A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 267

Улаанбаатар хот

ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30.1, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9 дүгээр тогтоолын 4 дэх хэсэгт "Мал эмнэлгийн газар" гэж нэмсүгэй.

(Энэ заалтыг Засгийн газрын 2021 оны 377 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2022-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

2. Сумын мал эмнэлэг, үржлийн нэгжийг сумын хөдөө аж ахуйн тасаг болгон өөрчилж, мал эмнэлгийн тасгийг шинээр байгуулсугай.

3. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн онцлог, ажлын ачааллыг харгалзан орон тооны дээд хязгаарыг хөдөө аж ахуйн тасагт 3, мал эмнэлгийн тасагт 2 байхаар тус тус тогтоосугай.

4. Сумын мал эмнэлгийн тасаг байгуулсантай холбогдуулан "Сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг тогтоох тухай" Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 13 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"1. Хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, үйлчлэх өрх, аж ахуйн нэгж, байгууллагын тоог харгалзан сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг 1500 хүртэл хүн амтай суманд 13, 1501-3000 хүртэл хүн амтай суманд 15, 3001-5000 хүртэл хүн амтай суманд 16, 5001-10000 хүртэл хүн амтай суманд 18, 10001-20000 хүртэл хүн амтай суманд 21, 20001-ээс дээш хүн амтай суманд 23 байхаар тус тус тогтоосугай."

5. Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтцэд мал үржлийн алба, Хан-Уул, Баянзүрх, Багануур, Багахангай, Налайх, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд хөдөө аж ахуйн тасаг мөн дүүргүүдэд мал эмнэлгийн тасгийг Нийслэлийн мал эмнэлгийн газрын харьяанд ажиллуулахаар, батлагдсан төсөв, орон тоондоо багтаан өөрчлөн зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод үүрэг болгосугай.

6. Аймаг, сумын хүнс, хөдөө аж ахуйн болон мал эмнэлгийн газар, тасгийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангахыг Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, аймаг, сумын Засаг дарга нарт даалгасугай.

7. Аймаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн болон мал эмнэлгийн газар, сум, дүүргийн тасгийн орон тоо, цалингийн сан, үйл ажиллагааны зардлыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчийн 2018 оны төсвийн багцад зохицуулалт хийж, санхүүжүүлэх арга хэмжээ авах, цаашид жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

8. Малын генетик нөөцийн тухай хуульд нийцүүлэн мал зүйч мэргэжилд хамаарах мэргэжлийн чиглэл, индексийг шинэчлэн батлахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг нарт үүрэг болгосугай.

9. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Сумдад мал эмнэлэг, үржлийн нэгж байгуулах тухай" Засгийн газрын 2010 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 223 дугаар тогтоолын 5 дахь заалт, "Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2017 оны 9 дүгээр 13-ны өдрийн 253 дугаар тогтоолын 2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.БАТЗОРИГ