Хэвлэх DOC Татаж авах
АГЕНТЛАГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 250

АГЕНТЛАГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1, 9.1, Улсын Их Хурлын 2018 оны 56 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулсугай.

2. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын орон тооны дээд хязгаарыг 35 байхаар тогтоосугай.

3. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар шинээр байгуулагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгасугай:

3.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын орон тоо, төсөв, хөрөнгийг өөрийн эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн батлагдсан төсөв, орон тоо, үл хөдлөх болон эргэлтийн хөрөнгөөс шилжүүлэн зохицуулалт хийж шийдвэрлэх;

3.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг баталж мөрдүүлэх;

4. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын үйл ажиллагаанд шаардлагатай нэмэлт зардлыг төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар шийдвэрлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт зөвшөөрсүгэй.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 4 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт”-ын “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд” гэсэн заалтын “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн баганад “13. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар” гэж нэмсүгэй.

6. Мөн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалтын “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсгийн “13, 14, 15, 16, 17, 18, 19” гэсэн дугаарлалтыг     “14, 15, 16, 17, 18, 19, 20” гэж өөрчилсүгэй.

7. Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар”-т дор дурдсан агуулгатай 27 дахь хэсэг нэмсүгэй:

27. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар 35
8. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                               У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга                                                              Г.ЗАНДАНШАТАР