Хэвлэх DOC Татаж авах
МАЛ, АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 77

МАЛ, АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 

1. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг хязгаарлах зорилгоор бүх аймаг, сумдад хурдан морины уралдаан зохион байгуулахыг 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хориглосугай.

2. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнийг тараасан, хорио цээрийн дэглэм зөрчсөн, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй иргэн, аж ахуйн нэгж, албан тушаалтанд хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцохыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан малын нөхөн төлбөрийн асуудлыг судалж холбогдох хууль, журам, зааварт нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа 2018 оны 6 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт даалгасугай.

4. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                              У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын Шадар сайд                                                 Ө.ЭНХТҮВШИН