Хэвлэх DOC Татаж авах
ТАЛБАЙН СОЛБИЦЛЫГ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 243

ТАЛБАЙН СОЛБИЦЛЫГ ТОГТООХ ТУХАЙ

Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.3, 9.1.11, 17.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын ТОГТООХ нь:

1. Сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг хавсралт ёсоор тогтоосугай.

2. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тухай бүр нийтэд мэдээлэн Ашигт малтмалын кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэж, тусгай зөвшөөрөл олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн нарт үүрэг болгосугай.

3. “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай”  Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “сонгон шалгаруулалтаар олгох талбайн солбицол” хэсэгт хамаарах 69288-144899 дугаар бүхий солбицол, “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлын тухай” Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 511 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “сонгон шалгаруулалтаар олгох талбайн солбицол” хэсэгт хамаарах 1-46602 дугаар бүхий солбицлыг тус тус хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайгаас хассугай.

4. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан “Талбайн солбицол тогтоох тухай” Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 37, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Засгийн газрын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 234 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                 У.ХҮРЭЛСҮХ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд                                      Д.СУМЪЯАБАЗАР