Хэвлэх DOC Татаж авах
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН 2018 ОНЫ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 360

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН 2018 ОНЫ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны  сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч  2 хувь,  ажилтан 2 хувь байхаар тогтоосугай.

2. Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчин, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч, 0-18 насны хүүхэд болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.12-т заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 2400 (хоёр мянга дөрвөн зуун) төгрөгөөр, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн, хүүхдээ хоёр (ихэр бол гурав) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг), хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч болон ял эдэлж байгаа ялтны эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 4800 (дөрвөн мянга найман зуун) төгрөгөөр тус тус  тогтоосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2017 оны хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 197 дугаар тогтоолыг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэ тогтоолыг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                       У.ХҮРЭЛСҮХ        

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд                                      С.ЧИНЗОРИГ