A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

УЛААНБААТАР ХОТЫН ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ЛАГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 73

Улаанбаатар хот

Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 8.3, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.4, 3.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар баталсан "Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ын XII.1.20-д заасан "Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх" арга хэмжээний хүрээнд хийх бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээг туршлага, чадавх бүхий хуулийн этгээдтэй байгуулж, тоног төхөөрөмж суурилуулах, лаг боловсруулах ажлыг 2018 оны I улиралд багтаан эхлүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд даалгасугай.

2. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх бохир усны стандартын шаардлагыг хангуулах зорилгоор шаардлагатай үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагуудыг урьдчилан цэвэрлэх байгууламжтай болгож, цэвэршүүлсэн усыг эргүүлэн ашиглах технологи нэвтрүүлэх ажлыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө хэрэгжүүлж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарт тус тус даалгасугай.

3. Энэ тогтоолын 2 дугаар зүйлд заасан арга хэмжээний талаарх мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэх, холбогдох үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Барилга, хот байгуулалтын сайд Х.БАДЕЛХАН