A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 316

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Барилгын тухай хуулийн 32.1.9-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2017 оны 170 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Барилгын ажлын захиалагчийн дүрэм"-д дор дурдсан агуулга бүхий 2.8, 2.9, 2.10, 3.18, 3.19, 3.20, 3.21 дэх заалт нэмсүгэй:

1/ "2.8.Захиалагч Барилгын тухай хуулийн 37.1.4-т заасан барилгын үе шатны ажилд тавих хяналтыг хэрэгжүүлэхдээ захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэх эрх бүхий этгээдийг томилон ажиллуулна."

2/ "2.9.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламжийн захиалагчийн чиг үүргийг хариуцан хэрэгжүүлэгч этгээд нь Барилгын тухай хуулийн 42.3-т заасны дагуу бүртгүүлсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий этгээдийг гэрээний үндсэн дээр ажиллуулж болно."

3/ "2.10.Захиалагч Барилгын тухай хуулийн 16.3-т заасан барилгын ажлын талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төслийн дагуу барилгын ажлыг гүйцэтгүүлнэ."

4/ "3.18.Захиалагч барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална."

5/ "3.19.Захиалагч Барилгын тухай хуулийн 37.1.2-т заасан мэдээлэлд тухайн барилга байгууламжийн зураг төсөл, барилгын ажлын зөвшөөрлийн талаар болон зураг төсөл зохиогч, барилгын ажлын гүйцэтгэгчийн талаарх мэдээллийг тодорхой тусгана."

6/ "3.20.Захиалагч Барилгын тухай хуулийн 10.1.2-10.1.5, 32.1.5-д тус тус заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг эрх бүхий байгууллагад гаргаж, холбогдох ажлыг зохион байгуулна."

7/ "3.21.Захиалагч барилга байгууламжийг ашиглалтад оруулснаас хойш 30 хоногийн дотор гүйцэтгэгчтэй хамтран Барилгын тухай хуулийн 46.3-т заасан баримт бичгийг холбогдох архив болон ашиглагч буюу өмчлөгч, эзэмшигчид тус тус хүлээлгэн өгнө."

2. Мөн дүрмийн 1.1 дэх заалтын "..., гүйцэтгэлийг баталгаажуулах" гэсний дараа "хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрийг үр ашигтай зарцуулах, материал, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг оновчтой зохион байгуулах," гэж, мөн дүрмийн 3.13 дахь хэсгийн "Орон нутагт ..." гэсний өмнө "Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр" гэж тус тус нэмсүгэй.

3. Мөн дүрмийн 2.4, 3.1.4, 3.10, 3.11 дэх заалт, дэд заалтыг дор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай:

1/ "2.4.Хөрөнгө оруулагч, захиалагч нь гүйцэтгэгчтэй байгуулах гэрээнд Барилгын тухай хуулийн 8.2-т заасан даатгалтай холбоотой зохицуулалтыг тусгана." 2/ "3.1.4.Барилгын тухай хуулийн 38.1.4-т заасны дагуу зураг төсөл зохиогчтой гэрээг байгуулж, барилгын ажлын үе шатанд зохиогчийн техникийн хяналт хийлгэн дүгнэлт гаргуулж, илэрсэн зөрчлийг арилгуулах."

3/ "3.9.Барилга байгууламжийн ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаанд ажиллах мэргэжилтнийг сургаж, дадлагажуулах арга хэмжээг гүйцэтгэгчтэй хамтран зохион байгуулна."

4/ "3.10.Захиалагч үе шатны ажилд техникийн хяналт тавих, гүйцэтгэлийн тэмдэглэл, ил далд ажлын болон тоног төхөөрөмжийн угсралт, туршилт, тохируулга хийсэн акт, санхүүжилтийн тооцоо, холбогдох бусад баримт бичгийг барилгын ажил гүйцэтгэх график, гэрээний дагуу барилгын үйл ажиллагаанд оролцогчтой хамтран хянаж, баталгаажуулахаас гадна техникийн хяналт хэрэгжүүлэх эрх бүхий этгээдтэй хамтарсан үзлэг шалгалтыг урьдчилан сэргийлэх зорилгоор тухай бүр хийсэн байна."

4. Мөн дүрмийн 2.5 дахь заалтын "шаардагдах мэргэжил, мэдлэг, чадвар," гэснийг "мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, ажлын дадлага," гэж, мөн дүрмийн 3.2 дахь заалтын "барилга байгууламжийн байршил, загвар зургийг баталгаажуулсан эрх бүхий байгууллагын шийдвэр," гэснийг "барилга байгууламжийн батлагдсан байршил, загвар зураг" тус тус өөрчилсүгэй.

5. Мөн дүрмийн 3.4, 3.5, 3.6, 3.7, 3.8, 3.9, 3.10, 3.11, 3.12, 3.13, 3.14, 3.15, 3.16, 3.17, 3.18 дахь хэсгийн дугаарыг "3.3, 3.4, 3.5, 3.6, 3.7, 3.8, 3.9, 3.10, 3.11, 3.12, 3.13, 3.14, 3.15, 3.16, 3.17" гэж өөрчилсүгэй.

6. Мөн дүрмийн 2 дахь хэсгийн гарчгийн "төрөл," гэснийг хассугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Барилга, хот байгуулалтын сайд Х.БАДЕЛХАН