A

A

A

Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 483

Улаанбаатар хот

ТАРИФТ ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн Газрын "Өвлийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай" 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 324 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон цагийн ялгаварт тарифт тоолууртай өвлийн хүлэмжийн аж ахуйн шөнийн цагт хэрэглэсэн /шөнийн 22.00 цагаас өглөөний 6.00 цаг хүртэл/ цахилгааны тариф болон дэмжих тарифыг жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд 100 хувиар хөнгөлсүгэй.

2.Өвлийн хүлэмжийн аж ахуйн хоногт хэрэглэх цахилгааны хэрэглээний дээд хязгаарыг 1 м2 талбай тутамд 0.768 кВт.ц хүртэл байхаар тогтоосугай.

3.Өвлийн хүлэмжийн аж ахуйн цахилгааны тарифт үзүүлсэн хөнгөлөлтийг гүйцэтгэлээр тайлагнан улсын төсвийн санхүүжилт авах асуудлыг төрийн захиргааны төв байгууллагад хандаж шийдвэрлүүлэхийг цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба /Г.Эрхэмбаяр/-нд даалгасугай.

ДАРГА А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ Д.БАССАЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ У.МЯГМАРСҮРЭН