотоод хорио цээрийн дэглэм тогтоон малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү, холбогдох аймгийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3.Олон улсын байгууллага, гадаад орнуудын мал эмнэлэг, хорио цээрийн байгууллагатай хамтран ажиллаж, хорио цээрийн тусгаарласан бүсээр дамжин бэлтгэсэн малын мах, түүхий эдийг экспортлох ажлыг зохион байгуулж, мэргэжил, арга зүйгээр хангах арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нарт үүрэг болгосугай.

4.Хөрш орнуудын холбогдох мэргэжлийн байгууллагуудтай тохиролцсоны үндсэн дээр Монгол Улсын хилийн зарим боомтын ойролцоо малын хорио цээрийн тусгаарлагдсан бүсийг дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулан ажиллуулах арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт, Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нарт даалгасугай.

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ж.ЭРДЭНЭБАТ

 

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ П.СЭРГЭЛЭН