Хэвлэх DOC Татаж авах

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

 

2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр                                                                  Дугаар 19                                                                                               Улаанбаатар хот 

    ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх заалт, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.8.6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2017 оны 27 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (орон тооны бус)-ийн дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.“Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах журам”-ыг нэгдүгээр, “Урьдчилан сэргийлэх үзлэгийн багц"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (Ч.Алтанхуяг)-т ДААЛГАХ нь:

2.1.Даатгуулагчид урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагатай даатгалын гэрээ байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

2.2.Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан төв, орон нутгийн эрүүл мэндийн даатгалын байгууллагыг мэргэжил аргазүй, удирдлагаар хангах, иргэд, даатгуулагч, эрүүл мэндийн байгууллагуудад мэдээлэл хүргэх, сурталчлах ажлыг шуурхай зохион байгуулах;

3.Даатгуулагчид урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил аргазүйгээр хангах, хяналт тавих, иргэдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах талаар эрүүл мэндийн даатгалын байгууллагатай хамтран ажиллахыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Э.Содномжамц/-д үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан програм хангамжид нэмэлт, өөрчлөлт оруулахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Ч.Алтанхуяг/, Эрүүл мэндийн хөгжлийн төв /Д.Ганцэцэг/ нарт үүрэг болгосугай.

5.Тогтоолыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хянуулж, бүртгүүлэхийг Ажлын албанд үүрэг болгосугай.

6.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

7.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажлын алба /Л.Номин/-нд үүрэг болгосугай.

 

 

                                                ДАРГА                                Д.САРАНГЭРЭЛ