A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 344

Улаанбаатар хот

АГЕНТЛАГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1, 6.1, 6.3, 9.1, Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг байгуулсугай.

2. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын орон тооны дээд хязгаарыг 170 байхаар тогтоосугай. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 176 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

3. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт чиг үүрэг нь шилжиж байгаа албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт шилжүүлэх арга хэмжээ авахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарт даалгасугай.

4. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталж, үйл ажиллагааг нь 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэх арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд даалгасугай.

5. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын чиг, үүрэгт өөрчлөлт орж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар байгуулагдаж байгаатай холбогдуулан дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Ц.Ням-Осор)-т даалгасугай:

5.1. холбогдох хууль тогтоомжийн дагуу ажил хүлээлцэх комиссыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулах;

5.2. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар (хуучин нэрээр)-ын Хан-Уул дүүрэг дэх конторын барилга болон Эрүүл мэндийн даатгалын санд ногдох үндсэн болон эргэлтийн хөрөнгөд тооллого хийж балансаас балансад шилжүүлэх;

5.3. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэх, хаалтын баланс гаргуулах.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар"-т дор дурдсан агуулгатай 25 дахь хэсэг нэмсүгэй:

25.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

170 (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 176 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

7. Мөн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт"-ын "Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд" гэсэн заалтын "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" гэсэн баганад "18. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар" гэж нэмсүгэй.

8. Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар"-ын 16 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

16.

Нийгмийн даатгалын ерөнхий газар

82

9. Мөн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт"-ын "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд" гэсэн заалтын "9. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар" гэснийг "9. Нийгмийн даатгалын ерөнхий газар" гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Эрүүл мэндийн сайд Д.САРАНГЭРЭЛ