A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 36


“ҮЙЛДВЭРЖИЛТ 21:100” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ


Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3-д заасныг үндэслэн, Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоол, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Үйлдвэржилт 21:100 үндэсний хөтөлбөр (2018-2021)”-ийг 1 дүгээр хавсралт ёсоор, Үйлдвэржилт 21:100 үндэсний хөтөлбөрийн хүрээнд байгуулах үйлдвэрийн байршил, чиглэлийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, улсын болон орон нутгийн төсвийн дэмжлэг, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

3.Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт тавьж, дүнг жил бүрийн 2 дугаар сарын 1-ний дотор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүргүүлж байхыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, дүнг нэгтгэн жил бүрийн 4 дүгээр сарын 1-ний дотор Засгийн газарт танилцуулж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт тус тус үүрэг болгосугай.

 

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

 

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Б.БАТЗОРИГ