Хэвлэх DOC Татаж авах
ТӨРИЙН ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭ, ДООД ЖИШГИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 264

ТӨРИЙН ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭ, ДООД ЖИШГИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2019-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

Төрийн албаны тухай хуулийн 28.4.3, 28.6.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгийг 1 дүгээр хавсралт, Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгийг 2 дугаар хавсралт, Мэргэжлийн боловсрол олгох сургуулийн төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгийг 3 дугаар хавсралт, Шинжлэх ухааны байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгийг 4 дүгээр хавсралт, Соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгийг 5 дугаар хавсралт, Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод жишгийг 6 дугаар хавсралт, Эрүүл мэндийн салбараас бусад салбарын төрийн үйлчилгээний байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод жишгийг 7 дугаар хавсралт, Төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээг 8 дугаар хавсралт, Төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээг 9 дүгээр хавсралт, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо болон тэдгээртэй адилтгах төрийн байгууллагын ажлын албаны албан тушаалын цалингийн сүлжээг 10 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталж, 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

2. Төрийн зарим албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтооход шаардагдах хөрөнгийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчийн 2018 оны батлагдсан төсөвт зохицуулалт хийж шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Төрийн зарим албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 75, “Төрийн үйлчилгээний зарим албан тушаалын цалингийн доод жишгийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2014 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 208, “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай”  Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 332 дугаар тогтоолыг 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                               У.ХҮРЭЛСҮХ

Сангийн сайд                                                                       Ч.ХҮРЭЛБААТАР

Хөдөлмөр, нийгмийн

хамгааллын сайд                                                                 С.ЧИНЗОРИГ