A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 377

Улаанбаатар хот

ГАДААДААС 2019 ОНД АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЛЭХ ХУВИЙГ ТОГТООХ ТУХАЙ

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4.1.4, 7.3, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад 2019 онд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын нийт монгол ажиллагчдын тоонд эзлэх гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хувийг хавсралт ёсоор баталсугай. (Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2019 оны 113 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2. Энэ тогтоолын хавсралтад заагаагүй салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа 20-иос дээш ажилчидтай аж ахуйн нэгж байгууллагад гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тухайн байгууллагын нийт монгол ажиллагчдын 5 хүртэл хувь байхаар тогтоосугай.

3. Аж ахуйн нэгж, байгууллагын гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтнийг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулж байхыг ажил олгогчид, үзлэгийг зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд үүрэг болгосугай.

4. Энэ тогтоолын дагуу ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2019 онд авах, Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэхэд хяналт тавих, буцаан гаргах ажлыг зохион байгуулж, улирал тутам Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд тайлагнаж ажиллахыг холбогдох сайд нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ