Хэвлэх DOC Татаж авах
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл  батлах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2018 оны 11 сарын 15 өдөр
Төрийн ордон,Улаанбаатар хот

Дугаар 84

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг хавсралтаар баталсугай.

2.Доор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/, Монголбанк /Н.Баяртсайхан/, Санхүүгийн зохицуулах хороо /С.Даваасүрэн/-нд даалгасугай:

1/Монгол Улсаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр авсан арга хэмжээнд олон улсын байгууллагаас хийсэн үнэлгээг дээшлүүлэх шат дараалсан арга хэмжээг төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;

2/гадаад валютын нөөцийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан түвшинд дунд хугацаанд хүргэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

3/зээлийн хүүг бууруулах стратегийн хэрэгжилтийг хангах;

4/чанаргүй активыг бууруулах стратегийн хэрэгжилтийг хангах;

5/санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах эрх зүйн орчныг бий болгож, хэрэгжилтийг хангах чиглэлээр зохих арга хэмжээг авах;

6/санхүүгийн салбарыг дэмжиж, тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах;

7/Монгол Улсын гадаад валютын урсгалын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, улирал тутам тайлагнаж байх;

8/ипотекийн зээлийг эдийн засгийн төлөв, санхүүгийн чадавхтай уялдуулж урт хугацаанд тогтвортой үргэлжлүүлэх;

9/алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах асуудлыг судалж, шийдвэрлэх.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Д.Дамба-Очир/-нд үүрэг болгосугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД