A

A

A

Бүлэг: 1979

ДАРХАН-УУЛ АЙМАГ

ШАРЫН ГОЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 37

Шарын гол сум

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон бөгөөд Газрын төлбөрийн тухай хуулиар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг батлах зорилгоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 25 дугаар зүйлийн 25.4 дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 37.1, 37.2,43 дугаар зүйл 43.1, 43.2, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус XII дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Шарын гол сумын нутаг дэвсгэрийн төрийн өмчийн газрыг эзэмшүүлж, ашиглуулсны төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх илтгэлцүүрийн тоон утга, 1м.кв газрын жилийн төлбөрийн хэмжээг газар ашиглалтын зориулалтыг нэгдүгээр хавсралтаар, газрын үнэлгээний бүсчлэлийн зургийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Газрын үнэлгээ, бүсчлэл, төлбөрийн талаар гарсан тогтоол, шийдвэр, журмыг олон нийтэд сурталчлан таниулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Амарсанаа/-д даалгасугай.

3.Захиргааны ерөнхий хуулийн дагуу уг тогтоолыг хаяглагдсан этгээдүүдэд хүргүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /Г.Одончимэг/-д үүрэг болгосугай.

4.Тогтоолтой холбоотой санал,гомдлыг тогтоол гарсан өдрөөс хойш ажлын 30 хоногийн дотор хүлээн авч зохих байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанд даалгасугай.

5.Уг тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /Г.Одончимэг/-д даалгасугай.

6.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 9 дугаар сарын 24-ны өдрийн 30 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

7.Шинэчилсэн газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр тогтоосугай.

ДАРГА Б.ЛХАМСҮРЭН

ДАРХАН-УУЛ АЙМАГ ШАРЫН ГОЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 20

Шарын гол

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйл 35.1.17, Захиргааны Ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит IX хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн тухай хуульд 2021 онд нэмэлт өөрчлөлт орсон тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 37 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Хүчингүй болгосон захиргааны хэм хэмжээний актыг холбогдох газарт хүргүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга (Б.Лхамсүрэн)-д даалгасугай.

ДАРГА Г.МӨНХЖАРГАЛ