A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 384

Улаанбаатар хот

УЛСЫН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

Газрын тухай хуулийн 18.1.7, 25.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хавсралтад заасан бүрдэлтэйгээр баталсугай.

2. Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөл, арга хэмжээг Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаж, улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжаар болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай:

а/ улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх газруудын байршил, хил зааг, хэмжээг газар дээр нь нарийвчлан тогтоож, газрын мэдээллийн санд бүртгэн олон нийтэд мэдээлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (Ц.Ганхүү), бүх шатны Засаг дарга нарт;

б/ аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулж, шинэчлэн батлуулах талаар шуурхай арга хэмжээ авч ажиллан газар зохион байгуулалтын зураг, схем, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дуусах хүртэлх хугацаанд улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан төсөл, арга хэмжээ хэрэгжих газарт бусдад газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгож, энэ чиглэлээр мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэн хяналт тавьж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (Ц.Ганхүү)-т;

в/ газрын нэгдмэл сангийн үндсэн ангилал тогтоох асуудлыг 2019 оны I улиралд багтаан Засгийн газарт оруулан шийдвэрлүүлэх, цаашид ангилал шилжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд;

г/ улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг салбар хооронд уялдуулан зохицуулахыг Газрын шинэтгэлийн үндэсний хороо (Ө.Энхтүвшин)-нд;

4. Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд даалгасугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Ерөнхий төлөвлөгөө батлах тухай" (Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө) Засгийн газрын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 264 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Барилга, хот байгуулалтын сайд Х.БАДЕЛХАН