Хэвлэх DOC Татаж авах
Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН

ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ДҮГНЭЛТ

 

                              2018 оны 11 дүгээр сарын  14-ний өдөр                                                                                                        Дугаар 14                                                                                          Улаанбаатар хот                                                                                        

  

  Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр

      зүйлийн 159.4 дэх хэсэг Монгол Улсын

      Үндсэн хуулийн холбогдох заалтыг

      зөрчсөн эсэх маргааныг хянан

    шийдвэрлэсэн тухай


 

 

                Үндсэн хуулийн цэцийн

                        хуралдааны танхим 15.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг, Б.Буяндэлгэр /илтгэгч/, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Н.Наранбаяр, Г.Бямбажаргал болон, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг нар оролцлоо.

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “ Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

 

Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Наранбаяр, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны оршин суугч, иргэн Г.Бямбажаргал нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

 

“1. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай Сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж бүрэн эрх нь дуусгавар болно.” гэж заажээ.

 

Энэхүү заалтаас үзвэл иргэдийн Төлөөлөгчийг “нэр дэвшигчийн” хувьд гэсэн онол, арга зүйн огт байхгүй ойлголтыг бий болгосон байдаг. Үндсэн хуулийн эрх зүйн хувьд нэр дэвшигч сонгуулийн хууль тогтоомжийн шаардлагын дагуу сонгогдсон нөхцөлд иргэдийн Төлөөлөгч гэсэн субъект болдог. Иргэдийн Төлөөлөгч хэмээх субъект буцаж нэр дэвшигч болох тухай хууль зүйн зохицуулалт байж хэрхэвч болохгүй. Сонгуулийн эрх зүйн хувьд нэр дэвшигчийн талаарх эрх зүйн зохицуулалт, иргэдийн Төлөөлөгчийн талаарх эрх зүйн зохицуулалт тус тусдаа байх ёстой. Энэхүү нөхцөл байдал нь сонгуулийн үр дүнд иргэдийн Төлөөлөгчөөр сонгогдож бүрэн эрх нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталгаажиж, мандат авсан иргэдийн Төлөөлөгчийн бүрэн эрхэд нэр дэвшигчтэй адил халдах байдлыг үгүйсгэж байгаагаараа түүний Үндсэн хуулийн хүрээн дэх эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалт болсон гэж үзэж байна.

 

Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт сонгуулийн байгууллага нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасахаар зохицуулсан байдаг. Энэ зүйлийн агуулгаас үзвэл иргэдийн Төлөөлөгчийн мандатыг сонгуулийн байгууллага хүчингүй болгож, бүрэн эрхийг дуусгавар болгож байх юм. Гэтэл Үндсэн хуулийн эрх зүйн хүрээнд Сонгуулийн байгууллага нь сонгуулийг зохион байгуулж явуулах үндсэн чиг үүрэг бүхий этгээд юм. Үндсэн хуулийн эрх зүйн агуулгаар бол сонгуулийн харилцаанд нэр дэвшигч ялалт байгуулж ард түмний төлөөлөгчөөр буюу иргэдийн Төлөөлөгчөөр сонгогдож, бүрэн эрх нь баталгаажсан тэрхүү эрх зүйн механизмаар буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Төлөөлөгчийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох эсэх асуудлыг шийдвэрлэж байх ёстой.

 

Сонгуулийн тухай хуулийн дээрх зохицуулалт нэг талаасаа сонгогчдын сонгох эрх, иргэдийн Төлөөлөгчдийн сонгогдох эрхэд Үндсэн хуулийн агуулгад нийцээгүй байдлаар халдаж байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” хэмээн хуульчилсан заалтын агуулгатай дээрх зохицуулалт зөрчилдөж байна.

 

2. Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай Сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж бүрэн эрх нь дуусгавар болно." гэж заажээ. Гэтэл орон нутгийн хурлын сонгуулиас бусад төрлийн сонгуульд энэ заалттай төсөөтэй буюу ижил зохицуулалт байхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн харилцаанд Улсын Их Хурлын гишүүн болон Ерөнхийлөгчийн тухайд “нэр дэвшигчийнх” нь хувьд гэдэг ойлголт, зохицуулалт байдаггүй. Энэ нөхцөл байдал нь сонгуулийн харилцаанд эрх тэгш байдлыг алдагдуулж байгаа зохицуулалт гэж үзэх үндэслэлийг бий болгож байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна." гэсэн заалттай Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэг бүрэн нийцэхгүй байгаа юм.

 

3. Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэг “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх нь хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай Сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж бүрэн эрх нь дуусгавар болно.” гэж заажээ. Энэ зүйлийн зохицуулалт нь өнгөцхөн харахад хууль тогтоомжийн зохицуулалтын алдаа мэт харагдах хэдий ч хэрэгжиж байгаа мөн чанар нь ард түмний засгийн эрх мэдэлд халдсан шинжтэй байгаа юм. Бодит амьдрал дээр сонгуулийн байгууллага иргэдийн Төлөөлөгчдийн бүрэн эрхийг дуусгавар болгож, мандатыг нь хүчингүй болгож байгаа практик байгааг дурдах нь зүйтэй. Цаашид энэхүү байдал үргэлжлэх нь Монгол Улсын иргэдийн Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлээр тодорхойлогдсон эрхэнд ноцтой халдаж байх нөхцөл бүрдүүлж байгаа билээ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” хэмээн заасан юм. Сонгуулийн тухай хуулийн дээр дурдсан зохицуулалт нь агуулгын хувьд Үндсэн хуулийн энэхүү заалттай бүрэн харшилж байна. Учир нь ард түмэн сонгосон төлөөлөгчдийн байгууллагын тухайд түүнийг төлөвшүүлэн бүрдүүлсэн эрх зүйн механизмаар уг байгууллагыг бүрдүүлж буй иргэдийн Төлөөлөгчийн бүрэн эрхийг хязгаарлах хууль зүйн зохицуулалтыг тодорхойлох ёстой. Гэтэл энэ асуудлыг сонгуулийн байгууллага шийдвэрлэх эрх мэдэлтэй байхаар Сонгуулийн хуулиар хуульчилсан юм. Иймд Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчийн мандатыг хүчингүй болгож, бүрэн эрхийг нь дуусгавар болгох талаарх Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэг нь дээр дурдсан агуулгатай бүрэн нийцэхгүй байна.

 

Иймд Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай Сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж бүрэн эрх нь дуусгавар болно.” гэж заасан нь  Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтыг тус тус зөрчсөн болохыг тогтоож өгнө үү.” гэсэн байна.

 

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

 

“1. Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөөгчийг нэр дэвшигчийнх нь хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” гэснийг зөрчөөгүй талаар:

 

Монгол Улсын Үндсэн хуулиар засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байх зарчмыг хуульчилсан нь төрийн засаглах эрх мэдлийн эх сурвалж нь ард түмэн гэснийг нотолж байгаа хэлбэр бөгөөд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэдэг нь ардчиллын зарчмын хэрэгжилтийг хангах засаглалын оновчтой механизм юм. Иймд төлөөлөх ардчилал нь ард түмний сонгон байгуулсан төрийн байгууллагаараа дамжуулж төрийн засаглах эрх мэдлийг хэрэгжүүлдэг удирдлагын арга бөгөөд Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Монгол Улсын засгийн бүх эрх мэдлийг ард түмний  мэдэлд байх зарчмыг зөрчөөгүй ба ард түмэн төрийн хэрэгт шууд оролцох боломжийг нь ямар нэг байдлаар хөндөөгүй болно.

 

Үндсэн хуулийн зарим төрлийн эрхэд зөвшөөрөх журам тогтоосон байдаг. Холбогдох төрийн байгууллага эсвэл нутгийн удирдлагын байгууллагаас зөвшөөрөл авсны дараа зөвхөн тэдгээр нь хэрэгжих боломжтой болно. Гэхдээ хүн өөрийн Үндсэн хуулийн эрхийг чөлөөтэй эдэлж болох боловч эрхээ буруугаар ашигласан, хууль зөрчсөн нөхцөлд хариуцлага хүлээлгэх механизм бүрддэг. Сонгуулийн тухай хуульд аливаа сонгуульд нэр дэвшихдээ хориглох үйлдэл болон түүний улмаас нэрийн жагсаалтаас хасах зохицуулалтыг нарийвчлан хуульчилсан. Тиймээс орон нутгийн төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн хэдий ч тухайн сонгуульд нэр дэвшихдээ хууль зөрчиж төлөөлөгчөөр сонгогдсон бол сонгуулийн хорооны шийдвэрээр тухайн төлөөлөгчийн мандатыг хүчингүй болгож, бүрэн эрх нь дуусгавар болгоно. Учир нь ард түмэн төрийн үйл хэрэгт оролцох эрхээ хэрэгжүүлснээр сонгож байгуулсан орон нутгийн Хурлын төлөөлөгч нь сонгогдохдоо хуульд заасан хориглох хэм хэмжээг зөрчин сонгогдсон нь ард түмний сонгох эрхийг зөрчсөн үйлдэл болох тул орон нутгийн төлөөлөгчийн хувьд шинээр илэрсэн нөхцөл байдлыг нь харгалзан тухайн төлөөлөгчийн мандатыг нь хүчингүй болгож, бүрэн эрхийг нь дуусгавар болгох үндэслэл болно.

 

Сонгуулийн тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын сонгууль нь нутгийн өөрөө удирдах байгууллагыг орон нутгийн иргэд өөрсдийн төлөөлөгчдөөр бүрдүүлэх үндсэн арга мөн.” гэж заасан үндэслэлээр сонгогчид төрийн үйл ажиллагаанд шууд оролцож, сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан эрхээ эдэлж байгааг нь зөрчөөгүй бөгөөд  Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэг нь орон нутгийн хурлын төлөөлөгчийг сонгох журмыг тогтоосон заалт бөгөөд энэ нь ард түмний засаглах бүрэн эрхийг үл хөндсөн болно.

 

2. Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэснийг зөрчөөгүй талаар:

 

Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим нь аливаа этгээдэд адил шударга, хүндэтгэлтэй хандаж, хуулийг чанд, нэг мөр хэрэглэх агуулгыг илэрхийлдэг бөгөөд хуулийн өмнө тэгш байх ерөнхий эрхийн хүрээнд тэгш сонгогдох эрх хамгаалагдсан болохыг илэрхийлдэг. Гэхдээ тодорхой тохиолдолд буюу зөрчил үйлдсэн этгээдэд түүний зан үйлээс шалтгаалан үйлдэл, үйл ажиллагаанд хуулийн нэг зохицуулалт ялгаатай байдлаар бус харин хуулийн өөр зохицуулалт үйлчлэх нь хуулийн өмнө эрх тэгш байх зарчмыг хөндөхгүй байх бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд илүү нийцнэ гэж үзэж байна. Үндсэн хууль зөвхөн тэгш эрхийг хангаж, өөрөөр хэлбэл бүх хүнд нэгэн адил хууль зүйн ижил боломж олгодог, ижил тэгш үүрэг хүлээлгэдэг. Тиймээс хуулийн өмнө тэгш байна гэдэг нь албан тушаал, нийгмийн байдал, хувь хүний бусад шинж чанараас үл хамааран хууль бүгдэд нь адил үйлчилж, хууль зөрчсөн нөхцөлд бүх хүн адилхан хариуцлага хүлээх ёстой гэсэн үг юм.

 

Сонгуулийн тухай хуульд Монгол Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шаардлага, эрх үүрэг, баталгаа, хориглох үйлдэл, үйл ажиллагаа, захиргааны зөрчлийн хэлбэр, хариуцлага зэргийг нийтлэг байдлаар хуульчилсан. Сонгуулийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэг, 159 дүгээр зүйлийн 159.2 дахь хэсэгт нэр дэвшигч Сонгуулийн тухай хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлэх талаар адил зохицуулалттай. Тиймээс Сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйлд нэр дэвшигч нь Сонгуулийн тухай хуулийн хамаарах хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд орон нутгийн Хурлын төлөөлөгчөөр хүлээн зөвшөөрөгдсөн ч нэр дэвшигчийн хувьд нэрийн жагсаалтаас хасаж төлөөлөгчийн мандат хүчингүй болно.

 

Төрийн үйл ажиллагааны эрх чөлөө, тэгш байдлын зарчим нь шударга ёсны зарчмаас эх үүсвэртэй бөгөөд сонгуулийн тухай хуулийн үндсэн зорилго болох аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үндсэн зарчим, журам, сонгууль зохион байгуулахтай холбоотой харилцааг бусад эрх бүхий этгээдийн сонгуультай адил зохицуулсан нь шударга ёсны зарчмыг хангаж байгаа тул төрийн үйл ажиллагаанд эрх чөлөө, тэгш байдлын зарчим зөрчигдөөгүй гэж үзэж байна.

 

3. Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” гэснийг зөрчөөгүй талаар:

 

Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу иргэн нь шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох, төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан бөгөөд төрийн зохих байгууллага, албан тушаалд тавигдах шаардлагыг харгалзан хуулиар тусгайлан тогтоож болохоор заасны дагуу Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан өөрийн онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт нэр дэвшигчид хүлээлгэх хариуцлагыг хуульчилжээ.

 

Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “нэр дэвшигч” гэж энэ хуульд заасан журмын дагуу тухайн сонгуульд нэр дэвшиж бүртгүүлсэн, нэр дэвшигчийн үнэмлэх авсан иргэнийг хэлнэ гэж заажээ. Орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн эрх зүйн байдлыг адил тодорхойлсон бөгөөд нэр дэвшигч сонгуулийн тухай хуулийн хориглох заалтыг зөрчиж иргэдийн Төлөөлөгчөөр сонгогдож бүрэн эрх нь баталгаажсан ч түүний эрх зүйн байдал нь хэрхэн тодорхойлогдсон байсан нь үл хамааран бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгоно.

Энэхүү зохицуулалт нь Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангаж, төр хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах Үндсэн хуулийн зарчмыг хангаж байна гэж үзсэн болно.

Иймд Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад заасныг тус тус зөрчөөгүй болно.” гэсэн байна.

 

ҮНДЭСЛЭЛ:

 

1. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгуулийн тухай хуулийг батлан гаргаж Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч болон орон нутгийн хурлын сонгуулийн үндсэн зарчим, журмыг тодорхойлж, эдгээр сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан байна.

 

Сонгуулийн тухай хуульд Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуулийн үеийн зөрчлийн хэлбэр, нэр дэвшигчийн жагсаалтаас хасах үндэслэл зэргийг нийтлэг байдлаар хуульчилсан байна. Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, 159 дүгээр зүйлийн 159.2 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийг ижил үндэслэлээр нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлэхээр нэгэн адил зохицуулжээ.

 

Гэтэл тус хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт  “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно.” гэж хуульчилсан боловч Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшиж сонгогдсон гишүүн тангараг өргөн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсний дараа сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл нь тогтоогдвол ямар нэгэн хариуцлага тооцох талаар Сонгуулийн тухай хуульд тусгаагүй байна.

 

Ийнхүү сонгуулийн дүнд байгуулагддаг Улсын Их Хурал болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэлд нь хүлээлгэх хариуцлагыг илтэд ялгавартайгаар, тухайлбал Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшин сонгогдож тангараг өргөн, бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн Улсын Их Хурлын гишүүнд хүлээлгэх энэ төрлийн хариуцлагыг хуульчлаагүй нь Үндсэн хуулиар баталгаажсан шударга ёс, тэгш байдлын зарчмыг алдагдуулсан, Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.  

 

2. Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт заасны дагуу иргэдийн Төлөөлөгчөөр сонгогдож бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн мандатыг хүчингүй болгох, бүрэн эрхийг дуусгавар болгох үр дагавар бүхий шийдвэрийг орон нутгийн сонгуулийн хороо гаргахаар хуульчилсан нь нутгийн өөрөө удирдах байгууллагын Үндсэн хуулиар тодорхойлогдсон эрх хэмжээнд тухайн сонгуулийг удирдан зохион байгуулах чиг үүрэгтэй байгууллага халдах боломж олгосон зохицуулалт болжээ.

 

Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсгийн найруулга, хууль зүйн томъёолол боловсронгуй бус, хууль зүйн техникийн хувьд алдаатай, мөн түүнчлэн хуулийн системчлэлийн хувьд уг хуулийн уялдаа холбоо бүхий зүйл, заалтад болон бусад холбогдох хуульд энэ талаарх зохицуулалт, журмыг тодорхой тусгаагүй байна.

 

3. Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчимд нийцүүлэн сонгуулийн аль ч үе шатанд сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон бол тангараг өргөсөн Улсын Их Хурлын гишүүн, бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч хэн боловч сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээдэг байхаар холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлага байгааг хууль тогтоогч анхаарвал зохино.

 

4. Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын Монгол Улсын иргэн “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

 

1. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэсэн заалтыг зөрчсөн байна.

 

2. Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын Монгол Улсын иргэн “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. …”  гэснийг тус тус зөрчөөгүй байна.

 

3. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно.” гэсэн заалтын үйлчлэлийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

 

4. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

 

                                                                                                                      ДАРГАЛАГЧ                                     Н.ЧИНБАТ

                                                                                                                            ГИШҮҮД                                     Д.ГАНЗОРИГ

                                                                          Б.БУЯНДЭЛГЭР

                                                                          Г.ТУУЛХҮҮ

                                                                          Ц.НАНЗАДДОРЖ