Хэвлэх DOC Татаж авах
Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН

ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ДҮГНЭЛТ

 

                              2018 оны 11 дүгээр сарын  21-ний өдөр                                                                                                        Дугаар 15                                                                                          Улаанбаатар хот                                                                                        

  

Захиргааны ерөнхий хууль болон

Захиргааны хэрэг шүүхэд хянан

 шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт

Үндсэн хуулийн холбогдох заалтыг

зөрчсөн эсэх маргааныг хянан

шийдвэрлэсэн тухай

 

Үндсэн хуулийн цэцийн

хуралдааны танхим 16.00 цаг

 

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг /илтгэгч/, Ш.Цогтоо, Д.Солонго, Ш.Солонго нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын дээд шүүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, шүүгч Г.Банзрагч болон Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нар оролцов.

 

            Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн холбогдох заалт, түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтын холбогдох хэсэг, 7 дугаар зүйлийн 7.3, 112 дугаар зүйлийн 112.9 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх ... эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

 

Нэг. Монгол Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан хүсэлтдээ:

 

“... Монгол Улсад Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль батлагдаж, хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт орсон юм. Үүнд:

 

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэсэн захиргааны актыг үндсэн шинжээр нь тодорхойлсон хууль зүйн ойлголтод “захиргааны байгууллагаас” гэсний дараа “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад” гэсэн ангиллыг оруулж өгснөөр зөрчилд оногдуулах захиргааны хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг захиргааны актад хамруулахгүй болгосон. Тодруулбал, өмнө нь захиргааны хяналт шалгалт нь захиргааны үйл ажиллагааны нэг бие даасан төрөлд тооцогдож, хяналт шалгалтыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, дуусгах, шалгалтын явцад зөрчлийг тогтоох, түүнд захиргааны хариуцлага хүлээлгэх зэрэг харилцаа нь бүхэлдээ захиргааны эрх зүйгээр зохицуулагдаж /Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох бусад хуулиудаар/, захиргааны хариуцлага хүлээлгэсэн шийдвэр /шийтгэл/ нь захиргааны актад хамаарч байсан.

 

Гэтэл дээрх хуулийн өөрчлөлт орсноор захиргааны зөрчилд хүлээлгэх шийтгэлийг захиргааны акт биш гэж үзсэн, иймээс Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын “гэмт хэрэг мөрдөн байцаах ажиллагаа” гэснийг “хууль сахиулах, гэмт хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа” гэж өөрчилсөн. Үүний улмаас Захиргааны ерөнхий хуулийн нийтлэг шаардлага болох захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зэрэг шаардлага нь зөрчилд хүлээлгэсэн шийтгэлд /захиргааны актад/ хамаарахгүй болсон.

 

Нэгэнт зөрчлийн шийтгэлийг захиргааны акт биш гэж үзсэн тул захиргааны хэргийн шүүх зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлээр үүсэх захиргааны хэргээс өөрөөр буюу “гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журмаар эрүүгийн хэргийн шүүхийн нэгэн адил зарчмаар шийдвэрлэх ёстой гэсэн үзэл баримтлалаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11. ““гомдол” гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл, ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг”; 7 дугаар зүйлийн 7.3. “Энэ зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан зарчим нь гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй.”; 112 дугаар зүйлийн 112.9. “Шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт нотлох баримт цуглуулахгүй.” гэсэн зохицуулалтыг нэмсэн байна.

 

Гэтэл эдгээр хуулийн нэмэлт, өөрчлөлтийн улмаас иргэд захиргааны акттай холбоотой маргааны хувьд нэг хэсэг нь захиргааны хэргийн шүүхэд захиргааны журмаар буюу “нэхэмжлэгч”-ийн хувиар маргах бол, харин нөгөө хэсэг нь зөрчилд “холбогдогч"-ийн хувиар гомдол гаргах болсон. Үүний ялгаа нь хүн, хуулийн этгээдээс захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэгчийн хувиар захиргааны акттай холбогдуулан маргах тохиолдолд шүүх “нотлох зарчим”-ыг хэрэгжүүлэн тухайн захиргааны акт хууль ёсны эсэхийг Захиргааны ерөнхий хууль болон бусад тусгай хуулийн хүрээнд агуулга буюу хууль хэрэглээний хувьд нь, хэлбэр буюу шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримталсан эсэхэд нь хяналт тавина.

 

Харин зөрчлийн хэргийн тухайд захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын актыг биш зөрчилд холбогдогчийн /гомдол гаргагчийн/ үйлдлийг буюу холбогдогч гэм буруутай эсэхийг шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэхгүйгээр зөвхөн шийтгэл оногдуулж буй албан тушаалтны бүрдүүлсэн хэргийн материалын хүрээнд хянахад хүрч байгаа юм. Ийнхүү захиргааны хэргийн шүүх нь захиргааны маргааныг хоёр өөр журмаар /зарчмаар/ шийдвэрлэж байгаа нь “хууль тогтоогчийн зүгээс хүн бүрт эрх, үүрэг, хариуцлагыг ямар нэг ялгаваргүйгээр тогтоох, хүн бүр шүүхээр адилхан хамгаалуулах” агуулга бүхий Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчим зөрчигдөж байна.

 

Мөн Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах” төрийн үүрэг нь юуны түрүүнд хүний үндсэн эрх, эрх чөлөө, бусад хуулиар хамгаалагдсан хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын буюу төрийн өөрийнх нь хууль бус үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэгддэг. Ийм ч учир Монгол Улс захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль ёсны эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эсэхийг хөндлөнгийн байр сууриас хянан шийдвэрлэдэг захиргааны хэргийн шүүхийг байгуулсан нь Үндсэн хуулийн уг зүйл, заалт бодитойгоор хэрэгжих, улмаар эрх зүйт төрийг бэхжүүлэхэд нэг том алхам болсон.

 

Захиргааны хэргийн шүүх энэхүү хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлэх гол арга зам нь “шүүх нотлох зарчим”, түүний үндсэн дээр хэрэгжих талуудын тэгш мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх явдал юм. Тодруулбал, захиргааны хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог болох “шүүх нотлох зарчим”-ын үндсэн зорилго нь нэг талд эрх мэдэлгүй хүн, хуулийн этгээд нөгөө талд хуулиар давуу эрх олгогдсон “захиргаа” гэсэн хүч тэнцвэргүй талуудын эрх зүйн байдлыг тэнцвэржүүлснээр /захиргаанаас давуу эрхээ хэтрүүлэхийг нь хязгаарласнаар/ хэргийн бодит үнэнийг тогтооход чиглэгддэг бөгөөд үүгээрээ эрх тэгш талуудын өөрсдийнх нь цуглуулсан нотлох баримтын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэдэг иргэний хэргийн шүүхийн процессоос, шүүгдэгчийн гэм бурууг нотлох прокурорын яллах дүгнэлт болон түүнийг няцаах өмгөөлөгчийн тайлбарын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэдэг эрүүгийн хэргийн шүүхийн процессоос ялгаатай. Нэг үгээр хэлбэл, захиргааны хэргийн шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлснээр хэргийн оролцогчдын тэгш байдлыг хангадаг.

 

Гэтэл захиргааны хэргийн шүүх зөрчлийн хэргийн тухайд “шүүх нотлох зарчим”-ыг хэрэгжүүлэх боломжгүй болсноор үнэн чанартаа Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх” төрийн үүрэг биеллээ олохгүй болж байгаа нь Үндсэн хуулийн зөрчилд хүргэж байна.

 

Түүнчлэн, хэрэв Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах хүний үндсэн эрхийн агуулгыг зөвхөн “шүүхэд хандах эрх”-ээр хязгаарлахгүйгээр зөрчигдсөн эрх нь “бодитойгоор хамгаалагдах эрх”-ийн агуулгаар авч үзвэл, өмнө нь хүн, хуулийн этгээдийн зүгээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд мэдүүлэх эрхээ эдэлдэг байсан бол, харин одоо эсрэгээрээ захиргааны байгууллагын зүгээс хүн, хуулийн этгээдийг буруутгаж зөрчилд холбогдуулсны улмаас “хэрэгт холбогдогч"-ийн хувиар “гэм буруугүйгээ нотлох” болсноороо зөрчилдөж байна.

 

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн уг зүйлд заасан хүний “шүүхэд мэдүүлэх, шударга шүүхээр шүүлгэх эрх” нь захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас эрх нь зөрчигдсөн гэж үзэж буй этгээд нь шүүхэд нэхэмжлэгчийн хувиар шаардлага гаргах, маргаж буй асуудлыг үндэслэх, няцаах нотлох баримтыг заах, гаргах, тайлбарлах, мэргэжлийн байгууллагаар шинжлүүлэх, үзлэг, туршилт хийлгүүлэх зэргээр мэтгэлцэх, нотлох ажиллагаа хийлгүүлэх боломжтой байх, захиргааны хэргийн шүүх нь зөрчилд холбогдогчийн гэм буруутай эсэхийг тогтоохын тулд бус харин нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь захиргааны шийдвэр, үйл ажиллагаанаас зөрчигдсөн эсэхийг тогтоогчийн хувьд хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах хууль зүйн зохицуулалт бүрдсэн үед бодитойгоор хэрэгжих учиртай. Гэтэл эдгээр зарчмууд алдагдсанаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан хүний үндсэн эрх бодит байдал дээр хэрэгжих, хамгаалагдах боломжгүй болсон гэдэг утгаараа зөрчил гэж үзэхэд хүрч байна.

 

Иймд Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Монгол Улсын хуулийн 1 дүгээр зүйлд “Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн “захиргааны байгууллагаас” гэсний дараа “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад” гэж нэмсүгэй.”, мөн хуулийн 2 дугаар зүйлд “Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын “гэмт хэрэг мөрдөн байцаах ажиллагаа" гэснийг “хууль сахиулах, гэмт хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа” гэж өөрчилсүгэй.” гэж; мөн өдөр баталсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй: 1/3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалт: “3.1.11. “гомдол” гэж ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг.”; 2/7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг: “7.3.Энэ зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан зарчим нь гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй.”; 5/112 дугаар зүйлийн ... 112.9 дэх хэсэг: ... 112.9.Шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт нотлох баримт цуглуулахгүй.” гэж тус тус хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасныг зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү.” гэжээ.

 

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

 

“Нэг. Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн “захиргааны байгууллагаас” гэсний дараа “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад” гэж нэмсүгэй.”, мөн хуулийн 2 дугаар зүйлд “Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын “гэмт хэрэг мөрдөн байцаах ажиллагаа" гэснийг “хууль сахиулах, гэмт хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа” гэж өөрчилсүгэй.” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй талаар:

 

1.1 Захиргааны ерөнхий хуулийн 3.1.4 дэх заалт, 37.1 дэх хэсэгт оруулсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүй байх, зөрчил шалган шийдвэрлэхэд гаргасан акт нь захиргааны актад хамаарахгүй байх агуулгатай нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг баталсантай холбогдуулан түүнд нийцүүлэн оруулсан.

 

2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Зөрчлийн тухай хуулиар зөрчлийг гэмт хэргээс зааглан тогтоож, 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг санаатай болон болгоомжгүй байдлаар зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчил болно.

 

Иймд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой үүсэх аливаа харилцаа нь Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд үүсэх харилцаанаас ялгаатай тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зохицуулах нь зүйтэй гэж хууль тогтоогч үзсэн.

 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн “Хуулийн үйлчлэх хүрээ” гэсэн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь зөрчил хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана.”, 1.4 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад ““зөрчил шалган шийдвэрлэх” гэж зөрчлийн хэрэг бүртгэлт, түүнд тавих прокурорын хяналт, зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааг;” ойлгохоор тус тус хуульчилсан. Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй бөгөөд тухайн зөрчлийг шалган тогтоох, буруутай этгээдэд шийтгэл оногдуулах эсэхийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчим нь аливаа этгээдэд адил шударга, хүндэтгэлтэй хандаж, хуулийг чанд, нэг мөр хэрэглэх агуулгыг илэрхийлдэг. Гэхдээ тодорхой тохиолдолд буюу зөрчил үйлдсэн этгээдэд түүний зан үйлээс шалтгаалан үйлдэл, үйл ажиллагаанд хуулийн нэг зохицуулалт ялгаатай байдлаар бус харин хуулийн өөр зохицуулалт үйлчлэх нь “хуулийн өмнө эрх тэгш байх” зарчмыг хөндөхгүй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд илүү нийцнэ гэж үзэж байна.

 

Иймээс тухайн актыг захиргааны байгууллага, албан тушаалтан гаргаснаас үл хамааран акт гаргах үндэслэл, зохицуулсан харилцаанаас шалтгаалан түүнд хамаарах хуулийг ялгамжтай байдлаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэснийг зөрчөөгүй гэж үзэж байна.

 

1.2. Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль батлагдахаас өмнө зөрчил хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлж байсан байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны үндэслэл, журмыг Захиргааны хариуцлагын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Өрсөлдөөний тухай зэрэг салбарын хуулиар зохицуулж байсан. Энэ нь зөрчил шалган тогтоох болон шийтгэл оногдуулах ажиллагааг харилцан адилгүй, тэнцвэргүй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж байсан. Өөрөөр хэлбэл, тус хуулиар эрх бүхий албан тушаалтнаас хэрэгжүүлдэг хоёр өөр зорилго бүхий чиг үүргийг /төрийн хяналт шалгалт болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа/ нэгтгэн салбарын онцлог нэрийн дор салбар бүрд зөрчлийг шалган шийдвэрлэх өөр өөр стандарт тогтоож байсныг өөрчилсөн.

 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь зөрчил үйлдсэн этгээдийг олж тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэхэд чиглэгдэх бөгөөд энэхүү ажиллагаанд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ дагуу хяналт тавьж, шийтгэл оногдуулсантай холбоотой гомдлыг шүүх эцэслэн шийдвэрлэхээр хуульчилсан. Энэ дагуу улсын байцаагч нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хоёр ялгаатай ажиллагааг хэрэгжүүлж, шийдвэр гаргана.

 

Тодруулбал, Төрийн болон салбарын хяналт шалгалтын хүрээнд захиргааны акт /Захиргааны ерөнхий хуулийн дагуу/, Зөрчил шалган шийдвэрлэх чиг үүргийн хүрээнд /Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн дагуу/ шийтгэл оногдуулах, эсхүл шийтгэлээс чөлөөлөх, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана.

 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг тус хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах бөгөөд бүхий л нөхцөлд оролцогчийн буюу хохирогч, холбогдогчийн эрхийг хангах үүрэгтэй. Ийнхүү улсын байцаагчийн хэрэгжүүлэх зөрчил үйлдсэн этгээдэд шийтгэл оногдуулах эсэх болон хяналт шалгалттай холбоотой шийдвэр гаргах ажиллагаа нь зорилгоос гадна шийдвэр гаргах процесс ажиллагааны үндэслэл, журмын хувьд эрс ялгаатай тул онцлогийг нь харгалзан хууль зүйн ялгаатай зохицуулалтыг хуульчилсан.

 

Нөгөө талаар дээр дурдсан ялгаатай хоёр шийдвэрийг нэг субьект /улсын байцаагч/ гаргаж байгаа гэдгээр нэгтгэн бүгдийг нь захиргааны акт хэмээн үзэх нь учир дутагдалтай. Учир нь улсын байцаагчийн дээрх зарчмын ялгаатай ажиллагааны улмаас гаргасан эрх зүйн ялгаатай үр дагавар бүхий шийдвэртэй холбоотой гомдол, маргааныг шүүхээр шийдвэрлэхэд ч ялгаатай зарчим үйлчлэх шаардлагатай. Ингэснээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хуулийн нарийн зохицуулалт, журам үйлчлэх нөхцөлийг бүрдүүлж, “хуулийн өмнө эрх тэгш байх” зарчмыг илүү хангасан зохицуулалт болсон гэж үзэж байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар бүлэг, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 6-9 дүгээр бүлэгт эрх нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээд дараагийн шатны шүүхэд хандаж гомдол гаргах, хяналт тавих, зөрчигдсөн эрхээ хангуулах, зөрчлийн улмаас учирсан хохирлыг арилгуулах асуудлыг зохицуулсан бөгөөд эрх нь зөрчигдсөн этгээдэд ялгавартай байхаар, эсхүл гомдол гаргах эрхийг хязгаарласан заалт холбогдох хуулиудад тусгагдаагүй тул Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” гэснийг зөрчөөгүй гэж үзэж байна.

 

Хоёр. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй: 1/3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалт: “3.1.11. “гомдол” гэж ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг.”; 2/7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг: “7.3. Энэ зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан зарчим нь гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй.”; 5/112 дугаар зүйлийн ... 112.9 дэх хэсэг: ... 112.9. Шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт нотлох баримт цуглуулахгүй.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх талаар дараахь тайлбарыг гаргаж байна:

 

2.1. Улсын дээд шүүхийн хүсэлтэд иргэд захиргааны хэргийн шүүхэд зарим хэсэг нь нэхэмжлэгчийн хувиар, зарим хэсэг нь гомдол гаргаж оролцож байгаа нь захиргааны хэргийн шүүх захиргааны маргааныг хоёр өөр журмаар шийдвэрлэж байгаа нь “хууль шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчим зөрчигдөж байгаа талаар дурджээ.

 

Хууль зөрчсөн тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх, эсхүл зөрчилд хамааруулах нь хууль тогтоогчийн бүрэн эрхэд хамаарах асуудал бөгөөд нэгэнт гэмт хэргээс ялгаатай үзэж зөрчилд хамруулсан хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй хийсэн этгээдийг хууль зөрчөөгүй боловч захиргаанаас эрх ашгийг нь хохироосон иргэнээс ялгаатай авч үзэх нь “хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчмыг хөндөхгүй гэж үзэж байна.

 

Энэ нь харин ч шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд эрх зүйн байдлын хувьд ялгаатай нөхцөлд ялгаатай хуулийн зохицуулалт хэрэглэхээр шийдвэрлэсэн нь “хуулийн өмнө эрх тэгш байх” нөхцөлийг хангасан төдийгүй, хууль тогтоогчийн бүрэн эрхэд хамаарах асуудал юм.

 

Харин эсрэгээрээ, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэгчийн болон гомдол гаргагчийн хувиар оролцож байгаа этгээдүүдэд ижил хуулийн зохицуулалт үйлчилснээр “хууль, шүүхийн өмнө эрх, тэгш байх” зарчим хангагдана гэж үзвэл, “эрх нь зөрчигдсөн иргэн” болон “хууль зөрчиж, зөрчил гаргасан иргэн” гэсэн хоёр тохиолдолтой холбоотой захиргааны маргааныг ижил процессын дагуу шалган шийдвэрлэх нь “шударга ёсны” зарчимд нийцэхгүй юм.

 

2.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...” гэсний дагуу нэхэмжлэлээр үүсэх захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг Захиргааны хэргийн шүүх өөрөө гүйцэтгэдэг.

 

Хуулиар захиргааны хэргийн шүүх нотлох баримт цуглуулах үүрэг хүлээсэн хэдий ч хууль тогтоогч “хууль, шүүхийн өмнө эрх, тэгш байх” зарчмыг хангах үүднээс гомдлоор үүсэх зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхэд цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэхээр хуульчилсан.

 

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны нэг онцлог нь хэрэг бүртгэлтийн ажиллагаа буюу нотлох баримтыг цуглуулах, оролцогчийн нотлох баримт гаргаж өгөх, тодорхой шалгах ажиллагаатай холбоотой хүсэлт, гомдлыг шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар шүүхээс өмнөх шатанд хэрэгжүүлэх юм. Зөрчил шалгах ажиллагааны явцад гаргах шийдвэр бүхэн, түүний дотор зөрчлийг шалгаж шийдвэрлэх, холбогдогчид шийтгэл оногдуулах ажиллагаа нь зөвхөн нотлох баримтад үндэслэсэн байх ёстой.

 

Нэгэнт зөрчлийн хэрэг үүсгэн, прокурорын хяналт дор хуулийн дагуу нотлох баримт бүрдүүлсэн тул түүнд үндэслэн шүүх талуудын эрх тэгш байдал, мэтгэлцэх зарчмын үндсэн дээр асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж хууль тогтоогч үзсэн байна.

 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй: 1/3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалт: “3.1.11 .“гомдол” гэж ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг.”, 2/7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг: “7.3.Энэ зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан зарчим нь гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй.”, 5/112 дугаар зүйлийн ... 112.9 дэх хэсэг: ... 112.9.Шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт нотлох баримт цуглуулахгүй.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.” гэсэн байна.

 

ҮНДЭСЛЭЛ:

 

Монгол Улсын Их Хурал Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг батлан гаргасантай холбогдуулан 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

 

1. Дээр дурдсан Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн “захиргааны байгууллагаас” гэсний дараа “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад” гэсэн заалтыг нэмсэн, мөн хуулийн 2 дугаар зүйлээр Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын “гэмт хэрэг мөрдөн байцаах ажиллагаа" гэснийг “хууль сахиулах, гэмт хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа” гэж өөрчилжээ.

 

Монгол Улсын Үндсэн хуулиар ардчилсан эрх зүйт төрийн зарчмыг үндэс болгон тогтоож, хүний болон иргэний эрх, эрх чөлөөний баталгаа, Үндсэн хуульт ёсыг баталгаажуулан, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тодорхойлсон. Хууль тогтоогчоос батлан гаргасан хууль тогтоомжийн биелэлтийг хангах, түүнийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, бусад нийтийн захиргааны байгууллагын аливаа шийдвэр, үйл ажиллагаа дээр дурдсан Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд үндэслэсэн байхын зэрэгцээ, иргэний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх учиргүй.

 

Энэ үүднээс хууль тогтоогч хуулиар “захиргааны акт” гэх нийтийн эрх зүйн үндсэн ойлголтыг тодорхойлохдоо тухайн салбар эрх зүйн болон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үзэл баримтлал, чиг хандлага, өөрийн орны Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд нийцүүлэх шаардлагатай юм.

 

Нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллагаас гаргасан эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, гадагш чиглэсэн аливаа захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг захиргааны актад хамааруулах бөгөөд энэхүү шинж нь захиргааны актыг сонгодог утгаар нь  илэрхийлдэг.

 

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд дээрх шинжийг бүрэн агуулсан шийдвэрийг гаргах боломжтой бөгөөд энэ тохиолдолд тухайн шийдвэр нь захиргааны актад хамаарах учиртай.

 

Гэтэл хууль тогтоогч дээр дурдсан Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлээр тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг болон 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж захиргааны акт гэх ойлголтод зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдох шийдвэр, үйл ажиллагааг хамаарахгүй болгон өөр хуулийн хүрээнд хамааруулан зохицуулсан нь захиргааны актад холбогдох эрх зүйн маргааныг хоёр өөр журмаар шийдвэрлэхэд хүргэж, шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрх бодитоор хэрэгжих нөхцөлийг хязгаарлаж, иргэний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг дордуулж, хөндөгдсөн эрхээ сэргээлгэх боломжийг алдагдуулсан байна. Энэ талаарх Улсын дээд шүүхийн хүсэлт үндэслэлтэй байна. 

 

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтын дагуу тус хуулийн “Шүүх нотлох зарчим” гэсэн 7 дугаар зүйлд “Энэ зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан зарчим нь гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй.” гэсэн 7.3 дахь хэсэг; мөн зүйлийн 5 дахь заалтын дагуу 112 дугаар зүйлд “Шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт нотлох баримт цуглуулахгүй.” гэсэн 112.9 дэх хэсгийг тус тус нэмжээ.

 

Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанаас иргэдийн субъектив эрхийг хамгаалах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд энэ чиг үүргийн хүрээнд захиргааны хэргийн оролцогчдын тэгш бус байдлыг тэнцвэржүүлэх зорилгоор хэргийн нөхцөл байдлыг тодруулах үүргийг талууд бус захиргааны хэргийн шүүх хүлээх бөгөөд үүгээрээ захиргааны хэргийн шүүхийн үндсэн мөн чанар, онцлог тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүх шийдвэрээ хэргийн оролцогчдын тодорхойлсон нөхцөл байдал, нотолгооны хүрээнд гаргадаггүй, нотлох баримтыг захиргааны хэргийн шүүх өөрөө цуглуулж, талуудын тэгш байдлыг хангадаг.

 

Гэтэл дээр дурдсан хуулийн нэмэлтээр захиргааны хэргийн шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх боломжгүй болж, захиргааны хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг дордуулан шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх эрхээ бодитоор хэрэгжүүлэх нөхцөлийг хязгаарлаж, хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх төрийн үүрэг хангагдахгүйд хүргэсэн байна.

 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 112 дугаар зүйлийн 112.9 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

3. Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд ““гомдол” гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл, шүүгчийн захирамж, тогтоол, анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хянуулахаар гаргасан өргөдөл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан  прокурорын дүгнэлтийг.” ойлгох талаарх 3.1.11 дэх заалт нэмсэн байна.

 

Улсын дээд шүүхээс ирүүлсэн хүсэлтэд хууль тогтоогчоос Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд 3.1.11 дэх заалтаар тухайн хуулийн үйлчлэлийн хүрээнд хамаарагдах “гомдол” хэмээх нэр томьёог тодорхойлсны “… Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан  прокурорын дүгнэлтийг.” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж тусгасан боловч уг шаардлагынхаа үндэслэл, уялдаа холбоо, шалтгааныг тусгайлан тайлбарлаагүй байх тул Үндсэн хуулийн цэцээс уг асуудалд холбогдуулан дүгнэлт хийх боломжгүй байна. Уг асуудлын хүрээнд дээрх шаардлагыг ханган дахин хандаж хүсэлт гаргах эрх нь нээлттэй болно.

 

4. Зөрчлийн тухай хууль тогтоомжийн хүрээнд Үндсэн хуулийн нэр томьёог хэрэглэх, Үндсэн хуульд заасан эрх зүйн суурь ухагдахууныг гүнзгийрүүлэн зохицуулах, салбар эрх зүйн зарчим, үндсэн үзэл баримтлалыг чанд сахих, түүнд уялдуулан төрөлжүүлж системчлэх, хүний үндсэн эрхийг хангахуйц эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлага байгааг дурдах нь зүйтэй байна.

 

 Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад “хууль сахиулах, гэмт хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, ...” гэж заасны “хууль сахиулах, … зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа …”, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж заасны “... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад ...” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх ...  эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтыг зөрчсөн байна.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан зарчим нь гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй.”, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.9 дэх хэсэгт “Шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт нотлох баримт цуглуулахгүй.” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх ...  эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтыг зөрчсөн байна.

 

3. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад “хууль сахиулах, гэмт хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, …” гэж заасны “хууль сахиулах, … зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа …”, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж заасны “... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад ...” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэснийг зөрчөөгүй байна.

 

4. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад “хууль сахиулах, гэмт хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа;” гэж заасны “хууль сахиулах, … зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа …”, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж заасны “... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад ...” гэсэн хэсгийг; Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан зарчим нь гомдол  хянан  шийдвэрлэх  ажиллагаанд  хамаарахгүй.”,  мөн  хуулийн   112 дугаар

зүйлийн 112.9 дэх хэсэгт “Шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт нотлох баримт цуглуулахгүй.” гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй. 

 

5. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

 

 

 

 

                                                                                                                    ДАРГАЛАГЧ                                                      Н.ЧИНБАТ

 

                                                                                                                                        ГИШҮҮД                                                      Д.ГАНЗОРИГ

 

                                                                                                                                                                                                            Ш.ЦОГТОО

  

                                                                                                                                                                                                            Д.СОЛОНГО

 

                                                                                                                                                                                                             Ш.СОЛОНГО

 

 

                Үндсэн хуулий