A

A

A

  • Нүүр
  • Тогтоол
  • Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн тухай (тогтоол)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар 01

Улаанбаатар хот

Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээртогтоолоор хүчингүй болсон Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийнбарьцааны тухай хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн тухай (тогтоол)

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 11.30 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан, Т.Лхагваа, Ш.Цогтоо, Д.Сугар, Н.Чинбат/илтгэгч/, Д.Наранчимэг, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Ч.Жадамба, С.Номынбаясгалан болон Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нар оролцлоо.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Улсын Их Хурлаас 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын 2002 оны Иргэний хуульд нэмэлт оруулан хуульчилсан 170 дугаар зүйлийн 170.6 дахь хэсгийн "Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй." гэсэн заалт, мөн өдөр өөрчлөн найруулсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн "Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна." гэсэн заалт нь Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсгийн "Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарна." гэсэн заалт болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн "... гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр ..." гэсэн заалтыг тус тус агуулгаар нь дахин сэргээсэн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн хяналтын журмаар хянан шийдвэрлэв.

Нэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Ч.Жадамба Үндсэн хуулийн цэцэд хандаж:

"Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтаар иргэний хувийн өмчийн халдашгүй эрхийг хуульчлан баталгаажуулсан бөгөөд өмчлөх эрх нь хүний эрх, эрх чөлөөний суурь баталгаа юм.

Өмчлөх эрх нь өмчлөгчийн язгуур эрх бөгөөд хуулиар уг эрхийг позитив болон негатив байдлаар зохицуулжээ. Иймд өмчлөгч нь өөрийн материаллаг болон материаллаг бус хөрөнгөө өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах ба аливаа этгээдээс хамгаалах, хэн нэгэн өөр этгээд хөрөнгийг нь ашиглахыг таслан зогсоох эрхтэй. ...

Харин Улсын Их Хурлаас 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Иргэний хуулийн 170 дугаар зүйлд "170.6. Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй." гэсэн хэсэг нэмсэн, мөн өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг "Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна." гэж өөрчлөн найруулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх ... эрхтэй ..." гэж заасныг илэрхий зөрчжээ.

Өмчлөгчийн эрхийг гагцхүү нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх, бусдын эрхийг зөрчиж бусдад гэм хор учруулахыг хориглох, эд хөрөнгийн хязгаарлагдмал эрх бүхий этгээдэд эрхээ хэрэгжүүлэх боломж олгох зорилгын үүднээс нийтийн болон иргэний эрх зүйн хэм хэмжээгээр хязгаарладаг нийтлэг жишиг байдаг.

Ипотекийн зүйлийн өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх хөрөнгөө бусдын өмчлөлд шилжүүлэх, түрээслэх, хөлслөх, үнэ төлбөргүйгээр түр ашиглуулахаар бусдын эзэмшилд шилжүүлэх, давхар барьцаалах, барьцаалуулсан газар дээрээ барилга байгууламж барих зэргээр туйлын эрхээ хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд ингэснээрээ барьцаалагчийн эрхийг зөрчихгүй, барьцаалагчид гэм хор учруулахгүй юм.

Учир нь ипотекийн эрхээ хэрэгжүүлэх давуу эрх нь барьцаалагчид хэвээр хадгалагддаг. Мөн ипотекийн зүйлийг давхар барьцаалах нь ипотекээр хангагдах шаардлагаа тэргүүн ээлжинд хангуулах өмнөх барьцаалагчийн эрхийг хөнддөггүй.

Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт "Ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна." гэж заасан нь өмчлөгчийн туйлын эрхийг баталгаажуулсан үндсэн зохицуулалт юм.

Харин Улсын Их Хурлаас 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Иргэний хуульд оруулсан нэмэлт, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд оруулсан өөрчлөлт нь дээр дурдсан үндсэн зохицуулалттай зөрчилдөж байгаа бөгөөд өмчлөгчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.6, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг тогтоож өгнө үү." гэсэн агуулга бүхий мэдээлэл ирүүлсэн байна.

Хоёр. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны оршин суугч, иргэн С.Номынбаясгалан Үндсэн хуулийн цэцэд хандаж:

"Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Иргэний хуулийн 170 дугаар зүйлд "170.6. Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй." гэсэн хэсэг нэмсэн, мөн өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг "Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна." гэж өөрчлөн найруулан хуульчилсан нь барьцаалагч талд давуу байдал олгож, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын тэгш байдлын зарчим болоод Үндсэн хуулиар баталгаажуулсан өмчлөгчийн язгуур эрхэд халдсан зохицуулалтыг бий болгожээ.

Учир нь дээрх хуулиудад барьцааны зүйлийн ашиглалт, хамгаалалтад хяналт тавих, эрсдэлээс хамгаалах боломжийг бүрдүүлсэн атлаа барьцаалуулагч талд ийнхүү давхар үүрэг хүлээлгэх замаар иргэний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлах нөхцөлийг бүрдүүлжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн бүтэц, агуулга талаас нь авч үзвэл өмчлөх эрх нь өмчлөгчийн язгуур эрх бөгөөд өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах ба аливаа халдлагаас хамгаалах эрхтэй байхаар тодорхойлжээ. ...

Өмчлөгч нь үл хөдлөх хөрөнгөө бусдын өмчлөлд шилжүүлэх, түрээслэх, хөлслөх, үнэ төлбөргүйгээр түр ашиглуулахаар бусдын эзэмшилд шилжүүлэх, давхар барьцаалах зэргээр туйлын эрхээ хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд ингэснээрээ барьцаалагчийн эрхийг зөрчихгүй, барьцаалагчид гэм хор учруулахгүй юм.

Энэхүү үзэл санааг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр тогтоолоор тайлбарласан байна.

Тиймээс Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд "170.6. Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй." гэж заасны "... үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй." гэсэн хэсэг нь, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд "27.1. Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна." гэж заасны "... барьцаалагчийн зөвшөөрөл авна." гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн ... Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад "... үл хөдлөх хөрөнгө ... өмчлөх ... эрхтэй. ..." ... гэж заасныг зөрчсөн тул хянан шийдвэрлэж өгнө үү." гэсэн агуулга бүхий мэдээлэл ирүүлсэн болно.

Гурав. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга "Үндсэн хуулийн цэцийн гишүүний санаачилгаар Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.6, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг нь Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх асуудлыг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар хяналтын журмаар хянан шийдвэрлэх үндэстэй" гэж үзэж 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр "Маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэх тухай" 28 дугаар тогтоол гаргасан болно.

Дөрөв. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй." гэж заасан ч өмчлөгчийн эрхийг хязгаарлаж болох зохицуулалт мөн бий.

Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно." гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт "Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна." гэж тус тус заасан байдаг.

Хууль санаачлагчид энэхүү хязгаарласан зохицуулалт болон тухайн үед гацаанд орж иргэдийг хүнд байдалд оруулаад байсан ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хэвийн болгох буюу банкны зээлийн санхүүжилтээр явагдаж байсан бага хүү/8%/-тэй урт хугацаа бүхий Засгийн газрын "Орон сууцны зээлийн хөтөлбөр" зогссон байсныг үргэлжлүүлэн хэвийн явуулах үндэслэлээр Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг санаачилсан бөгөөд Улсын Их Хурал дээрх хуулийн төслүүдийг дэмжиж баталсан.

Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах аргаар баталгаажуулахыг Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт ипотек гэж тодорхойлсон.

Ипотекийн харилцаа нь талуудын чөлөөт хүсэл зоригт үндэслэн үүсдэг тул үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд шаардлагаа хангуулах баталгаа болж байгаа ипотекийн зүйлийн өмчлөлийн асуудалд тодорхой ашиг сонирхол байдаг бөгөөд Иргэний хуулийн дээрх заалт нь уг ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгдсэн зохицуулалт юм.

Нөгөөтээгүүр, үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авахаар заасан дээрх зохицуулалт нь иргэний өөрийн өмчлөлд байгаа ердийн өмч, хөрөнгийг захиран зарцуулах талаарх зохицуулалт бус харин банкны урт хугацааны зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхтэй холбоотой асуудлыг зохицуулсан юм.

Ийнхүү үүрэг гүйцэтгэгч зөвшөөрөл авсны үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлэх зохицуулалт нь үүрэг гүйцэтгүүлэгчийн ипотекийн эрх хөндөгдөх, зээлүүлсэн мөнгөн хөрөнгө эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх, баталгаажуулах, хамгаалах ач холбогдолтой зохицуулалт болохоос өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарлаагүй болно.

Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч нь зөвхөн зээлийн барьцаанд бариулсан үл хөдлөх эд хөрөнгөө бусдын өмчлөлд шилжүүлэх тохиолдолд л үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авсны үндсэн дээр шилжүүлэхээр заасан болохоос уг хөрөнгийг бусдад эзэмшүүлэх, ашиглуулахад /хөлслөх, түрээслэх/ зөвшөөрөл шаардаагүй бөгөөд үүрэг гүйцэтгэгч өөрийн үзэмжээр шийдвэрлэх эрх нь нээлттэй байгаа.

Түүнчлэн, Иргэний хуулийн дээрх заалт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний өмчлөх эрхийг зөрчсөн бус харин ч ипотекийн урт хугацааны зээлийг ашиглан шударгаар хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө олж авах боломжийг олгож байгаа заалт гэж ойлгож байна.

Дээр дурдсаныг үндэслэн Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.6 дахь хэсэгт "Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй." гэж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт "Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна." гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр уламжилж байна." гэсэн байна. Мөн Үндсэн хуулийн их цэцийн хуралдааны явцад дээрх хуулийн заалтууд нь Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээн батлаагүй гэсэн тайлбар хийсэн болно.

ҮНДЭСЛЭЛ:

1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн Их суудлын хуралдаанаар Улсын Их Хурлаас 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэгт "Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарна.", Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт "Барьцаалуулагч нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийг баримтлан барьцааны зүйлийг гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр бусдын өмчлөлд шилжүүлэх эрхтэй." гэж заасны "... гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр ..." гэсэн хэсэг нь барьцаалагч талд давуу байдал олгосноор иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын тэгш байдлын зарчим, Үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрхэд халдсан байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад "... үл хөдлөх хөрөнгө ... өмчлөх ... эрхтэй. ..." гэж заасныг зөрчсөн гэж үзэж, Үндсэн хуулийн цэц 2015 оны 11 дүгээр тогтоолоор дээрх хуулиудын заалтыг хүчингүй болгосон байна.

2. Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр Иргэний хуулийн 170 дугаар зүйлд "170.6.Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй." гэсэн хэсэг нэмсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсгийн "Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарна." гэсэн заалттай агуулгын хувьд адил байна.

3. Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг "Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна." гэж өөрчлөн найруулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн "... гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр ..." гэсэн заалттай агуулгын хувьд адил байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн заалтыг Улсын Их Хурал агуулгаар нь дахин сэргээсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3, 4, Жаран долдугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3, 31 дүгээр зүйлийн 2, 32 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсгийн "Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарна." гэсэн заалтыг Улсын Их Хурал 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулиар дахин сэргээсэн байх тул Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.6 дахь хэсгийн "Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй." гэсэн заалтыг хүчингүй болгосугай.

2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн "... гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр ..." гэсэн заалтыг Улсын Их Хурал 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар дахин сэргээсэн байх тул Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн "Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна." гэсэн заалтыг хүчингүй болгосугай.

3. Энэхүү тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Д.ОДБАЯР

ГИШҮҮД Н.ЖАНЦАН

Т.ЛХАГВАА

Ш.ЦОГТОО

Д.СУГАР

Н.ЧИНБАТ
Д.НАРАНЧИМЭГ

Д.СОЛОНГО

Д.ГАНЗОРИГ