Хэвлэх DOC Татаж авах
Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсгийн зохицуулалтаар Цэцийн 2010 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болсон холбогдох хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг эцэслэн хянан шийдвэрлэсэн тухай

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН

ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ТОГТООЛ

 

 2019 оны 1 дүгээр сарын  16-ны өдөр                                                                 Дугаар 01                                                                                          Улаанбаатар хот                                                                                        

  

          Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар

    зүйлийн 60.5 дахь хэсгийн зохицуулалтаар

  Цэцийн 2010 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй

    болсон холбогдох хуулийн заалтыг агуулгаар нь

  дахин сэргээсэн эсэх маргааныг эцэслэн

хянан шийдвэрлэсэн тухай

 

 

          Үндсэн хуулийн цэцийн

    хуралдааны танхим 14.00 цаг
 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат, Д.Ганзориг, Ш.Цогтоо, Д.Солонго /илтгэгч/, Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ш.Солонго нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Б.Амартүвшин, Я.Баярсайхан болон Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа нар оролцов.

 

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсэгт “Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй.” гэж зааснаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон 2005 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн хяналтын журмаар хянан шийдвэрлэв.

 

Нэг. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Амартүвшин Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ:

 

“Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсэгт “Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...”, мөн зүйлийн 10 дахь заалтад “... Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. ...”, мөн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн хэм хэмжээг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

 

Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор 2005 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтыг хүчингүй болгосон боловч Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуульд дахин оруулж ирсэн нь нам, эвсэл, иргэнийг зардлын тайлангаа гаргаж өгөөгүй, эсвэл хуульд заасан хугацаанаас хоцроосон алдаатай үйлдлийнхээ төлөө Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.7 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 21-26 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээж байгаа боловч нэг удаагийн алдаатай үйлдлийнхээ төлөө дахин сонгуульд оролцох эрхээ хасуулж байгаа нь хууль зүйн шинжлэх ухааны нэг алдаанд нэг шийтгэл ногдуулах зарчмыг алдагдуулж байна.

 

Аль нэг нам, эвсэл хариуцлагагүй ажилтны гаргасан алдаа, эсхүл санаатайгаар өрсөлдөгчөө намнах хуйвалдаанаас болж гаргасан зөрчлийн улмаас бусад гишүүд, дэмжигчдийн сонгогдох эрхийг хязгаарлаж байгаа нь Үндсэн хуульд харшилж байна гэж үзэж байгаа тул Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хяналтын журмаар шийдвэрлэж, уг заалтыг хүчингүй болгож өгнө үү.” гэсэн байна.

 

Хоёр. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны оршин суугч, иргэн Я.Баярсайхан Үндсэн хуулийн цэцэд хандаж:

 

“Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсэгт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болсон 2005 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтыг агуулгын хувьд шууд сэргээн хэрэглэсэн гэж үзэж байна.

 

Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр тогтоолын тогтоох хэсэгт 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтад “өмнөх сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 42.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...”, мөн зүйлийн 10 дахь заалтын “... Аль нэгэн нам, ... гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. ...” гэснийг тус тус зөрчсөн байх тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтад “өмнөх сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 42.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол” гэснийг хүчингүй болгосугай. ... гэж дурдсан.

 

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсэгт “Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй.” гэсэн заалт нь Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Монгол Улсын Их Хурлаас 2005 онд баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Дараахь тохиолдолд нам, эвслийг бүртгэхээс татгалзана:” гээд 26.3.6 дахь заалтад “өмнөх сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 42.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол.” гэсэн заалтыг шууд агуулгаар нь дахин сэргээн хэрэглэсэн байна. Энэ нь Монгол Улсын иргэний болон намын гишүүд, дэмжигчдийн ардчиллын үнэт зүйлс болсон сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан үйлдэл юм.

 

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны
шийдвэрээр хүчингүй болсон, Монгол Улсын иргэний эрхэд халдсан, Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэсэн агуулгатай мэдээлэл ирүүлсэн байна.

 

Гурав. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:

 

“... Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтад “өмнөх сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 42.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “...Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...”, мөн зүйлийн 10 дахь заалтын “... Аль нэгэн нам, ... гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. ...” гэснийг тус тус зөрчсөн байх тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтад “өмнөх сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 42.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол” гэснийг хүчингүй болгосугай.” хэмээн шийдвэрлэсэн нь зөвхөн тухайн үед үйлчилж байсан хуульд хамаарч байгаа бөгөөд 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай уг хуулийг 2011 оны 12 дугаар зүйлийн 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон.

 

Хүчингүй болсон дээрх хуульд “өмнөх сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 42.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол” гэж заасан 26 дугаар зүйлийн гарчиг нь “Сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх” гэж байсан бөгөөд үүгээр зөвхөн нам, эвслийг бүртгэхтэй холбоотой явцуу харилцааг зохицуулж байсан юм. Үндсэн хуулийн цэцийн энэ талаар гаргасан дээрх шийдвэр ч зөвхөн бүртгэх үйл ажиллагаанд хамаарах агуулгатай гарсан гэж ойлгогдохоор байна.

 

Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар зүйлийн 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн гарчиг нь “Сонгуулийн зардлын тайлангийн хяналт ба нээлттэй, ил тод байдал” гэж байгаа бөгөөд тус зүйлийн 60.5 дахь хэсэгт “Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй.” гэсэн заалтад бүртгэхгүй байх үндэслэлийг: нэгдүгээрт, сонгуулийн зардлаа тайлагнах тухай хуулийн заалтыг биелүүлээгүйгээр хууль зөрчсөн эс үйлдэл, хоёрдугаарт, сонгуулийн ажиллагаа хууль ёсоор, шударга явагдаж байгаа эсэхэд иргэд, сонирхогч талууд бүрэн хяналт тавих, энэ талаар үнэн бодитой мэдээлэл авах бололцоог алдагдуулсан хууль бус үйлдэлд хамааруулсан ба бүртгэхгүй байж болох субъектэд нэр дэвшигч иргэн нэмэгдэж тусгагдсан. Хууль тогтоогчийн зүгээс энэ хуульд зөвхөн бүртгэхгүй байх үйлдлийг биш түүний үндэслэлийг гол болгож авч үзэж тусгасан болохыг онцлон тэмдэглэж байна. Үүгээрээ 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтаас агуулгын хувьд ялгаатай.

 

Хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдлийнхээ эрх зүйн үр дагаврыг нэр дэвшигч иргэн, нам, эвсэл хэн боловч гарцаагүй хариуцаж байх нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэсэн заалтын шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчмын агуулгад бүрэн дүүрэн нийцнэ гэж үзэж байна. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн эсэх тухай асуудлыг авч үзэхдээ Үндсэн хуулийн үндсэн зарчим алдагдахгүй байх нөхцөлийг заавал тооцож үзэх ёстой гэдгийг Улсын Их Хурал хууль тогтоох үзэл баримтлалдаа удирдлага болгодог. Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсэгт “Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй.” гэсэн заалтаар хуулиар хүлээсэн үүргээ ёсчлон биелүүлсэн иргэн, нам, эвслийг улс төрийн сонгуульд оролцох эрх ашиг, эрх чөлөөг ямар ч байдлаар хязгаарлаагүй. Хуульд заасан үүргээ биелүүлээгүй зөрчсөн этгээд, хуулийг ёсчлон биелүүлдэг этгээд адил тэгш байдалтай сонгуульд оролцох нь сонгуулийн бодит байдалд сөрөг нөлөө үзүүлэх үр дагавар үүсгэх өндөр магадлалтайгаас гадна шударга ёс, хууль дээдлэх ёсны үндсэн зарчмыг зөрчиж байгаа Үндсэн хуулийн хамгийн ноцтой хэлбэр гэдгийг анхааран үзэхийг зориуд хүсэлт болгож байна.

 

Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсгийн заалт нь зөвхөн нэр дэвшигчийн бүртгэлээс өргөн агуулгатай бөгөөд тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад заасан хууль дээдлэх, 5.1.2 дахь заалтад заасан ил тод байдлыг хангах, 5.1.3 дахь заалтад заасан шударга ёсыг сахих зарчмыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор тухайн хуульд тусгагдан хэрэгжиж байгаа тул үүгээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтад “өмнөх сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 42.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол” гэж заасан байсныг агуулгаар нь дахин сэргээгээгүй бөгөөд Монгол Улсын Их Хурал энэ хуулийг тогтоохдоо түүнээс зарчмын ялгаатай үзэл баримтлалыг эш үндэс болгосон болно.” гэжээ.

 

Дөрөв. Сонгуулийн ерөнхий хорооны даргын “Мэдээлэл хүргүүлэх тухай” 2018 оны 70 дугаар албан бичигт:

 

“Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцохоор Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн 12 нам, 3 эвсэл, 498 нэр дэвшигчдээс 1 нам (Иргэний зориг ногоон нам), 1 эвсэл, 104 нэр дэвшигч нь хуульд заасан хугацаанд зардлын тайлангаа ирүүлээгүй болно.

 

Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсэгт “Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй.” гэж заасан бөгөөд зардлын тайлангаа ирүүлээгүй дээр дурдсан нам, эвсэл, нэр дэвшигчтэй холбоотой өргөдөл, гомдол тус хороонд ирээгүй бөгөөд шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн мэдээлэл байхгүй байна.” гээд сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй нам, эвсэл, нэр дэвшигчдийн судалгааг хавсралтаар ирүүлсэн байна. 

 

 

ҮНДЭСЛЭЛ:

 

  1. Монгол Улсын Их Хурал сонгуулийн тухай хуулийг шинэчлэн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталжээ. Ийнхүү батлахдаа сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигчийг бүртгэх, бүртгэхээс татгалзах талаарх зохицуулалтад өөрчлөлт оруулсан байна. Харин  сонгуулийн сурталчилгааны эдийн засгийн үндсийг зохицуулсан хэм хэмжээг тусгай бүлэг болгон хуульчилж, “Сонгуулийн зардлын хяналт” гэсэн дэд бүлэгт холбогдох зохицуулалтыг зөрчсөн этгээдэд хүлээлгэх Үндсэн хуулийн эрх зүйн болон захиргааны эрх зүйн хариуцлагын төрлийг тусгасан байна.

 

Энэ хүрээнд Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсэгт “Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй.” гэж сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд ирүүлээгүй нам, эвсэл, нэр дэвшигчид хүлээлгэх хариуцлагыг хуульчилжээ.

 

2. Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсгийн зорилго, мөн чанар, эрх зүйн үр дагавар нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон хуулийн зохицуулалтаас өөр байна.

 

Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон 2005 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн “Нам, эвсэл сонгуульд оролцох” хэмээх Тавдугаар бүлгийн “Сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх” гэсэн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтад “өмнөх сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 42.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол” нам, эвслийг сонгуульд бүртгэхээс татгалзахаар хуульчилсан байсан нь хэм хэмжээний зорилгын хувьд зөвхөн нам, эвслийг сонгуульд бүртгэхтэй холбоотой харилцааг зохицуулж байсан ба сонгуульд оролцсон нам, эвсэл сонгуулийн зардлын тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол дараа дараагийн хэдэн ч удаагийн сонгуульд оролцуулахгүй байж болох тодорхой бус үргэлжилсэн үр дагаврыг үүсгэж тухайн намын гишүүд, дэмжигчдийнх нь сонгох, сонгогдох эрх хугацаагүйгээр хязгаарлагдахаар байжээ.

 

Харин 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулийн “Сонгуулийн зардлын хяналт” хэмээх Зургадугаар дэд бүлгийн “Сонгуулийн зардлын тайлангийн хяналт ба нээлттэй, ил тод байдал” гэсэн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсэгт “Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй.” гэж заасан нь зорилгын хувьд сонгуулийн хуулийн хэрэгжилтийг хангах, сонгуулийн сурталчилгаа төдийгүй сонгуулийн үйл ажиллагаа хууль ёсоор, шударга явагдаж байгаа эсэхэд хяналт тавих, энэ талаар бодит мэдээллийг гаргуулахын тулд хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй байж дараагийн сонгуульд оролцуулахгүй байх хууль зүйн тодорхой хариуцлага тогтоожээ.  Өөрөөр хэлбэл, уг зохицуулалтаар сонгуулийн зардлын хяналт, нээлттэй, ил тод байдлын үндсийг тогтоон сонгуулийн санхүүжилтийн болон зардлын тайлан гаргахыг шаардаж Үндсэн хуулийн эрх зүйн субъект болох улс төрийн намын санхүүгийн үйл ажиллагааг хөндлөнгийн хяналттай, хариуцлагатай болгож, сонгуулийн тэгш, шударга байдлыг баталгаажуулах, иргэний улс төрийн эрхийг хангах хууль зүйн баталгааг бүрдүүлсэн гэж үзэхээр байна.

 

Үүнээс үзэхэд 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулийн дээрх зохицуулалт Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтын зохицуулалтаас агуулгын хувьд ялгаатай байна.    

  

Иймд дээр дурдсан үндэслэл, үндсэн хуулийн эрх зүйн болон сонгуулийн эрх зүйн суурь онол, зарчим, нийтлэг хандлага, Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 04 дүгээр дүгнэлт, 2010 оны 01 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн маргааны архивын баримт, энэхүү маргааныг Их суудлын хуралдаанд бэлтгэх явцад цугларсан баримт, маргагч талуудыг тайлбараас үзэхэд Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсгийн зохицуулалтаар Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон холбогдох хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

 

3. Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” гэж заасан бөгөөд уг зохицуулалтаар ард түмнээс засгийн эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн үйл хэрэгт шууд буюу сонгож байгуулсан төлөөллийн байгууллагаар уламжлан оролцох үзэл баримтлалын үндсийг тогтоожээ.

 

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтад “... Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. ...”, Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад Монгол Улсын иргэн “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;” үндсэн үүрэгтэй болохыг хуульчилсан байдаг.

 

Үүнээс үзэхэд хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй байх агуулга бүхий хууль зүйн хариуцлага тогтоосон нь дээр дурдсан үзэл баримтлал, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах болон тухайн намын дотоод хяналтыг сайжруулах, намын гишүүдийг хариуцлагажуулах, хууль дээдлэх зарчмыг хангах, Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно.” гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн зохицуулалт хэмээн үзэх үндэслэлтэй байна.

 

Харин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны явцад гаргасан маргагч талуудын тайлбар, хуралдаанд бэлтгэх ажиллагааны явцад цугларсан бусад баримт судалгааг үзэхэд улс төрийн сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн санхүүжилт, зардлын тайлангаа хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хоцроох зэрэгтэй холбогдох зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, Жаран зургадугаар зүйлийн 1, 4, Жаран долдугаар зүйл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3, 31 дүгээр зүйлийн 1, 32 дугаар зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг удирдлага болгон

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ:

 

  1. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсэгт “Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй.” гэсэн зохицуулалтаар Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон 2005 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтыг агуулгаар нь дахин сэргээн батлаагүй байна гэж үзсүгэй.

 

  1. Энэхүү тогтоол эцсийн шийдвэр тул гармагц хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

                                                                                                            ДАРГАЛАГЧ                                                                                    Д.ОДБАЯР

 

                                                                                                                 ГИШҮҮД                                                                                     Н.ЧИНБАТ

 

                                                                                                 Д.ГАНЗОРИГ

 

                                                                                                 Ш.ЦОГТОО

 

                                                                                                 Д.СОЛОНГО

 

                                                                                                 Б.БУЯНДЭЛГЭР

 

                                                                                                 Г.ТУУЛХҮҮ

 

                                                                                                 Ш.СОЛОНГО