A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 186

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1, 6.3, Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мал эмнэлэг, үржлийн газрыг татан буулгасугай.

2. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулсугай.

3. Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт"-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" хэсгийн "18.Мал эмнэлэг, үржлийн газар" гэснийг "18.Мал эмнэлгийн ерөнхий газар" гэж өөрчилсүгэй.

4. Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар"-ын 24 дэх хэсгийн "Мал эмнэлэг, үржлийн газар" гэснийг "Мал эмнэлгийн ерөнхий газар" гэж, мөн хэсгийн "21" гэснийг "44" гэж тус тус өөрчилсүгэй.

5. Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт даалгасугай:

5.1. Мал эмнэлэг, үржлийн газар (хуучин нэрээр)-ын Мал үржлийн хэлтсийн 7 орон тоог холбогдох ажилтан, цалингийн сан, чиг үүргийн хамт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд шилжүүлэх;

5.2. Холбогдох хууль тогтоомжийн дагуу комисс томилж, Мал эмнэлэг, үржлийн газар (хуучин нэрээр)-ын эд хөрөнгөд тооллого хийж, хаалтын тайлан баланс гаргах арга хэмжээ авах;

5.3. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багцад байгаа Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораториос 15, нийслэлийн Мал эмнэлгийн газраас 15 орон тоог холбогдох ажилтан, төсвийн хамт Мал эмнэлгийн ерөнхий газарт шилжүүлж, Мал эмнэлгийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг батлах, үйл ажиллагааны зардлыг батлагдсан төсөвтөө багтаан зохицуулалт хийж, санхүүжүүлэх;

5.4. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллах.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.БАТЗОРИГ