A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

1997 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар 30

Улаанбаатар хот

                                                               БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН 16 ДУГААР ЗҮЙЛИЙГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Хэвлэх

Байгаль орчны яамны хүсэлтийг үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийг нэг мөр зөв ойлгож хэрэгжүүлэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн зарим заалтыг дор дурдсанаар тайлбарласугай:

1.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дугаарт заасан "нутаг дэвсгэртээ тухайн жилд ашиглах байгалийн баялгийн нөөцийн дээд хэмжээг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу тогтоох" гэдгийг Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дүгээрт заасны дагуу төрийн захиргааны төв байгууллага болох Байгаль орчны яамнаас, тухайн аймаг, нийслэлийн нутаг дэвсгэр дээр тухайн жилд ашиглаж болохоор зөвшөөрсөн байгалийн баялгийн дээд хэмжээнд багтаан сум, дүүрэг бүрийн ашиглаж болох байгалийн баялгийн нөөцийн дээд хэмжээг тогтоохыг ойлгоно.

2.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр заалт, 2 дахь хэсгийн 4 дүгээр заалтын "хяналт тавих" гэдгийг аймаг, нийслэлийн иргэдийн хурал,засаг дарга нь нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах,нөхөн сэргээх талаар гаргасан төр, засгийн дээд болон төрийн захиргааны төв байгууллага, түүнчлэн өөрийн шийдвэрийг биелүүлэх талаар аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хууль тогтоомжийн дагуу шийдвэрийн биелэлтийг хангуулах, сонсгол мэдээллийг авч хэлэлцэх, хянан шалгах, гэм буруутай этгээдэд зохих хариуцлага хүлээлгэх гэх зэргээр хяналт тавихыг ойлгоно.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ Ж.ДАШДОРЖ