A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 366

Улаанбаатар хот

УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 24.1, 64.3, 64.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Удирдлагын академийн дүрмийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2022 оны 311 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

2. Төрийн албан хаагчийн албан тушаалын ангилал, гүйцэтгэх чиг үүргийг харгалзан мэргэшүүлэх багц сургалтын агуулга, хөтөлбөрийг төрийн албаны төв байгууллагатай хамтран баталж, хэрэгжүүлж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт зөвшөөрсүгэй.

3. Удирдлагын академид 2019 оноос өмнө төрийн захиргаа, төрийн удирдлага болон бизнесийн удирдлагын чиглэлээр элсэн хувийн зардлаар суралцаж байгаа суралцагчдын сургалтын хөтөлбөрийг үргэлжлүүлэн дуусгавар болгох арга хэмжээ авахыг Удирдлагын академийн захирал С.Зулпхарт үүрэг болгосугай.

4. Засгийн газрын захиалгат сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээний зардал болон Удирдлагын академийн байр ашиглалтын тогтмол зардлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцад жил бүр тусган санхүүжүүлж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 106 дугаар тогтоолын 1 дүгээр зүйл, "Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 55 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

6. Энэ тогтоолыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.ЗАНДАНШАТАР