Хэвлэх DOC Татаж авах
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг дагаж мөрдөхөөс өмнө төрийн цахим мэдээллийн сан /цаашид “Үндэсний дата төв” гэх/-д газрын кадастрын мэдээллийн сан болон эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн мэдээллээс бүрдэх дундын мэдээллийн сан үүсгэх, мэдээлэл солилцохтой холбогдсон ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх, шаардлагатай хөрөнгө санхүүжилтийн асуудлыг Засгийн газар хариуцан зохион байгуулж шийдвэрлэнэ.

2 дугаар зүйл.Дундын мэдээллийн санг үүсгэхтэй холбогдсон арга хэмжээг улсын бүртгэлийн болон барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтарсан тушаалаар баталсан төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.

3 дугаар зүйл.Дундын мэдээллийн сан үүсгэх, хэвийн ажиллагаатай болох хүртэл хугацаанд кадастрын зураглалын мэдээллийн сан болон эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас лавлагаа, мэдээллийг хуульд заасан журмын дагуу өгнө.

4 дүгээр зүйл.Улсын бүртгэлийн байгууллагад ажиллаж байгаа эрх зүйч мэргэжил эзэмшээгүй улсын бүртгэгч нь хууль хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхэлснээс хойш 5 жилийн хугацаанд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан шаардлагыг хангасан байна.

5 дугаар зүйл.Энэ хуулийг Улсын бүртгэлийн ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД