

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд
2018 оны 11 сарын 05-ны өдрийн 4023 дугаарт бүртгэв.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Дугаар 08 Улаанбаатар хот
ЖУРАМ, ЖАГСААЛТ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9, 11 дүгээр зүйлийн 11.2, 14 дүгээр зүйлийн 14.8.6, 14.9.8, 14.9.9 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1. “Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим тусламж, үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах журам”-ыг нэгдүгээр, “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж, үйлчилгээний багц”-ыг хоёрдугаар, “Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж үйлчилгээний эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээ”-г гуравдугаар, “Даатгуулагчид гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээний үзлэгийн хуудас”-ыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой холбогдох арга хэмжээг зохион байгуулж, сурталчилан таниулж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Ч.Алтанхуяг/-т, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийг мэргэжил, арга зүйгээр ханган ажиллахыг Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газар /Р.Оюунханд/-т даалгасугай.
3. Энэ тогтоолоор баталсан журам, жагсаалтад нийцүүлэн холбогдох програм хангамжид нэмэлт, өөрчлөлт оруулахыг Эрүүл мэндийн хөгжлийн төв /Д.Ганцэцэг/-д үүрэг болгосугай.
4. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажлын алба /Л.Номин/-д даалгасугай.
ДАРГА Д.САРАНГЭРЭЛ
ДЭД ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
ГИШҮҮН Ч.ХҮРЭЛБААТАР
С.ЧИНЗОРИГ
Х.ГАНБААТАР
Ц.ГАНХҮҮ
Б.МЯГМАР
Д.ЧИМЭДДАГВА
Ч.ЦОЛМОНГЭРЭЛ
